Манай төр, засгийн удирдлага ард түмэндээ ажлаа ер тайлагнахгүй,
дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамаг юмаа хав дарж нуух мөртлөө
гаднынханд байнга "нээлттэй өдөрлөг"-тэй байдаг нь хачирхалтай. Ямар
сайндаа л Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОУВС (Олон улсын
валютын сан)-д захидал бичиж, хамтран ажиллах тухай хүсэлт тавьсныг
"Bloomberg"-ийн мэдээнээс бататгаж суухав дээ, бид.
Захидлын
агуулга бол тодорхой. Уламжлал ёсоор Монголын эдийн засаг муудлаа,
гадаад валютын урсгал, хөрөнгө оруулалт татарлаа, төсвийн алдагдал өндөр
болчихлоо, бидэнд туслаач, хөнгөлөлттэй зээл олгооч л гэсэн байгаа. Уг
нь шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын Ерөнхий сайд албан тушаалаа
авсныхаа дараа "Bail out" хөтөлбөрийг санал болгож байсан ч энэ нь
явцгүй болох нь харагдсан. Дээрх хөтөлбөрөөр бол бонд, хувьцаа, үнэт
цаас гаргаж хөрөнгө оруулагчдаас зээл хэлбэрээр мөнгө босгох бодолтой
байж л дээ. Харамсалтай нь, тун удахгүй "Чингис", "Самурай" зэрэг
Засгийн газрын босгосон бондын төлбөрүүд түрүүчээсээ нэхэгдэж эхлэх
болохоор дахин ийм арга хэлбэрийг ашиглах нь тийм ч сайн хувилбар биш
болжээ. Ингээд арга буюу ОУВС-д хандаж, "Стэнд-бай" хөтөлбөрийг дахин
хэрэгжүүлэх ухааныг сийлсэн бололтой юм.
Дахин гэсний учир нь
манай улс 1990 оноос хойш энэхүү хөтөлберт таван удаа хамрагдаад байгаа
бөгөөд хамгийн сүүлд 2009-2010 онд хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаатай
хөтөлбөрөөр 299 сая ам.долларын санхүүжилт авсан байдаг. Энэ
санхүүжилтийг Засгийн газар авч, хэрэгжилтэд нь хяналт тавиулах явцдаа
захиргааны зардлыг бууруулах, Төв банкны мөнгөний бодлогын хүүг дөрвөн
нэгжээр нэмэгдүүлэх (Монголбанкны түүхэнд хамгийн өндөр буюу 13.5
болгосон), бүх төрлийн хадгаламжийг төр даатгаж авах зэрэг санхүү,
мөнгөний хатуу бодлого явуулсан байна. Үндсэндээ ОУВС-гийн заавар
зөвлөгөөгөөр ажилласан гэсэн үг. Түүний хүчинд Монгол Улс дэлхий нийтийг
хамарсан эдийн засгийн хямралыг хамгийн богино хугацаанд гэтлэн давж
чадлаа гэж ОУВС-гийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч мэдэгдсэн
байдаг.
Үнэндээ ч 2010 онд 6.4 хувьтай байсан манай улсын
ДНБ-ий өсөлт жилийн дараа 17.6 хувьд хүрч дэлхий ертөнц чихээ
дэлдийлгэж, нүдээ бүлтийлгэн гайхаж байв даа. Харин энэ огцом өсөлт
жижиг зах зээлтэй Монгол Улс газрын доорхи баялгаараа гайхуулж,
Оюутолгой төслийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар асар их (манайдаа л шүү
дээ) хөрөнгө оруулалт орж ирсний үр дүн гэдгийг эдийн засагч, судлаачид
тухайн үед хэлж, ярьж л байсан байх. ОУВС болон Дэлхийн банк зэрэг олон
улсын хөрөнгө оруулалтын байгууллагын шинжээчид ч, үүнээс цааш Монголын
ДНБ хоёр оронтой тоогоор "хос морьтой" урагшилна гэж таамаглаж байсан
нь манай удирдагчдын "шинэ баяны цээж өвчин"-г улам ч хөдөлгөж орхисон
хэрэг. Тэд ч байнга тийм байх юм шиг дараагийн (2012 оны) сонгуулийн
үеэр сунгааны морьд шиг давхилдаж, популист амлалтаар "амаа мэдэхгүй"
уралдсан. Баахан бэлэн мөнгө цацаж, аргаа барахдаа Тавантолгойг
хятадуудад дэнчин тавьж, өрийн гэрээ байгуулсан нь өдгөө дараагийн шатны
ажил (Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээр)-д "шавар
хааж" байгааг бид бэлхнээ харж байна.
Үүнийг дагаад улс орны
эдийн засгийн төлөв байдал, ирээдүй ч 2011 оных шиг гэрэл гэгээтэй,
цоглог харагдаж төсөөлөгдөхөө больж. Ямартайдаа УИХ энэ оны улсын
төсвийн төсөлд эдийн засгийн өсөлт 7.1 хувь, өрийн дээд тааз 58.3 хувь
байхаар тусгаж, үүнийгээ хуулийн хугацаатай уралдан хам хум баталсан.
Цаашлаад төсвийн тодотголд татварыг нэмэх, төсвийн нийт зардлыг 900
тэрбумаар багасгана гэсэн боловч оны эцэст эдийн засгийн өсөлтөд
өөрчлөлт орохооргүйгээр баталсан нь улстөрчид ч бодит байдалтай эвлэрч
байгаагийн илэрхийлэл болох шиг боллоо.
Харин үүний баталгаа нь
"Стэнд-бай" хөтөлбөрт хамрагдах Ерөнхий сайдын хүсэлт байв. Энэ
хүсэлтдээ 251 сая ам.долларын зээл авах, үүний тулд олон удаагийн хур
туршлагаараа тоо бодож, төсвийн зарлагыг 1.4 их наяд төгрөгөөр танах,
мөнгөний бодлогыг хатууруулж, 14-15 хувьд хүргэж ч болохоор тооцчихсон
тууж явна гэж учир мэдэх хүн ярьж байсан. Эцэст нь, төр засгийн бодлогын
буруу зөвийг шүүж дэнсэлдэггүй юмаа гэхэд жилийн таван хувийн хүүтэй
"Стэнд-бай" хөтөлбөрийн санхүүжилт нь буцалтгүй тусламж биш маргааш
төлөх өр л гэдгийг дахин хэлмээр байна. Үүнээс гадна олон улсын
үнэлгээний байгууллагууд манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулах
зэргээр олон оронд "муухай" харагдах үйл явц "Стэнд-бай" хөтөлбөрийг
дагалддаг бөгөөд өнгөрсөн жил тус хөтөлбөрт хамрагдсан Йордан, Тунис,
Гондурас зэрэг улсаас ялгарахгүй болсон гэж бодохоор даанч гомдолтой
санагдана, монголчууд бид.
ЭДИЙН ЗАСГАА УДИРДАХ ЭРХЭЭ ГАДНЫНХАНД ӨГӨХ НЬ МУУ ХУВИЛБАР
УИХ-ын гишүн Р.АМАРЖАРГАЛ:
-Энэ
хөтөлбөрт орох нь буруу. Яагаад гэвэл нэгд, эдийн засгийн өсөлт сайн
муу ч таван хувь орчимд эргэлдэж байна. Хасах руу арай орчихоогүй
байгаа, хэрэв хасахтай гарч байхад "Стэнд-бай"-д орно гэвэл өөр
сонсогдоно. Хоёрт, "Стэнд-бай"-д ороод манайд хэрэгжүүлэх хөтөлбөр нь
ард түмний нуруун дээр яаж буухыг гаднынхан ерөөсөө тооцдоггуй. Тэдэнд
пад байхгүй. Тэд цэвэр технократик талаасаа улсын төсвийн орлогоо ингэж
нэмэгдүүл, үүний тулд ийм татвараа нэм, зардлаа ингэж хас гэж тулгадаг.
Үүний цаана иргэдийн амьдрал ямар байгаа, яаж нөлөөлөхийг гаднынхан
тоодоггуй, тоох ч албагуй. Энэ утгаар нь харвал эдийн засгийн хүндрэлээс
гарах ачааны хүндийг Засгийн газар иргэдийнхээ нуруун дээр үүрүүлье гэж
шийджээ гэж болохоор байна. Гуравт, сайн муу ч манай хувийн хэвшлийнхэн
эрвийх дэрвийхээрээ зүтгэж эдийн засгийн өсөлтийг тэг (0) дээр
авчирчихаагүй байна.
Ийм өгөгдөхүүн байхад эдийн засгаа удирдах
эрх мэдлээ гаднынханд өгч, иргэдийнхээ нуруун дээр хүндийг үүрүүлэх нь
гунигтай бөгөөд муу хувилбар.
itoim.mn сайтад өгсөн ярилцлагаас...
"СТЭНД-БАЙ" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХАД ТОМ ДЭМЖЛЭГ БОЛНО
Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.ЛХАГВАСҮРЭН:
-"Стэнд-бай"
хөтөлбөрийг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манайд тохиромжтой цаг үе гэж би
харж байгаа. Манайх олон улсын банк санхүүгийн болон, Европын сэргээн
босголтын банк, "Жайка" гэх мэтээр олон улсын доноруудаас санхүүжилт
татахаар одоо хичээж буй. Хэрэв "Стэнд бай" хөтөлбөрийг хэрэгжүүлбэл,
гадны мэргэжилтэн, судлаачид эдийн засгийн хүндрэл, төсөв, санхүүгийн
эрсдэл, хүндрэлээс зайлсхийхийн тулд ямар бодлого явуулах ёстойг
тодорхой заагаад өгнө. Ингэснээр, Монгол Улс дураараа задгай бодлого
явуулахгүй хяналттай болж байгаа гэдэг утгаараа олон улсын хөрөнгө
оруулагчдын Монголд итгэх итгэл нэмэгдэж, цаашлаад манай зэрэглзл өсөх
боломжтой. Монгол Улс, Засгийн газарт итгэхгүй байгаа хөрөнгө оруулагч,
донор байгууллагууд эргээд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхэд эрсдэлгүй
гэж тооцож эхэлнэ. Мөн "Стэнд-бай" хөтөлбөрийг дагаж, хөрөнгө оруулалт
зогссон байгаа энэ үед хөрөнгө оруулалтыг татах нэг том дэмжлэг болно
гэж харж байна. Хэрэв хөтөлбөр хэрэгжвэл манайд Валютын сан төлөөлөгчийн
газраа дороо л нээчихнэ гэж харж байна. Олон улсын байгууллагатай
Монголын Засгийн газар гэрээ байгуулах болохоор Засгийн газар солигдсон
эсэх нь хамаагүй, улс төрийн талаасаа ч эрсдэл бага.
Д.МӨНХЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/