Монголчууд бид энэ жил үндэсний их баяр наадмаа маш өргөн хүрээнд, онцгой урт хугацаагаар тэмдэглэлээ. Анх удаа гурав биш тав хоног нийтээр амрах хууль гаргаж, 120-иод сумын 90 жилийн ой тохиож нийслэлээс эхэлсэн наадмын нүсэр давалгаа хөдөөгөөр түгэн тарж байна. МҮОНРТ-ийн мэдээлснээр төр, Засгийн газрын гишүүд удаан үргэлжилсэн наадмаар "хөдөө орон нутагт ажиллаж, хариуцсан салбарынхаа үйл ажиллагаатай идэвхтэй танилцсаар” арваад хоног болов.
Харин суларч буй манай эдийн засаг энэхүү нүсэр баяр наадмыг "дааж” чадах нь эргэлзээтэй байна. Гурван жилийн өмнө 17.5 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт эдүгээ 7.5 болж, харин төр засаг нэг оронтой тоонд байлгана гэж амласан инфляц эхний хагас жилд 14.7 хувьд хүрч, төсвийн урсгал дансны алдагдал ДНБ-ий гуравны нэгтэй тэнцээд буй. Эхний таван сард гадаадын хөрөнгө оруулалт 65 хувиар буурч, Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу 3.8 их наяд төгрөг хэвлэн он дамжуулан зах зээлд нийлүүлснээр мөнгөний ханш эдүгээ 27 хувиар унаж нэг доллар 1840 төгрөгтэй тэнцэв. Ханшийн уналт импортын үнийг түлхэн шахаж, олон компани үйл ажиллагаагаа хумин, улмаар татвар болон төсвийн орлого эрс багассанаас төрийн хөрөнгө оруулалттай зам барилга, нийгмийн байгууламжийн ажил зогсоод байна. Гадаад валютын нөөц тавдугаар сарын эцэст 1.6 тэрбум ам.доллар болж, жилийн дотор хоёр дахин дундарсан нь Төвбанкийг ханш чөлөөтэй хөрвүүлэх бодлого барихад түлхлээ.
Эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын 100 хоногийн хөтөлбөр гараад 60 хонож буй ч одоогоор Хөрөнгө оруулалт, Газрын тос, Ашигт малтмал, Шилэн дансны зэрэг хэд хэдэн хууль баталж, олон жил сунжирсан ДЦС-5-ын концессийн гэрээнд гарын үсэг зурсныг эс тооцвол эдийн засагт өөрчлөгдсөн зүйл харагдахгүй байгаа. Борлуулалт нь багассан ч үл хөдлөх хөрөнгийн үнэ буурахгүй чардайн халж, орон сууцны салбарт зээлийн багцынх нь гуравны нэг нь төвлөрсөн банкуудад эрсдэл учирч, чанаргүй зээлийн хэмжээ өссөнөөр эдийн засгийг бүхэлд нь сулруулах тохиол нүүрлээд байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙН УГШИЛ
Өнөөдөр Монголын улстөрчид хууль эрх зүйн орчноо тогтвортой болгочихвол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөөд бүх зүйл сайхан болох тухай ам өрсөн ярьж байна. Сайн хууль тогтоомж гаргачихвал авлигагүй болж, улмаар Монголд итгэх олон улсын итгэл сэргэх гэнэ. Үүний хариу гэсэн шиг зээлжих зэрэглэл тогтоодог "Moody’s” Монголын Засгийн газрын бондын зэрэглэлийг B1-ээс B2 болгож, хэтийн төлөвийг сөрөг хэвээр үлдээснээ зарлаж наадмын бэлэг барив.
Үнэхээр Монголын эдийн засагт үүсэж буй хямрал, өнөөгийн хүндрэлийн суурь шалтгаан нь хууль журам тогтвортой бусаас гадна ихэвчлэн түүнийгээ хэрэгжүүлж, биелүүлдэггүй, төр засаг нь сахиулж, мөрдүүлж чаддаггүйд оршиж байгаа юм. Мөрдүүлэх нь эрх баригчдад ашиггүй л бол хууль журмаа өөрчилж засаад л, татварын өршөөлийн хууль мэтийг гаргаад л өнгөрөөдөг болж байна. Монголын эдийн засгийн хямрал эдийн засгаас биш улс төрөөс угшилтай. Ер нь Монголд бизнесийн буюу зах зээлийн эдийн засагт үнэ цэнийг бүтээх орчин тогтворгүй, таагүй болчихоод буйг тогтоож, гол шалтгааныг нь олж арилгахгүй бол ямар ч сайхан хууль журам гаргаад нэмэр болохгүй. Олон дахин өөрчлөөд байгаа тул дахиад ингэхгүй гэсэн итгэл үнэмшил гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад төрөхгүй байна. Эрх зүйн орчин нь тогтворгүй манайх шиг улс оронд том төсөл эхлүүлэхээсээ өмнө заавал тогтвортой байдлын гэрээ байгуулахыг томоохон хөрөнгө оруулагчид эрмэлздэгийг манай саяхны түүх харуулав.
Зөвхөн улс төр, эдийн засгийн удирдлага, тэдний хамсаатнууд нь баяждаг, нийт ард иргэд нь улам ядуурч, зохиомол шалтгаанаар хоорондоо байлдаж дампуурсан Зимбабве, Сьерра Леон, Колумб гэх мэт олон орны жишээг судлаад Харвард болон МIT-гийн их сургуулиудын профессор Дарон Асемоглу, Жеймс Робинсон нар нэгэн чухал дүгнэлт хийжээ. Тэд "Улс орон яагаад дампуурдаг вэ?” (Why nations fail) гэж асуугаад яагаад гэвэл тухай улсын төрийн байгуулал нь бүгд цөөхөн элитийн эрх ашгийг хамгаалж, тэднийг баяжуулах, хамгаалах, улс төрийн эрхээ урт хугацаагаар хадгалах хэрэгсэл болохуйц зохиогдсон буюу хаалттай байгуулал (extractive institutions, not inclusive) болсноос гэж тэд хариулсан байна.
ХААЛТТАЙ БАЙГУУЛАЛ
Монгол Улс яг тийм хаалттай төр, байгуулалтай болчихоогүй ч, энэ чиглэлд явж буй гэж үзэх үндэслэл бий. Сүүлийн арваад жилд улс төрийн намуудын удирдлага нам дотроо монополь эрх мэдэлтэй болох хандлага тогтож байна. Улс төрийн намууд үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нийгмийг манлайлахын оронд цөөхөн удирдлага, тэднийг бялдуучлан дагах этгээдүүдийн баяжих, бусдыг мөнгөний хүчээр удирдах хэрэгсэл болж байгаа гэлтэй.
Энэ хэрэгслийг бий болгож буй гол нөхцөл нь намуудын өдөр тутмын үйл ажиллагааны болон сонгуулийн санхүүжилт хаанаас, гадаад ба дотоодын ямар эх үүсвэрээс гардаг нь нууцлаг байгаад оршиж байна. Санхүүгийн тайлан, орлого, зарлагаа олон нийтэд байтугай, гишүүддээ ч гаргадаггүй нууцлагдмал байдал нь төр засгийн эрхэнд гармагцаа нийтийн засаглалд авлигыг үржүүлдэг үндэс суурь болж байгаа юм.
Хэний мөнгөөр санхүүждэг, хэрхэн төсвийн хөрөнгөөр эргүүлж төлдөг, шаардсан нөхцөлийг нь биелүүлсэн хууль тогтоомж гаргаж байгааг ардчилсан Монгол Улсын иргэд бид мэдэх эрхтэй. Хууль зүйн тогтворгүй байдлын цаана ашиг сонирхлын том өрсөлдөөн, дахин хуваарилалт, харилцан барьцаалсан статус кво байгааг уул уурхайн болон газрын тусгай зөвшөөрөл олгох, хурааж авах, буцаж олгох зэргээс харж болно.
Монголчууд төр засагт ажиллах сонирхолтой болж, бизнес хийхээс болгоомжилж байна. Төртэй холбоотой бизнес ч улам олширч, энэ нь хэчнээн өр, алдагдалтай ч гэсэн дампуурдаггүй гэдгийг иргэд мэддэг болжээ. Монголчууд мал дагавал гэхээсээ илүү нам дагавал ам тосдоно гэж ярих болов. Төрийн засаг захиргаанд ажиллагсдыг сонгуулийн дараа бараг бүхлээр нь халж солих жишиг тогтоод удаж байна. Ялсан нам төрийн байгууллагуудын цэвэрлэгчийг хүртэл өөрийн нам, нутаг усны хүнээр сольж, боловсон хүчний эргэлт ихсэх тусам байгууллуудын дадлага, туршлага суух боломж буурч, гүйцэтгэх засаглалын чадамж суларч буй. Энэ байдлыг улс төрийн намууд мэдэж байгаа боловч үл ойшоож, төрийн бүх байгууллыг намынхаа удирдлага, элитүүдийн эрх ашигт үйлчилдэг болгохыг хичээж байна.
Монголын төрийг хаалттай, цөөхөн хүний эрх ашгийг хамгаалдаг байгуулал болгохгүйн тулд улс төрийн намуудын санхүүгийн тайланг үнэн зөв гаргуулах явдал бол ардчилсан Монголын иргэдийн нэн тэргүүний зорилт юм. Ингэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороог Сонгогчдын хороо болгон өөрчилж удирдлагад нь улс төрийн намуудаас хараат бус, олны итгэлийг хүлээсэн иргэдийг томилж намуудын болон сонгуулийн тайланг тогтмол гаргуулах шаардлагатай байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих