Хорвоо ертөнцийн сонин хачин зүйлс, алдартнуудын цадиг, түүхийн элдэв үйл явдлуудыг товчоолон хүргэдэг "ТОП 10” булангийнхаа энэ удаагийн дугаарт хэний ч санаагүй санааг сэтгэж олсныхоо хүчинд сая сая долларын орлого олж бизнест өндөр амжилт үзүүлсэн 10 тохиолдлыг онцолж байна. Эдгээр бизнес санаанууд анх сонссон хүнд хачирхалтай, хэзээ ч бүтэмгүй санагдаж байсан ч эзэддээ гайхалтай амжилт дагуулсан билээ. Та ч бас тэдний нэг болж болно шүү дээ.
1. Диваажинд захиалга өгөх
Анх сонсоход галзуу хүн л ийм ажил хийж, басхүү үйлчлүүлэгчид нь бүр ч илүүтэй сэтгэцийн эмгэгтэй байж таарна хэмээн хэлэгсэд өч төчнөөнөөрөө байжээ. Гэсэн хэдий ч 2001 онд энэ санааг сэдэж олон компаниа байгуулсан Эрик Робетс хэмээгч залуу ирээдүйд саятан болох замаа олсон нь энэ аж.
Хэн ч сонирхохгүй хэмээж байсан "үйлчилгээ"-г маш олон хүн таашааж Эрикийн вэбсайт руу 10 доллараар онлайн захиалга өгөөд хойд насандаа "диваажинд очих" хүсэлтэй хүмүүс бишгүй л нэг гарчээ. Ингээд Эрикийн санааг хуулбарласан олон вэбсайтууд төрөн гарч нэг ёсондоо энэ нь хүмүүсийг тэгтлээ хачирхуулаад байхгүй энгийн нэгэн бизнес болж хувирчээ. Харин Эрик хоёр жилийн дараа л саятан болсон юм.
2. Нууц амрагуудад зориулсан "цахим сайт”
2001
оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа "AshleyMadison.com" сайт нь аль
хэдийнэ амьдрал зохиосон гэр бүлтэй хүмүүст зориулсан "нууцхан болзоо”-г
зохион байгуулагч бөгөөд нэг сард л гэхэд 1.800.000-гаад хүн зочилдог
эрэлт ихтэй онлайн сүлжээ гэнэ. Канадын "Avid Life Media” группийн
ажиллуулдаг сайтын хэрэглэгчдийн тоо 18 сая гаруйд хүрсэн бөгөөд ашиг
орлогоороо дээгүүрт жагсдаг сайт аж. Сонирхуулахад сайтын нэр нь ямар
нэг утга илэрхийлээгүй бөгөөд гадаадуудын охидууддаа өгдөг Эшли ба
Мэдисон гэх түгээмэл нэрийн хоршил ажээ.
3. Онлайнаар авдаг эмчийн магадлагаа
Лидель
ба Уотехаус хэмээх хоёр залуугийн санаачилсан энэхүү бизнес нь хичээл
сургуулиасаа хоцорч, ажлаа тасалсан хүмүүст зориулсан төлбөрт үйлчилгээг
явуулдаг байгууллага бөгөөд өвчтэй байсан гэсэн эмчийн магадлагаа, ийм
шалтгааны улмаас ажлаасаа хоцорсон болно гэхчилэнгийн уучлал хүссэн
бичилт хийж өгдөг үйлчилгээ гэнэ. Тэд хамтдаа нэг байгууллагын
хамгаалагчаар ажилладаг байсан ба ажлаа тасалсан хүмүүсийн хуурамчаар
үйлдсэн эмчийн магадлагаатай нэг бус удаа таарч байсан нь энэхүү
бизнесээ эхлүүлэх үндэс болж өгчээ. Ингээд ахар богино хугацаанд сая сая
долларын ашигтай ажиллах болсон тэдний эмчийн магадлагаа бичилт нь $25
орчим доллар байдаг бөгөөд мэргэжлийн зэрэгтэй эмч нартай хамтран
ажилладаг байна.
4. Нохдод зориулсан нарны шил "Doggles” брэнд
Эртнээс
хүн төрөлхтөн нохойг гэрийн тэжээмэл болгон өөрийн нөхөр болгосон.
Тэгвэл хэзээ нэгэн цагт түүндээ нарны шил зүүлгэнэ гэхэд итгэх байсан
болов уу. Тэгвэл нохойг хурц нартай өдөр нүдийг нь хамгаалах зорилгоор
нарны шил үйлдвэрлэж эхэлсэн нь эзэддээ асар их ашиг өгчээ. Үүнээс гадна
нохдод зориулсан төрөл бүрийн хэрэгсэл үйлдвэрлэдэг Америкийн "Doggles”
брэндийг Рони Ди Луло гэгч үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү санаагаа
нарны гэрэлд нүдээ онийлгож харах Миднайт нохойноосоо авсан гэдэг.
Хэдийгээр зарим сайтуудад үүнийг огтын хэрэггүй санаа байсан гэж бичсэн
байсан ч загвар сайтайгаас гадна нохдын эрүүл мэндэд хэрэгтэй эл брэнд
2004 онд л гэхэд дэлхийн 16 оронд салбар дэлгүүрээ нээсэн байсан юм.
5. Амьгүй "амьтан” - "Pet Rock”
Жирийн
л нэг чулууг гэрийн тэжээмэл амьтнаараа сонгож түүнтэйгээ хамт кино
үзэх, ганцаардсан үедээ ярилцаж суух, дуу дуулж өгөх гэхчилэнгийн "амьд”
гэрийн тэжээмэл амьтантайгаа хийж болох бүхий л үйлдлийг хийх боломжтой
ийм нэгэн бизнесийн санааг Гэри Дэль гэгч олжээ. Найзуудынхаа гэрийн
тэжээмэл амьтдынхаа гомдоллонгуй ярихыг сонсож суусан түүнд ийм санаа
төрсөн бөгөөд "чулуун анд” чинь хоол идэхгүй, усанд орохгүй, гадаа
салхилах ч шаардлагагүйгээс гадна чулуун дээрээ нүд ам зурахаас эхлээд
хаана ч хэзээ ч авч явахад авсаархан "ханьтай” эд ажээ. Тэрээр энэхүү
хачирхалтай бизнесээрээ эхний 6 сардаа $15 сая долларын ашиг олж чадсан
юм.
6. Нохойн "жогорхой” цэвэрлэх "Pooper-Scooper.com” бизнес
Энэ
төрлийн бизнест хөл тавьсан цөөнгүй хүмүүсийн нэг бол Мэтью Озбөрн
ажээ. Тэрээр энэхүү бизнес нь нэг л өдөр түүнийг саятан болгоно чинээ
санаагүй явсан нэгэн бөгөөд ажлын гараагаа 1987 оноос эхлүүлжээ. Цагт $6
доллар орчим орлого олж байсан тэрээр уйгагүй хөдөлмөрлөсний эцэст
бизнесээ хөл дээр нь босгож чадсан бөгөөд өдгөө өөрийн амьдралаар
намтарчилсан ном хүртэл гаргажээ. Түүний үүсгэн байгуулсан сүлжээ
яваандаа гэрийн тэжээмэл амьтдад элдэв төрлийн үйлчилгээ үзүүлэх болж
АНУ даяар олон арван салбартай болжээ.
7. Пиксел бүрийг $1 доллараар арилжих "MillionDollarHomepage.com”
Хэвлэмэл
сонин сэтгүүлийн сурталчилгааны талбарыг хэмжээгээр нь худалддаг
байсантай адил санааг олж вэбсайтынхаа (1000x1000) пиксел бүрийг $1
доллараар арилжиж хэдхэн сарын дотор $1.037.100 доллар олж чадсан энэхүү
бизнесийг Алекс Тьюү гэгч санаачилсан бөгөөд тэрээр тухайн үед буюу
2005 онд Английн Ноттинхэмийн их сургуулийн оюутан байжээ. Бизнесийн
удирдлагын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан түүний бизнесийн эл санааг
цахим ертөнцийн хамгийн утгагүй ч ашиг орлогоороо тэргүүлсэн шилдэг
санаа байсан гэлцдэг ажээ.
8. Зөвхөн танай хайртай муужгайнд зориулсан суултуур
Муур бол нохойг бодвол цэвэрч нямбай амьтан гэдгийг муужгай тэжээх дуртай хүн бү мэдэх бизээ.Тэд нэг л газар ялгадсаа гаргаж, "ариун цэвэр сахиж" чаддаг чадвар дээр нь нэгэн залуу нэг их биш сүрхий санаа олжээ. Тэгээд үүнийгээ нэгэн хуванцар эдлэлийн үйлдвэртэй гэрээ хийж тохиролцсоны эцэст зах зээлд гаргатал толгой эргэмээр ашиг олсон байна. Тэр бол зүгээр л муужгайнд зориулсан суултуур. Хуванцар суултуурын доод талд муужгайн ялгадсыг дор нь цэвэлэчих химийн бодис суугаж өгөөд л гүйцээ. Муур тэжээдэг хүмүүсийн гэр орноос муурын ялгадас дахин үнэртэхгүй болжээ.
9. Ажиллангаа амарцгаая
Хүн ажиллах орчин албархуу, эмх цэгцтэй байлгасны үндсэн дээр илүү үр бүтээлтэй ажиллаж чаддаг гэсэн ойлголтыг энэхүү бизнесийг санаачилсан эрхмүүд хэзээний ард үлдээжээ. Бид яагаад гэр орондоо байгаа юм шиг тохь тухтайгаар оффисоо тохижуулж болохгүй гэж хэмээх санааны үндсэн дээр оффис, гэр ахуйн элдэв тавилга үйлдвэрлэдэг нэгэн жижигхэн компани үйлдвэрлэлийн чиглэлээ огцом өөрчилжээ. Тэд амрангаа ажилах сонирхолтой хүмүүст зориулсаналбан ажлаа хийхэд саад болохгүй тавилгууд үйлдвэрлэж эхэлсэн нь өдгөө дэвшилтэт үзэл санаатай эрхмүүдээр удирдуулдаг дэлхийн олон компаниудын оффисыг тохижуулж чаджээ. Түүний нэг нь бидний сайн мэдэх Google юм. Үр дүнд нь анх энэ санааг олсон жижигхэн компани олон улсын хэмжээний томоохон тавилга үйлдвэрлэгч болжээ.
10. Сантагийн захидал
Энэ бол их л энгийн санаа. Гэвч энгийн санаа олон сая долларын орлоготой олон арван компаниудыг бий болгоно гэж хэн санахав. Хийх ажил нь ч тун энгийн, ердөө 5 долларын захиалга аваад л онлайнаар тэрхүү айлын бяцхан жаалуудад Санта өвөөгийн нэр дээрээс хаяглан захидал илгээнэ. Анх энэ нь шуудангийн үйлчилгээгээр дамждаг байсан бол одоо илүү хялбарчилж онлайнд шилжжээ. Хүүхдүүд ч орчин цагт Санта өвөө интернэттэй, кмпьютер дээр сууж мэйл бичиж чаддаг гэдэгт санаа эргэлзэхгүй болжээ.
bataar
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих