Ерэн баатрын хөшөө
Баян цагааны нурууны урд үзүүрт байрладаг энэ хөшөөг манай эх орны эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж амь насаа алдсан зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж 1954 онд Халх гол сумын нутагт Хамар даваанаас хойш 10км орчим газарт босгожээ. Хөшөө нь иж бүрэн цогцолбор хөшөөнүүд бөгөөд Халхын голын ялалтын ойнуудаар шинэчлэн зарим жижиг хөшөөг эмхэтгэн тусгай тавцангуудад байрлуулсан, гол хөшөөнд 110хүний нэрийг бичиж, буу сэлэм хоёрыг зөрүүлж суулгасан сүрлэг хөшөө юм.
Ялалтын хөшөө
Энэ сүрлэг хөшөөг 1939 онд хамгийн ширүүн тулалдаан болсон Хамар даваанд Халхын голын ялалтын 45 жилийн ойгоор 1984 онд босгосон юм. Энэ хөшөөний өндөр нь 50 метр өндөр, гол баганын нүүрэн талд нь мөр зэрэгцэн зогссон Монгол Зөвлөлтийн хоёр цэрэг нөгөө талд нь үндэсний хувцастэй Монгол эмэгтэй дүрсийг урласан нь Монгол-Зөвлөлтийн найрамдал, эх орон, эхийн бэлэгдэл юм. Хөшөөний гол баганын 2 талд байрлуулсан зэс цутгамал тугнууд дээр байлдаанд оролцсон морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчдийн дүр тэр үеийн байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлсэн нь энд болсон тулалдааны ялалтын яруу алдрыг тод илэрхийлжээ. Энэ хөшөөг 54м өндөр, 33м өргөн дан аранжин зэсээр барьж байгуулжээ.
Зөвлөлтийн нисэгчдийн дурсгалын цогцолбор
Чойбалсан хот дахь Бунхан толгойн оройд манай эх орныг харийн түрэмгийлэгчдээс хамгаалж ,алтан амиа алдсан Зөвлөлтийн алдарт нисгэгчдийн мөнхийн дурсгалд зориулж босгосон "1939 халхын гол ” гэсэн бичигтэй хөшөөн дээр 100 гаруй эрэлхэг нисгэгчдийн овог нэрийг сийлжээ. Халхын голын дайны үед энэ Бунхан толгойн ард Зөвлөлтийн нисэх хүчний анги байрлаж байсан юм.Энэ ангиас ЗХУ-ын анхны хошой баатрууд Г.П.Кравченко,С.И.Грицевец, Я.В.Смушкевич,болон ЗХУ-ын баатар М.Ф.Бурмистров нарын олон алдар цуутан төрсөн юм.
Илдэн хөшөө
Халхын голын Ялалт багийн төвд Халх голын ялалтын 30 жилийн ойгоор Монгол зөвлөлтийн ард түмний бат найрамдлын бэлэг тэмдэг болгон босгосон илдэн хөшөө бий.Энэ хөшөөнд "Хамт атгасан тэмцлийн илд, мөнх бадарсан ялалтын сүлд, Монголын залуучуудын анхдугаар тойрон аялал чуулга уулзалтанд оролцогчдод Монгол -Зөвлөлтийн залуучууд 1969 оны 6-р сард ” гэж бичжээ.
Ханан хөшөө
Баян цагааны нуруун дахь Яковлевын хөшөөний дэргэд Монгол гэрийн ханын шийрийг дүрслэн барьсан энэ хөшөө байгаа газраас дотогш 1939 онд Японы түрэмгийлэгчдийг эх орон ругаа алхуулалгүй бут цохисон түүхтэй. Энэ хөшөөг Халхын голын байлдааны 30жилийн ойгоор 1969 оны 8-р сард босгож 30-ын тоог ромбо тоогоор дүрсэлжээ.
МЭНЭНГИЙН ТАЛ
Дорнод аймгийн нутагт Буйр нуураас
баруун тийш 90 гаруй километр урт, 60 гаруй километр өргөн нутгийг
эзлэн далайн төвшнөөс дээш 600 метрт орших Монгол орны хамгийн том тэгш
тал юм. Энд Монгол орны цагаан зээрийн 70 гаруй хувь нь идээшилж
амьдардаг Бэлчээрийн ургамал, зээр чоно болон ховор ан амьтадтай, дэлхий
дээрхи байгалийн төрхөө хадгалан үлдсэн том талын нэг. Монгол орны
зүүн хэсэгт Дарьгангын галт уулс бүхий талархаг бүсээс зүүн зүгт Халх
гол, Хянганы нуруу хүртэл улсын зүүн хойд хил хүртэл тэгш уудам тал
нутаг үргэлжилдэг.Энэ уудам талыг Хэрлэнгийн хойт биеийн тал, Тамсагийн
тал гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан үздэг. Хэрлэнгийн хойт талд
Монголын хамгийн нам дор цэг оршдог. Эдгээр талууд нь Дорнод Монголын
тал хэмээн нэрлэгддэг. Энэ тал нутгийн тухай яруу найрагч Б.Явуухулан
"Бугуйл хаях ойроос нар мандах нь сонин, бууж үдлэх холоос айл нь
харагдах нь хачин” гэж магтан биширсэн байдаг.
ТОСОН ХУЛСТАЙ
Монгол орны зүүн хойд хэсэгт, ойт хээрээс тал хээрийн бүсэд шилжих заагт орших Тосон Хулстайн нам уул, ухаа гүвээт тал хээр, хуурай хээрийн экосистемийг хадгалан хамгаалах, цагаан зээрийн тоо толгойг нэмэгдүүлэх, өсөн үржих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангилалд хамааруулан улсын тусгай хамгаалалтанд авсан. Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамарна. Цагаан зээрийн төллөх, идээшлэх, бэлчээрийн гол газар нутаг юм. Тосон Хулстай орчмын нутагт хур борооны усаар тэжээгддэг нуур тойрмууд байх учир усны шувууд түр хугацаагаар буудаллан саатах, өндөглөх зэрэгт аюул багатай орчин болдог. Тийм учраас биологийн төрөл зүйлийн хамгаалалтын хувьд улс орны төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдолтой нутаг юм.
Монголд ховор амьтан шувуудын төрөл зүйл, тухайлбал дагуур зараа, хээрийн тоодог, дагуур тогоруу зэрэг шувууд байдаг. Эрээн нуур, Хотонт, Хулст, Цагаан зэрэг олон тооны жижиг нуур тойром нь усны шувуудын нүүдэллэн өнгөрөх, өндөглөх газар болдог. Цагаан зээрийн бэлчээрлэн идээшлэх, хаврын цагт төллөх гол газар болохоос гадна Хэрлэн голыг гатлан урагш хойш нүүдэллэх гол зам болсон газар юм. Монгол тарвага, манжуурын номин, хоёр зүйлийн огодой нь хөрсний үржил шимийг эргүүлж, номингийн хувьд хөеө засах замаар бэлчээрийн экологит чухал үүрэг гүйцэтгэдэг.
УГТАМ УУЛ
Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс зүүн тийш 30-аад километр зайд далайн төвшнөөс дээш 1210 метр орших өндөр уул юм. Монголын Улаан номонд орсон бөгөөд Монгол Дагуурын дархан газарт тархсан нэн ховор амьтан ургамалтай. Баяндун, Дашбалбар сумын хээр талд орших ой модтой энэ уул нь Улз голын урд хэсгээр баруун өмнөөс зүүн хойшоо сунаж тогтсон. 1993 онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан.
Баруунаас зүүн тийш явах тутам газрын
өндөршил аажмаар намсч гадаргын байдал ухаа толгодын шинжтэй болж тал
газартай нийлнэ. Монголын нилээд хойгуур өргөрөгт оршдог учраас усны
баялаг харьцангуй нягт зэргээс шалтгаалан олон ам, хөндий, гуу жалгаар
зүсэгдсэн хэрчигдэл ихтэй. Хар шороон хөрс, хар хүрэн нүүрс тархаж, уул
толгодын бэлийн төгсгөлд, ам хөндийн ёроолд нугын ба нугат намгийн
хөрс голчлон дайралдана. Баруун, Зүүн Сүүж, Аргалант, Жимгэр, Дангай,
Дэл, Тавнан гэх мэтийн жижиг горхи бүхий олон хөндийтэй. Толь нуур,
Хайрханы цагаан нуур, Өвгөдийн хар, Цагаан нуур зэрэг жижиг нуур тойром
ихтэй. Угтамын хийдийн дэргэд Могойтын рашаан байдаг. Хамгийн том гол
нь Улз гол бөгөөд Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаас эх авч Монгол
дагуурын нутгаар урсан улсын хил дайран Тарь нуурт цутгана.
Ойн бүс тун бага бөгөөд хуурай хээр болон уулын хээрийн ургамал зонхилсон байдаг.
Амьтны аймгаар харьцангуй баялаг бөгөөд тал газрын ихэнх амьтад бий. 251 зүйл шувуу бүртгэгдсэн. Өмнөдийн дулаан орны шувууд Сибирь лүү нүүдэллэх замд буудаллан өнгөрдөг бүс учраас олон зүйл шувууг энд харах боломжтой.
МОНГОЛ ДАГУУР
Монгол улсын зүүн хойд хязгаарт Дорнод аймгийн Чулуун хороот, Гурванзагал, Дашбалбар сумдын нутгийн зарим хэсгээс бүрдэнэ. Дагуурын чийглэг тал хээр, том жижиг нуур цөөрөм, гол горхи, намгархаг газар нь Зүүн өмнөд Азиас Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар болдог. Мөн халуун орны олон зүйл, усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлог билээ. Монгол дагуурын дархан цаазат газартай хил залгаа ОХУ-ын нутагт "Даурский” хэмээх дархан цаазат газар оршино.
Дэлхий нийтэд хамгаалах ёстой өвөрмөц газар нутаг гэж зарласан 200 экобүсийн тоонд Монгол дагуурын дархан цаазат газар ордог. 1993 онд хамгаалалтын захиргааг Дорнод аймгийн Чойбалсан хотод байгуулжээ. Дагуурын хээр тал нь Дорнод бүсийн тал хээрийн ихэнх нутгийг бодвол харьцангуй чийглэг уур амьсгалтай. Хангайн муж, Монголын Дорнод хэсгийн хүрэн, хар хүрэн, хужир ба хужирлаг хөрс бүхий Хөх нуур-Эрээнцавын тойрогт багтдаг. Ус зүйн сүлжээний хувьд Номхон далайн ай савд багтана. Тус дархан цаазат газрын бүсэд Монгол орны хамгийн нам дор цэг Хөх нуурын хотгор далайн төвшнөөс дээш 560 метрт оршино. Галуут, Ангирт, Их бага далай, Давст, Дөрөө, Чух, Хайчийн цагаан, Хоринцагаан, Бүс, Галуутайн, Хөх нүдний гэх мэт 90 гаруй том жижиг нуурууд бий. Эдгээр нууруудын онцлог нь бүгд давстай цэнгэг биш нуурууд юм. Монгол дагуурын дархан цаазат газар нь ерөнхийдөө гүвээ толгодтой хээр боловч Улз, Ямалх гол, Тарь нуурын сав нутагт ус намаг, арал тойром, зэгс шагшуурга, бургасан төгөлтэй. Хөх уул, Хайлан уул зэрэгт хус улиасан төгөл бүхий орчинтой учраас амьтан ургамлын зүйлийн бүрдэл, тоо толгой харьцангуй нягтшил их байдаг.
Энд цагаан зээр хэдэн зуугаараа сүрэглэн бэлчдэг нь туурайтан зэрлэг том амьтадын сүрэглэн нүүдэллэх сүүлчийн үзэгдлийн нэг бөгөөд иймэрхүү дүр зургийг гагцхүү Монголын тал нутаг, Танзани улсын Сөрөнгөтийн талаас олж үзэх боломжтой юм. Үүнээс гадна бор гөрөөс, чоно, үнэг, хярс, дорго, элбэнх, тарвага, дагуур огодой, бор туулай зэрэг амьтад элбэг байдаг. Шувуудын ховор төрөл болох цэн тогоруу өндөглөн зусдаг бол хар тогоруу, цагаан тогоруу зэрэг шувууд нүүдэллэхдээ дайран өнгөрдөг. Ургамалжилтын хувьд ой, хялганат, хиагт, зүр өвст, алаг өвст хээр болон нуга ус намгархаг газрын ургамал ихэвчлэн ургана. Нуурын эрэг орчмоор шагшуурга зэгсэн нугатай. Эмийн ургамлаас цөс өвс, алтанзул, дэгд, чихэр өвс, лидэр, араана зэрэг ургамлууд элбэг байдаг.
ДОРНОД МОНГОЛ
Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн харуулсан, онгон байдлаа хадгалж үлдсэн жинхэнэ тал хээрийн үзэсгэлэнг зөвхөн Дорнод Монголоос үзэж болно. Цагаан зээрийн нүүдэллэн явах зам болсон газар нутаг бөгөөд ховор амьтан, ургамлын багагүй нөөцтэй. 1993 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.
Дорнод аймгийн зүүн урд, Сүхбаатар аймгийн зүүн хэсгийн нутгийг хамран улсын хилийн дагуу орших газар нутаг бөгөөд тэгш тал ховор, бэсрэг нам уулс, ухаа толгод, гүвээ тэдгээрийн хоорондох дэрст хоолой бүхий нутаг юм. Хамгийн өндөрлөг цэг нь Вангийн цагаан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 1099 метр, хамгийн нам дор цэг нь Лагийн хоолойн урд хэсэг 709 метр болно. Чулуулгийн хувьд боржин, гүний чулуулаг, галт уулын бялхмал чулуулаг, шохойн чулуу, элсэн чулуулагтай. Тамсагбулагийн сав газарт газрын тос, алт мөнгө, Булангийн хоолойд чулуун нүүрс, Модот овоо, тосон толгой орчимд бал чулуу, сурьма зэрэг ашигт малтмалын нөөцтэй. Халтарын говьд цөөн тооны шорвог жижиг нуур, тойром булаг шанд байдгаас өөр энд томоохон гол мөрөн нуур байхгүй. Нийт 20 орчим булаг шандтай. Ургамалжилтын хувьд Монголын хуурай хээрийн тойрогт хамаарагддаг. Сибирь хялгана, Крыловын хялгана, хиаг, дэрвээн хазаар өвс, саман дурваа, сунагар биелэг, баллисийн ботууль, саман ерхөг зэрэг үетэн ургамлууд байдаг. Амьтны аймгийн хувьд тал газрын амьтад байхаас гадна дагуур огодой, дагуур зараа бий. Дорнодын хиазат, монгол болжмор зэрэг жинхэнэ тал хээрийн шувууд тархсан байдаг.
ЯХЬ НУУР
Дорнод аймгийн Сэргэлэн, Гурванзагал, Чойбалсан сумдын нутагт орших байгалийн нөөц газар бөгөөд Яхь нуур нь аймгийн төв Чойбалсан хотоос хойш оршино. Цагаан зээрийн тархацын хойд зах нутаг бөгөөд 1998 онд УИХ-ын 28 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.
Цагаан зээр нь хоол тэжээлийн хомсдолтой үед Галын шил, Тосон Хулстай, Салбарын талын зээрийн сүрэг энэ нутаг руу нүүдэллэн ирдэг байна. Яхь нуурын зүүн, хойд болон баруун хойд талаар намхан уулс толгодтой бөгөөд өмнө талаараа модгүй, тэгш талархаг нутаг юм. Хадархаг нүцгэн бэсрэг уулс, уулс хоорондын хөндий тэгш тал, нуурын хоолой, шавар намгархаг газрууд хосолсон байдаг. Огцом өргөгдсөн жижиг уул мэр сэр байдгийн нэг нь Дун уул юм.
Далайн төвшнөөс дээш 920 метр бөгөөд
ойр орчимдоо зэгс бүхий жижиг бүрдтэй уул болно. Төхөмийн нуур, Их
дэлгэрийн нуур, Бага дэлгэрийн нуур, Баян Эрхтийн нуур, Тэмээтийн нуур,
Дунгай цагаан нуур зэрэг 17 давстай нуурууд байдаг бөгөөд тэдгээрээс
хамгийн том нь Яхь нуур юм.Монголд ховор идлэг шонхор, дагуурын ятуу
зэрэг шувууд болон дагуурын зараа байдаг. Энэхүү нөөц газарт байх
нууруудын орчимд намар үе үе шувуудын чуулган болно. Ургамалжилтын
хувьд хуурайсаг олон наст үетэн ургамал зонхилон ургана.
ЧИНГИСИЙН ХЭРМЭН ЗАМ
Төв Азийн өргөн уудам нутаг, түүний дотор Дорнод Монголын нутаг дэвсгэр бол түмэн үеийн буурал түүхийн хүрдэнд нүүдэлчдийн соёл иргэншлийн сонгодог уламжлал бүрэлдэн цогцолсон өлгий нутаг билээ. Энэхүү түүхт нутагт амьдран идээшиж, бүтээж туурвиж ирсэн бидний өвөг дээдэс түүх, соёлын асар их өв, гайхамшигт сайхан дурсгалуудыг уламжлуулан үлдээсэн нь хойч үеийнхний бахархал мэдлэг оюуны ундарга болж байна. Дорнод Монголын газар нутаг, түүний хөрсөн дээр болон дор хадгалагдаж буй эртний хүмүүсийн бууц суурин, чулуун зэвсгийн үеийн дурсгал, булш бунхан, буган ба хүн чулуу, хот суурины туйрууд, уран барилга зэрэг түүх, соёл урлагийн үнэт дурсгалууд нь өнөө болтол өнө эртний түүхийг хүүрнэн өгүүлсээр байгаа билээ. Ийнхүү Дорнод Монголынхоо өнө эртний сонирхол татсан түүх соёлын гайхамшигт дурсгалыг танилцуулж байна.
Чингисийн хэрмэн зам
Чингис хааны ахуй амьдрал, монголын эзэнт гүрний түүхтэй олон сэжмээр холбогдох Чингисийн хэрмэн зам хэмээх эртний туурь нь Дорнод монголын бахархалын нэгэн хэсэг болж байна. Түүхнээ "Чингисийн далан”, "Чингисийн хэрэм”, хэмээн тэмдэглэгдсэн уг дурсгал нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хуучин төвийн баруун талаас эхлэн Хуурай давааг чиглэн, Нарийн хөндийд хүрч, Сайхны араас Сайн цагаан нуурын хойгуур гарч, Норовлин сумын Улзын өндөр дов, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг хэрмийн худаг зэрэг газраар дамжин улмаар, Цагаан-Овоо, Сэргэлэн, Гурванзагал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг газар тасран үргэлжилсэн шороон хэрэм юм. Энэхүү хэрмийн урт 500-600 км. Судлаачид үзэхдээ, Их хэрмийн дагуу зөв талдаа хугас өдөрчийн газарт дөрвөлжин хэрэм, бүтэн өдөрчийн газарт гурвалжин хэрэмтэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих