Арын сайхан хангайн Доржхүү гэгч эр Цэцэгмаа хэмээх бүсгүйтэй
ханилаад таван хаврыг ардаа орхижээ. Өхөөрдөм хөөрхөн охинтой ч болж.
Эхнэр, нөхөр хоёр өдөржингөө ажиллаад шөнийн бор хоногт л хөнжил дотроо
тааралдана. Охиныг нь нөхрийн дүү нар асарч аав, ээж хоёрын арчилгаа
шаардахгүй зөнгөөрөө өсч байлаа. Доржхүү эцгийн хувьд охиноо хайрлан
эрхлүүлдэг хэдий ч Цэцэгмаатай урьдын адил харьцаж чадахгүй болжээ.
Ханиасаа мань хүн өдөр ирэх бүр хөндийрч, гал халуун сэтгэл нь нэгэнт
хөрч эхэлжээ. Энэ нь ч бас учиртай. Юу гэвэл гуравдагч бүсгүй эл хоёрын
хоорондуур гүйж орсонтой үүдэлтэй. Хутган үймүүлэгчийн алдрыг Дуламсүрэн
гэх. Бүсгүй хэдийгээр Доржхүүг авгай хүүхэдтэйг мэдсээр байвч салан
одож тавихгүй, ханьтай эр хүнтэй тачаадан зууралдсаар байв. Дотроо би
Доржхүүтэй суучихвал ёстой сайхан амьдарна хэмээн өөрийгөө баясган
түүндээ улам бүр зоригжино. Түүнийг мансууруулаад өөртөө татаад авчихсан
цагт, би биш чи миний араас гүйх болно доо гэж Дуламсүрэн элдвийг
төлөвлөнө. Хайр сэтгэлийнхээ төлөө ганц бие бүсгүй юу ч хийхээс
буцахааргүй болсон байлаа.
Өдөржингөө "Ургац" зааланд лангуун
дээр суудаг Цэцэгмаа оройтож гэрийн бараа харна. Эр нөхөр нь овоо эрт
ирдэг байсан бол үе үехэн нэлээд оройтож ирдэг болов. Заримдаа хонуут
өнжүүдээр алга болж бүсгүйн сэтгэлийг зовооно. Архи үнэртүүлчихсэн
Доржхүү шөнө дундаас хойш хэдэн ч удаа босго алхаж авгай хүүхдээ
цочооно. Үе үе уцаарлах, бас амандаа хайрын дуу бувтнан аялах нөхрийгөө
харсан Цэцэгмааг үе үе гайхшралд оруулна. Гэвч багагүй жил ханилсан эр
нөхрөө тэрбээр элдвээр хардаж, сэрдэхийг урьтал болгосонгүй. Эр нөхрөе
элдвээр аргадан ая эвийг нь олохыг хичээж байлаа. Харин өдөр ирэх бүр
Дуламсүрэн, Доржхүү хоёрын янаг амрагийн харьцаа улам нягтран лавширч
буйг хөөрхий бүсгүй яахин мэдэх билээ. Аливаа үйл бүхэн баартай байдаг
юм хойно. Нэг үйлсгүй үдшээр Доржхүү авгайдаа тун эвгүй байдлаар
баригдав. Тэр үдэш Цэцэгмаагийн ажлын газрынхан эрт лангуугаа хаацгааж,
аймгийн театрт хотоос ирсэн тоглолт сонирхохоор очицгоожээ. Тоглолт
тарсны дараа найз бүсгүй нь Цэцэгмаад хандаж:
-Хүүш чи
цаадахыгаа хараач, балиар амьтан хэмээн Цэцэгмааг шөвөгдөв. Заасан зүгт
нь харвал "хайрт" эр нөхөр нь нэгэн янаг халуун бүсгүйтэй хүзүү
сээрээрээ хэлхэлдчихсэн сэвж явав. Голдоо ортол гомдсон Цэцэгмаа шууд
очоод нууц амрагийнх нь нүүрийг самардаад хаямаар санагдсан ч биеэ
тэвчин барив. Цэцэгмаагийн уур хилэн бадарч, биеэ тэвчин барьж яахыг нь
сайтар ажиглахаар шийдэв. Сэтгэлт хоёр үзвэрийн дараа Зүүн дэнж дэх гэр
хорооллын зүг инээж хөшилдсөөр харанхуйд уусан одов. Харин авгайгаа
тагнан дагаж явааг Доржхүү яахин мэдэх билээ. Дуламсүрэн залууг
дагуулсаар офицеруудын орон сууцны орцоор ороод мөр тасрав. Хөөрхий
Цэцэгмаа эр нөхөртөө туйлгүй гомдож, бас өширч эхэлжээ. Тэр үдэш
Цэцэгмаагийн хоолойгоор ганц балга цай ч давсангүй. Охиноо тэврэн
шөнөжингөө цурхиран уйлжээ. Үүрээр шахуу Доржсүрэн гэрийн бараа харав.
Эхнэр нь юу ч дуугарсангүй буруу харан хэвтжээ. Эр нөхөр нь хажуугаар нь
нүцгэлэн орж тамхи баагиулан, гүзээгээ илбэн ихэд маадгар хэвтэв гэнэ.
Гэргийгээсээ хэд гурван зүйл асуувч, хариу эс сонсов. Гэнэт бүсгүй
"Багахан шиг доромжлоорой, бусдаас ичихгүй байна уу" хэмээн аймаар чанга
чарлаж, нөхрийнхөө нүүр нүдгүй бууж гарав. Шуугиан чимээнээр хүүхэд,
дүү нар нь сэрцгээж бөөн орилоон майлаан үүр шөнөөр дэгджээ. Гэрийн
хэрүүл тэгсхийгээд намжив. Доржхүү ёстой л эр хүний 13 мэхийг
уралдуулан учирлаж, эхнэрийгээ түр аргацааж номхроов. Гэвч нам жим
амьдрал удаан үргэлжилсэнгүй.
Дуламсүрэн аймгийн төв дэлгүүрт
мөн л лангуу түрээслэн, бараа таваар борлуулдаг ажилтай. Гэхдээ нууц
амрагийнхаа эхнэр Цэцэгмааг бодвол өдөрт хавьгүй их орлоготой ажилладаг
нэгэн аж. Тиймээс амьдрал боломжийн Дэнж дэх гэр хорооллын дундах
офицеруудын сууцны хоёр өрөө байранд ганц биеэр, тэрүүхэндээ хээнцэр аж
төрнө. Наймааны ухаан байхад мэдлэг боловсролтой байх шаардлагагүйг найз
нартаа биеэрээ үлгэрлэн харуулна. Түүнд хань, машин хоёроос бусад нь
бараг цөм бий. Дуламсүрэн ийм л хүүхэн. Хэд хоногоор Доржхүүгийн бараа
үзэгдсэнгүй. Яагаа бол хэмээн бүсгүйн сэтгэл битүүхэн зовнино. Авгай,
хүүхэд нь өвдсөн юм болов уу хэмээн бодно. Гэнэт нэг өглөө Доржхүү
түүний ажил дээгүүр сэвхийтэл ороод ирэв. Хамт ажилладаг бүсгүйчүүд нь
янаг хоёрын талаар жиг жуг гэлцэн шивнэлдэнэ. Залуу олон таван үг
ярьсангүй.
Өнөөдөр эрт харина биз дээ. Найз нь очноо гээд товчхон
өгүүлээд орж ирсэн шигээ даруй гарч одов. Дуламсүрэнтэй ажилладаг нэг
хүүхэн ч Цэцэгмаад түүний талаар дэлгэрэнгүй "анкет" тоочиж амжжээ.
Доржхүүгийн "харъяат" хоёр эм урьд нь бие биеэ гадарлах зүс таних
хүүхнүүд ажээ. Аймгийн төв гэдэг чинь тийм ч том биш шүү дээ.
Доржхүүгийн хувьд учир утгаа хэдийн алдчихсан амьдралаа яаж шийдэхээ
мэдэхгүй болж, сэтгэл санаа нь харанхуй мухардалд унасан байв. Хоёр
эмийн хооронд тэлээ хурга шиг тэлэгдэж гүйх нь сүүлдээ бүр амьдын там
болж хувирав. Түүнд ердөө хоёр замын аль нэгийг сонгохыг амьдрал
гарцаагүй тулгаж эхэллээ. Эхнэр хүүхэдтэйгээ амар жимэр аж төрөх үү,
эсвэл сэтгэлт хүүхэнтэйгээ цоо шинэ амьдрал зохиох уу? Түүнд ийм хоёр
зам байв. Тэрбээр нэгииг нь сонгохоор шийдэв. Үдэш Цэцэгмааг ажлаасаа
тарж ирэхэд хүнгүй хүйтэн зэвэргэн гэр угтав. Хэн ч байсангүй. Дүү нар,
жаахан охин нь цөм алга байв. "Ээжийнх рүү явчихсан юм болов уу" гэж
бодсон бүсгүй хоол ундаа бэлтгэн хүлээзнэв. Цаг орой болжээ. Санаа
зовсон бүсгүй хөгшчүүл рүүгээ очив. Ирээгүй гэсэн үг сонсов. Сэтгэл нь
үймэрсэн бүсгүй балар харанхуй шөнөөр бүдчин хадмынхаа босгыг алхав.
Нөхөр
хүүхэд нь бас алга. Шөнөөр нойргүй уйлж арай гэж үүр цайлгав.
Доржхүүгийн ажлын газар дээгүүр яаравчлан очлоо. Байдаггүй. Тэрбээр
хамгийн гол нь гэнэт хэдэр яхир болчихсон эр нөхөртөө бус алаг үрдээ
туйлгүй ихээр санаа зовсон хэрэг. Тэндээсээ шууд л Дуламсүрэнгийн
ажилладаг төв дэлгүүрийн зүг харайлгав. Хүмүүс ажилдаа ирж дэлгүүр
онгойжээ. Цэцэгмаа дэлгүүрийн хаалга саван орж шууд л үгийн солиогүй
Дуламсүрэнгийн зүг уулгалан очиж "Завхай шулам минь миний охин яасан"
гэж хачин муухай орилон, нүүр нүдгүй балбаж гарав. Ухаан нь гарах шахсан
бүсгүйд нэвширтлээ зодуулсан Дуламсүрэн түр сэхээ авч,
-Найз минь,
хоёулаа манайд очъё. Бузар хүүхэн намайг өршөө, тэнд Доржхүү охин хоёр
тань амарч байгаа хэмээн завьжныхаа цусыг арчин өгүүлэв. Дуламсүрэнгийн
шийдлээр улайрсан хилэгнэл намжав. Гэвч энэ бол зөвхөн түр зуурын
амсхийлт байлаа. "Хамт олны минь өмнө нэр нүүрийг маань бузарласан
өөдгүй авгай чамайг даа" гэж Дуламсүрэн дотроо хөмхийгөө зууж занав.
Бүсгүй цус нөжөө угааж, хувцас сэлтээ янзлан Цэцэгмааг дагуулан гэрийн
зүг явав.
Хаалга балбах чимээнээр Доржхүү цочин өндийлөө. Юун
хүн Дууяагийнд ирдэг билээ хэмээн тайлж өгөхийг төвдөлгүй хэсэг суув.
"Хаалгаа тайлаач" гэсэн Дуламсүрэнгийн дуунаар очиж түгжээг мулталтал
Доржхүү нүдэндээ итгэсэнгүй цочин ухрав.
Шинэ хуучин гэргий
нар нь зогсож байв. Балмагдсан эрийн нүдэнд "Чиний нөгөө татлаа түлхээ
болж чаргуулдахгүй гэсэн чинь яалаа" гэж асуух мэт Дуламсүрэнгийн догшин
харц өртөхүйд арга буюу дальдарчээ. Цэцэгмаа өмнөө буй хоёрыг дайрчих
шахан гарч, цаад өрөөнд нойрсох бяцхан охиноо элгэндээ тас тэврэв. Гэнэт
түүний хувцасны захнаас хүчит гар шүүрэн арагш нь гуд татан унагав. Энэ
бол хилэгнэн өширсөн Дуламсүрэн байлаа. Хамт олныхоо өмнө биеэ барьсны
улмаас олны өмнө гар сарвайхыг хүсээгүй нүдүүлж хуга монжуулсан
Дуламсүрэнгийн уур омог ёстой саган бялхаад ирэв. Уурласан эм гэдэргээ
унасан бүсгүйн тэвэрнээс охиныг нь авч Доржхүү рүү шидээд Цэцэгмааг
өндийхийн чөлөөнд гялалзсан өндөр өсгийтийн өлмийгөөр хавирга, сүвээнд
нь хэд хэд буулгав.
Гэнэдэж цохилт амссан Цэцэгмаа ч мөчөөгөө
өгсөнгүй ухасхийн босч зайгаа авлаа. Доржсүрэн охиноо буруу харуулан
барьж хоёр эхнэрийнхээ үнэгүй нударган тулааныг ажиглаж эхлэв. Цэцэгмаа
өрсөлдөгчөө үсдэж аваад элгэнд нь хөлөө хийгээд доош нь гуд татан
өвдөглөв. Нармайгаа нээлгэсэн Дуламсүрэн дээш нь баруун гарын шулуун
цохилтыг эрүүнд нь өгсөнөөр үснээс нь "дайсны" савар алдрав. Бүсгүй гялс
самбаачлан зай авч угсраа цохилтоор унагаж хүчтэй зодуур амсуулахаар
зэхлээ. Цэцэгмаа довтлон ирэв. Хүчтэй цохилтонд нүд нь мансууран унав.
Дуламсүрэн довтлов. Тосгуулж гуядаад Цэцэгмаа үснээс нь зулгааж хувцсыг
нь сэг болтол урж тасдав. Сүүлдээ эмэгчин "нинжа" нарын цус хөлс
савируулан тэмцэлдээн эцсийн шатандаа орлоо. Ир бяртай, аралтай, хор
шартай бас тэгээд цоо эрүүл эмэгчингүүдийнхээ тулааныг харжээ суухдаа
Доржхүү хуучин муу авгайнх нь хүч, хурд илт мөхөсдөж, харин шинэ авгай
нь үлэмж давамгай болохыг анзаарчээ. Одоо ч болохоо байх нь гэж сэтгэл
зовнисон Доржхүү "шоу"-г өндөрлөхөөр шийдэж суудлаасаа сая бослоо.
Энэхүү зодоон нь иргэний маргаанаас халин бүр эрүүгийн хэрэг үүсгэгдэн
шүүхэд шилжжээ. Цэцэгмаа нь олон нийтийн газар танхайрч, бусдын эрх
чөлөөнд халдсан гэдгээр зүйлчлэгдсэн бол Дуламсүрэнг бусдын бие махбодид
санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэдгээр буруутгасан байна. Азаар
хоёр бүсгүй хуулийн ажилтны нүдэн дээр гар барин сайндаж бие биедээ
гомдолгүй хэмээн ял шийтгэлээс аврагджээ. Зодоонд ялсан Дуламсүрэн эр
нөхрөө авч үлдэх "эрх" авч, харин хөөрхий Цэцэгмаа охиноо өөр дээрээ авч
тус тусын мөрийг хөөцгөөжээ. Доржхүү гэгч шалиг эр эхнийхтэйгээ ч,
сүүлийнхтэйгээ ч албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй, магадгүй
эмэгтэйчүүдийн амьдралаар шатар нүүж, азаргалж явдаг нэгэн байжээ.
Дашрамд
өгүүлэхэд гэр бүлийн энэ мэтийн сүйрэлд боловсрол, мэдлэг тааруу
борчуудын хүрээнийхэн хамрагдаад зогсохгүй ихэс дээдсүүд, сэхээтнүүд,
баячууд, одонцорууд хүртэл олноороо өртөх болж дээ. Зарим эрээгүй нэг нь
салсан, нийлснээ хэвлэл сониноор "рекламдаж" бүр ичгүүргүйгээр зураг
хөргөө томоор тавиулахыг яана. Одоо ч тэгээд олон эмсийн дунд савирч,
хормойн салхитай хутгалдаж аж төрөх нь монгол эрчүүдийн нэр төр, алдар
гавъяаны хэрэг болжээ. Самуун явдалт эмэгчингүүд хүртэл өт хорхой шиг
үржиж, монгол бүсгүйн ёс жаягаа банзалынхаа хуниасанд гээж орхисон нь
харамсалтай.
НОЦТОЙ МЭДЭЭ