Би
ажил эрж хотоор баахан тэнэв. Ёстой нэг заяа минь хаяж гүйцжээ. Хүн
мухардахаараа тархи толгойд нь хачин бодол орж ирдэг шүү дээ. "Эмэгтэй
хүн болж төрсөн бол ажил амархан олдохсон” гэж бодож байв.
Уйтгарт
бодолд дарагдан Долмабахчегийн зүг сажиллаа. Цэнгэлдэх хүрээлэн ордог
гудамж хөгжөөн дэмжигчдээр дүүрчээ. Хөл тавих газаргүй чихэлдэж,
түлхэлцэнэ. "Ийм байхад яаж цэнгэлдэх хүрээлэн орно гэж бодсон юм бол”
гэж би дотроо гайхав. Хүмүүсийн урсгалд би урагш хойш түрэгдсээр байлаа.
Би дөрвөн талаасаа хашигдсан эрчигнүүр хүрд шиг дороо эргэлдсээр
байлаа.
Яваандаа
энэ урсгалаас гарах ямар ч найдваргүй боллоо. Ямар ч эсэргүүцэлгүй
бууж өгсөн гэж бүү бодоорой. Бүтэн цаг түлхэлцэж, ёвролцож, тэнхээ
тамираа бараад тэндээс гарч чадсангүй. Бүр цөхрөнгөө бараад ингээд л
өнгөрдөг юм байж гэж айлаа.
Тэгтэл
шүгэл дуугарлаа. Төрөлхийн дүлий хүн сонсмоор, чих дөжиртөл
тасхийснийг яана. Гэтэл тэр даруй хүмүүс илбийн хүчээр юм шиг ярагдаад
эхлэв. Тэгээд тэр завсраар нь нэг шүгэлтэй хүн алхаж байна. Сайтар
ажиглавал тэнгэр минь, манай Муса байдаг юм байна.
-Му-са-аа гэж би орилов.
Үүнээс
өөр газар таарсан бол би "Хүүе, Муса найз аа” гэж хашгирах байсан.
Гэтэл би тэр шүглийн нь өмнө сүрдээд чадсангүй. Муса эргэж харснаа
гараас минь шүүрч аван дагуулж явав. Өмнө нь бөөн хүн шавааралдсан
байвал тачигнатал шүгэлдэх ба хүмүүс ч бие биеэ түлхэн шахалдаж дорхноо
зам тавьж байв. Ингэж явсаар цэнгэлдэхийн үүдэнд ирлээ. Муса дахиад л
шүглээ тасхийлгэсэнд билет шалгагч хажуу тийшээ болоод,
-Орцгоо, орцгоо гэв.
Хүрдэн хаалга өнгөрөөд миний санаа амарч нэг уужуухан амьсгаа авч,
-Хүүе,
Муса чи биеийн тамирын удирдах газрын ерөнхий захирал болоо юу? Яагаад
бүх хүн чамд зам тавьж өгөөд байгаа юм бэ гэж асуув.
-Намайг шалгаах яах вэ, сүүлд бол. Өөрийнхөө тухай ярьсан чинь дээр. За юу хийж байна даа?
-Хийсэн
юмгүй. Ажил эрээд таван сар болж байна. Эрэгтэй хүнийг ажилд авахгүй
юм. Эмэгтэй хүний хувцас өмсөөд уруулаа будаж, хөмсгөө янзалдаг юм
билүү гэж ч бодох боллоо. Үнэндээ би энэ эздийг ойлгож байна л даа. Би ч
гэсэн эзэн болбол нэг муу бүдүүн хатуу эр авч байснаас аятайхан бүсгүй
авахыг л бодно. Би муу хүн болоод ингэж бодож байгаа юм биш. Эр эм аль
нь ч гэсэн даалгасан ажлын ягштал хийнэ шүү дээ. Гэхдээ аятайхан
бүсгүй харж нүд хужирлахад сэтгэл өег байна биз дээ.
-Чиний горьдлого тасарч гүйцжээ дээ гэж Муса хэлэв.
-Таван сар ажил эрж сажилна гэж амархан гэж бодно уу?
Тэгж
байтал тэмцээн эхэлж, бидний яриа тасрав. Хөлбөмбөгийн тэмцээн дуусаж,
бид хоёр хаалга зүглэв. Муса шүглээ үлээж, замаа чөлөөлж явсаар талбайд
гарав.
-За,
чиглэлийн таксигаар явъя гэж Муса хэллээ. Хэлэхэд амархан л даа, харин
яаж суух вэ? Талбай дээр бидний адил таксинд суух гэсэн бөөн хүн байв.
Хоосон машин ирэхээр хэдэн зуугаараа хошуураад дайрч байлаа.
-Энэ янзаараа бол хоёр өдөр зогсох байлгүй дээ, Муса минь гэж намайг хэлсэнд
-Жаахан
хүлээ бай гэж хэлээд Муса халааснаасаа шүгэл гаргаж ирээд тасхийтэл
үлээсэнд хажуугаар гарсан такси зогслоо. Бидэнтэй хамт суух гэж нэг ч
хүн дайрсангүй нь тун гайхалтай.
Таксинд сууцгаалаа.
-Муса, чи замын цагдаагийн дарга болоо юу гэж би асуусанд хуруугаа гозойлгож, амандаа хүргээд "чимээгүй” гэж дохив.
Бид хоёр Нишанташед буулаа. Муса хэтэвчээ гаргаж мөнгө өгөхөд жолооч эрс татгалзаад авсангүй.
-Таны өлмий бат оршиг. Юу ч хэрэггүй гэж жолооч хэлэв.
Жигтэй юм аа.
-Саяын жолоочийг чи таньдаг юм уу гэж би сонирхвол,
-Үгүй гэж байна.
-Хүүе, Муса чи цагдаагийн дарга болсон юм уу гэсэнд дахиад л хуруугаа гозойлгож, амандаа хүргэснээ,
-Юухан хээхэн аваад манайд очъё гэлээ.
Махны мухлагт шороон түмэн хүн дугаарлан зогсжээ. Бөөн үймээн шуугиан болж, гар зөрүүлэх дөхөж байлаа.
Манай
Муса тасхийтэл шүгэлдсэнд хүмүүс цэгцрээд ирэв. Ямар ч будлиан
гарсангүй. Мухлагийн эзэн шурдхийн гарч ирээд мэхэсхийн мэндэлж,
-Та ор л доо гэж урив.
-Нэг килограмм сайхан мах өгөөдөх гэж Муса шаардангуй хэлэв.
-Өөр юу авахсан бол?
-Тархи байна уу?
-Арав болов уу?
-Болно.
Мухлагийн эзэн тэдгээрийг цаасанд нямбай боож өгөөд Мусаг түрийвчээ гаргатал,
-Эрхэм ээ, би мөнгө авахгүй шүү. Ямар ч байсан авахгүй гэж цааргалав.
-Үгүй ээ, чи хотын дарга болсон юм уу гэж тэндээс гараад асуулаа.
Гэвч Муса юу ч хэлсэнгүй, аанай л хуруугаа гозойлгож амандаа хүргэв. Тэгээд
-Би маргааш идэх юмаа авч байгаа юм. Өнөөдөр хоёулаа нэг зоогийн газар оръё, чи юм авахгүй юм уу гэлээ.
-Үгүй ээ, юу ч хэрэггүй.
Бид
эхлээд жимсний мухлагт, дараа нь хүнсний мухлагт оров. Муса орохын өмнө
шүгэлдэнэ. Тэгээд тэвэр дүүрэн юмтай гарч ирнэ. Тэгэхдээ тэр ерөөсөө
мөнгө төлсөнгүй, тэр сохор зоос ч өгөөгүй шүү.
Юм авч
дуусаад такси зогсоож, бид Мусагийн руу явлаа. Юм хумаа гэртээ
тавьчихаад зоогийн газар очив. Таксины жолооч бас л мөнгө авсангүй.
Зоогийн
газар сул суудал байсангүй. Гэтэл Муса шүглээ гаргаад үлээж ч амжаагүй
байтал үйлчлэгч нар гүйж ирэв. Эзэн нь ч дагаж ирлээ.
Тайзны өмнө бидэнд тусгай ширээ заслаа. Юу ч асуулгүй баахан зууш авчирч тавилаа.
-Муса,
чи байцаагч болоо юу гэж би асуусанд бас л юм хэлсэнгүй хуруугаа
гозойлгоод "Чимээгүй” гэв. Нэг л чухал хүн болсон нь илхэн байлаа.
Чухам ямар албан тушаалд байгааг нь би яагаад ч ойлгосонгүй.
Хөгжим
дуугарч нэг бүсгүй дууллаа. Бид хоёр тэрүүхэндээ жаргалтай суув.
Үйлчлэгч нар удган эрвээхэй шиг дэргэд эргэлдэнэ. Ер нь тун сайхан
байлаа.
Ард
гэнэт шуугилдав. Согтуу хүмүүс нударга зөрүүлсэн юм байж. Хутга
шөвгөндөө хүрэхээс өмнө манай Муса шүгэлдэж, тэднийг нам болгов. Арслан
шиг архиралдаж байсан эрчүүд сүүлээ хавчсан нохой шиг гөлөгнөцгөөв.
Бидэнд хоёр зуун лирийн хоол өгсөн хэрнээ эзэн мөнгө авахгүй гэлээ. Адаглаад арван мөнгө ч авсангүй.
Би Мусагийнд хонох боллоо. Маргааш нь бүтэн сайн өдөр байсан юм. Муса өөрөө сайхан хоол хийлээ. Хоол идчихээд явах гэтэл Муса,
-Манайд нэг долоо хоно л доо. Юухан хээхэн сурч магадгүй гээд явуулсангүй.
Тийнхүү тэднийд долоо хонолоо. Бид хоёр хэдэн өдөр ханатал зугаалж цэнгэв. Санааны зоргоор хооллов. Дандаа үнэгүй идсэн шүү.
-Чи их чухал хүн болсон юм уу гэж би Мусагаас байн байн шалгаадаг байв.
Гэвч найз минь юу ч хэлэхгүй. Эцэстээ тэвчсэнгүй.
-За би чамд нууцаа задалъя. Чи харин хүн амьтанд яриад явав аа гэдэг юм байна.
-Хэнд ч хэлэхгүй.
-Тэнгэрийн нэрээр тангарагла.
-Тангараглая.
-Үнэн биз.
-Үнэн.
Миний ам тангарагт итгэж, шүглээ гаргаж ирээд нэг үнсчихээд духандаа хүргэн адислав. Тэгээд,
-Энэ
бол энгийн биш, ид шидтэй шүгэл. Нэг удаа би Каракёид чиглэлийн такси
хүлээж, миний ээлж болох яагаа ч үгүй байв. Энэ гинжтэй шүглийг
эргүүлж тойруулаад зогсож байлаа. Тэгснээ шүглээ санаандгүй амандаа
хийж, тасхийтэл үлээж орхив. Тэгсэн цагдаа бололтой энгийн хувцастай нэг
хүн тэр даруй гүйж ирээд цэх зогсож,
-Та юу тушаахсан бол гэж асуухаар нь,
-Энд журамтай болго гэчхээд цааш явлаа.
Нэг
удаа би гудамж хөндлөн гарах боллоо. Машин цуваад салдаггүй. Яах билээ
гэж бодсоноо шүглээ гаргаад үлээж орхитол хамаг машин тэрэг тэрхэн
дороо зогсож, би санаа амар гудамж хөндлөн гарав. "Гайхамшигтайяа,
шүглээ үлээхэд есөн хүсэл биелээд байх нь ээ” гэж бодлоо. Чухам учрыг нь
би хожим ойлгосон юм. Манайд хамаг юмыг шүглийн дуугаар зохицуулж
байна шүү дээ. Хөлөг онгоц шүглийн дуугаар хөдөлнө, галт тэрэг ч
шүглийн дуугаар хөдөлнө. Элдэв хэрүүл шуугианыг шүгэл л зогсооно.
Шүглийн дуу сонсмогц хүн зугтдаг. Одоо шүгэлдэх л юм бол энэ талбай
дээр нэг ч хүн үлдэхгүй цөм тарж зугтана. Манай хамаг ажил шүглийн
дуугаар бүтэж байдаг юм гэж би бодлоо. Тэгээд түүнээс хойш энэ шүглийн
ачаар л амь зууж явна. Ээ тэнгэр минь, энэ тухай хэнд ч ярьж болохгүй
шүү. Тэгвэл өчнөөн төчнөөн өрсөлдөгч гараад ирнэ. Ёстой баларна гэсэн
үг гэж ярилаа.
Нууцыг
нь хэнд ч ярихгүй гэж би Мусад ам өчгөө өгөв. Харин одоо уншигч
танаас гуйх нэг юм байна. Миний бичсэн юм та бид хоёроос өөр хүний
чихэнд бүү хүрэг... Би Мусагийнхаас гараад л нэг шүгэл авлаа. Тэгээд
таксины талбай дээр очиж шүгэлдэх гээд үзсэнд намайг баривчлав. Маргааш
нь бүх сонинд "Хуурамч байцаагч баригдав”, "Цагдаа болох гэж хуурамчаар
оролдсон этгээдийг баривчлав” гэж миний тухай мэдээнүүд гарчээ. Би муу
бодол агуулаагүйг минь тэнгэр батална. Гэхдээ шүгэл яаж үлээдгийг
мэдэх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Гар хуруу нь чичирч, зориг
муутай сулхан үлээвэл шууд сэжиг төрүүлдэг юм байна.
Ээ
дээ, та минь яаж шүгэлдвэл зохихыг хэнд ч бүү хэлээрэй, хүсэх л юм энэ
байна. Эс тэгвэл шүгэлдэж чаддаг нэгдээ гай тарина шүү дээ.
АЗИЗ НЕСИН