Сүүлийн жилүүдэд манайхан бие биенийгээ юм юманд уриалахдаа сайн болжээ. Миний л санаж байгаагаар 2, 3 жилийн өмнөөс эхлээд цагаан сар тэмдэглэхгүй байя гэсэн уриалга гарч олон хүний дургүйг хүргэсэн. Тэр дундаа ахмадууд багагүй бухимдсан байх. Түүний хажуугаар цагаан сараар бэлэг өгөхөө болох хэрэгтэйг уриалсан хэсэг нөхдүүд ч байсан.
Энэ их мөнгө хаачив, суманд юу үлдэв. Мөнгө нь морь, бөхийн бай, сайн ажилласан хүмүүсийн шагнал болоод дууссан.
Мөн цагаан сарыг хавар биш намар тэмдэглэдэг болохыг уриалсан хэсэг хүмүүс гарч ирсэн нь нэлээд шинэлэг уриалгад тооцогдож байлаа. Ерөөсөө бүгдээрээ урилга гаргаж ухуулга хийцгээе. Өнөөдрөөс эхлээд хүн бүр нэг уриалга гаргасан ч ер нь яадаг юм. Хэвлэлийн хурал хийж, телевизээр гарч уриалгаа олон нийтэд цацах хэрэгтэй. Энэ жил гэхэд Засгийн газрын тэргүүн иргэдэд бүсээ чангалахыг уриалж, хэмнэлт хийхийг сануулсан. Тэр уриалга ч гэсэн үр дүнгээ өгч, ам.долларын ханш тэнгэрт тулж, хүмүүс нээрээ л бүсээ чангалаад эхэллээ.
Ядаж байхад манайхан их уриалгахан, дуулгавартайг яана аа. Нэг уриалга гаргахад л тэр дороо биелүүлээд, дагаад, хэрэгжүүлээд явчихаж байгаа юм. Тэгвэл одоо бүгдээрээ наадам хийхээ больцгооё. Тэр дундаа элдэв ой энэ тэр тэмдэглэхгүй байвал яасан юм. Яасан юм ч гэж дээ, ерөөсөө л ой тэмдэглэхгүй байя гэж уриалмаар байна. Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын уриалга шиг үр дүнгээ өгөх ч юм бил үү, хэн мэдлээ. Магадгүй манай улстөрчид энэ уриалгыг ч уриалгахан хүлээж аваад, цааш нь уриалж ч юуны магад. Энэ жил 128 сумын тэгш ойн баяр тохиож байна.
Сумын нутгийн зөвлөлүүдэд 500 саяас таван тэрбум төгрөг цугласан тухай хэсэг залуус ярьж байсан. Энэ их мөнгө хаачив, суманд юу үлдэв. Мөнгө нь морь, бөхийн бай, сайн ажилласан хүмүүсийн шагнал болоод дууссан. Суманд сайндаа л нэг хөшөө, хэдэн ширхэг зурагт хуудас, хогондоо дарагдсан наадмын талбай л үлдсэн. Ерөөс жил бүр ямар нэг аймаг, сумын ой болдог. Том наадам хийдэг, олон сая, тэрбум төгрөг үрэн таран хийдэг. Эцэстээ хогондоо дарагдаад үлддэг жишээ хэвээрээ л байна. Уг нь өнөө жил ойгоо тэмдэглэх сумууд орон нутгаа хөгжүүлэх талаас нь ажил хийнэ, бүтээн байгуулалт өрнүүлнэ гэж ярьж байсан. Гэтэл хийсэн бүтээн байгуулалт нь ердөө л наадмын талбай.
Наадмын талбай ч юу байх вэ дээ, нэг сандал, жижиг хашаахан төдий л. Ингээд л бүтээн байгуулалт дуусаа. Зарим их мөнгө цуглуулсан сум нь морь, эсвэл нэг бөх, үгүй бол ямар нэг амьтаны хөшөө барьж байгаа юм. Одоо ч сумдын ойн наадам дуусаагүй л байгаа. Наймдугаар сард бас хэд хэдэн сумын ойн баяр наадам болох байх. Мөн л өмнөх жишгийг давтсан наадам болох байх. Улсын цолтой хэдэн бөхчүүд нь очиж найраа хийгээд, мөнгө төгрөг олсон шиг ханхалзаад. Нутгийн бөх нь түрүүлчих гэж бөөн хор хутгаад л өнгөрнө. Тэгээд түрүүлсэн нэр зүүсэн бөхдөө 20, 30 сая төгрөгийн шагнал өгөөд л. Мөнгийг үнэхээр урамтай үрж байгаа юм аа.
Тэгсэн мөртлөө сумын сургууль нурах дөхсөн, биеийн тамирын заалгүй, номын сандаа номгүй. Сум нь гэрэлтүүлэггүй, зам харгуй нь муу. Эмнэлэг нь өөдтэй аппарат хэрэгсэлгүй л байх жишээтэй. Уг нь 500 сая төгрөгөөр сургууль барьчих шахуу л юм болох ёстой. Гэтэл ой нэрийдлээр үрээд л дуусгаж байна. Ингэж ой тэмдэглээд ч яах юм. Тиймээс ой тэмдэглэхээ больцгооё хэмээн уриалмаар байна.
Н.Пунцагболд
Монголын мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих