ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Монгол Улсад хийх айлчлальш тов
үндсэндээ тодорхой болж ирэх есдүгээр сарын 03-нд хэмээн мэдээлж байна.
Тэрбээр
урьд нь 2009 оны тавдугаар сард ОХУ-ын Засгийн газрын тэргүүн байхдаа
Монголд айлчилж байсан. Харин энэ удаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар
манайд анхны айлчлалаа хийх гэж байгаа нь энэ аж. Дашрамд сонирхуулахад
В.Путин 2000-2008, 2012 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж
байгаа арав гаруй жилийн хугацаандаа дэлхийн 100 орчим оронд албан ёсны
айлчлал хийсэн гэх тоо баримт бий.
Өнгөрөгч тавдугаар сард
Хятадын Шанхай хотноо Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй
байдлын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болсон. Энэ үеэр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж В.Путинтэй уулзаж, Монгол Улсад
айлчлахыг урьсан юм. Яригдаж байснаар В.Путин ирэх наймдугаар сарын
27-нд тэмдэглэх Халх голын дайны хамтын ялалтын 75 жилийн ойн баярт
оролцох байсан юм. Гэвч айлчлалын тов бага зэрэг хойшилж байгаа
бололтой.
Бид газар зүйн байршлынхаа хувьд ОХУ, БНХАУ гэсэн хоёр
том гүрний дунд оршдог. Өөрөөр хэлбэл, мөнхийн хоёр хөрштэй гэсэн үг.
Тэр дундаа Монголын өнгөрсөн үеийн түүх, тусгаар тогтнол, хөгжил дэвшил,
алдаа онооны аль алиныг ОХУ-аас ангид авч үзэхийн аргагүй. Нийгэм
шилжиж, ардчилал ирлээ гээд бид хөршийнхөө дээгүүр харайж нутаг сэлгэж
чадахгүй, харин харилцан ашигтай хамаарал, хамтын ажиллагаагаа бат
найдвартай хэмжээнд хадгалах нь монголчуудад илүү өлзийтэй. Сүүлийн үед
Монголын улс төрчид гурав дахь хөрш гэсэн хэллэгийг моодонд оруулаад
байгаа. Үүнийгээ гадаад бодлогын загвар хэмээн тодотгох нь холгүй байх
шиг. Энэ тухай манай сонин "Холын анд сайхан ч хоёр хөршөө орхимгүй"
хэмээн сануулж байсан удаатай.
Ерөнхийлөгч В.Путин хэсэгхэн хугацаанд Монголын асуудалд гар чангатай байх шиг анзаарагдсан. Ингэх шалтгаан түүнд байсан байх. Тухайлбал, Ерөнхий сайдын хувиар 2009 онд Монголд айлчлах үеэр хэлэлцэж тохирсон зүйлүүдийг ажил хэрэг болгоход Монголын тал идэвх санаачлага гаргаагүй.
Тусгаар
тогтнолыг нь эх орныхоо эрэлхэг хөвгүүдийн амь нас, бүлээн цусаар
хамгаалж байсан тэр Монгол хуучин андын жудагаа гээж эхэлсэн, ярьж
тохиролцсоноосоо буцдаг болсон гэхчлэн биднийг буруутгая гэвэл шалтгаан
мундахгүй байх. Гэлээгээд тэр нүүр буруулсангүй.
Монголын урилгыг хүлээн авч айлчлах гэж баина. ОХУ эдүгээ "Хүний хуучин, дээлийн шинэ" гэдэг шиг урьдын андуудаа энэ цаг үед илүү анзаарч эхэлж байна. Магадгүй энэ бол бидний хувьд ирж буй нэг боломж байх.
В.Путиний энэ удаагийн айлчлал их хүлээлт дагуулж байгаа нь үнэн. Юун өмнө хоёр орны хамтын ажиллагаа сэргэнэ гэх хүлээлт. Өнөөдөр Монголын эдийн засаг урд хөршөөсөө хэтэрхий хамааралтай болчихсон, харин олон жилийн уламжлалт харилцаатай ОХУ-тай тун идэвхгүй байгаа. Энэ тэнцвэрийг жигд хангах нь манай төрийн бодлогын нэг хэсэг байх учиртай. В.Путиний 2009 оны айлчлалын үеэр хоёр тал хэд хэдэн асуудлаар ярилцан тохирсон. Тэр үед С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байв. Харамсалтай нь ярьж тохирсон бүхэн С.Баяртай хамт мартагдсан. Тухайн үед буюу 2009 онд Орос, Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр болон "Монгол рос цветмет" үйлдвэр Монголын ДНБ-ний тавны нэгийг бүрдүүлдэг байсан бөгөөд хамтарсан үйлдвэрүүдийг шинэчилж, шинээр төсөл хэрэгжүүлэхээр тохиролцож байсан билээ.
В.Путиний айлчлалын үеэр хийсэн мэдээлэл дээр Ерөнхий сайд С.Баяр "Өнөөдрийн хамгийн гол тохиролцоо бол Монгол-Оросын хамтарсан төмөр замын шинэ аж ахуйн нэгж байгуулах тухай байлаа" хэмээн мэдэгдэж байв. Тэрбээр үүнийгээ тодотгож, "Монголын алт, зэс, нүүрсний уурхайд төмөр замын салаа шугамыг хүргэх нь энэ төслийн зорилго. Үүний дараа Оросын компаниуд ашигт малтмал олборлох лиценз авах юм" гэж байсан. Харин энэ үеэр В.Путин "Монголын дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан ажил нь орлогын шинэ эх үүсвэр, шинэ ажлын байр бий болгож, бүс нутгийн эдийн засгийн харилцааг нэмэгдүүлнэ гэж би үзэж байна" гээд Монголын дэд бүтцийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэх нь цаг хугацааны асуудал юм гэдгийг нухацтай хэлж байсан нь бий. Үнэхээр энэ цаг хугацааны асуудал болж үлдээд байна. Түүнчлэн уул уурхайн лицензийг оросуудаас тойруулж, ихэнхдээ Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдэд олгосон нь хуучин андаа "хулхидсан"-аас өөрцгүй явдал байв.
Тэр айлчлалын үеэр тохиролцсон бас нэг чухал асуудал гэвэл уран олборлох хамтарсан үйлдвэр байгуулах тухай байсан. Гэвч энэ тохиролцоо эдүгээ хамгийн бүтэл муутайд тооцогдож байна. Иймэрхүү маягаар замхарч эрч хүчээ гээсэн урьдын тохиролцоогоо урагшлуулах, хамтын ажиллагааны шинэ шинэ боломжийг эрж хайх нь энэ удаагийн айлчлалын гол хэсэг байх нь тодорхой. Хамгийн гол нь урьдын сайн нөхдийн харилцаагаа эргэн сэргээх, ямар ч цаг үед гуйвж дайваад байхааргүй итгэл үнэмшил, ноён нуруутай хуучин андын залгамж чанараа энэ удаад "ах" нартаа илтгэн харуулбал монголчуудын атгах алтан боломж болж таарах байх. Итгэл үнэмшил, сайн нөхрийн харилцааг даган эяийн засаг, хөрөнгө оруулалт, нөгөө бидний хүсээд байгаа дамжуулах хоолой гээд юм юм л орж ирэх магадчал буй.
Энэ удаагийн айлчлалаар хоёр орны иргэд визгүй зорчих асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хүлээлт буй. Хоёр орны хооронд таван жил гаруй яригдаж буй визгүй зорчих асуудлыг энэ удаад эцэслэн шийдвэрлэж магадгүй бөгөөд иргэдийн хувьд хамгийн их хүлээлт дагуулж буй.
В.Путиний айлчлалын үеэр зайлшгүй яригдах өөр нэг асуудал бол төмөр замын транзит тээврийн тухай болж таарах байх. Учир нь Ц.Элбэгдорж энэ асуудлаар ОХУ-БНХАУ-Монголын гурван талт уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулах саналтай байгаагаа урьд нь В.Путинд илэрхийлж байсан нь бий. Түүнчлэн урд хөршид нийлүүлэх байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах гэсэн бидний мөрөөдлийн сэдэв бий.
Монголын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед ОХУ-аас шинэ хөрөнгө оруулагчид болон жуулчдыг татах эрмэлзэл мэдээж байгаа. Энэ мэтчилэнгээр В.Путиний айлчлалыг дагалдсан хүсэлт гуйлт их байх ч тоймч Ш.Гантулгын нэгэнтээ хэлсэнчлэн "Монголчууд гэртээ ирсэн зочноос мөнгө нэхээд байдаггүй" гэсэн үгийг давтахад илүүдэхгүй мэт.
П.БУЛГАН /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих