Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудын
талаархи ноцтой мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахгүй удаж буй.
Өнгөрсөн жил Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Газрын тосны
газрын дарга асан Д.Амарсайхан хорих ангийн уулзалтын өрөөнд нас барсан
нь олон нийтийг цочроож байв. Энэ хэргийн дараахан тус хорих ангиас хоёр
ялтан оргож, нэг нь "Бөмбөгөр худалдааны төв"-ийн үүдэнд самар зараад
сууж байхад нь нэгэн иргэн таньж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынханд
мэдэгдсэнээр ялтныг баривчилсан. Уг нь тус байгууллагын алба хаагчид
ялтан алдсан өдрөөсөө эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ажилласан
юм билээ. Тэдний хараа хяналтын хаагуур нь өнгөрөөд самар зараад сууж
байдаг юм бүү мэд. Инээдтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр үйл явдал энэ
байгууллагаас тасардаггүй.
Оны өмнөхөн ажлаа авсан ШШГЕГ-ын
дарга, бригадын генерал Б.Билэгт тус байгууллагыг өөрчилнө, шинэчилнэ
хэмээн ярьсан ч хэдэн хэлтэс албадынхаа дарга нарыг халж солихоос өөр
дорвитой ажил хийсэнгүй. Харин ч сахил хүртээд шал дордов гэдгийн адил
болов. Өнгөрсөн баасан гаригт Цагдан хорих 461 дүгээр ангийн хүмүүжигч
Г. автомашин жолоодож яваад хүний амь нас хохироосон ноцтой хэрэг
үйлджээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн "ТЭЦ-4"-ийн зам "Хүн од"
хиамны үйлдвэрийн урд замд явган зорчигчийг дайрч амь насыг нь хөнөөсөн
байна. Хүмүүжигч Г. осол гаргасан даруйдаа хэргийн газраас зугтсан ч,
төд удалгүй өөрөө ирж хэргээ хүлээсэн талаар Замын цагдаагийн газрын эх
сурвалж баталж байна. Хоригдож байгаа хүн хэний тушаалаар ямар учраас
автомашин жолоодож явсан, ямар журмын дагуу гэдэг нь яах аргагүй асуулт
дагуулж байна. Баримт сөхвөл өмнө нь ийм төрлийн зөрчлүүд байсхийгээд л
гардаг байсан аж. Цагдан хорих 409 дүгээр ангид ял эдэлж байсан А.
(хүний амь нас хохироосон хэргээр ял эдэлж байсан) хорих ангиас гадуур
хөдөлмөр эрхэлж байсан бөгөөд ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн нутаг
дэвсгэрт байрлах 61-ийн гарам дээр харуулын алба гүйцэтгэж байсан нь
илэрсэн. Уг нь ялтан нэг удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хувь
хүний хүмүүжиж байгаа байдал ял эдлэх хугацааны 30 хувийг эдэлсэн
тохиолдолд хорих ангийн дарга болон прокурорын газрын зөвшөөрлөөр тусгай
харуул хамгаалалттай ажил хийх зөвшөөрөл олгодог байна. Гэтэл дээрх
ангийн удирдлага прокурорын зөвшөөрөлгүй, харуул хамгаалалтгүйгээр онц
хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтныг гадуур ажиллуулж байсныг шалгалтаар
илрүүлсэн аж.
ШШГЕГ-ын удирдлага болох хорих ангийн дарга нар
ямар учраас ялтнаа ийнхүү "эрхлүүлээд" байдаг нь анхаарал татаж байна.
2013 онд ШШГЕГ-ын даргын А-33 тоот тушаалын хоёрдугаар хавсралтад
"Ялтныг аж ахуйн нэгж, байгууллагад хөлсөөр ажиллуулах" тухай зааснаар
бол, "ялтныг хорих ангийн бүсээс гадуур гэрээгээр ажиллуулахад холбогдох
хууль тогтоомжийн хүрээнд харуул, хамгаалалтыг зохион байгуулах орчин,
нөхцөлөөр гэрээлэгч байгууллагатай урьдчилан тохирсон байна" гэжээ.
Тэгэхээр дээрх журмын дагуу бол ялтан болон хүмүүжигчид аж ахуйн нэгж
байгууллагатай хамтарч ажиллах үүрэг хүлээхээс өөрийн хоригдож байгаа
хорих ангийн автомашиныг жолоодох эрх байхгүй гэдэг нь харагдаж байна.
Мөн тус гэрээний 4.7-д зааснаар ялтныг гэрээгээр ажиллуулах явцад харуул
хамгаалалтын хэвиин үил ажиллагаа, хяналт алдагдсаны улмаас гарах үр
дагаврыг хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга шууд
хариуцна" гэжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гаригт гарсан ноцтой
осол, хүний амь нас эрсэдсэн хэргийг ШШГЕГ-ын удирдлагууд хүлээх ёстой
гэсэн үг. Учир нь ийм эрсдэл гарч болдгийг ШЩГЕГ-ын удирдлагууд мэдэж
дээрх журам, гэрээг боловсруулсан нь ойлгомжтой.
Ер нь ялтнаар
хөдөлмөр эрхлүүлэх, тэднийг нийгэмшүүлэх нь ямар ач холбогдолтой вэ.
Баримт сөхье. 2008 оноос эхлэн ШШГЕГ-аас ялтны хөдөлмөрийн хөлсийг
захиран зарцуулах журам баталсан байдаг аж. Энэ журам нь өрөнхиидөө
удирдлагуудад нөхцөл боломж хорих ангиин мөнгө завших олгосон гэдгийг
прокурорын газраас удаа дараа анхааруулж байв. Өнгөрсөн хоёр жилийн
хугацаанд нийслэлийн ойролцоо байрлах зургаан хорих ангид прокурорын
газраас 60 удаа шалгалт хийхэд 589 зөрчил илэрч, 224 ялтны эрхийг
сэргээжээ. Мөн зургаан хорих анги ялтны хөдөлмөрийн хөлс болох 89.7 сая
тегрөгийг байгууллагынхаа нэрийн дансанд байршуулж үүнээс 20 сая
төгрөгийг ШШГЕГ өөрсдийн хэрэгцээнд зарцуулсан байна. Ер нь бүх хорих
анги улсын төсвөөс санхүүждэг хэрнээ хүмүүжигчийн хөдөлмөрийн хөлсийг
байр, дулаан цахилгааны хөлс, сэлбэг шатахуун, ажилчдын цалинд хүртэл
зарцуулдаг талаар албаны эх сурвалж хэлдэг.
Өөрөөр хэлбэл,
ШШГЕГ-ын даргын баталсан ялтны хөдөлмөрийн хөлсийг тогтоох тухай журам
аль ч талаараа хууль зөрчдөг гэдэг нь бодит амьдрал дээр харуулаад байна
гэсэн үг. Тухайлбал, гэмт хэрэг үйлдсэн этгээд цагдан хоригдох
хугацаандаа хөдөлмөр эрхэлж хохирогчдод учруулсан хохирлоо бүрэн
барагдуулах, тодорхой хувийг эм тариа, хувцас, хоол хүнсэндээ
зарцуулахаар хуулинд заажээ. Гэтэл тэдний хоригдох хугацаандаа олсон
хөдөлмөрийн хөлсийг-цахилгаан, дулаан гэх мэт урсгал зардалд
зарцуулснаар хохирогчийн хохирлыг барагдуулахгүй байсаар тухайн
хоригдлын ял эдлэх хугацаа нь дуусч суллагддаг байна. Хуулиараа бол ял
эдэлсэн хүмүүжигч суллагдсан тохиолдолд хохирогчийн хохирлыг барагдуулах
боломжгүй байдаг аж. Энэ журмыг баталснаар ШШГЕГ ялтныг хүмүүжүүлэх бус
мөнгө завших боломжийг өөрсдөө бүрдүүлдэг талаар холбогдох
байгууллагууд анхааруулсаар байгаа аж.
Нийслэлийн прокурорын
газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс өнгөрсөн онд хорих
ангиудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар Амгалан дахь хорих 421 дүгээр
ангийн удирдлага ялтны хөдөлмөрийн хөлс болох 7.1 сая төгрөгийг завшсан
болохыг баримтаар нотолжээ. Тус хорих анги нийт 115 ялтныг аж ахуйн
байгууллагад хөдөлмөр эрхлүүлснээс тэдний ажлын хөлс болох 7.1 сая
төгрөгийг эрх бүхий албан тушаалтнууд хувьдаа завшжээ. Тухайн үед дээрх
115 ялтнаас 109 нь Өршөөлийн хуулиар суллагдсан байна. Энэ мэтчилэн олон
баримтыг дэлгэж болно. Хоригдож байгаа хүмүүжигчдээ нийгэмшүүлэх нэрээр
гадуур ажиллуулдаг, "зугаалуулдаг" хорих ангийн удирдлагуудынхаа талаар
ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт мэдэж байгаа болов уу.
Тэднийг шууд удирдан залах ёстой атал та энэ бүхний хаагуур нь яваад
байна аа.
В.САРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/