Могой жил сүүлээ шарвахтай зэрэгцэн манай томоохон банкуудыг тойрсон
сөрөг мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салсангүй. Банкны салбар манай
санхүүгийн зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг.
Энэ том секторт санаатай санамсаргүй буруу мэдээлэл, ташаа ойлголтоос
эрсдэл учирвал санхүүгийн салбар нуралтанд орж манай эдийн засаг Грекийн
араас явахгүй гэх газаргүй билээ. Хадгаламж банкыг Төрийн банктай
нэгтгэсэн явдлын цаана улс орноо өрийн барьцаанд тавьсан булхай ил болж
хүмүүс багагүй сандарсан. Тэгвэл бас дахин банк тойрсон таагүй яриа
дэгдэж эхэлснийг тоолгүй орхиж болохгүй.
Монгол Улсын банкны нийт активийн 23 хувийг дангаараа бүрдүүлдэг
"Голомт” банк удтал дотооддоо дажинтай байсны эцэст хувь нийлүүлэгчид нь
хувьцаа хөрөнгөө хувааснаар дууссан билээ. Үүнтэй зэрэгцэн банкны үйл
ажиллагаа хэвийн эсэхэд эргэлзэх олон баримт мэдээлэл дэлгэгдсэн ч төв
банкны зүгээс "үйл ажиллагаа нь хэвийн” гэж ард иргэдийг тайвшруулаад
орхисон.
Гэтэл хэдхэн хоногийн өмнө "Abu Dhabi”-гийн хөрөнгө оруулалтын сангаас
Голомт банкинд өгсөн зээлээ буцаан татах болсноо мэдэгдэж олон улсын
арбиртерт хандах болсон. Голомт банк 2010 онд 25 сая долларын таван
жилийн хугацаатай зээлийг тус сангаас авсан.
Гэвч Голомт банкны банкны үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн аудитын
шалгалтаар маш ноцтой зөрчлүүд илэрсэн гэж гадаадын зарим хэвлэлд
дурьджээ. Асуудлын гол учир нь тус банкинд 15 сар үргэлжилж буй
засагллын хямрал буюу үүсгэн байгуулагч Л.Болд, Г.Баясгалан, М.Зоригт
нарын хоорондын зөрчлөөс улбаатай болохыг эх сурвалж онцолж байгаа юм.
Хэрвээ байдал энэ чигээрээ үргэлжилбэл Credit Suisse, Swiss-Mo
Investment Ag, Trafigura зэрэг олон банк санхүүгийн байгууллагууд тус
банкинд олгосон зээл, хөрөнгө оруулалтаа эргэж харахад хүрэхээр байна.
Ийнхүү Голомт банкны эмх замбараагүй байдлаас болж мянга мянган
хадгаламж эзэмшигчийн өмч хөрөнгө эрсдэлд орохыг үгүйсгэх аргагүй бөгөөд
Төв банкны албан ёсны мэдэгдлийг хүлээсэн гадаадын зээлдүүлэгчид ч
цөөнгүй байгааг эх сурвалж мэдээлсэн.
Хувийн банкны ийм дуулиантай зэрэгцэн улсын нэгэн банкыг хувьчлах
явдал олны хардалтыг дагуулах болсон. Анх 1998 онд байгуулагдсан
Улаанбаатар хотын банкыг олон нийт нийслэлийн өмчийн банк хэмээн
ойлгосоор ирсэн.
Дэлхийн томоохон хотууд өөрсдийн санхүүгийн бие даасан үйл ажиллагааг
хангах банктай байдаг жишгээр энэхүү банкыг Ж.Наранцацралт агсан хотын
дарга байхдаа санаачлан байгуулсан гэдэг. Гэтэл тус банкыг 2014 онд
хувьчлахаар нийслэлийн удирдлагууд шийдвэрлэжээ.
Ингэхдээ 50 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй банкыг хувьчлах анхны
үнийг 3 тэрбумаар тогтоосон нь тун ноцтой хардалтыг дагуулж буй юм. "Тус
банк ашигтай ажиллаж байгаа хэдий ч активаа нэмэгдүүлж чадахгүй байгаа
тул хувьцаа нь сайн байгаа дээр хувьчлах нь зүйтэй” гэж хотын
удирдлагууд мэдэгдэж байгаа.
Банкны 20 хувь нь нийслэлийн, 80 хувь нь иргэн Д.Эрдэнэбилэгийн өмч
болжээ. Анх нийслэлийн өмчөөр байгуулагдаж байсан банк ямар шалтгаанаар
өөрийн эзэмшлийн хувиа 20 болтол бууруулав. Үе, үеийн нийслэлийн
удирдлагууд Улаанбаатар хотын банкийг зохиомлоор Д.Эрдэнэбилэгт
үлдээхийн тулд хөрөнгө оруулахаас татгалзаж, үйл ажиллагааг нь дэмжээгүй
байж болох.
Цаашлаад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар банкнаас нэг ч
төгрөгийн ноогдол ашиг аваагүй гэж байгаа. Үүнийг нь арилжааны банкуудын
дүрмийн сангийн нэмэгдэлтэй холбон тайлбарлах нь бий. Тэгвэл эндээс
нийслэл өөрсдийн ноогдол ашгаа дүрмийн сандаа нэмэрлэж ирсэн юм бол
яагаад хувь эзэмшил нь 20 хувь рүү ортлоо буурав гэдэг асуулт гарч ирнэ.
Үүнд Улаанбаатар банкны хөрөнгө оруулагчид өнөөдрийг хүртэл тодорхой
тайлбар хийгээгүй бөгөөд цаашид ч хийхгүй байж мэднэ. Энэ бүхнийг улсын
өмчийг үнэгүйдүүлж авдаг ардчилагчдын башир арга гэж тайлбарлаж байна.
Энэ мэт банк санхүүгийн салбар тойрсон элдэв хэл аманд Засгийн
газар, Төв банк албан ёсны тайлбар өгөхгүй бол олон мянган хүний
хадгаламж, түүн дээр тогтож буй бизнес цаашлаад улс орны эдийн засаг
цөөн хэдэн хүний цаглашгүй шунал, тэмцлийн хөлд чирэгдэж мэдэх нь.
http://sonin.mn/news/politics-economy/23704
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих