Талын цагаан хотын үдшийн гэрлүүд асаж айл болгоны цонхоор амьдралын сайхан мэдрэгдсэн тэр л гэрэлт үдшүүдийн чөлөөнд анх Со ламыгаа шавилхан банди би баруун зүүнээ мэдэх хэдэн шүлэг цээжээр унших,уран зохиолын хичээлд нэн сонирхолтой хөвгүүн байлаа. Тэр л үед буржгар үсээ урт ургуулж тэр үеийнхээр бол гэзэг тавьсан хүрэн цахилгаантай куртиг өмссөн ахлах ангийн ахыг Дорнодын хэдэн атмануудтай хамт явахыг харж билээ. Удаагүй харин аймгийн телевизээр сэтгүүлч Ж.Нэргүй ах онгоцны буудлын үйл ажиллагаа муу,хүлээлгийн танхим байхгүй олон түмэн хүйтэнд хөрч,халуунд халж байна тухай шүүмж мэдээний дүрсэн дунд нөгөөх буржгар урт үстэй, атмануудтай явж байсан нөгөөх ах маань үсээ хусуулчихсан лам захтай дээл өмсөөд хот явах гээд байшингийн нөмөрт сууж байгаа олны дунд орон нутгийн телевизээр гарсныг би сайн санаж байна. Ингээд тэр өвөл нь монгол телевизээр Үндэсний Чөлөөт Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг Данзан Равжаагийн нэрэмжит "Найргийн хурим-92”наадмыг гэртээ магнитафонд бичиж байтал хөтлөгч нь:-Шашны дээд сургуулийн оюутан Тогоонтөмөрийн Содномнамжил гэж дуудлаа.Гэтэл нөгөө намар аймгийн онгоцны буудал дээр сууж байсан лам ах маань уншиж гарав аа.
"Нулимс нууж бороо орох нь
Нууцыг улам бүдэгрүүлж бодол санааг сарниулна.
Нүүж ирэх борооны мянга мянган дуслыг угтаж
Нүгэл хилэнцээ арилган гэгээрэлд хүрнэ” ч билүү ийм шүлэг уншихад нь гайхаж билээ. Яг тэр жилийн наадамд яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ үзэгчдийн суудлаас нэр нь дэвшигдэж түрүүлсэн юм.Ингэж л <<Найргийн хурим>>-д насан туршдаа хүндэтгэж явах яруу найрагч ахынхаа шүлэг,дүрийг гэрийнхээ цэнхэр дэлгэцээр хамгийн анх харсан даа.Дараа нь би түүнээс яруу найргийн наадмын дараа та яасан бэ?гэхэд тэрбээр:-Шүлгээ уншаад дуусмагц тайзны ард халамцуу зогсож байсан яруу найрагч Л.Мягмарсүрэн ах тэвэрч үнсээд тэр хавиар намайг магтаж би ч их ичэж билээ гэж дурсан ярьсан санагдана.
90-ээд он, Монголын яруу найргийн хамгийн гайхамшигтай дахин сэргэлтийн оюун санааны гэрэл цацарсан онуудын эхлэл байлаа.Түүнтэй анхлан танилцсан түүх их сонин.Со лам болохоор намайг гудамжинд биеийн тамирын хувцастай,хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглон хөлөрчихсөн над руу гүйж ирж танилцсан гээд байдаг. Миний хувьд би түүнтэй аль эрт аймгийн”Болор цом”наадам дээр таарч танилцсан юмдаг. Их дөлгөөн, онигор нүдтэй, зууван урт нүүртэй цаанаасаа лам гэмээр төрхтэй хүн санагддаг. Бид хоёрын нөхөрлөл ах дүү гэхээсээ цэвэр яруу найраг,буддын гүн ухааны халуун яриан дунд холбогдсон нандин сэтгэлийн сэимтэй байлаа.Тэрбээр оюутны амралтаар ирэхэд нь гэрээс нь салахгүй, дагаад л гүйчихнэ. Одоо бодож байхад гэр сургалт гэдэг шиг байж. Нэг удаа намайг:-Чи ер нь дасгалын дэвтэр нээ,тэгээд л бичээд бай,хүн бодож биш бичиж сурдаг юм гэж хэлснээр би зэрэг хэд хэдэн дэвтэр нээчихлээ. Хэд хоног шүлэг бичиж,бичиж яваад очно. Мухрынхаа өрөөнд завилаад суучихсан шүлгүүдийг минь анхааралтай сонсож ноорог цаасан дээр үг тэмдэглэнэ. Бүгдийг нь сонсчихоод тэмдэглэсэн үгнүүд дээр энэ болж байна гээд тойруулж олон задаргаа хийж ярилцана даа. Ёстой гоё.Буддын гүн ухаан,шашин гэгээрэлийн талаас надад маш их зүйлийг өгсөн дөө. Ингэж л бид хоёр ах дүү,багш шавь,найз нөхөр болсныг утга зохиолын хүрээнийхэн сайн мэднэ.
1992 оны өвөл Со лам маань оюутны амралтаар ирлээ. Хотоос Д.Нямсүрэн
ах ирэхдээ яруу найрагч Ж.Болд-Эрдэнийг дагуулж Эрээнцав явсан сураг
дуулдаж нэг ёсны их гоё зохицол бүрдэх нь тэр. Со маань хамтдаа тэр
хоёрын хойноос Эрээнцав оръё! ахдаа бараалхая! Гэсэн санаатай гарав.Би
гэдэг арван жилийн сурагч хөвгүүн эмээ,аав ээжээс зөвшөөрөл авч хүргэн
ахаасаа нэг шил архи, Вагоны зардалтайгаа болчихлоо. Энэ тухай сонин
сайхныг манай эмээгийн гэрийн ойролцоо амьдардаг шүлэг бичдэг хуурай ах
Нэргүйн Бямбасүрэнд хэлтэл бөөн олзуурхал болж бид гурав шадарлан
Баянтүмэнгээс Эрээнцав орох вагонд суулаа. Хичнээн гоё гээч. Яг
Б.Золбаярын бичдэг”Бүлээн”шиг. Гэхдээ бид гурав яруу найргийн эрэмгийн
догдолсон хүлэг морьд шиг явлаа. Со лам маань улаан уутнаасаа
тэмдэглэлийн дэвтэр бас Д.Нямсүрэн ахын "Сэтгэлийн байгаль”номыг гарган
ирж шүлэг бүрийг нь нягтлан уншиж бид хоёрт тайлбарлан хэлнэ.
Тэгснээ:-Улаанбаатар хотод яруу найраг буцалж байна. Орчин үеийн залуус
Нямсүрэнг шүтэж байна. Түүний гайхалтай агууг шагшин магтаж байна гэж
ярихыг сонсохоор сэтгэл улам л огшин бушуухан шиг Эрээнцавдаа очиж ахтай
уулзахын хүслийн хүлэг сэтгэл дотор янцгаамой.
Галт тэрэгний цонхоор цасанд дарагдсан тал нутаг аниргүйд уусан явсаар
бидний халуун яриаг галт тэрэгний дуут дохио тасалдуулан нэг л мэдэхэд
Эрээнцавд ирлээ. Үдшийн 23.30 минутад буухад өвлийн тасхийм жавар цэнгэг
тунгалаг агаар,оддын жирвэлзэх шөнийн тэнгэр,нутгийн иргэдийн
сандрангуй буухтай нэн зохицоно. Бид хоёрыг Н.Бямбасүрэн газарчилан
Д.Нямсүрэн ахын дан байшингийн хаалга цохивол цантсан өвлийн гялтганасан
цонхны цаанаас лааны гэрэл бүртэлзэн гэрэлтэнэ.
-Хэн бэ? гэсээр цоож,цуурга торхийхийн доор модон хаалга нээгдэж дөнгөж
саяхан агуу хэмээн магтаж байсан найрагч Д.Нямсүрэн ах лааны гэрэлт
бөртийн харагдав.
-За,Бямбаа сайн уу?цаана чинь хэн бэ? гэсээр лаагаа нүүр рүү ойртуулснаа
тас тас хөхөрч Содномнамжил,манай Даваасүрэнгийн хүү Ган-Очир байх шив
дээ. Дүү нар ор!Ор! ямар сайхан дүү нар ирэх нь энэ вэ? Хандмаа босдоо
өвгөөн гэхчилэн хөл хөөрцөг болов. Харин би нүдний булангаар яруу
найрагч Ж.Болд-Эрдэнэ ирсэн гэсэн яасан юм бол,ирээгүйн болов уу? гэж
өрөөний гүн харанхуй мухар руу хараа бэлчээж байтал мухрын өрөөний
хаалга чихран дуугарч Бооёо ах гараад ирлээ. Саарал ноосон ташуу
гурвалжин захтай цамц нүцгэн биен дээрээ өмсчээ.
-За Со дүү минь сайн уу?ямар сайхан учрал вэ?Хотоос аймаг руу хэзээ
ирэв. Хотын сонин сайхан юутай гэсээр халуун яриа руугаа ороод явчихав.
Д.Нямсүрэн ах гал зууханд суугаад яахав бүгдээрээ миний өрөө рүү оръё!
гэсээр лаагаа барин өөрийн уран бүтээлийн өрөөнд урилаа. Бичгийн ширээ,
хананд нь Г.Мэнд-Ооёо ахын бэлэнлэсэн "Янжинлхам бурханы” хөрөг зургийг
нямбайлан байрлуулжээ. Номын шилэн хаалгатай шүүгээ, баруун Эрээнцав руу
харсан дан байшингийн даанч сайхан том цэлгэр цонх байх. Түүний бичгийн
өрөөнд модон шалан дээр хонины элдсэн арьс зулсан дээр бид тухлаж
байтал гаднаас Д.Нямсүрэн ахын хуурай дүү, Сүхбаатар нутгийн яруу
найрагч Эрээнцавын хилийн цэргийн шалганы ангид ирээд байгаа шинэхэн
офицер Дүүгиймаагийн Батжаргал биднийг хаанаас дуулсан юм бүү мэд:-
Хотоос хүмүүс Нямсүрэн ахынд буулаа,бодвол яруу найрагчид бололтой
хүнээс дууллаа гээд ороод ирэв. Бид урьд нь аймгийн утга зохиолын
нэгдэл, яруу найргийн баяр дээр хэд хэд таарч байсан учраас хуучны
танил. Найрагч Д.Батжаргал өврөөсөө "Московскаяа водка”сархад гаргаж
ирэн бидэнд барилаа. Хандмаа эгч ч цай хоол болж бид анирхан суурин
Эрээнцавын тэргэл үдэш их найрагчийн гэгээн урланд сууцгааж яруу
найргийн гал халуухан ярианд жингүйдэн байлаа.
Д.Нямсүрэн,Ж.БолдЭрдэнэ,Т.Содномнамжил,Н.Бямбасүрэн,Д.Батжаргал тэгээд
би. Бидний энэ шуугианаар тэдний бага хүү Хөхөдэй сэрж байсгийгээд
хаалга онголзуулахад Нямсүрэн ах:- Та нар битгий хаалга шагайх болгонд
нь чихэр өгөөд бай,наадахь чинь мэдэрчихээд байна. Хүүхэд чихэр
саахараар битгий эрхлүүл гэнэ. Тэр үед би Д.Батжаргал ахын авчирсан архи
чилхэд Со ламтан ширээн дээр тавьсан шилэн аягыг нямбайлан арчихыг
харсан Нямсүрэн ах: -Лам дүү минь үнэхээр өөр юм аа гэх зуур Со лам
арчсан шилэн аягаа сарны гэрэл,лааны гэрэлд дахин дахин харж хурууны хээ
байна уу гэж шалгаж шалгаж сая нэг юм хотын архи гээд "Хүлэг”аягалах
чимээнд Нямсүрэн ах:-Би энэ архийг насаараа муулж яваагүй ээ, Дэндүү
сайхан хүртэж чадвал идээ эзэндээ баяр баяслыг төрүүлнэ. Муу үгэн дээр
уувал мунхаг харанхуй үүсмой гээд тас тас хөхрөнө. Тэгээд нэг дор ийм
олон яруу найрагч дүү нар минь тэр холоос намайг,шүлгийг минь хүндлээд
ирсэнд туйлын баярлаж байна гээд Со ламтаны зүлгэсэн шилэн аягатай
архийг магтанхан ерөөж өргөн барив. Харин Бооёо ах эхний хундган дээр их
олон зүйлийг ярьж суулаа. Дэлхийн болоод,Оросын уран зохиолын тухай
дуусашгүй үлгэрийн мэт дурсамж хуучлав. Тэрбээр яг Эрээнцав гарахаасаа
өмнө Монголын радиод Сергей Есениний хөрөг нэвтрүүлэг бэлтгэснээ ярьж
миний шохоорхолыг улам бадрааж байсан даа. Нэг л мэдхэд Эрээнцавд үүр
цайж өглөө болох ахуйд бид зөрөөд амарцгаалаа. Нэг сэрэхнээ жин үд болж
бид Эрээнцавын найраг шүлгийн халуухан уулзалтаа Улз голын мөсөн дээр
үргэлжлүүлэв. Со лам минь мөсөн дээр тогтсон цасыг зайчлан арчиж арчиж
надруу харснаа :-Чи тэр намрын навчийг хардаа. Мөсний завсар хөлдсөн энэ
навч бол цэвэр байгалийн үзэсгэлэн. Голын ёроолын хайрга харагдаж
байна,мөлийсөн чулуу нь ямар гоё олон өнгөөр гэрэлтэнэ вэ? гэхчилэн Улз
голын мөсөн дээр сархад задлан нэг ёсны Улзын мөсөн дээр босоо хүлээн
авалт хийв. Буцаж ирээд бид мөн л яриа өрнүүлж байтал” Со лам” маань
гэнэт: -Нямсүрэн ахаа таны шүлгэн дээр гардаг
”…Цаг гэрт цохих нь тод болоод тунгалаг
Цавьдар морь янцгаахад салхи цангинах нь тунгалаг
Цаанаас наашаа буриад малгайн орой шоволзоод
Цагаан гуайн хүү Төмөрхуяг үнэг сугсалзуулсаар ирнэ ”гэж бичсэн
байсан./Тухайнүед Ил товчоо сонины” Болор эрхи” буланд Д.Нямсүрэн ахын
шүлгүүд бүтэн нүүр гарч хотын утга зохиолын хүрээнийхэн зөвхөн
Нямсүрэнгээр амьсгалан давалгаалж байсан цаг.Тэрхүү шүлгүүдийг Со бид
хоёр уншихаад цээжлэх нь шахуу явсан үе/ Тэр хүн хаана байна гэхэд
тэрбээр:-Энэхүүхэн зүүн,хамар хашааны миний идэр залуу насны минь найз
байгаа юм гэлээ. Со минь нэлээд халамцан тэр гайхамшигтай хүнтэй чинь
уулзая! гэсэнд Нямсүрэн ах гарч явсаар удалгүй дүнгэр дүнгэр ярьсаар
ширвээ сахалтай өөр шигээ нуруутай, нэхий хантааз өмссөн буриад байрын
хүн дагуулж орж ирэв. Тэр хүнийг Нямсүрэн ах бидэнд танилцуулах зуур ”
Со” хундага барилаа. Ширээн дээр байсан асаагуур барьж тамхи асаагаад
Ц.Төмөрхуяг ах:-Би Нямсүрэнтэй далан хэдэн онд анх танилцаснаас хойш огт
салаагүй. Одоо байж л байна.” Хаврын урсгал”яруу найргийн номын
шүлгүүдийг сонсож байлаа. Тэр алдарт "Өргөн талд үнэг шогшино,Үснийх нь
сайханд нүгэл шогшино”гэсэн мөрүүдийг бичих сэдлийг надтай хамт явж
байгаад олсон юм гэхэд Нямсүрэн ах нүдээрээ инээвхийлэн толгой дохин
суугаа харагдана. Энэ мэтчилэн бидний учрал уулзалт гурван хоног
үргэлжилж буцахад Бооёо ах Нямсүрэн багш миньг алт тэргэний буудал дээр
зэрэгцэн зогсоод гараараа даллан үлдэж билээ. Харин Ж.Болд-Эрдэнэ ах
хэзээний Эрээнцавын уугуул хүн шиг зөрж өнгөрөх,хажууд байгаа хүмүүстэй
мэнд мэдэн зогссоныг одоо ч би сэтгэлдээ тодхон санаж байна.
Эндээс л би яруу найргийн мөн чанар,урлахуй,бичгийн өрөө,найрагч
байх,бичлэг,утга зохиол,хүн чанар олон зүйлийг ойлгохын учир
хөвөрсөндөө. Монголын яруу найраг гэхээсээ илүүтэй хувь хүний ертөнц нь
ямархан он тоолол, улиралтай юм бэ? Сэтгэлийн олон аяс нь ямар юм бэ?
хамгийн гол нь түүнийгээ яаж буулгах уртай юм бэ? гэдгээс хувь уран
бүтээлч харагдана.
Утга зохиолын энгийн олон товъёололоос илүүтэй Т.Содномнамжил чухам ямар
хүн байсан,утга зохиолын хүрээнд яаж үлдсэн бэ? гэдгийг энгийн уншигчид
ойлгуулан бас мөхөс бибээр тэмдэглэн үлдээх үүрэгтэй гэж бодож явсан
юм.
Яруу тунгалаг хэллэгийн гайхалтай найруулагатай яруу найрагч бол 90-иэд
оныхноос Т.Содномнамжилийг хэлнэ. Энэ яруу найрал дээрээ буддын гүн
ухаан сэтгэлгээ, шашны боловсролоор дэндүү нууцлаг энгийнээр бичсэн
байдаг. Нэг удаа Д.Нямсүрэн ах:Би Содномнамжилыг яагаад ч яруу найргийн
хэмжээнд гүйцэхгүй юм байна,түүний шүлгүүд дэндүү зөн билэгтэйгээс гадна
гүн ухаан, сэтгэлгээ нь агуу юм гэж надад тайлбарлаж байсан. Тухайн үед
нь хоёулангийнх нь шүлгийг зэрэгцүүлэн уншаад ойлгохгүй зүгээр олны
ярьдагаар Нямсүрэн л агуу гэж ярьж явсан юм. Гэтэл одоо
М.Саруулдалайгийн минь идэвхийлэн санаачилж Л.Энх-Амгалан ахын ивээсэн
түүний "Огторгуйн очир”яруу найргийн түүвэр нам гүм ахуйд нам гүмхэн
хэвлэгдэж түүний тэнгэрт дэвшисний дараа уншигчид очсон ч гэсэн эргээд
хуудас бүрийг эргүүлэн уншихад яруу найргийн "Дандины зохист аялгууны
толь”-ын 32 чимгийг энэ цаг үед ямар гарамгай, гоёор монголын яруу
найрагт энгийнээр оруулж бичээ вэ? гэж хүртэл шагшин шүүрс алдана. Харин
багш минь өөрийгөө Со ламын шүлгүүдтэй дүйцүүлэн бишрэх нь бас л нэг
дор хоёр Дорнын сонгодогууд бие биенээ нэн хүндэлсэн хэрэг буюу гэж
хожим би дүгнэж сууна.
Д.Нямсүрэн,Т.Содномнамжил хоёрын бие биенээ бишрэх үзэл нь шүлгүүдэд нь
огт харагдахгүй.Харин Монголын яруу найрагт оруулж ирсэн
сэтгэлгээ,бичлэг,ур,Дорнын гэх өөрсдийнх нь аяс бас л тэс ондоо гэдгийг л
би батлан хэлмээр байна.Зэрэгцүүлэшгүй хоёр өөр сонгодог яруу найраг л
гэж ойлгомоор санагдана.Гэхдээ би утга ззохиол шүүмж судлаач бус мөхөс
бодолдоо л ургуулан сэтгэмжлэн сууна.
Миний "Со лам”-ын хамгийн гайхамшигтай гэж дуу алдан шагшин магтдаг
шүлэг нь ”Зөөлөн мандах сарны доор…”нэртэй. Энэ шүлгийг түүний багш агуу
О.Дашбалбар маш их анхааралтай уншиж түүнийг Монголын яруу найргийн
ирээдүй гэж сонин хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурьдсан бол харин
"Со..”бид хоёр Балбар ахынд ороход аанай л цагаан зэмлэл хүртэж, толгойг
нь барьж, нурууных нь хуянг тараан байхдаа олон зүйлийг сонсоно. Балбар
ах Со-д наанаа үл тоосон мэт хандаж буй ч гүн хүндэтгэлтэй хандана.
Үргэлж дагуулж явна. Харин Д.Нямсүрэн багш минь сургаар нь бишрэнгүй
хандан Эрээнцавд очих болгонд нь олбог хивс тусад нь засаж идээ будааны
дээжээ барина. Огт өөр өөр хүмүүс, огт өөр өөр араншинтай атлаа уг мөн
чанартаа учран золгох үйлийн үр нь яруу найраг утга зохиол болсон цаг
дор би мэтэс нь золоор билэгт хүмүүстэй уулзах завшаан тохиосонд дотроо
нэн их баярлаж басхүү залбирч явдаг билээ.
Хувь хүний амьдрал өнөөдөр хийж буй үйл хөдлөл, ам хэлнээс л хожмын
үйлийн үр боловсордог гэж миний Со ламтан айлдсан байдаг. Эрхэм найз
ахыгаа тэр жил Д.Сүхбаатар,Ц.Буянзаяа,Д.Нямсүрэн ахтай хамт нутаг
буцахад нь гаргаж өгөх гээд Их сургуулийн 2-р байрны зүүн баруун талын
гудамжинд зөрөн өнгөрснөөс хойш хотын гудамжинд ганцаардах шиг болж
билээ. Үе үеийн нэг их огшсон ганцаардал дунд гэрт минь инээвхийлээд
өвөртөө нэг шил юмтай орж ирэхэд гурван настай хүү минь”Увилгаан багш
ирлээ”ирлээ гээд өмнө нь очин залбирч мөргөдөг байсан санагдаж хий дэмий
хоосон санааширдаг байлаа. Түүн рүү хаяахан утсаар ярихад нутагтаа
хурал номондоо сууж байгаагаа ярих, нэг ном баринтаглаж буйгаа хэлдэг
байлаа. Номыг нь яруу найрагч анд Гантөмөрийн Хүрэлчулуун цахим бичүүрт
цохих зуур хоёр найз нанчид хүртэн ярилцаж сууна гэхэд нь миний цагаан
атаархал хөдөлж :-За тэгвэл утсаар нь мэнд гэчихье! гэж хэлдэг байлаа.
Тэр жилийн зун онцгой их халуун болж тэр их халуунд миний хайрлан
хүндэлдэг ах минь надаас үүрд хагацсан мэдээ гангар шаазан чулуун шалан
дээр хага үсрэх шиг болгов. Үзэг нэгт анд нөхдүүд бүгд гунигт мэдээ
дуулж журмын нөхөр М.Саруулдалай, Б.Галсансүх бид гурав хотоос хөдөлсөн
дөө. Гурвуулаа гуниг дүүрсэн сэтгэлтэй Дорнодод их хүндхэн бууж элгэн
садан цугаар Со ламыгаа тэнгэрт үдэн мордуулахдаа гэрэлт хөшөөн дээр нь:
”Хаалга задгай шамбалын хаанаас нь ч орж болно оо
Харанхуйд барьсан зул шиг тод гэгээн байдаг аа…”гэсэн мөр шүлгийг улаан өнгөөр шигтгэн бичиж мөнхөлсөн билээ.
Цаг хугацаа хүний сэтгэлийн шархыг эдгээдэг шигээ хүмүний нэрийг дөрвөн
улиралын будагч өнгөтэй арилгах авч утга зохиолын гэрэлт идэр салхит
шувууны сэтгэлд дэвэн бичсэн яруу найраг хэзээ ч балран арилдаггүй ажээ.
Түүний сонгодог шүлгүүд, түүнийг тэнгэрт дэвшин шамбал руу одсон цаг
мөчөөс эхлэн нэрийг нь товойлгон бидний дунд гэрэлтүүлнэ.
"Со”-г өнгөрсний дараа миний анд зохиолч Б.Золбаяр маань "Өдрийн
сонин”-доо сайхан зул мандаасан үг бичсэнийг хайчилбарлан өөртөө одоо ч
дурсгал болгон хадгалсан юм. Яагаад гэвэл түүнийгээ би харах болгондоо
сэтгэлдээ нойтон чигээр нь харуусан санаж явах гэж үе үе уншдаг юм.
Салшгүй анд минь сансарын тоос болсон ч гэлээ улиран ургах ирээдүй
хойчис санан санан "Огторгуйн очир”номыг эргүүлж надаас түүний тухай
асууж байг гэж би үүнийг бичсэн болно.
Одоо би түүнийг ирээдүйд үлдээх тал дээр олон хүнд зар тараагаад удаж
байна. Мэр сэр бичсэн зүйлийг нь олж цуглуулж байна. ”Со-тойгоо” нэг
хэсэг уулзахгүй байж байгаад таарч хууч хөөрөхөд нэг дэвтэр дүүрэн
шүлэгтэй явна, тэгж байгаад таарахаар нөгөө дэвтэрээ хаячихсан
байдагсан. Түүнийг нь би мэдэхийн дээдээр мэдэхийн хувьд энд тэнд
хаягдсан, үрэгдсэн яруу найрагч Т.Содномнамжилийн шүлгийн дэвтрүүдийг
олох эрэлд гарсан бөлгөө. Харин ирээдүйн номын өмнөтгөлийг түүнийг номын
садан ах зохиолч Ч.Мөнхбаярт би даалгачихсан байгаа.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих