Энэ жилийн мал тооллогоор улсдаа хамгийн олон малтай гурван өрхийн нэгээр Баяндун сумын иргэн Монгол улсын гавъяат малчин Базардайн Батмөнх тодорлоо. Батмөнх гуайнх 6500 орчим хоньтой. Малаа таван төрлөөр нь өсгөдөг бөгөөд хонин сүрэг дээр бусад малыг нэмбэл 9000 гаруй болно. Өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр бол тэрбумын хөрөнгөтөй хүн. Түүнчлэн үхэр, адуу, тэмээ, ямааныхаа түүхий эд болон сааль сүүг нь бүрэн авч чадвал энэ гэр бүлийн орлого тэрбумаас давах аж. Гэвч ердөө л ноосныхоо ашгаар бүтэн жилийн хэрэгцээгээ хангачихдаг байна.
Ажилсаг хөдөлмөрч буриад эоны төлөөлөл хашир малчин Б.Батмөнх гуай 1979 онд гэргии Жавзмаатайгаа ханилан сууснаас хойш өдгөө 30 гаруй жил мал маллажээ. "Анх 40 богтой өрх тусгаарлан айл гэр болж, цөөн хэсэг малтайгаа нэгдэлд орж байсан маань алдаагүй, харин ч оносон” хэмээн тэр ярих дуртай. Мөн "Хүн амьдралдаа өнгөтөй өөдтөй, уруу дорой явах нь өөрийнх нь л хүч хөдөлмөрөөс шалтгаална" гэж үр хүүхэд, ойр тойрныхондоо захина.
Батмөнх гуай зургаан хүүхэдтэй. Бага охиноос бусад нь ажил, амьдралтайгаа золгож тусдаа гарцгаажээ.
Хэдий тэрбумаар тоологдох хөрөнгөтөи ч жилдээ 100 шахам хонь зах зээлд нийлүүлж, 10 гаруй сая төгрөгийн орлого олдог гэнэ.
Энэ тоо бага мэт санагдаж болох ч хөдөө нутагт хоол унд, унаа хөсөг цөм бэлэн учир өртөг зардал багатай байдаг учраас тэр биз. Харин аймгийн төв дээр зоогийн газар ажиллуулж буй бага хүүгийнхээ бизнест нэмэр болгож, мал, махаар нь хангаж өгдөг гэсэн. Буянт малынхаа үр шимийг хүртэж яваагийнх, орон нутгийн малчдаасаа анх удаа Land 200 гэдэг суудлын тэрэг хөлөглөсөн ч морио унаж явахыг илүүд үздэг аж.
Тэрээр 2007 онд Улсын аварга малчнаар тодорч байсан бол өнгөрсөн жил Гавьяат малчин хэмээх хүндтэй цолыг хүртээд байна. Энэ жил Баяндун сумын 90 жилийн ой тохионо. Б.Батмөнх сумынхаа ойг угтаж, нутаг усандаа хэрэгтэй зүйл хийж бүтээгээрэй гээд 10 сая төгрөг хандивлажээ.
Монгол улсын хамгийн олон хоньтой, малчин түмний дундаас хөдөлмөр зүтгэлийнхээ ачаар төрөн гарсан тэрбумтан, Монгол улсын гавъяат малчин Б.Батмөнх гуай "Баялгийг харь орон, хаа холын зочин гийчнээс биш дэргэдээсээ, эх орноосоо хайх хэрэгтэй" хэмээн ярьж байна.
МИНИЙ ДОРНОД СЭТГҮҮЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих