"Ахмадын сургаал алт” гэдэг билээ.Аав маань ахмадын сургаалыг сонсож,
тэдний үнэтэй сургамжийг бичүүлэн үлдээсэн нь үнэт эрдэнэ болон үлдсэн
билээ.”Ахмад үе дурсамж " хэмээх тэмдэглэлийн дэвтэрт хувьсгалт тэмцлийн
ахмад зүтгэлтнээс эхлээд олон ахмадуудын дурсамжийг бичүүлж авснаас
өөрийнх нь бичсэн шүлгийг хойч үедээ хэрэг болох болов уу хэмээн
түүвэрлэн, авснаа толилуулъя.
Аавынхаа гэгээн дурсгалд зориулав.
Өвөөгийн дурсамж
Хөөрхий миний аав
Хүндэт буурал эцэг минь
Хүү төрсний сайныг бэлэгшээж
Хүлгэн судрын нэр өгсөн юм.
Хүсэл ирээдүйг минь зөгнөж
Мянган шүлэгчийн алдар хайрласан юм.
Халх Цэцэн хан аймаг
Сан бээсийн хошууны
Хардал отгины ард
Хатгиад омгийн хүү
Харц ядуу Даваагийн
Халуун бүлд өсөхдөө
Хашааны бууцанд тоглосон
Хар бага наснаасаа
Харьж өтөлсөн дурсамж минь гэвэл
Хөгнийн бага сургуулиас
Номын дээжийг хүртэж
Хөгжих нэгдлийн гишүүнээр
Арван наймтай элсэж
Хөвчийн модонд явж
Хөсгөөр аян тээсэн
Хөмөн бойтог элээж
Суран жолоонд дассан би.
Эх сайхан орондоо
Эзэн болсон заяандаа
Эр цэргийн албанд
Эрхэм үүргээ гүйцэтгэж
Эрээний тэрэгний үйлдвэрт
Илгээлт өвөрлөн ирсэн
Эгэл миний амьдрал
Сурсан бүтээснээр дульхан…
Хадган дээрээ ерөөлтэй
Урлагийн тайзанд гарахдаа
Харуул сүх багажтай
Мужаан гэж байхдаа ч
Харандаа цаас үзэгтэй
Шүлгээр дэвтэр дүүргэхдээ
Хатирч жороо хүлгээрээ
Сүргээ хариулж явахдаа
Идэр залуу насандаа
Дэнгийн эрвээхэй шиг эргэлдсээр
Эзэмшиж дадсан мэргэжилгүйдээ
Эргэж гэмшин дурсана.
Эрх танхил үедээ
Бутны бүжин шиг дэгдсээр
Эцэс хожмын мөчид
Буруутаж байснаа ухаарна.
Сайн үйлсийг хүсч
Эвийг боддог боловч
Сархадын дээжийг тогтоож
Нөхдөө баярлуулж чадаагүйд
Шандан гэж намайг
Зэмлэдэг голдог ч бий.
Жожиг гэж зарим нь
Тоохгүй харахгүй явлаа.
Буурлын үгэнд баясаж
Цагаа нэлээд бардаг.
Буу үүрч явж
Нүгэл хийхээс айдаг.
Будилуухан мулгуу зантай
Ажилчин гэж явж
Буурал хорвоод өтлөж
Үс цайж өвгөрлөө.
Ажлын хатуу хүчрээр
Амьдралын ихэнхийг залгуулсан
Амжилт гавьяа бүхнээр
Алдрын шагнал хүртээгүй
Ард түмэн нийгмээ
Ариун хөдөлмөртэй нь шүтсэн
Ачит гурван эрдэнийг
Амь шигээ биширсэн
Шударга ёс журам
Чин үнэнийг эрхэмлэдэг
Шунал атаархал хорслолыг
Муу бүхнийг жигшдэг.
Жирийн нэгэн ардын
Борчуулын ахуйд дассан
Жигүүртний төрлөөр жишвэл
Жижигхэн болжмор шиг хүн дээ.
Үр хүүхдээ хүмүүжүүлж
Төвшин соёлтой болгоход
Үзэл бодлоо зориулж
Сургаж зөвлөж захидаг.
Үйлс ирээдүйнхээ замд
Эцгийн ёсоор харах гэж
Үхтлээ санаа зовж
Үнэний мөрийг сургадаг.
Хувь амиа бодож
Хунчир зан гаргалгүй
Хувь заяа бүхнээ
Нийгэм олондоо зориулж
Хуучны ёсыг баримталж
Хуучуулын жамыг түшин
Хүнч чанарыг эрхэмлэх
Хувийн минь бодол энэ.
Хүүхэд багачууд дүү нартаа
Хүсэл зорилгоо хэл гэвэл
Хүн байгаль амьтныг
Хайрлаж яваарай гэнэм
Хүн төрөлхтөн бүхэнд
Юу хэрэгтэй вэ? Гэвэл
Хүмүүжил мэдлэг мэргэжил
Энх амгалан хэрэгтэй.
Өвгөд дээдсийн өвлөсөн
Уламжлалт ёс заншлийг
Өөртөө тусгаж авбал
Өнөр баян болно.
Өнгө мөнгө биш
Эрдэм эе чухал.
Өнөд хичээж явбал
Сайн хүн болно.
Адгуус араатан шиг
Өнөө маргаашыг өнгөрөхдөө биш
Алсын жолоо урт
Холын ухаантай ханд.
Амьдрал гэдэг алагтай
Аварга хүчит тэнгист
Агуу биш боловч
Аавын нэрийг хайрла.
Эд хөрөнгө хурааж
Эдлэл чимэглэлээр гоёогүй ч
Идэж уух гачигдаж
Элдэв зүдрэлээр дутаагүй ч
Эрх тушаалд санаархаж
Илүү занд горилоогүй.
Энгийн олны ижил
Иргэн явахыг хүснэм.
Хойч үедээ би
Юу сургамжлах вэ? Гэвэл
Хотол түмэндээ хүндтэй
Хожмын мөр нь ариун
Хорвоогийн сайн үйлс
Хонгор сэтгэлээ зориул
Хорин нэгдүгээр зуунд
Сайн буян арвижтугай.
Ховдог жигшилт шунал
Арван хар нүгэлийг
Хориглож цээрлэ гэж
Бишрэл болгон залбиръя.
Хоосон ядуугийн гаслан
Зовсон өнчирсөн бүхнийг
Хосгүй энэрэл буянаар
Ивээлж хайрлахыг сурганам.
Өчүүхэн зүйлийг гололгүй
Сурахын төлөө тэмц.
Өвгөд өтгөсийг басалгүй
Дуулахын эрдэмд шамд.
Өөдрөг чадалтай үедээ
Бүтээхийн тулд зүтгэ.
Өнө хойшид хэзээ ч
Өөрт түмэнд тустай
Биеийн амрыг харж
Бусдын хүчийг сорвол
Бэрдийн санаа өвөрлөж
Шуламын дүрд хувирна.
Бэрх хатуу бүхнийг
Биеээрээ туулахгүй явбал
Бэртэгчин үзлээр хувилж
Хувалзны амьдралаар явна.
Гэнэн балчир цагаасаа
Ядуухан орчинд өсвөл
Гэрэлт сайхан учралын
Хувь тавилан угтана.
Гэр авгай хоёроосоо
Холдож үзээгүй өтлөвөл
Гэгээн саруул хөгжилд
Харалган харанхуй өнгөрнө.
Олны газар явж
Юмны утгыг тайл.
Онол мэдлэгээр зэвсэглэж
Түмний тусд оролц.
Орчин ахуй бүхнээ
Шинээр сэтгэж бод.
Ороо бусгаа цагийг
Хэтийн түүхтэй холбо.
Замбилан их орчлонгийн
Зай нь хэдий уудам ч
Заяа тавилан бүхний
Завсар нь өчүүхэн биш үү
Залуур жолоо бүхнийг
Зөв атгаж чадвал
Засаг төр түмэндээ
Чин шударга болно.
Нартад мэндэлсэн гавьяагаа
Нандин эрдэнэ гэж хайрла.
Нас бие тогтоход
Сэтгэж бичиж үлдээ.
Намтар баян дээдсээсээ
Өвлөж уламжилж сурцгаая.
Нартай сартай хорвоод
Намбатай ёстой жаргая.
Найраг яруу айзмын
Ерөөл билгийг тогтооё.
Өлзий үйлс дэлгэрч
Өглөг буян арвижтугай
Өнө хойчийн үеийнхэн
Үүрд энхжин дэлгэртугай.
Хурай Хурай Хурай 2006.04.26
Дорнод аймаг Сэргэлэн сум Ардын авьяастан Д.Жадамба
Аавынхаа сэтгэлд шингэсэн сургаалийн шүлгийг түүвэрлэнбичлээ.Эх орны
өнцөг булан бүрт ахмадууд маань баяраа тэмдэглэж байгаа энэ мөчид түүний
нэгээхэн хэсэг болсон аавынхаа дурсгалыг хүндэтгэн энэхүү зүйлийг
бичлээ.Түүний цэцэн үг,ерөөл нь хойч үед нэгийг өгүүлэх буй заа.
Дорнод аймаг Хэрлэн сум Ж.Зоригтбаатар 2014.10.01