Ч.ГАНТУЛГА
Намар бол уран бүтээлийн улирал. Уран бүтээлчид шинэ бүтээл туурвиж, тоглолтууд ар, араасаа цувардаг. Харин зуны гурван сарыг тэд юу хийж өнгөрөөсөн бол. Зарим нь зусландаа амарч байхад нөгөө хэсэг нь киноны зураг авалттай, завгүй явна. Монголын урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа эзэлсэн уран бүтээлчидтэй холбогдлоо.
Т.Ариунаа:
ЗУСЛАНДАА АМАРЧ БАЙНА
-Энэ зун бороо хур тэгширээд сайхан байна. Миний хувьд зусландаа амарч байна. Удахгүй сургууль эхлэх учир хот руу орно. Мөн шинэ уран бүтээлээ хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр ирэх намраас сонсогчидтойгоо уран бүтээлээрээ уулзах болно.
Ө.Уянга:
ДУНДГОВЬД АМРААД ИРЛЭЭ
-Жил бүрийн зун салхинд гарч, алжаалаа тайлахыг боддог. Энэ жил Дундговь аймагт очоод ирсэн. Мөн наадмаар гэр бүлийнхэнтэйгээ Төв цэнгэлдэхэд наадсан. Одоо ч зуны амралт дуусч байна. Ирэх сараас уран бүтээлдээ орохоор зэхэж байна.
У.Уранчимэг:
"ЗҮРХЭЭР НААДАГЧ”-ИЙН ЗУРАГ АВАЛТТАЙ ЯВНА
-Өнгөрсөн жилийн өдийд бид "Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны зураг авалттай байсан. Ер нь зуны саруудыг амрахаасаа илүү ажиллаж өнгөрөөдөг. Энэ жилийн хувьд ч ялгаагүй "Зүрхээр наадагч” киноныхоо зураг авалттай завгүй явна. Ирэх намар нээлтээ хийх учраас нэлээд шахуу ажиллаж байгаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих