"Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны манлайлагч оюутан залуусыг шалгаруулан, олон нийтэд алдаршуулдаг "Эрдмийн хонх” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Энэхүү арга хэмжээг зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий нийт, олон улс, үндэсний хэмжээнд амжилт гаргасан үзүүлэлтээр шилдэгүүдийг тодруулдаг уламжлалтай.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын гишүүн "Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, "Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхийлөгч асан Д.Загджав, Б.Амарсанаа, "Нийгмийн Ардчилал” МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Билгүүн, Гэр бүл, хүүхэд залуучуудын агентлагийн дэд дарга Б.Халиун, тус агентлагийн Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж болон "Нийгмийн Ардчилал” МОХ-ны удирдлагууд, их, дээд сургуулийн оюутан залуучуудын төлөөлөл оролцов.
"Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын "Биеийн тамир спорт”-ын салбарын оны шилдэг оюутнаар Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн менежмент ангийн 3-р курсын оюутан 2016 оны "Аэробик гимнастик”-ийн Дэлхийн аврага Өлзийхүүгийн Тэмүүлэн
"Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын "Соёл урлагын салбар”-ын оны шилдэг оюутнаар Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн УУЦТТАнгийн 3-р курсын оюутан "Авьяаслаг Монголчууд-2016 шоу”-ны ялагч Отгонбаатарын Энх-Эрдэнэ
"Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын "Техник, технологийн салбар”-ын оны шилдэг оюутнаар Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Мехатроник Үйлдвэрлэлийн автоматжуулалтын ангийн 4-р курсын оюутан, 2016-оны "Робокон үндэсний аварга шалгаруулах тэмцээн”-ий ялагч Ганбатын Буянбаатар
"Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын "Санхүү, эдийн засаг, бизнес”-ийн салбарын оны шилдэг оюутнаар Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн 3-р курсийн оюутан 2016 оны "Бизнес ба нийгэм” судалгааны хүрээнд Монгол улсын их сургуулийн оюутнуудад болон хэрэгцээт мэдээлэл авахыг хүссэн хэн бүхэнд зориулсан "Smart” аппликейшн төслийг санаачлагч Оюун-Эрдэнийн Ундрахчимэг
"Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын "Хууль, зэвсэгт хүчин”-ий салбарын оны шилдэг оюутнаар Хууль Сахиулах Их сургуулийн онцгой байдлын сургуулийн 631-р дамжааны түрүүвч, Онцгой байдлын чиглэлээр Орос-Монголын хамтарсан оюутан солилцоонд Улаан-Үдэ хотод Дорнод Сибирийн Их сургуульд сургалтанд хамрагдсан шилдэг 9 оюутны нэг Энхтайваны Гүрхүү
"Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын "Анагаах ухаан”-ы салбарын оны шилдэг оюутнаар Этүгэн их сургуулийн оюутан "Монголын хараагүйчүүдийн холбоо”-ны дэргэдэх харааны бэрхшээлтэй хүүхдийн "Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгийн эрхлэгч үүсгэн байгуулагч Наваансүрэнийн Энхзаяа
"Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын "Боловсрол”-ын салбарын оны шилдэг оюутнаар Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Барилгын архитектурын сургуулийн Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер ангийн 4-р курсын оюутан, 2016 оны "Төмөр бетон бүтээц” улсын уралдааны тэргүүн байр, "Мод ба хуванцар бүтээц” Улсын эрдэм шинжилгээний бага хурлын 3-р байр, "Азийн ган гүүр” тэмцээний тэргүүн байрын эзэн Содномбат Ичинхорол
"Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын "Хөдөө аж ахуйн" салбарын оны шилдэг оюутнаар Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн Хэрэглээний эдийн засаг ангийн 4-р курсын оюутан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортын суурь судалгаа”-г санаачлан хэрэгжүүлэгч Батмөнхийн Мөнхнасан
"Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын "Нийгэм, олон нийт, хүмүүнлэг”-ийн салбарын оны шилдэг оюутнаар Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн, Хууль эрх зүйн ангийн 5-р курсын оюутан Улаанбаатар дахь Дорноговь аймгийн залуучуудын холбооны дэд дарга, Дорноговь аймгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн тэргүүн, Хөгжлийн бодлогын "Хархорум” клубын тэргүүлэгч гишүүн, Дорноговь аймгийн хөгжлийн төлөө оюутан залуучуудын холбооны тэргүүн, Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Залуучуудын хөгжлийн "Vision” клубын удирдах зөвлөлийн дарга, "Юнайтед партнерс” олон улсын хууль зүйн фирмийн туслах хуульч, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Сайд Ж.Батсуурийн дэмжлэгтэйгээр "Дорноговь аймгийн Шилдэг 100 оюутан” ном, МУИС-Хууль зүйн сургуулийн "Энтимема” сэтгүүл зэргийг тус тус анх удаа эрхлэн гаргагч Намхайбудын Мөнхзаяа нар 2016 оны "Эрдмийн хонх” Монгол Оюутны Тэргүүн дээд шагналын шилдгийн шилдэг оюутнаар тус тус тодорч, "Нийгмийн Ардчилал” МОХ-ны "Эрдмийн Хонх-2016” цом, "Эрдмийн Од” алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулагдлаа.
Дашрамд дурдахад шилдэг оюутнуудын хамт холбооны шилдэг салбараа тодруулдаг уламжлалтай билээ. 2016 оны "Нийгмийн Ардчилал” МОХ-ны бодлого үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилах, Архангай аймгийн оюутан залуучуудын урлагийн их наадам, спортын бага наадам, шинэ жилийн цэнгүүн болон гишүүдийнхээ ур чадварыг хөгжүүлэх сургалт, семинар, лекц зохион байгуулж, аймгийнхаа 19 суманд салбар зөвлөлөө байгуулан, 800 гаруй оюутан залуучуудыг "Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо-нд гишүүнээр элсүүлсэн ажлаараа тэргүүлж Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч МАН-ын бүлгийн дарга Ж.Баатар даргатай Архангай аймгийн "Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо шилдэг салбараар шалгарлаа.