Таван хэмжээст ертөнц
- Байна уу? Таван хэмжээст ертөнц хуудасны админ нь уу? Хүмүүст бас ханьдаа хэлэх сүүлчийн үгийг минь дамжуулж өгөөч..../ утасны цаанаас мэгших чимээ сонстоно./
Манай булангийн цахим хуудсаар дамжуулан миний утасны дугаарыг авсан гэх бүсгүй бид хоёрын яриа ингэж эхэлсэн юм. Уйлахын шалтгаан хэнд ч ирж болох учраас л "уйлахыг бүү асуу” гэдэг үг гараа болов уу. Түүнээс биш харин ч асуумаар, аргадмаар болдог мэдрэмж энэ биш гэж үү. Гэвч би асуусангүй ээ...
Хэд хэдэн удаа тасалдаж байж ярилцсан дугаараа нууцалж залгадаг эгч /намайг миний дүү гээд байсан болохоор нь эгч гэлээ/ бид хоёрын үгс танд харилцан яриа хэлбэрээр хүрэх боломжгүй нь. Учир нь тэр эгч мөн л "хэзээ мөдгүй” болчихсон хүнд өвчтэй нэгэн байлаа. Ярианы өнгө аяс, сэтгэлгээ зэрэг нь түүнийг зөвхөн чинээлэг нэгэн биш, бас ч үгүй өндөр боловсролтойг харуулна. Гэвч тэр энэ нийгэмд хэн байсныг нь, сүүлчийн үг болгож хүмүүст юу хэлэх гэснийг нь бяцхан найруулж толилуулъя.
Сүүлчийн монолог
"Нэг муу хүүхэн хямдхан ус түрхчихээд урд зогсоод байх юм. Толгой эргэчихлээ байна. Банкны үйлчилгээ бас л биш байна аа. Дансандаа хэдэн төгрөгтэй байсан ч ялгаагүй нэг л эгнээнд дугаарлах юм. Муухай үнэртүүлчихээд өмнө зогсож зогсож 20 000 төгрөг аваад гардаг байгаа. Арчаагүй гэдэг нь. Хүүхдийн мөнгөний төлөө ингэж зогсохдоо яадаг юм...”
Энэ бол би. Хэдэн мянган доллараар харьцдаг банкныхаа зиндаа ялгадаггүй үйлчилгээнд нь бухимдан, танихгүй эмэгтэйн түрхсэн хямдхан үнэрт дотор муухай оргиж, уур шатаж зогссон би. Энэ бүсгүйн толгой эргэм үнэртнээс хавьгүй хямдхан аргаар, хүүхдийнхээ мөнгөнд дугаарлах энэ бүсгүйгээс дэндүү арчаагүй байдлаар их мөнгөний эзэн болсноо таг мартсан би...
"Нөгөө төслийг чинь батлуулчихлаа. Шагнах юм байгаа биз дээ. Нөхрийг чинь зүгээр нэг гадаадад явуулаагүйг одоо мэдэж ав. Арай хэний ч төслийг дэмжээд авдаг хэдэн төгрөгөөр шагнах гээгүй биз дээ. Төсөл дэмжээд авах хувь тусдаа, сайхан хүүхэнд туслаад авах "шагнал” тусдаа шүү...”
Энэ бол тэр. Үнэртэй уснаас сэжиглэх нь байтугай ялгаж үнэрлэх сөгөөгүй явсан "номын солиотой” намайг дотуур хувцасныхаа чамин ганганыг эрээ цээргүй дэлгэхэд минь сургасан багш. Нүдээ чилтэл сууж ажилладаг ч яралзтал инээсээр хэний ч өмнө нүүр бардам тоолоод авдаг "цалинт” амьдралыг минь үгүй хийж, даруухан "office dress”-нийхээ цаана нуусан үнэт гоёлдоо хямсайж суудаг "шагналт амьдрал”-ын амтанд оруулсан багш.
Цалин гэдэг үгийг таг мартаж, "шагнал” өгөх авахад л амташсан намайг харин өдөр хоног өнгөрөх тусам хүндлэх хүн л нэмэгдсээр хорин жил гаруй болжээ. Толины өмнө ч яахав, өнөөх ихэмсэг хүүхэн, өнөөх тансаг дотуур хувцас, өнөөх л "шагнах шагнуулахдаа” гаргуун гуя хас. Мөнгөөр зодож торддог бие хаа минь хэвээрээ л. Хичнээн ч их ажлыг энэ л биеэр амжуулж, хичнээн ч х мөнгийг энэ л биеэр цуглуулж, хичнээн ч их эрийг энэ л биеийн өмнө сөхрүүлснийг би л мэднэ. Харин...
Эхнэрийнхээ толгойгоор сайхан амьдарч байгаа гэж эндүүрч ирсэн миний нөхөр ч бүр энэ хэдэн жилд танигдахаа болилоо. Хямдхан хувцастай эмэгтэйг тоож харахаа больж, хямдхан уушийн газар тоож хооллохоо больж, хямдхан бооцоотой тоглоомд тоож наадахаа болилоо. Сайн ханийн буянаар жаргаж яваа азтай эрийн дүр миний ханьд сайн зохиж, намайг л ганцхан хайрлана гэж шөнө өдөргүй шивнэх боллоо.
Ганцхан миний өмнө азтайгаа гайхаж, сайн ханийн дүр эсгээд, бусдын өмнө их зантай эрийн дүрд тоглосон миний хань өрөвдмөөр ч эр бол доо. Яаж энэ хэмжээнд хүрч баяжсаныг минь мэдэхийг ч хүсэхгүй хорин жил явлаа. Мөнгө гоо сайхан хоёр гэгч нээрээ л хуурамч юм аа. Миний хань янхнуудад ясны дургүй. Эрээ цээрээ алдсан, хоолоо олж идэх өөр арга байхгүй, бузар улс гэж ирээд л дургүйцнэ. Хөнгөн задгай хувцаслаж, орой үдэш явах охид бүсгүйчүүлийг хялайн, салхин доогуур нь гарахаас ч сэжиглэнэ. Богино банзал, задгай энгэртэй даашинзнаас харшилтай. Ажил хэрэгч даруу хувцасладаг, зиндаа өндөр бүсгүйн эр нөхөр гэсэндээ хямсгар гэж жигтэйхэн...
Хоёр охины минь сайн эцэг миний хань намайг уучлаарай. Чамайгаа би дэндүү өрөвдөж байна. Цэл залуугаараа бэлэвсэн үлдэж байгаад чинь өрөвдсөн биш ээ. Ийм их зантай болж, ийм өндөр хэмжүүрээр хүүхнүүдийг цэгнэж, ийм тансаг амьдралд хүртэл чиний эхнэр юугаа арилжиж ирснийг мэдэхгүй байж биеэ тоосонд чинь өрөвдөж байна. Янхан янхан л гэнэ. Тэд чинь намайг бодвол "янхан” гэдэг зиндаагаа хүлээгээд, "янхан” гэдэг гэм нүглээ мэдэж, янхан гэдэг тэр муухай үгээр дуудуулахын хатууг амсан байж хэдэн төгрөг олж байгаа байх. Харин би хэн билээ. Сайн охин, сайн бэр, сайн хань, сайн ээж, сайн мэргэжилтэн, сайхан эмэгтэй, сайхан хүүхэн, сайхан амьдрал гэсэн үй түмэн хүндлэл дунд "үнэн төрхөө” нуусаар явж, энэ нийгмийн хамгийн өндөр зиндаа гэж нэрлэгддэг "доод төрөлд” ирсэн болохоороо би эр нөхөр чамайгаа өрөвдөж байна. Юмыг мэдэхгүй байж харснаараа дүгнэж ирсэнд чинь харамсаж байна.
Хань минь дээ, хэдэн сар сууж бичсэн тэр нэг гайтай төсөл батлагдчихлаа гэж орж ирсэн "тэр бараан” өдөр миний нүдийг цоргитол нэг ширтэхгүй яав даа. Юунд хөлөө газар хүргэхгүй хөөрч, юунд тэгтлээ баярлав даа. Миний нүд рүү жаахан л удаан ширтсэн бол уйлаад бүх үнэнээ ярихад бэлэн байсан юм шүү дээ. Тэр төсөл чамд зөвхөн хэдэн мянган евро өгөөд зогссон гэж бодно уу? Даруухан хослолын ард нууж болдог нүгэл бүхний эх уурхайг чиний өвөрт бас үлдээсэн юм шүү дээ. Ийм л "доод төрөлтэй” дээдсийн өмнө татвараа бариад бөхөлзөх хүмүүсээс ч илүү өрөвдмөөр хүн нь хань минь чи байна аа. Одоо би чамайг орхиход хайран биш байна. Чамд хэрэгтэй юм бүхэн байна. Хайртай хоёр үрээ ч би өрөвдөхгүй байна. Учир нь тэд ээж шигээ их мөнгөний төлөө дотуур хувцсандаа л ач холбогдол өгч суухааргүй баян охидууд. Ээжийнхээ гэм нүглээр хүрсэн өндөр зиндаагаар ядаж л тэд хайрласан хүнээ бардам гэгч нь сонгож амьдарна.
Хань минь, жирийн амьдралтай хүмүүсээс битгий жийрхэж байгаарай. Үнэнч амьдрал л ихэнхдээ энгийн даруухан байдаг юм. Захих захиас минь л энэ.
Ядаж ганцхан даашинз авах мөнгөөрөө хэдэн хүүхэд хооллох минь ч яав даа. Хүний сүрчигний үнэрээс эвгүйцэж явахын оронд өөрийнхөө хийсэн бузар үйлээс эргэж явах минь яав даа.
Нүднээс далд хийсэн үйлс бүхнээ нэг бодож, ярваганасан наад төрхийн чинь ард ямар гутамшигт түүх нуугдаж байгааг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй, баячууд минь.
Хямдхан хоолтой газар, хямдхан усны үнэр, хямдхан даашинзны үзэсгэлэнг олж харах нүдтэй байсан бол би ийм хүнд өвчнөөр хорвоог орхио ч уу, үгүй ч үү.
Юм юмнаас сэжиглэж явсан их зантай надаас энэ ертөнцөд шүүгээ дүүрэн брэндийн хувцас л үлдэх нь гэж бодохоос, үлдэж хоцорсон хүмүүс тэднийг минь өмсөхөөс хүртэл сэжиглэнэ гэж бодохоос гуниг төрнө.
Нүгэл дуудсан махан биеийн хувцсаа тайлаад сүнс очих газарт минь ямар брэнд үнэ хүрдгийг мэдэхгүй дээ жихүүдэс төрнө. Энгийн бүх юмс дэндүү үнэтэйг сүүлдэж ойлгосондоо сүнс минь ч хожим өвдөх байх даа...
Ч.Өлзийням