Дээд боловсролын салбарын шинэчлэл гэсэн чамин "малгай” дор их, дээд сургуульд элсэгчдийн чанар, чадвар муудсаар. Хоёр жилийн өмнө салбарын яамнаас их, дээд сургуулийн босго оноо 560 байсныг огцом бууруулж, 400 болгосон. Үүний уршиг өдгөө их, дээд сургуулиуд, цаашлаад хөдөлмөрийн зах зээлд ч тодоос тод илэрч эхэллээ. Мэргэжлийнхээ анхан шатны чадварыг эзэмшээгүй, хувь хүн болж төлөвшөөгүй "нялх” төгсөгчид ажлын байрандаа гологдож байна. Их, дээд сургуулиудын босгыг намсгаснаар хүүхдүүдэд дээд боловсрол эзэмших боломж нэмэгдсэн ч үр дүнг нь эргээд харвал сайнаасаа саар нь их болов.
ЭЕШ-ыг таамгаар дугуйлахад л босго оноог давдаг
Оюутнууд аливаа шалгалт, хичээлд 60-аас дээш хувийг гүйцэтгэж байж тэнцдэг. Гэтэл элсэлтийн ерөнхий шалгалтад нийт ажлынхаа дөнгөж 20 хувийг хийхэд л босго оноог нь давчихаж байгаа юм. МУИС-аас 2015 оны элсэлтийн шалгалтын даалгаварт судалгаа хийжээ. Математикийн шалгалтын даалгаврын зөвхөн B хувилбаруудыг дугуйлахад 71 онооноос 13-ийг нь авч, босго оноог хангасан байна. Харин англи хэлний даалгаврын C хариултуудыг бүгдийг нь таамгаар сонгоход 80 онооноос 30-ийг авчээ. 100 онооноос дунджаар 14- 37 хувийг гүйцэтгэхэд л 400 оноо авдаг аж.
Ийнхүү шалгалтынхаа талыг ч хийж чадаагүй сулхан хүүхдүүд их, дээд сургуулийн босгоор алхах боллоо. "400 оноо гэдэг бол маш бага тоо. Ийм тохиолдолд чанар яриад ч хэрэггүй. Ядаж улсын сургууль нь босго оноогоо өндөрсгөөд, шилдэг хүүхдүүдийг шигшиж авмаар байна. Дээр нь шалгалтын чанарыг сайжруулахгүй бол хэчнээн өндөр оноо авсан ч суурь мэдлэг, чадварын шаардлага хангахгүй хүүхдүүд их, дээд сургуульд элссээр байх болно.
Нөгөө талаас, зарим хүүхэд 400 онооны босгыг л давахын тулд бэлдэж байгаа учраас бусдаасаа хоцорч, хохирч байна” гэж "Мандах бүртгэл” их сургуулийн захирал Ц.Нанжид өгүүлэв.
Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн 10-аас дээш ангийнхан их, дээд сургууль элсэлтийн шалгалтын төлөө л зүтгэдэг болсон гэхэд хилсдэхгүй. Зарим хувийн сургууль хичээлийн хөтөлбөрөө 11 дүгээр ангид хааж, төгсөх ангид нь зөвхөн элсэлтийн шалгалтад бэлтгэх болжээ. Гэхдээ хүүхдүүд өөрийн хүссэн мэргэжлийнхээ дагуу бэлдэнэ хэмээн хэт туйлширч байгаа нь эргээд тэднийг шинжлэх ухааны суурь мэдлэг, чадваргүй болоход нөлөөлж буйг багш, эцэг эхчүүд анзаардаггүй.
Ерөнхий мэдлэгээс гадна хандлага, чадварыг нь шалгадаг арга зүй хэрэгтэй
Эдийн засагч болохыг хүссэн хүүхэд англи хэл, математикийн шалгалтад бэлддэг. Гэтэл цаана нь монгол хэл, түүх, нийгмийн хичээлүүд хаягдаж буй. Цаашлаад хүссэн мэргэжлийнхээ ангид орж чадаагүй бол өөр салбарын шалгалт өгөөгүй учраас оюутан болох боломж нь хаагдана гэсэн үг. Шалгалтдаа хангалттай оноо авч, сургуульдаа орлоо гэхэд хоёрхон хичээлээр дагнасан хүүхдүүд их, дээд сургуулийн бусад суурь хичээлдээ тэнцэхгүй байгааг багш нар хэлж байна.
2016 онд анх босго оноог 400 болгож бууруулахдаа ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо буурсан учраас хэмээн тайлбарлаж байв.
Үүнээс гадна манай төрийн их, дээд сургуулиудын төсвийн 95 хувийг оюутны сургалтын төлбөр эзэлдэг. Тиймээс сургуулийн санхүүг бодоод босго оноог намсгасан гэх нь бий. Ийнхүү олон хүүхдэд дээд боловсрол олгоно гэж хавтгайруулсан нь өдгөө ийм уршиг тарьчихлаа. "Хоосон” диплом барьсан ажилгүйчүүдийн эгнээг улам өргөжүүлэх нэг шалтгаан нь эрдмийн өргөөнд намдсан босго болоод байна.
- Оюутны сургалтын төлбөрийг авахын тулд "нялх” оюутан, "түүхий” мэргэжилтэн бэлдмээргүй байна.
- Элсэлтийн ерөнхий шалгалтад даалгаврын дөнгөж 20 хувийг хийхэд л босго оноог давдаг.
- Зарим хувийн сургууль хичээлийн хөтөлбөрөө 11 дүгээр ангид хааж, төгсөх ангид нь зөвхөн элсэлтийн шалгалтад бэлтгэх болжээ.
Боловсролын салбарын буруу бодлогоос улбаалсан энэ доголдлыг хэрхэн засах вэ? Нэн тэргүүнд элсэлтийн босго оноог буцаан 560-д хүргэх шаардлагатайг багш нар хэлж байна. Ингэснээр нийт даалгаврын 50-иас дээш хувийг гүйцэтгэж байж их, дээд сургуульд орох боломж нээгдэх юм. Түүнчлэн шалгалтын арга зүйг өөрчлөх ёстой. Таамгаар дугуйлаад элсдэг байдлыг хэрхэвч дуугүй өнгөрөөж болохгүй. Тиймээс шалгалтыг зөвхөн тестээр биш, ур чадвар шалгасан бусад даалгавартай хамтатгаж авах хэрэгтэй.
Жишээлбэл, ОХУ-д орос хэл, математикийн хичээлүүдийн цогц шалгалт авдаг. Орос хэлний хичээлд 64-өөс 36 оноо авбал их, дээд сургуульд орох хаалга нээгддэг. Харин математикийн шалгалт нь хоёр хэсгээс бүрддэг бөгөөд тестийн хариулттай нэг ч асуултгүй, зөвхөн өөрөө бодож, тооцоолох даалгаврууд байдаг аж.
Үүн шиг шалгалтын арга зүй, асуултаа чамбайруулаад, босго оноог ялимгүй өргөөд өгвөл дээд боловсролын чанар бага ч гэсэн дээшилнэ. Ялангуяа төрийн статустай их, дээд сургуулиуд чадвартай хүүдүүдийг шилж, чанартай, чадвартай мэргэжилтэн бэлдэх үүрэгтэй.
Гэтэл "нялх” оюутнуудтайгаа зууралдаж суух нь хэр зохистой вэ. Сүүлийн жилүүдэд их, дээд сургуульд элсэгчдийн тоо буурч буй нь үнэн. 2013 онд 175.6 мянган оюутантай байсан бол өнгөрсөн онд 157.1 мянга болж, багасчээ.
Энэ нь нэг талаас хүн амын насжилттай холбоотой бол эдийн засгийн хямрал, иргэдийн амьжиргааны түвшин уруудаж байгаа нь ч мөн нөлөөлж буй.
Гэхдээ үүнд тааруулаад босго оноогоо бууруулаад байна гэвэл их, дээд сургуулиудад элсэлтийн шалгалтын шаардлага ч гарахгүй биз. Тиймээс олон мянган хүүхдийн ирээдүйн амьдралыг шийдэж буй элсэлтийн шалгалт, босго онооны болохгүй бүхнийг засах зайлшгүй шаардлагатай. Оюутны сургалтын төлбөрийг авахын тулд "нялх” оюутан, "түүхий” мэргэжилтэн бэлдмээргүй байна.
Б.Баярмаа
ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ