Өнөө өглөө 09,00 цагаас Аймгийн ЗДТГ-ын 1-р байрны хурлын танхимд Аймгийн ИТХ-ын ээлжит 10-р хуралдаан эхлэх гэж байна.
Хуралдааны хэлэлцэх асуудлын нэгдүгээрт МАН-ын бүлгийн дарга С.Мөнгөнбат Зохион байгуулалтын асуудал оруулж ирсэн. Чухам ямар зохион байгуулалт гэдэг нь тодорхойгүй бөгөөд аймгийн засаг даргыг огцруулах тухай асуудал байж болзошгүй. Бидэнд олдсон мэдээллээр, ИТХ дахь МАН-ын бүлгийн 18 төлөөлөгч засаг дарга С.Ганбатыг огцруулж, намаасаа засаг даргыг томилъё гэдэг дээр санал нэгдсэн байна. Өнгөрсөн сонгуулиар МАН Аймгийн ИТХ-д олонхи болсон ч тодорхой бус шалтгаанаар засаг даргын суудлаа авч чадаагүй. Иймээс олонхи болсон нам нь орон нутгийн гүйцэтгэх засаглалыг гартаа авах ёстой гэж үзсэн бололтой.
Засаг даргыг огцруулахын тулд тэдэнд шалтгаан хэрэгтэй. МАН-ын зүгээс засаг дарга С.Ганбатыг огцруулахаар тавьж буй үндэслэл нь, БСГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон 2 сумын сургуулийн захирлыг буруу томилсон гэх асуудал гэнэ. Гэтэл дээрх үндэслэлүүд нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэх нотолгоо болж чадахгүй байгаа аж.
Хуралдаанаар Аймгийн хэмжээнд 2015 онд иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар, түүний хэмжээ, байршил зориулалтыг хэлэлцэж, тогтоох тухай, Чойбалсан хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг хэлэлцэх тухай, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зарим заалтад өөрчлөлт оруулах тухай, Аймгийн 2015 оны төсөвт тодотгол хийх тухай, Халхгол сумын Ялалт багийн ЕБС-ийг нэрт дипломатч Баярын Жаргалсайханы нэрэмжит болгох, "Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-д монгол ажилчдыг зуучлагч "Зөв боломж” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээллийг танилцуулах тухай, "Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК-д ажиллаж байгаа Монгол иргэдийг бүртгэх үйл ажиллагаа, цалин хөлс, түүний нэмэгдэл хангамжийн талаарх мэдээллийн тухай, Маршал Х.Чойбалсангийн хөшөөг Тусгаар тогтнолын талбайд босгох саналыг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих