Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн сарын 31-нд өөрийн зөвлөх Л.Гансүхтэй уулзах үеэр АТГ-ын ажилтнууд ил болон далд байдлаар бичлэг хийж, улмаар олон нийтэд цацсан нь Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааг олон нийтэд ил болгосон хэмээн үзэж Төрийн Тусгай Хамгаалалтын албанаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр хошууч Ж.Гантөмөр хэлэхдээ "Ерөнхий сайд Н.Алтанхуяг тухайн өдөр хууль зөрчсөн үйлдэл хийсэн үгүй нь бидэнд огт хамаагүй. Манай байгууллага хуулийн дагуу Ерөнхийлөгч, Еөрнхий сайд, УИХ-ын гишүүн, өндөр хэмжээний гадаадын төлөөлөгчид гээд тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэглэлд хамаарах хүмүүсийг хамгаалах л үүрэгтэй. Гэтэл энэ үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад АТГ төрийн нууцын зэрэглэлийг задруулсан үйлдэл хийлээ.
Төрийн тусгай хамгаалалтын үйл явц, арга тактик, хүч хэрэгсэл төрийн нууцын зэрэглэлд хамаарагддаг. Гэтэл дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа.
Иймээс бидний зүгээс ТЕГ-т хандаж,
АТГ-ыг шалгуулах болсноо өнөөдөр албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ. Мөн
тус газраас гаргасан мэдэгдэлд:
"Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд Х.Тэмүүжиний хамт 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед АТГ-ын алба хаагчид Төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтэрч, Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч, Орон нутгийн Тагнуул, Цагдаагийн байгууллагын алба хаагч нарын хуульд нийцүүлж тавьсан шаардлагыг үл биелүүлж, хамгаалуулагчийн үйл хөдлөлд хяналт тавин бичлэг хийж баримтжуулан, уг бичлэгээ хэвлэлийн бага хурал хийж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, нэр төр, халдашгүй дархан байдалд халдсан явдал боллоо. Энэ үйлдэл нь Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль гэх мэт хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон. Тухайлбал Засгийн газрын тухай хуулийн 25. 2.1-д "Монгол Улсын Ерөнхий сайдын бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дархан байна” гэж заасан байдаг. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн есдүгээр зүйлийн 2.1-д зааснаар "Нэгдүгээр зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсад айлчлал хийж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн улсын хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин хамаардаг. Мөн төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 5.1.6-д "Төрийн тусгай хамгаалалтын бүс гэж гадуур хамгаалалт зохиогдож байгаа болон төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, нутаг дэвгэрийг хэлнэ” гэж заасан байдаг.
Мөн АТГ-ын алба хаагчдын дээрх үйлдэл нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулийн 1.12-т зааснаар "Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн болон хурал чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээ, баримт бичиг нь төрийн нууцад хамаарна” гэж заасан байдаг. Гэтэл АТГ-ын алба хаагчид албан үүргийн дагуу мэдсэн мэдээллээ ашиглан хамгаалуулагчийг төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед төрийн нууцад хамааруулсан Монгол Улсын Ерөнхий сайдын хамгаалалтыг зохион байгуулж байгаа хамгаалалтын бүсэд нууцаар болон илээр бичлэг хийж, уг бичлэгээ нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87-р зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа тул Төрийн тусгай хамгаалалттай газрын зүгээс Тагнуулын ерөнхий газарт хандах болно гэдгээ албан ёсоор мэдэглэж байна. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсад айлчлал хийж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн улсын хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан албан тушаалтан, иргэнийг төрийн ёслолын болон албан ёсны арга хэмжээнд оролцохоос бусад тохиолдолд хамгаалуулагчийн үйл хөдлөл, хамгаалалтын үйл ажиллагааг баримтжуулж ажиллахгүй байхыг төрийн болон орон нутгийн байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтнуудад анхааруулж байна.” гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих