Өнгөрсөн сарын сүүлээр Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 3 настай хүү хөлийн бүдүүн гуя хэсгээрээ хугарсан байдалтай хүргэгдэн очиж, эмч нар яаралтай хагалгаа хийж, амь насыг нь аварсан. Хүүгийн гар хуруу тасарсан байдалтай бороолж эдгэрсэн байсан тул биемахбодын хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хэмээн үзэж, эмч нар цагдаагийнханд мэдэгдсэнээр, асран хамгаалагчдыг нь шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн.
Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс хүүгийн гэмтлийг "Зүүн дунд чөмөгний хөндлөн хугарал, баруун гарын III, Y хурууны шивнүүр ясны хуучин хугарал. Өвчтөн зовиур ихтэй, хөндлөн хугаралтай” хэмээн оношилжээ. Улмаар өнгөрсөн сарын 24-ний өдөр "Хугарлыг ил аргаар эвлүүлж, металл ялтсаар бэхлэх мэс засал” яаралтай журмаар хийсэн байна. Мэс заслын эмчилгээний үр дүнд хүүгийн биеийн байдал сайжирч, 2015 оны хоёрдугаар сарын 27-нд эмнэлгээс гарчээ.
Тухайн хүүхэд 2014 онд Дорнод аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэст бүртгэлтэй өрхийн 2 нас 10 сартай, О овогтой Т болох нь тогтоогдсон байна. Тус хэлтсээс хүүхэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй мэдээллийн мөрөөр хүүгийн ар гэрийнхэнтэй уулзжээ.
Хүүгийн эмээ хэлэхдээ "Охин О маань Чулуунхороот суманд гэр бүлтэй болсон. Миний хүү болох Н, бэр болох Г нар нь Чойбалсан суманд мал маллаж амьдардаг, өөрийн үр хүүхэдгүй хүмүүс байдаг. Дүү О-гийн хүүхдийг түр хугацаанд харж асарч байсан.
Өдөртөө тэд малдаа гарахдаа хүүг орноос уяж үлдээдэг байсан. Нэг удаа уяагүй үлдээгээд гараад ирэх хооронд нь хүүхэд орон дээрээс ойчиж, аккумлятор дээр унан, хоёр хөл нь хавчуулагдаж гэмтсэн байсан.
Манай хүү, бэр хоёрыг орж ирэхэд уйлаад тэр газартаа сууж байсан гэсэн. Хөлний яс хугарсныг сайн мэдээгүй тул хүү, бэр хоёр гутлыг нь өмсгөхдөө хүчилж, ясыг нь зөрүүлсэн байсан. Тэгээд аймгийн эмнэлэгт ирж, эмнэлгийн тусламж авч хагалгаанд орсон. Одоо ээжтэйгээ хөдөө ах Н-гийнх руугаа явсан. Ирэх зургадугаар сарын эхээр ирж хөлнийхөө хадаасыг авахуулна.
Үүнээс бүр өмнө малын хашааны хаалга хаах үед баруун гарыг нь мэдэлгүй хавчсан тохиолдол гарсан. Үүнээс болж гар нь хуучин шарх сорвитой, бас хөл нь гэмтэлтэй тул эмч нар манай хүү, бэр хоёрыг хүүхэд зодсон байж болзошгүй гэж цагдаад мэдээлсэн. Энэ мэдээлэл нь олон нийтэд хүрсэнд гомдолтой байна.
Манай хүү, бэр хоёр үр хүүхэдгүй хүмүүс, үр хүүхдийн мөрөөдөл болсон болохоор хүүхэд зодох хүмүүс биш. Одоо охин О маань хүүтэйгээ Чойбалсан суманд Н ахындаа түр амьдарч байгаа. Хүүхдийн биеийн байдал сайн” хэмээн ярьжээ.
Тус хэлтсийн ажиолтан Г.Хэрлэнтуулын мэдээлснээр, Т гэх гурван настай хүүхдийн гэмтэл бэртэл хүчирхийллийн харилцаанаас болж үүссэн үү, эсвэл болзошгүй осол гэмтэл байсан уу гэдгийг тогтоохоор Дорнод аймгийн цагдаагийн ажилтнууд шалгаж буй юм байна. Хүүгийн биеийн байдал одоогоор сайн байгаа аж.
Э.Энх-Эрдэнэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих