Оршил буюу нууц хэлэлцээр
1948 оны 12 дугаар сард БНМАУ-ын Шинжлэх Ухааны хүрээлэн /ШУХ/,
ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академийн /ШУА/ хооронд нэгэн хэлэлцээр
байгуулагджээ. Энэ хэлэлцээр нь 1991 оныг хүртэл, "нууц” гэсэн
тэмдэглэгээтэй хадгалагдаж байгаад ил болсон юм. Хэлэлцээр нь монгол,
орос хэл дэр хийгдсэн төсөв, төлөвлөгөө гэсэн хоёр хавсралттай,
БНМАУ-ын талаас ШУХ-ийн дарга Б.Жаргалсайхан, ЗСБНХУ-ын талаас ШУА-ийн
ерөнхийлөгч академич С.И Вавилов нар гарын үсэг зурсан олон зүйл заалт
бүхий байлаа.
Хэлэлцээр ёсоор таван жилийн хугацаанд хоёр тал "БНМАУ-ын түүх” гэсэн
30 хэвлэлийн хуудастай нэг боть, 140 гаруй хэвлэлийн хуудастай 3 боть
цуврал бүтээлүүд бэлтгэн гаргахаар төлөвлөжээ. Тухайн үеийн баримт
сэлтийг харж байхад түүхийн нэгэн ботийг сурах бичиг маягийн
хэлбэртэйгээр, харин гурван боть түүхийг академик бүтээл болгон
гаргахаар бэлтгэж байсан бололтой.
Энд бидний анхаарлаа хандуулах хамгийн гол асуудал нь түүх бичих
бүрэлдэхүүн, тэдний түүхэн үеүдийг хариуцан бичих хувиарлалт юм.
Хэлэлцээрийн гуравдугаар зүйлд "Монгол Улсын түүхийн эртний ба дундад
зууны үе, манжийн эзэмшил, автономит монголын үеийн ангиудыг СССР-ийн
ШУА-ийн институдуудээс бичих ба БНМАУ-ын орчин үеийн түүхийн ангийг
БНМАУ-ын ШУХ-ийн түүхчдээс СССР-ийн ШУА-ийн зөвөлгөө тусламжтайгаар
бичнэ” гэж шулуухан заажээ.
Монголчуудын түүхийг бичих, монголын түүхчдийг удирдан чиглүүлэх үүрэг
бүхий зөвлөлтийн түүхчдийн бүрэлдэхүүнийг авч үзье. ЗХУ-ын түүхчдийн
ямар бүрэлдэхүүн ирэх талаар ШУХ-ийн дарга Б.Жаргалсайхан, Ерөнхий сайд
Х.Чойбалсанд хүргүүлсэн танилцуулгандаа тодорхой дурьджээ. Академич
Козиноор толгойлуулан байгуулсан эл ажлын хэсэгт СССР-ийн ШУА-ийн
шинжилгээний 5 том байгууллага, зөвлөлтийн түүхийн нэрт эрдэмтэн
академич Греков, Майский нарын 50 гаруй хүн оролцжээ. Тэд Монгол
Улсын түүхийг 4 том ангид хуваан бичихээр төлөвлөжээ. Үүнд:
-Чингисээс өмнөх үеийн нэгдүгээр ангийг профессор Толстов, профессор Киселев,
-Дундад зууны түүхийн хоёрдугаар ангийг академич Козин, сурвалжлагч гишүүн Якубовский
-Манж ба автономитын үеийн гуравдугаар ангийг академич Майскийгаар толгойлуулсан тус тусын зохиолчдын группийг баталсан байна.
-БНМАУ-ын шинэ үеийн дөрөвдүгээр ангийг профессор Устюжанинов
Харин түүх зохиоход оролцох монголын талын комисс 1948 оны 7 сарын
17-ны өдрийн БНМАУ-ын СНЗ ба МАХН-ын ТХ-ны 200/35 тоот тогтоолоор
батлагдсан нь цаг хугацааны хувьд их сонирхол татаж, эргэлзээ таамаглал
төрүүлнэ. Уг хамтарсан тогтоол нь "Монгол Улсын түүхийг зохиох комиссыг
байгуулах тухай”, гээд нэгдүгээр заалт нь Монгол улсын түүхийг
"зохиолгох” комиссыг доор дурьдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай гээд
комиссын даргад н.Шарав, орлогч даргад н.Майдар, гишүүдэд н.Ширэндэв,
н.Жаргалсайхан хариуцлагатай нарийн бичгийн даргад н.Нацагдорж нарыг тус
тус баталсан байна. Тогтоолд Ерөнхий сайд Х.Чойбалсан, НТХ-ны Ерөнхий
нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нар гарын үсэг зуржээ.
Дургүйд хүчгүйн үлгэр
Монголын өөрт ногдсон түүхийн үеийг бичихээр Монголын түүхчид 1948 оны 7
дугаар сард хуралдаж, бичих бүрэлдэхүүнээ сонгож бичих ажлын хуваарь
хийжээ. Хуралд Шарав, Ширэндэв, Жаргалсайхан, Нацагдорж зөвлөлтийн
эрдэмтэн Устюжанинов нар оролцсон байна. н.Устюжаниновын оролцоог хасвал
монголын түүхчид 1920-1932 оны хоорондох түүх буюу ердөө 12 жилийн
түүхийг бичих ажил л манай түүхчдэд оногдсон байна. Профессор
Устюжанинов 1948 оны 7 сарын 17-ны өдөр дээрх нэр бүхий түүхчдэд
хариуцсан үеэ бичиж дуусгах тун бачуу хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Тухайлбал, 1920-1924 оныг дуусталх үеийг бичих Нацагдоржийн зохиолын
хэмжээ 3 хэвлэлийн хуудас илүү, зохиолыг 1948 оны 10 сарын 1-ний өдөр
тушаах, 1924-1926 оныг дуустлах үеийг бичих Ширэндэв 1 хэвлэлийн хуудас
бичиж 1948 оны 09 сарын 15-нд тушаах, 1926-1932 оны үеийг бичих
Төмөрбаатар, Ширэндэв нар 1,5 хэвлэлийн хуудас бичиж, 1948 оны 10 сарын
15 нд тушаах, 1932-1940 оны үеийг бичих Цэдэн, профессор Устюжаниновтай
хамт 2 хэвлэлийн хуудас бичиж 1948 оны 09 сарын 15-нд тушаахаар
төлөвлөж явцын тухай эрдэм шинжилгээний удирдагчид байнга илтгэж байхыг
үүрэгдсэн байна. Тэдний аль нь ч энэ хугацаанд төлөвлөсөн зүйлээ бичиж
өгч чадаагүй юм
1946 оны зун Монголын түүх зохиохоор томилогдсон ЗХУ-ын ШУА-ийн
комиссын орлогч дарга Киселев, мөн комиссын эрдэмтэн нарийн бичгийн
дарга профессор Устюжанинов нараар удирдуулсан 10-аад хүний
бүрэлдэхүүнтэй археологи этнографийн шинжилгээний анги, ШУА-ийн харъяа
палентлогийн институтээс гарсан палентлогийн экспедицийн удирдагч
шинжлэх ухааны гавъяат ажилтан доктор, профессор Орлов, доктор профессор
Горомов нарын зэрэг 3 хүмүүс, ЗХУ-ын ШУА-аас томилогдсон хөдөө аж ахуйн
нэгдсэн экспедицийн мал ба ургамалын шинжилгээний отрядуудын 20 гаруй
хүмүүс монголд бөөнөөрөө иржээ. Тэдний суух сууц,хэрэглэгдэх уналага
хөсөг, хоол хүнс, хээрийн шинжилгээний эрэлт хайлт хийх хүмүүсийн орон
тоо, зардал зэрэг бүх хүч хөрөнгийг монголын тал хариуцжээ. Ер нь түүх
зохиохтой холбогдон гарах бүх зардлыг 2 талын хэлэлцээрийн дагуу
монголын тал хариуцсан байна. Энэ бол дайны дараах эдийн засгийн хүнд
хэцүү цагт монголчуудад нэлээд хүнд туссан ачаа байсан нь ойлгомжтой юм.
Гэвч төлөвлөснөөр ажил явсангүй. 1949 онд хэвлэгдэн гарах ёстой
"БНМАУ-ын түүх” нэгэн боть 1951 оны төгсгөл хүртэл сураггүй л байлаа.
1951 оны 9 дүгээр сарын 21-нд БХК(б)Н-ын ТХ-ны шинжлэх ухаан ба их
дээд сургуулийн хэлтсийн секторын эрхлэгч А.Митин "БНМАУ-ын түүх” гар
бичмэлийн тухай гэсэн нэгэн албан тоотыг БХК(б)Н-ын ТХ-ны нарийн бичгийн
дарга Г.Маленковт хүргүүлжээ. Уг тоотод, "БНМАУ-ын түүх” нэгэн ботийг
зохиох комисс нэг ботийн чанаргүй гар бичмэл ирүүлсэн. Үүнтэй
холбогдуулан ШУА-ийн Тэргүүлэгчид, эх зохиогч хамт олонд даалгасан ажилд
хайнга хандсаныг сануулж БНМАУ-ын түүхийн номыг бичиж дуусгах хэд
хэдэн арга хэмжээг төлөвлөсөн. Гар бичмэл дахь алдаатай баримтуудыг
өдгөө засч болно. ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд уг нэг
ботийг өргөн хэлэлцүүлэх үүрэг өгсөн. Номын дахин боловсруулсан эхийг
мөн БНМАУ-ын ШУХ-д явуулах болно. Гар бичмэлийн эцсийн хувилбарыг 1952
оны 1 дүгээр улиралд хэвлэлд өгөхийг санал болгосон” хэмээн дурьдсан
байна.
Харамсалтай нь миний гар дээр энэ бүтээлийн бүлэг, зүйлийг редакцын
зүгээс хүлээн авсан, хэлэлцүүлэг зохион байгуулсан, санал шүүмжлэл
гарсан, сонин хэвлэлд хэсэгчилэн тавьсан гэх мэт зүйл алга. Монголын
архивын миний үзсэн сан хөмрөгт л лав таарсангүй. Магад би олж үзээгүй
байж болно. Гэхдээ л номын төлөвлөгөөнд дурдсан бүлэг ангиудын бичвэрийн
төсөл дээр монголд л лав ямар нэгэн хэлэлцүүлэг шүүмж болж байсангүй
гэж хэлэхэд хилс ташаа болохгүй болов уу.
Дээрхи А.Митиний, Г.Маленковт явуулсан тоотоос харвал ЗХУ-ын ШУА-ийн
дорно дахины судлалын хүрээлэнд л хэлэлцүүлэг явуулах үүрэг өгөгдсөн
бололтой. Тэндхийн архивт харин энэ тухай баримт байж болох юм.
Нөгөөтэйгүүр монголын түүхчид өөрийнхөө түүхийн тун багахан үеийн
түүхийг бие даан бичихээр томилогджээ. Тэгэхлээр их зөвлөлтийн агуу
эрдэмтэдийн марксист ленинст онол сургааль дээр үндэслэн бичсэн монголын
түүхийн бичвэрийг монголд хэлэлцэн, шүүмжлье гэж зүрхлэх хэн байх
билээ. ШУХ-ийн түүхийн кабинетын ажлын төлөвлөгөөнд ч энэ асуудал огт
байхгүй байгаа юм. Ерөөс түүх бичих хэлэлцээр нь ч нууцын зэрэглэлтэй
байсан нь энэ тухай олон таамаг дэвшүүлээд эрэгцүүлж бодоод байх
шаардлагагагүй мэт. Ямартай ч монголын түүхийг зөвлөлтийн нэрт түүхчид
хоёр жилийн дотор социализмын үзэл санаанд нийцүүлэн өөрчилж чадсангүй.
Бүрэн түүхийн 3 боть бүр сураггүй болов. Энэ хооронд нь монголын
дарангуйлагч Х.Чойбалсан, ЗХУ-ын дарангуйлан захирагч И.Сталин нар ч
ертөнцөөс жилийн зайтай халин одов. Тэдэнд марксист-ленинст үзэл
санааны дагуу бичигдсэн монголын түүхийг унших "хувь дутав”.
1949 онд хэвлэгдэн гарах ёстой "БНМАУ-ын түүх” нэгэн боть зохиол дуншиж
дуншсаар 1954 оны 7 дугаар сард нэг юм орос, монгол хэлээр тус бүр
10,000 ширхэг хэвлэгдэв. МАХН-ын XII их хурал дээр дарга нөхөр
Ю.Цэдэнбал "...БНМАУ-ын түүх” нэгэн боть зохиогдсон явдал бол манай
түүхийн шинжлэх ухааны томоохон амжилт мөн бөгөөд манай орон дахь
марксист-ленинст түүх судлалын цаашдын хөгжилд асар их ач холбогдолтой
юм” хэмээн айлдсанаар монголд марксист түүх судлал мэндэлсэнийг
тунхаглав.
Монгол түүхчид "Марксист-Ленинист” болсон нь
Энэ түүх марксист-ленинст-станилист онол арга зүй гэдэг нь эхэн үедээ
монголын түүхчдийг их л будилж тэвдэхэд хүргэсэн юм. 1911, 1921 оны
хувьсгалын дараа монголчууд түүхээ бичих талаар ихээхэн анхааран ажиллаж
олон ч бүтээл туурвил туурвисан билээ. Тэр болгоныг дурдах аргагүй ч
1934 онд анхдугаар үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд зориулж 3 боть
"Монголын товч түүх” ном хэвлүүлснийг энд зориуд тэмдэглэмээр санагдаж
байна. Энэ бол ямар нэг "измгүй” монголын түүхч эрдэмтэд, бичгийн
мэргэдийн бие даасан бүтээл билээ. Эдгээр бүтээлийг 1954 онд гарсан
"БНМАУ-ын түүх” нэгэн ботиос хойш марксист бус хэмээн ад шоо үзэх
болсон юм. Мөн 1930 оноос эхлэн МАХН-ын түүхийг бичих шийдвэр гарч
бичих бүрэлдэхүүн, редакцийн комиссыг ч томилж байв. Ийн байтал ЗХУ-д
1930-аад оны дунд үеэс социализмын үзэл санаанд бүх шинжлэх ухааны онол
арга зүйг холбох үзэл суртал хүчээ авч үүний салхи шуурганд монголын
түүх өртөж хараар будуулж эхэлсэн юм. Хэдийгээр албан түүх биш ч гэлээ
та бидний сайн мэдэх В.Яны "Чингис хаан”, "Бат хаан”, "Сүн далайн хөвөө
тийш” гурамсан романыг энд нэрлэж болно. Энэ уран зохиол Сталины шагнал
хүртэж, хэдэн арван удаа олон мянган хувиар хэвлэгдээд байсны цаад учир
нь Чингис хааныг муулаад, монголчуудын байлдан дагууллыг буруушаан
гутаагаад байсандаа ч биш сайн талын баатар нь ядуу ард олон, төлөөлөл
нь оросын ард түмэн, муу талын баатар нь эзлэн түрэмгийлэгч, язгуур
угсаатан харгис хэрцгийчүүд төлөөлөл нь монголчууд болж байсантай л
холбоотой болов уу. Энэ нь социалист үзэл сурталтай яв цав нийцэж байж.
Гэтэл Монголын түүхчид юуг марксист гэж ойлгох, юуг марксист бус гэж
ойлгох талаар барьц алдахад зөвлөлтийн эрдэмтэн сургагч нар нь түүхийн
аль ч үеийн түүхийг бичихдээ дарлагч, дарлагчдагчийн зөрчил бол ангийн
тэмцлийн уг асуудал юм гэдэг зарчмыг барьж ажиллавал сая марксист түүхч
болж байгаа юм гэдгийг заан зөвлөжээ.
Нэрт түүхч, манжич Л.Дэндэвийн "Дундад үеийн түүх” бүтээлийг бид хэдэн
жилийн өмнө крилл үсэгт анх буулган нийтэд хүргэсэн билээ. Энэ бүтээлээс
нь Л.Дэндэв гуай марксист түүхч болох гэж хичнээн их зовж зүдэрсэн нь
харагддаг. Түүний бүтээлийн сүүлчийн бүлгүүд нь өмнөх бүлгүүдээсээ тэс
өөр бөгөөд феодалыг хараах гэж үйл тамаа эдэлсэн нь илт. Тиймээс өөрөө ч
энэ бүтээлээ хэвлүүлэх гэж нэг их хичээлгүй орхисон бололтой.
Мөн нэрт түүхч Х.Пэрлээ гуай нэгэн боть түүх гарсны дараахан "Орос
зөвлөлтийн эрдэмтэн нараас монгол орныг түүх-археологийн талаар судалсан
тухай гэсэн 20 шахам хуудас өгүүлэл бичсэн нь архивын сан хөмрөгт
хадгалагдаж буй. Тэрбээр энэ өгүүлэлдээ орос, зөвлөлтийн түүхчдийн
монголын түүхийн талаар бичсэн бүтээлүүдийг бүхэлд нь тоймлохдоо ихэд
эерүүлэн үнэлж бичсэн байдаг. Магадгүй бичүүлсэн ч байж болно. Тийм ч
учраас бичвэр нь баахан бялдуу, хуурай магтаал ихтэй нь ажиглагдана.
Х.Пэрлээ бээр "17-р зууны эхнээс монгол, орос хоёр айл хөрш орших болсон
ба улс төр, эдийн засаг, соёлын талаар харилцдаг болсон гэх буюу
монголын ард түмэн манжийн түрэмгийлэн эзлэгч ба монголын феодалын
дарлал мөлжлөгийг эсэргүүцэн өөрийн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо
төлөө тэмцсэн,... оросын эрдэмтэн нараас монголын түүхийг судалсан
ажлууд нь тэр үеийн барууневропын хөрөнгөтөнүүдийн монголыг түүхийн
талаар судласан ажлаас хавьгүй давуу, тэргүүний байдалтай байсан,...
монголын өнгөрүүлсэн түүхийг судла х ажлын шинэ үеийн түүхийг академич
Владимирцов "Монголчуудын нийгмийн байгуулал, нүүдлийн феодализм” гэдэг
их буйртай зохиол бичсэн. Владимирцов монголын түүхийг маркс-ленинийн
методологийн үндэс дээр боловсруулахын эхийг анх үүсгэж урьдах идеалист
байрнаас монголын түүхийг үзэх үзлээсээ татгалзан байсан цаг үедээ
энэхүү том зохиолоо бичсэн юм,... Грум-гржмайло... монголын түүхийг
идеалист үзлийн үүднээс үзсэн боловч... түүхийн асар их материал
баримтуудыг хураамжлан бичсэн юм,... монгол улс байгуулагдах үед ангийн
тэмцэл ба монголын 13-р зууны үеийн нийгэмд овгийн байгууллын үлдэгдэл
асар их зууралдан байсан,... сүүлийн үед ЗХУ-д монголын түүхийн талаар
гүйцэтгэсэн олон ажлын дотроос хамгийн том нь монголын дээд сургуулиудад
үзэх "БНМАУ-ын түүх" нэгэн боть зохиолыг монголын үндэсний эрдэмтэн
нартай хамтран зохиосон явдал юм” гэх мэтээр бичжээ. Х.Пэрлээ гуай
марксист түүхч болж буй нь энэ бололтой.
Харин нэгэн ботийн дараахан буюу 1955 онд эрдэмтэн Ц.Пунцагноров гуайн
бичсэн "Монголын автономитын үеийн түүх” нэгэн сэдэвт бүтээл бол
монголын бараг анхны марксист-ленинст онол арга зүй баримтлан бичсэн
түүхийн бүтээл. Ц.Пунцагноров удиртгалдаа "Империализмын үндэстэн ба
колонийн асуудлын тухай, улс ба хувьсгалын тухай Ленин, Сталины сургааль
нь монголын автономит засгийн үеийг шинжлэн судлах онолын үндэс болж
байна” хэмээн дурьдаад энэ зохиол нь ардын хувьсгалын урьдчилсан
нөхцөлүүдийг судлахыг эрмэлзсэн зохиогчийн анхны оролдлого гэсэн юм. Уг
бүтээлийн хоёрдугаар бүлгийн тавдугаар зүйл нь "Сайн ноён хаан
Петербургт томилогдон одсон нь” гэсэн гарчигтай. Түүний хаант Орост
очсоны шалтгааныг Пунцагноров гуай марксист үүднээс ийн тайлбарлаж
байна. "1913 оны сүүлчээр автономит монголын гадаад дотоод улс төрийн
байдал туйлын хүндрэв. Феодалын засгийн азар монголын аж ахуйн байдлыг
сайжруулж чадсангүй. Ялангуяа санхүүгийн байдал туйлын хүндэрч,
улсынсан хоосрон, алба татвар замбараагаа алджээ... Феодалын эрх
баригчдын уршгаар Монгол орон, капиталист араатануудын эдийн засгийн
боолчлогын гинжээр ороогджээ” Энэ бол тухайн үйл явдалд монголын
түүхчийн өгч буй марксист дүгнэлт. Ер нь өрнөж өнгөрсөн үйл явдалд
социалист орны марксист-ленинст онолыг судалгааны үндсэн арга зүйгээ
болгосон ямарч түүх ч ингэж л бичнэ. Үүнээс өөрөөр бичиж болохгүй.
Тэгвэл үндсэрхэх үзэлтэн, баримт тоочигч, идеалист гэсэн нэр хоч зүүж
нийгэмдээ адлагдана. Энэ бол системд тохирсон түүх л байхаас бус өөрөөр
яагаад ч байж болохгүй үзэл сурталд хавчигдан базагдсан түүх юм.
Түүхээ огоорох цагаар...
Марксист түүх бичлэгийн арга зүй нь социалист системийн бүх оронд адил.
Гэхдээ эш татан авах зохиолууд нь мэдээж тухайн орондоо таарсан байна.
1950 иад оноос хойш бичигдсэн монголын түүхийн бие даасан болон хамтын
бүтээлүүд нь 1990-ээд оныг хүртлэх 30 гаруй жил дараахь схемээр
бичигдсэн
юм.
1/ К.Марксын зохиол 2/ Ф.Энгельсийн зохиол 3/ В.И.Лениний зохиолуудаас,
4/ МАХН-ын их хурал, НТХ-ны бүгд хурал, МАХНамын ТХ-с гаргасан (голчлон
үзэл суртлын) шийдвэрүүд 5/ нам засгийн удирдагчдын хэлсэн үг, ном
бүтээлүүдээс эшлэл авч өгүүлэн буй сэдэвтэй уялдуулна.
Үүний үлгэр жишээ нь өгүүлэн буй 1954 онд орос монгол хэл дээр олон
мянган хувь хэвлэгдсэн "БНМАУ-ын түүх” нэгэн боть түүхийн бүтээл. Монгол
нутаг дахь чулуун зэвсгийн үеийн түүхээс эхлэн нэн шинэ үеийн түүх
хүртэлх хугацааг хамран бичсэн энэхүү зөвлөлтийн түүхчдийн бүтээл нь
үндсэндээ 1990-ээд он хүртэл монголын түүхийн бүтээлүүд хэрхэн бичигдэх
ёстой, монголын түүхийн үечлэл түүнд хамрагдах үндсэн сэдвүүдийг аль
өнцгөөс харж бичихийг заан өгч хайрцагласан юм. 1990-ээд он хүртэл
үргэжилсэн марксист түүх бичлэгийн энэ хайрцагнаас зарим зүйл нь өнөө
хэр гараагүй байна гэхэд ташаа болохгүй. Энэ бүтээлийн бүлэг хэсэг бүрт
буй монголын түүхэнд хандсан хандлага, дүгнэлт гаргалгааг одоо бид
жишин дүгнэхэд цаг хугацаа, цаас хүрэлцэхгүй. Харин үр дагаварыг нь
харвал, өнөө хэр бидний монголчуудын тархи толгойн аль нэг нуглаа
атираан дотор хадгалаастай, түүхэндээ хандах хандлагаар илрээстэй байна.
Тэр илрэл нь "Монголын түүх бол нэг их чухал биш” гэсэн ойлголт
хандлага.
Үнэхээр "БНМАУ-ын түүх” нэгэн боть зохиол гарснаар монголчуудад түүхээ
үгүйсгэх, түүхэндээ сонирхолгүй болох, хайнга хайш хандах, өрөөлийг
шүтэх, үндэстнээ голох үзэл бат нут суусан юм. Нэг үгээр бол марксист
онолын суурь дээр бичигдсэн социалист үзэл суртлын түүх монголд байгаа
оносон гэсэн үг. Түүх үзэл сурталжсанаар нийгмийн сэтгэл зүйд айдас,
болгоомжлол, хулчгар зан нэлэнхүйдээ тогтож мартагнал газар авсан хэмээн
дүгнэхэд сүржигнэл болохгүй байх. Тиймээс ч энэ түүхэн унтаа байдал,
түүхээ мартсан монголчуудыг Б.Батбаяр "Бүү март, мартвал сөнөнө” гэсэн
бүтээлээрээ сэрээсэн нь худал биш.
Хамгийн хор хөнөөлтэй нь монголын түүх бичлэг нэгэн хэв загварт орж,
схемээр бичигдэх болсон учраас түүхэн үйл явдлыг системдээ тохируулан
дураар гуйвуулан засварлах, анги, намын үүднээс нэгийг дөвийлгөж,
нөгөөг гутаах, гол асуудлыг тойрч өнгөрөх нь хавтгайрсан бөгөөд энэ нь
нийт хүмүүс, тэр дундаа залууст түүхэндээ хүндэтгэлгүй хандах, түүхээ
сонирхохгүй үл тоох үзэл суухад нөлөөлсөн юм. "Монголын түүхтэй ч яалаа,
түүхгүй ч яалаа” гэсэн бодол одоо хүртэл байсаар байгаа төдийгүй
түүхээ "а” ч мэдэхгүй залуу үеийн бүхэл бүтэн арми бидний ард байж
байна. Гэтэл... Нөгөө бидний түүхийг бичсэн "ах” нар одоо бидний
түүхийг өөрийн түүхээсээ арчих ажлаа эрчимтэйхэн хийгээд сууж байна. Тэд
"БНМАУ-ын түүх” нэгэн ботийн хэмжээнд монголын түүхийг өнөө хэр
ойлгож байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Өмнөд хөршийнхөн маань бидний өнгөрүүлсэн түүхийг өөрсдийн түүхийн нэг
хэсэг гэж үздэг үзлээсээ татгалзаагүй л байна. Саяхан мэндэлсэн
Казахстан гэдэг залуу улс дундад үеийн монголын түүхийг өөртөө наах
ичгүүргүй оролдлогыг эрээ цээргүй хийж удирдагч болон төр засаг нь
мөнгө санхүүгээ харамгүй зарж байна. Гэтэл... Өнөө хэр монголын төр,
засаг түүхэндээ хандах хандлагаа бодлогын хэмжээнд боловсруулан гаргаж
чадаагүй, юу хийх, хэрхэн хийхээ огт мэдэхгүй дүлий царайлан сууж
байна. Өдгөө цагт түүх бичих, судлах, түгээх ажил түүх судалгааны хэдэн
байгууллага, бүр цаашилбал хувь хүний сайн дурын хичээл зүтгэлээс ер
халихгүй байна. "Ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэдэг. Өнөөгийн монголын
түүх судлалын байдал төр засгийн ямар ч хүчтэй дэмжлэггүй янгиа тохсон
ямаа шиг л энд тэнд туйлж, ойчиж босож явна. Нэг үгээр хэлбэл төр засагт
маань нэгтгэж төвлөрүүлэн зангидаж хайрцагласан бодлого алга байгаа нь
тулгамдсан асуудал болоод байна. "Хайрцаглана” гэдэг ньө мнөх үзэл
сурталжилсан түүхийн хайрцаг биш шүү!. Түүхийн бодлогын хайрцаг. Энэ
хайрцагт ямар бодлого боловсруулж багтаахад эрдэмтэн мэргэд, ер
түүхэндээ элэгтэй хүн бүр оролцож санал бодлоо нэмэрлэх нь чухалтай цаг
үед бид амьдарч байна.
Түүхч, доктор Д.Өлзийбаатар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих