УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар тодрууллаа.
-Дахин орж ирсэн Газрын тосны тухай хуулийн ажлын хэсэгт өөрчлөлт орсон уу, хэн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа вэ?
-Газрын тосны тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж байсан. Харин УИХ-аар хэлэлцэн 50:50 хувийн саналаар хуулийн төсөл унасан. Улмаах дахин орж ирсэн. Ажлын хэсгийн хувьд дахин байгуулах тухай асуудал Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд яригдсан юм. Гэхдээ УИХ-ын дарга З.Энхболд дахин ажлын хэсэг байгуулах шаардлага байхгүй гэж үзсэн. Миний сонссоноор Ц.Нямдорж, Д.Батцогт, Д.Зоригт нар ажлын хэсэгт орох гэж байгаа гэсэн. Гэхдээ энэ албан бус мэдээлэл.
-Өмнөх хууль унасаны дараа та УИХ-д гадныхны захиалгаар болон ашиг сонирхлын зөрчилтэй ажилладаг олон гишүүн байна гэж мэдэгдсэн. Нэрийг нь хэлэх боломж байна уу?
-Өмнө нь энэ хуулийн ажлын хэсэгт өөрөө газрын тосны хайгуулын талбайтай хүмүүс нэлээд хэд орсон байсан. Их хуралд ч газрын тосны салбартай холбоотой ажилладаг олон гишүүд байдаг юм билээ. Жишээ нь ажлын хэсэгт орно гээд байгаа УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрөө хайгуулын талбайтай.
-МАН-ынхныг ихээхэн шүүмжилж байсан?
-Газрын тосны тухай хуулийг унагаахад МАН-ынхан бүгд эсрэг байр суурьтай санал өгсөн. Шалтгааныг нь би энэ намын удирдлагууд нь өөрсдөө газрын тосны салбарын ажилтай нэлээд холбоотой гэж ойлгож байна. Хайрцаглаж байгаад бүх гишүүддээ нөлөөлөөд санал өгүүлчихсэн. Түүнийгээ сөрөг хүчний нэгдмэл байдал гээд бусад гишүүддээ ойлгуулчихсан байгаа юм. Тэгэхээр зарим гишүүд нь хуулиа сайн ойлгоогүй санал өгсөн байх.
-Газрын тосны хувьд манайх нөөц хэр байдаг юм бэ, хууль батлагдсанаар хэдий хэмжээний ашиг олох боломжтой вэ?
-Манай орны хувьд газрын тостой 98 орноос 36-д ордог. Нөөцийн хувьд 348 сая тоннын нөөцтэй. Үүний 30 хувийг л ашиглахад 70 гаруй миллиард ам.доллар болно. Гэтэл бид өөрийнхөө ийм том нөөц бололцоог ашиглахгүй 1.5 миллиард ам.долларын бонд гаргаад л байж байна. Тиймээс бид боломжоо сайн ашиглаж, хуулиа сайн гаргах ёстой.
С.Санчир
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих