НЭГ.НАМЧИРХАХ
Үзлээс татгалзах нь намчирхах үзэл гэж намаараа талцан түрий барих, намаа өмөөрөн хамгаалах үзэл юм.
Манайд намчирхах үзэл газар авч, онцгой цэцэглэн хөгжиж байгаа нь ард түмний тухайд гүнээ харамсмаар зүйл билээ.
Нам хэмээх иргэн болгонд тийм ч хамаатай биш зүйлээс болж ах дүү, анд нөхөд, амраг садан, ажил албаныхан тангараг тасарч, айл гэрийн амьдрал, байгууллага, улсын ажил хохирох болсон нь баримтаар батлах шаардлагагүй бодит үнэн болсоор удаж байна.
Муудалцах, маргах, үл ойлголцох явдал хүмүүсийн харилцаанд гардаг ч намаар хуваагдсан шиг хэсэг бүлгийн ийм хуваагдал урьд өмнө гарч байсангүй.
Нам хэмээх нь ард түмнийг хагалан бутаргах хэрэгсэл болж, анх үүссэн зорилгоосоо хэтийдэн хазайж, олон шашинтай улс орнуудад шашны мөргөлдөөн гардаг шиг намын мөргөлдөөн гарахад ойрхон байгаа бололтой.
Нөхцөл байдал иймд хүрээд байхад олон түмэн үүнийг болох ёстой зүйл мэтээр амарлингуй хүлээн авах болсон нь хор идээд хордсон мэт ажээ.
Монголчуудын хамгийн үнэт зүйл болох эе эвийг эвдрэлцүүлэн, монгол хүний жудаг чанарыг жилээс жилд доройтуулж байгаа намчирхах үзлийг бид анзаарахгүй болтлоо эвдрэн, анзаарлаа ч цочирдохгүй болтлоо дасч байгаа нь түүнд дийлдсэний шинж юм.
Иймээс монголчуудын эв эеийг эвдэн, ард түмнийг хагалан бутаргаж байгаа намчирхах үзлээс татгалзахаас аргагүй.
НАМЧИРХАХ үзлийн өөр нэг үр дагавар нь боловсон хүчнийг сонгох сонголтыг үндэслэлгүй болгосон уршиг юм.
Монголчууд удирдах хүнийг сонгохдоо мэргэжил мэдлэг, ажлын туршлагыг нь харгалзан, ноён нуруу, жудаг чанар, нэр хүнд, сайн муу зүйлд орооцолдсон эсэхийг нь үндэслэл болгодог зөв шударга шалгууртай байсан.
Гэтэл одоо бол аль нэг нам болон өндөр албан тушаалтан бараадсан хүн, мөнгө арвинтай бол ямар мөс чанартай байсан ч хамаагүй хүссэн албан тушаалдаа очоод суучихдаг гайхалтай үе ирснийг улс орноороо харж, ярьж байна.
Аливаа ажил хувь хүнээс онцгой их хамаардаг болохоор төрийн албыг чадвартай бөгөөд сэтгэлгээтэй хүн хаших, чадваргүй мөртөө мөнгөтэй хүн оромдох хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий.
Цөөхөн хүнтэй манай улс харьцангуй олон сэхээтэнтэй боловч тэдний тодорхой хэсэг нь олон нам эвсэлд хуваагдан орж, үлдсэн олонхи нь нам бус байдаг болохоор нэг нам сонгуульд ялж, төрийн эрх дангаар барих болоход тухайн намын боловсон хүчний нөөц хүрэхгүй байгаа нь харагддаг. Энэ нь ялангуяа хөдөө орон нутагт бүр ч тодорхой мэдрэгддэг зүйл.
Ийм үед ялсан нам, намдаа үнэнч зүтгэсний шагнал болгож, эсвэл арвин мөнгө хандивласан нэгнийг ажлын шаардлага хангахгүй ч гэсэн албан тушаалд тавьдаг жишгийг сүүлийн 20 жилд тогтоосон байна.
Үүний улмаас өөр намд харьяалагддаг чадварлаг боловсон хүчин, эсвэл аль ч намд харьяалагддаггүй, нам бус авч төрд хэрэг болмоор тулхтай сэхээтнүүд төрийн албаны гадна орхигдож, харин ялсан намын гишүүн, нам фракц, өндөр албан тушаалтан бараадсан сулаас сул нэг нөхөр төрийн албаны тамга барин өөрийн мундагтаа тодорчихсон юм шиг олон түмэнд ихэрхэн суух нь элбэг болсон.
Энэ байдал сайдын сэнтийд залрагчдаас авахуулаад сумын газрын албаны байцаагч хүртэлх бүх албан тушаалд ил байгаа зүйл.
Ийнхүү ард түмний их эрх ашгийн дээр цөөнхийн бүлэг болох намын эрх ашгийг гарган тавьж, боловсон хүчний бодлогыг алдагдуулж байгаа нь намчирхах үзлийн хор хөнөөл юм.
Намаар дамжуулан төр засгийг байгуулдаг, боловсон хүчнийг намдаа үнэнч эсэхээр шүүн, ажил албанд томилдог өнөөгийн тогтолцоо нь энэ үеийнхэнд төдийгүй, хойч үеийнхний дунд хар нялхаасаа нам бараадан гүйж, өндөр албан тушаалтанд долигонон бялдуучлагч шинэ давхаргыг төрүүлж байгаа нь удамшлын өвчин мэт эмгэнэлтэй явдал юм.Иймээс намчирхах үзлээс татгалзахаас аргагүй.
НАМЧИРХАХ үзлийн өөр нэг аюул нь худлаа ярьж, хуурч мэхлэн, бусдын ул шагайн амьдардаг хүмүүсийн бүлгийг бий болгосонд оршино.
Сонгуулийн үеэр нэр дэвшигч нэг нь нөгөө нам хүчин болон тэндээс нэр дэвшигчийг аль болох ихээр муу хэлж, өөрөө худал үнэн нь ялгарахгүй олон зүйлийг амлаж чадвал сая сонгогддог жишиг Монголын улс төрд нутагшин, одоо болоход үүнээс өөр замгүй юм шиг, үнэн нь энэ юм шиг ойлголтыг ард түмэнд төрүүлж байна.
Уг нь монголчуудын эртнээс сахиж ирсэн зан үйлийн дээж нь худал хуурмаггүй явж, бусдын муу муухайд дурлахгүйгээр амьдрахыг эрхэмд үздэг байсан уламжлал. Энэ уламжлал ард түмний дунд өнөөдөр ч үнэтэй хэвээр байгаа билээ
Гэтэл нам хүчнээр хуваагдсан, өөрсдийгөө улстөрч хэмээн нэрлэх болсон хүмүүсийн тухайд тэдний төрийн эрхэнд гарч, ажил албанд орох зорилгоо хэрэгжүүлэхээр зүтгэхдээ хамгийн түрүүнд, хамгийн сайн хийж чаддаг зүйл нь худлаа амлан, хуурч мэхлэх, бусдыгаа гүтгэн гутаах явдал болсон байна.
Тэд хиргүй тунгалаг гэж өөрсдийгөө магтаж, өрөөл бусдыг хав хараар будан, илт худлаа ярина. Тэд "ард түмэндээ хайртай, зөвхөн та нарынхаа төлөө ажиллана” гэж хууран мэхэлнэ.
Өрсөлдөгч нь ямар нэг сайн зүйл хийж, зөв юм сэдвэл түүнийг яаж харлуулан үгүйсгэж, бүтэхгүй талаас нь олон түмэнд ойлгуулах вэ гэж мугуйд бодол бодон, муу арга эрж, жудаггүй зан гаргаж байна. Тэд ингэж монгол ёс заншлыг уландаа гишгэж байна.
Төрийн эрхэнд хүрэх хувийн сонирхлоо хангахын тулд Монгол ёс заншил, монгол хүний эрхэм жудаг чанараа ийнхүү алдаж, худал хэлж, хуурч мэхлэхээ юман чинээнд бодохгүй болдог нь сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсийн зан чанар, хүмүүжил төлөвшил, ичгүүр сонжууртай холбоотойн зэрэгцээ төрийг намаар дамжуулан байгуулж байгаа өнөөгийн сонгуулийн тогтолцоо нь Монголын онцлогт тохирохгүй байгааг харуулдаг. Иймээс сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай.
ЯАЖ ?
Манайд сонгуулийн мажоритар, пропорциональ тогтолцооны алийг нь ч хэрэглэсэн, эсвэл энэ хоёр тогтолцооны дундаас холимог хувилбар гарган хэрэглэхийн аль нь ч Монголын онцлогт тохирохгүй.
Учир юу гэвэл энэ хоёр тогтолцооны аль аль нь хүмүүсийн эв эеийг эвдрэлцүүлж, худал ярьж хууран мэхлэх, бусдын муу муухайд дурлан улыг шагайх үзлийг дэвэргэгч, нийт ард түмний биш хэсэг бүлгийн байгууллага болох "нам”-д түшиглэж байгаагаараа монгол хүний эв эеэ хичээж байдаг уламжлал, жудаг чанарт огт нийцэхгүй юм.
Ийм болохоор сонгууль хэдийд зөв болох вэ гэвэл цөөнхийн эрх ашгийн илэрхийлэл болох намыг сонгуулийн тогтолцооноос бүрмөсөн шахан гаргаж, намаар дамжуулахгүйгээр төрөө байгуулдаг тогтолцоотой болбол сая зөв шударга явагдана.
ХОЁР. НАМГҮЙ СОНГОЛТЫГ ЯВУУЛАХ НЬ
Монгол Улсыг монголчуудын доторхи шилдэг тэргүүний хэсэг нь удирдан жолоодох ёстой билээ.
Хэдий ийм ч сонгуульд зөвхөн намууд гишүүдээсээ нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, дээр нь цөөн тооны мөнгөний боломжтой хүмүүс өөрсдөө нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, тэднээс сонгогдсон нь төрийн байгууллагын эрх барьж байгаа нь улс орны энгээр шилдгүүдээ тодруулан удирдуулж байгаа хэрэг биш юм.
Монгол Улсын хоёр сая долоон зуун мянган хүн амын насанд хүрэгчдийн дотроос тэргүүний сайчуудаа намын гишүүнчлэлээр ялгаварлахгүйгээр тодруулж, төр засгийн алба эрхлүүлдэг тогтолцоог бий болгох талаар дэвшүүлж байгаа саналаа "НАМГҮЙ СОНГОЛТ” гэж нэрлэж байна.
Энд дэвшүүлж буй саналын агуулга нь дэлхийн бусад оронд байдаггүй бол дэлхийд байхгүй юм ярьж байна, гэнэн байна гэж хандахгүй байхыг хүсье.
Монгол хүн сэтгэл зүй, уламжлал, үнэт зүйл, ёс заншил, эв нэгдлийг эрхэмлэх ухаан, аливаад хандах сэтгэлгээний онцлогоороо дэлхийн бусад ард түмнээс ялгаатай. Ялгарах гэж ялгарч байгаа биш, уг гарвалын шинжээрээ, ялгаатай юм.
Тийм болохоор бидэнд улсынхаа доторхи тодорхой асуудлыг дэлхийн улс орнуудын жишгийг дагахгүйгээр үндэснийхээ онцлогт нийцүүлэн өөрсдөө шийдэх шаардлага бий. Тиймийн нэг нь сонгуулийн тогтолцооны арга маяг мөн.
НАМГҮЙ СОНГОЛТЫН ҮНДЭСЛЭЛ
НЭГ. Намгүй сонголт явуулъя гэдэг нь намуудыг устгая гэсэн зорилгогүй юм. Харин намууд өнөөгийнх шиг нүсэр биш, цөөн орон тоотой, цомхон бүтэцтэй байх бөгөөд одоогийнхоос ялгаатай нь дэргэдээ эрдэм шинжилгээний институттэй байна.
Энэ институтэд тухайн намын үзэл баримтлал, онол номлолыг бүрэн ойлгож, итгэл үнэмшил болгосон чадварлаг хүмүүс ажиллан, улс орноо хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдралд хүргэх үзэл баримтлал, хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулдаг байх бөгөөд энэ баримт бичиг нь Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр болох юм
Энэ тохиолдолд намын гол үүрэг болох сонгуульд нэр дэвшүүлэх, сонгуулийн сурталчилгаа хийх зэрэг үүрэг нь өөр субъектэд шилжинэ.
ХОЁР. Улс орон даяар буюу улсынхаа 2.7 сая хүнээс хамгийн шилдгүүдийг тодруулдаг аргачлалыг боловсруулан хэрэгжүүлнэ.
Өнөөдөр төр засгийн эрх мэдэл болон төрийн байгууллагуудын удирдлагыг зөвхөн сонгуульд ялсан намынхан хэрэгжүүлдэг хууль үйлчилж байгаа нь ялагдсан намын гишүүд болон жирийн ард иргэдийн дотор байгаа оюуны чадамжтай, ажлын туршлагатай, эх оронч сэтгэлтэй хүмүүс төр засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэх төвшинд ажиллах боломжгүй болдог нь улс оронд хохиролтой байгаа юм. Иймээс хүн амын шилдэг хэсэг нь төрөө удирдах үйл хэрэгт оролцох боломжийг нээж өгөх ёстой.
ГУРАВ. Аль нэг нам зөвхөн өөрийн намын гишүүнийг сонгуульд нэр дэвшүүлж, тэр хүн нь таньж мэдэхгүй сонгогчдын өмнө очин, намаа болон өөрийгээ магтахын хамт "Хэрэв намайг сонговол ийм тийм зүйл хийнэ, өгнө " гэж худал үнэн нь ялгагдахгүй юм ярьж, амлахын зэрэгцээ, мөнгө төгрөг тарааж байж түүгээрээ сонгогчдын санал авч чадвал сая сонгогддог сохор азын гэмээр тогтолцоог халж, таньдаг хүнээ таньдаг хүмүүс нь амлалтаар нь бус, мөнгө төгрөг бэлэг сэлтэнд автагдаж бус, чин сэтгэлээсээ сонгодог болгоход санал болгож буй тогтолцооны гол агуулга оршино.
ҮҮНИЙГ ЯАЖ ХИЙХ ВЭ?
Юуны өмнө тогтсон сэтгэлгээг өөрчлөх ёстой. Тэр юу гэвэл сонгуульд өрсөлдөгчийг намаас нэр дэвшүүлдэг өнөөгийн практикийг өөрчилнө гэсэн үг.
Яагаад заавал нам нэр дэвшүүлэх ёстой вэ? Яагаад өөр субъект нэр дэвшүүлж болдоггүй вэ? Яагаад хүн бүр бие даасан нэр дэвшигч байж болохгүй вэ гэсэн байр суурийг удирдлага болгон, дараахь аргачлалыг хэрэгжүүлнэ.
НЭГ. Сонгуульд нэр дэвшигч нь намаас татгалзсан буюу нам бус байна. Ийнхүү нам бус хүмүүс УИХ-д өрсөлдөхийн тулд эхлээд сум хороо, аймгийн төвийн багууд дээр нэр дэвшинэ. Түүний нэрийг нутгийн зөвлөл (хорооны зөвлөл) дэвшүүлж болох ба мөн өөрөө бие даан нэр дэвших өргөн боломжийг олгоно.
Бие даан нэр дэвшихэд одоогийнх шиг олон хүний гарын үсэг цуглуул гэж шаардахгүй, харин өр төлбөргүй, ял шийтгэлгүй байх зэрэг хүний хүмүүжил төлөвшлийн шаардлагуудыг хангасан байхын зэрэгцээ сайн боловсролтой, ур чадвартай, ажлын туршлага, чадамжтай байхыг чухалчилна.
Ийнхүү сум, хороо, багт нэр дэвшихэд одоогийн сонгуулиас ялгаатай нь нэр дэвшигч нь таньдаг хүмүүсээсээ сонгогдох болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл тухайн хүн өөрийн төрсөн сум, өөрийг нь мэдэх хороо, баг дээр өрсөлдөнө гэсэн үг. "Дөчин мянгатын хүүхдүүд”, "манай байрныхан” гэх мэтээр ярьдаг нь хот суурингийн хүмүүст нутгийн харьяалал байгааг харуулдаг. Ийм учраас тэд бие биеийгээ таньж мэдэх тодорхой хүрээлэлтэй байна.
Ийнхүү таньдаг хүмүүсийнхээ хүрээнээс сонгогдоход сум хороо, багийнхан нь нэр дэвшигчийг олон талаас нь нь шинжих боломж бүрдэнэ.
Ялангуяа сумд бол удам угсаанаас нь шүүж эхэлнэ. "Эднийхэн хүн муутай, итгэж болохгүй” гэх юм уу, "Эднийхэн хэдэн үеэрээ төвшин томоотой явсан улс, яав ч худлаа ярьж хуурч мэхлэхгүй” гэх зэргээр дүгнэнэ. Энэ нь одоогийнх шиг таньдаггүй хүнийг, таньдаггүй хүмүүсээр сонгуулж байгаагаас огт өөр.
Нэр дэвшигч хүн өөрөө таньдаг хүмүүсээсээ сонгогдож байгаа болохоор тэдний өмнө худал ярьж, хуурамч зан гаргаж чадахгүй.
Мөн нэг нутгийн бие биесээ сайн мэдэх хүмүүс хоорондоо өрсөлдөж байгаа болохоор нөгөө нэр дэвшигч нутгийнхаа хүнийг таньдаг хүмүүст нь гүтгэн ярих, худал муулах боломжгүй болно. Ингэснээр ямарч үед эв эеээ эрхэмлэдэг Монгол ёс жудаг хадгалагдан үлдэнэ.
Мөн нэг сум, хороо, багт нэг хонхрынхон нэр дэвших тул тэд өөрөөсөө аль ч талаар илүү нэгэндээ сайн дураараа бууж өгөн нэрээ татах учир төдийлэн олон хүн өрсөлдөн бужигнахгүй, эрэмбэ цэгцтэй сонгууль болно.
Өөр нэг давуу тал нь өөрийг нь сайн таньж мэдэх ойр дотно хүмүүс сонгогч нь байх тул тэдний саналыг бэлэг сэлт, хахууль өгөх замаар худалдан авч бараг чадахгүй. Таньдаг хүмүүс нь ийм үйлдэл хийвэл нэр дэвшигчийн талаар сөрөг ойлголт авах тул өөрийнхөө эсрэг сурталчилгаа хийсэнтэй адил болно.
Ийнхүү өнөөгийн сонгуулийн тогтолцоонд байгаа худал амлах, хуурч мэхлэх, өрсөлдөгчөө муулах, намаар түрий барих, үнэгүй юм тараах, мөнгөөр санал худалдаж авах, их мөнгө хөрөнгө урсгах зэрэг сөрөг үр дагаварууд нэгэн зэрэг энэ шатанд арилах юм.
Энд "сум, хорооны зөвлөл” гэдэгт одоогийн "сумын нутгийн зөвлөл”-ийг ойлгож байгаа бөгөөд цаашид хороод сумдын адил нутгийн зөвлөлтэй болж, сумын нутгийн зөвлөлүүд сумаа удирдахад оролцож, ирээдүйнх нь хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хийж, боломжийнхоо хэрээр тусалж дэмждэг шиг хорооны зөвлөл хорооныхоо хөгжил цэцэглэлтэд анхаардаг болно.
Хорооноос нэр дэвших хүн хорооныхондоо танигдахын тулд тэнд олон талын ажил явуулдаг болно. Энэ нь бас сайн үр дүн авчирна.
ХОЁР. Дээрх аргаар сум хороо, аймгийн төвийн баг бүрээс хүн амынх нь тоонд харгалзуулан 2-3 хүнийг сонгоно. Ийнхүү сонгогдсон хүмүүс нь тус тусын аймаг дүүрэгтээ цуглаж аймаг (дүүрэг)-ийн нэгдсэн хурлыг хийнэ. Энэ хурлаар хоёр дахь шатны сонгууль явагдана.
Аймаг дүүргийн нэгдсэн хурлыг сум, хороо, багаас сонгогдогчдын хамгийн ахмад нь даргалан хуралдуулж, тухайн аймаг дүүргээс УИХ-д суух гишүүдийг өөрсдийн дундаас сонгоно. Жишээ нь өнөөгийн жишгээр бол Говь-Алтай аймагт хоёр, Баянзүрх дүүрэг дөрвөн хүнийг сонгоно гэсэн үг.
Энэ сонгуулийг явуулахдаа аймаг дүүргийн хурлын гишүүн бүр тухайн аймаг дүүргээс УИХ-д сонгогдох гишүүний тоотой тэнцүү тооны хүний нэрийг дугуйлах бөгөөд энд тухайн хүн өөрийнхөө нэрийг оруулах боломжтой.
Нэгэнт хоёроос дээш тооны гишүүн сонгох учир өөрөөсөө гадна ядаж өөр нэг хүний нэрийг дугуйлах тул эхний сонголтоор хамгийн олон санал авсан тодорхой тооны хүмүүс, тухайлбал төлөөлөгчдийн тал хувьтай тэнцэх тооны хүний нэрийг үлдээж, дахин дээрх аргаар нууц санал хураалт явуулах замаар үргэлжлүүлсээр сонгуулийг дуусгана. Энэ нь католик шашны тэргүүн Ромын папыг сонгодог зарчимтай төстэй гэсэн үг.
Ийнхүү УИХ-д суух гишүүд тодрох бөгөөд улс орон даяар ийн сонгогдож байгаа хүмүүс нь тухайн нутгаас төрөн гарсан шилдэг олны дотроос шигшигдэн гарч байгаагаараа шилдгийн шилдгүүд байж чадна.
Өөрийг нь таньж мэддэг хүмүүсийн олон талын шалгуураар сонгогдон, аймаг дүүргийн нэгдсэн хуралд гарч ирээд УИХ-д сонгогдолгүй үлдсэн хүмүүс нь төр засгийн бусад албыг хаших чадвартай мөн л шилдэг хүмүүс байх тул тэднээс бүх шатны удирдах албан тушаалтнуудыг томилох боломжтой.
Мөн зарим хүний санал болгож байгаа шиг УИХ хоёр танхимтай болбол энэ хүмүүсээс УИХ-ын дээд танхимыг бүрдүүлнэ. Бас аймаг дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийг ч энэ хүмүүсээр бүрдүүлэх боломжтой болно.
ГУРАВ. УИХ-д аймаг дүүргээс сонгогдсон гишүүд одоогийн жишгээр УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад нь даргалан хуралдуулж, аймаг дүүрэгт явуулсан сонгуулийн аргачлалаар УИХ-ын даргыг сонгоно.
УИХ-ын дарга сонгогдсоны дараа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллуулах хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д оруулан батлуулах бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхий сайд "Монгол Улсын удирдах боловсон хүчний нөөц”-өөс танхимынхаа гишүүдийг сонгон авч, УИХ-аар батлуулан, Засгийн газрыг бүрдүүлнэ. Ийнхүү төр засгаа эмхлэн байгуулна.
ДӨРӨВ. Засгийн газар бүрдсэний дараа улс төрийн намууд өөрсдийн боловсруулсан хөгжлийн хөтөлбөрөө Засгийн газарт өргөн барих бөгөөд Засгийн газар тэдгээр хөтөлбөр, болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас сонгуульт хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө бүрдүүлэн УИХ-аар батлуулна.
Ийн батлуулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр дотор аль намын хөгжлийн хөтөлбөрөөс ямар хэмжээгээр орсныг үндэс болгон намуудыг санхүүжүүлдэг болно.
Ингэснээр намууд хэн нэгнээс хандив аван, түүнийхээ төлөө санхүүгийн хараат байдалд орохоо больж, цаашид Засгийн газраас санхүүжилт авахын тулд улам сайн хөтөлбөр хийхийн төлөө чармайх бөгөөд ижил буюу ойролцоо хөтөлбөр бүхий намууд хоорондоо нэгдэн нийлэх үндэслэл ч бүрдэнэ.
Намууд ийм үүрэгтэй болох нь сонгуульд нэр дэвшихийн тулд хэн дуртай хүн нам байгуулж, улстөржин хийрхэхгүй болж, гагцхүү эх орноо хөгжүүлэх чин хүсэлтэй, өөрийн гэсэн үзэл баримтлалтай намууд үлдэж шударгаар ажиллах боломж бүрдэнэ.
ҮР ДҮН
Санал болгож буй энэ тогтолцоогоор Монгол Улсын 333. сум, аймгуудын төв, нийслэл бусад хот суурин газраас нийтдээ 1500-2000 хүнийг тодруулах бөгөөд ийнхүү тодорсон хүмүүс нь бидний дундахь тэргүүний шилдэг хэсэг байх өндөр магадлалтай.
Ийм болохоор тэднийг "Монгол Улсын удирдах боловсон хүчний нөөц” гэж бүртгэн авч, төр засаг яам, тамгын газар, аймаг дүүрэг нийслэл, бүх шатны удирдах албан тушаалд томилон ажиллуулна.
Ингэснээр өнөөгийнх шиг манай намынх уу, хүний намынх уу гэж ялгаварлахгүйгээр Монгол Улс боловсон хүчнийхээ нөөцийг бүрэн ашиглаж, шилдэг хэсгээрээ тогтвор суурьшилтай удирдуулан, эх оронд шударга ёс тогтож, үүнээс ард түмэн л хожно.
УИХ-ын гишүүд нам бус байх тул тэдэнд намаа өмгөөлөн хамгаалах, намын даалгавар биелүүлэх, намд өр төлөх гэх мэт үүсмэл зорилгогүй болж, намаас хараат байхаа больж, гагцхүү улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө гэх зөв сэдлээр ажиллах боломж нээгдэнэ.
Тэд аливаа асуудлыг хэлэлцэхдээ манай намын нэр хүнд, эрх ашигт яаж нөлөөлөх вэ, асуудлыг яаж шийдвэл манай намд ашигтай байх вэ гэх шал тэнэг, утга учиргүй шахалтгүй болох тул нам ба төр холилдсон өнөөгийн бантан мэт тогтолцоо төгсгөл болно.
Тэдэнд сөрөг хүчин байх огтын шаардлага байхгүй. Улс эх орноо хөгжүүлэх, ард түмнээ амгалан энх, төвшин жаргалтай байлгах үүрэг хүлээсэн нэгдмэл зорилго бүхий аль ч талаараа шигшмэл төрийн түшээ хүмүүс хэн нь хэнийхээ эсрэг яах гэж сөрөг хүчин болох вэ.
УИХ дотор үзэл бодлоороо зөрөөтэй бүлэг фракцууд байхыг үгүйсгэхгүй бөгөөд ийм бүлгүүд аливаа асуудлыг хэлэлцэхдээ санал зөрж болох боловч тэдний маргаан нь намаа хамгаалсан, намын эрх ашгийн төлөөх тэмцэл бус, тухайн асуудлын үнэнийг олж шийдэх гэсэн ажил хэрэгч мэтгэлцээн байх тул ямар ч тохиолдолд улс орон, ард түмэнд өгөөжтэй байна.
Олон талаар шигшигдэн сонгогдсон хүмүүс асуудалд зөв байр сууринаас ханддаг, хахууль мэтийг өглөө ч авч чаддаггүй, зөв төлөвшилтэй байх тул өнөөгийн албан тушаалтнуудтай холбогдон яригддаг олон муу үг мартагдан, төр цэвэршин, түмэн олон хардах сэрдэхийн зовлонгоос салж, төрөө дээдэлдэг болно.
Санал болгож буй энэ тогтолцоогоор улс төрийн нам нь улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулдаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлдэг, Засгийн газрын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт хийж зөвлөдөг үүрэгтэй байх юм.
ӨНӨӨГИЙН ОЛОЛТ
Монгол Улсад намгүй сонгуулийн тогтолцооны эхлэлүүд тавигдсан нь олзуурхууштай.
Хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гарган, тухайн үеийн эрх баригчид санал нэгдэн, төрийн албан хаагчдыг намаас түдгэлзүүлэх шийдвэр гарган, 2008 оноос хэрэгжүүлсэн нь тэрхүү албан хаагчдад ч, тэднээр үйлчлүүлж буй ард иргэдэд ч намын харьяаллын шахалт шаардлага, айдас дарамтыг толгойноос нь авч хаясан чухал үйл явдал болсон.
Үүний удаад 2008 оны сонгуулиар ялалт байгуулсан МАХН-ын удирдлага ялагдал хүлээсэн АН-ыг гуйж байж, хамтарсан Засгийн газар байгуулсан нь сүүлийн 20 жилийн түүхэнд намчирхах үзлээс татгалзан байгуулсан анхны Засгийн газар болов.
Энэ Засгийн газар "Атрын III аян”-ыг хэрэгжүүлж, газрын доорхи баялгаа эргэлтэд оруулах санаа сэдэж, "Хүний хөгжлийн сан”-гийн хуулийг батлан гаргаж чадсан.
Хэрэв хуучин ёсоор намчирхах үзлийг хатуу баримтлан, МАХН дангаар Засгийн газраа байгуулсан бол сөрөг хүчнийхэн "Ялсан намын гаргасан шийдвэр, бүтээсэн ажил нь намынх нь нэр хүндийг өсгөн, дараагийн сонгуульд ялах боломжийг бүрдүүлнэ” хэмээн сэрэмжилж, МАХН, АН-ын аль аль нь чадамгай ашигладаг "хуралдаан хаях” уламжлалт аргаа хэрэглэн, ямар ч шийдвэр гаргуулахгүй байж чадах байсан. Ингээгүй нь намчирхах үзлээс татгалзсан Засгийн газар байгуулж чадсаны үр дүн.
Ингэхээр хоёрхон үндэстнээс бүрдсэн нэг цул ард түмэн бидэнд "нам” хэмээх хүн бүрд хамаатай биш зүйлээс болж, талцан хуваагдаж, маргалдан тэмцэлдэхийн хэрэг огтоос алга.
Олон түмний дунд намчирхах үзэл болон түүнийг төрүүлж байдаг намаас татгалзах үзэгдэл идэвхжиж байгаа нь жамын дагуу явж буй олзуурхууштай бөгөөд ирээдүйтэй үйл явц тул төр засаг ч, ард түмэн ч үүнийг дэмжин, нам дамжуулахгүйгээр төр, засгаа байгуулах тогтолцоонд шилжихэд хүн бүр хүчин зүтгэх цаг ирсэнд эргэлзэх учир үгүй байна.
Рэгжийбуугийн НЯМДОРЖ (хуульч)