Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиож байгаа "Архигүй Дорнод" аяны хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хэрлэн сумын хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийлээ. Тэд Төрийн хяналт шалгалтын тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Захиргааны хариуцлагын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшеөрлийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Тамхины хяналтын тухай хуулийг мөрдлөг болгов. Ингэхдээ худалдаа, үйлчилгээний стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид авах арга хэмжээний талаар аймгийн удирдлагуудад саналтавьж, шийдвэрлүүлэх юм.
Шалгалтад Хэрлэн сумын хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 177 цэгээс 156 цэг, хүнсний худалдаа 105, ресторан 7, кафе 20, баар 22, архины 2 үйлдвэр хамрагдав. Шалгалтын явцад аж ахуйн нэгжүүдийн гадна орчны тохижилт, хаяг, чимэглэл, гэрэлтүүлэг, өнгө үзэмж, ажлын байрны стандарт, эрүүл ахуйн шаардлага, цэвэрлэгээ хангалтгүй, бие засах газар ариун цэврийн шаардлага хангахгүй, бохирдол ихтэй, талбайн хэмжээ бага, ажлын байрныха ард амьдардаг, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан, худалдаалж буй согтууруулах ундаа дүгнэлт баталгаажилтгүй, хяналтын шинжилгээ хийлгээгүй, хадгалалтын хугацаа дууссан, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй согтууруулах ундааг худалдан борлуулсан, "баар" зэрэглэлээр үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдэд хүйтэн зууш хоол. коктейлээр үйлчилдэггүй, хүнсний дэлгүүрүүд чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдсан, орон нутгийн үйлдвэрүүд согтууруулах ундааны шошго дээр үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тавьдаггүй зэрэг зөрчил дутагдал илэрлээ.
Шинжилгээний дүнгээр стандарт, аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангахгүй 13 шил, 39.0 мянган төгрөгийн "Сангийн далай" архийг хөндлөнгийн гэрчийг байлцуулан, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн устгав. Хадгалалтын хугацаа дууссан 4 нэрийн 84 ш буюу 123.2 мянган төгрөгийн шар айраг, 19.1 мянган төгрөгийн 2 нэрийн чихэр, тамхийг акт үйлдэн хураажээ. 13 аж ахуйн нэгж, иргэнд 1370.0 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мэргэжлийн хяналтын болон Цагдаагийн газрын хяналт шалгалтаар удаа дараа зөрчил дутагдал гаргасан, иргэдийн зүгээс байнга гомдол ирдэг зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг аймгийн Засаг даргад хүргүүлжээ.
"Дорнод" сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1315
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих