"Амжилтын эзэд” ярилцлагын булангийн энэ удаагийн зочноор 2000 оноос хойш Улсын Их Хуралд Хөвсгөл аймгаас нэр дэвшин, 3 удаа дараалан сонгогдсон "Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай уригдаж оролцлоо. Тэрээр УИХ-д гурван удаа сонгогдсоноос гадна 2006 оны 1 сараас 2007 оны 1 сар хүртэл Засгийн Газрын гишүүн, Эрүүл Мэндийн Яамны сайдаар ажиллаж байсан юм. Улс төрчийн хувьд өөрийн гэсэн стиль имижийг бүрдүүлж чадсан, шударга яриатай, хэнэггүй зантай эрхэм гэдэгтэй уншигч авхай та маргахгүй биз ээ.
-Өнөөдрийн байдлаар "Ард түмнээ хайрлая нам” хичнээн мандаттай гишүүнтэй вэ?
-Одоогоос нэг жилийн өмнө Эрдэнэт хотод очихдоо "Ард түмнээ хайрлая” намыг байгуулж байгаагаа зарлаад гишүүнээр элсэх хүн байна уу гэтэл 3 өдрийн дотор 1188 хүн гишүүнээр элссэн байдаг юм. Эрдэнэтэд тэр үед цасан шуурга болж байхад манай намд элсэх гээд цасан шуургыг үл анзааран, залуучууд гарын үсэг зураад сууж байсан юмаа. Энэ юуг харуулж байна гэхээр, намайг дэмжиж буй залуучууд байна гэдгийг харуулж байгаа юм.
Үүнээс хойш би гишүүн элсүүлэх гэж яваагүй. Надруу Эрдэнэт болон Улаанбаатар хотоос нилээд олон хүмүүс ярьсан дэмжье, намд элсэж ормоор байна гэж. Тэгэхдээ би гишүүнчлэлийг чухал гэж бодохгүй байна. Хүмүүс дэмжээд саналаа өгч байх нь чухал шүү дээ.
Түүнээс биш хүмүүсийг гишүүнээр элсүүлнэ гээд үнэмлэх тараагаад аль эсвэл сум, дүүрэг, хороо болгонд намын үүр гэж юм байгуулаад тугаа зоогоод явах сонирхол алга. Яг үнэндээ. Барууны орнуудад улс төрийн нам ямар зарчмаар ажилладаг уу тэр замаар ажиллах хүсэлтэй байна.
Хүмүүст хамгийн чухал зүйл нь намынхан үзэл баримтлал, хийх ажил, лидер нь хэн бэ гэдэг нь чухал болохоос биш. Намын үнэмлэх гэсэн цаас сонин биш шүү дээ. Барууны оронд бол ийм байдаг юм. Би ч бас өөрөө АН-ын дэд дарга хийж явсан хүн энэ ажлыг мэднэ ш дээ. Намын нэр хүнд уначихсан байвал хичнээн дэмжигчтэй байгаад ч нэмэр байдаггүй юм.
-АН-аас гарснаас хойш нэг хэсэг нам гүм байсан Л.Гүндалай яагаад заавал Эрдэнэт хотод очиж үймээн дэгдээх болсон бэ?
-Эрдэнэт хотыг сонгох болсон гол шалтгаан нь энэ хотын хүмүүс нэг дор оршин суудагт байгаа юм. Телевизээр нь ярихад бүх хүмүүс үзнэ, оршин суугчидтай нь уулзах гэж олон сум руу яваад ажил удаад байхгүй. Хөвсгөл аймагт гэхэд л 24 сум руу явах хэрэг гарна. Зарим сум нь бүүр далай нь цаана байдаг. Тэгж цаг алдахгүй учраас Эрдэнэт хотыг сонгосон юм.
-Таны улс төрийн ПИ-Арыг хэн хийдэг вэ? Их өвөрмөц арга барилтай санагддаг?
Миний байгаа байдал энэ. Анхнаасаа л өөрөө өөртөө менежер байсан. Надад тийм пи-арын баг, зөвлөх гэж хүмүүс байдаггүй. Байгаа ч үгүй, байх ч үгүй. Ганцаараа амжихгүй байвал туслахтайгаа нийлээд хийнэ. Миний хийсэн зүйлийг хүмүүс янз бүрээр ярьж байдаг юм. Тэр надад чухал биш ээ.
-Ойрын үед улс төрчид нэгнийгээ хулгайчаар нь дуудаж УИХ-д дахин битгий сонго гэх боллоо. Танд тэгж нэрлэх хүмүүс бий юу?
-Би тэгж хүмүүсийг янз бүрээр нь нэрлээд яахав. Монголчуудад хандаж хэлхэд ямар ч байсан энэ таван толгойг хувьдаа авах гэж санаархаж буй хүмүүс л их муу хүмүүс шүү гэж хэлмээр байна. Монгол Улсын баялагыг хувьдаа авах гэж зүтгээд байгаа хүмүүс л муухай юм даа.
-Та өмнө нь УИХ-д сууж үзсэн хүн. Одоо ахиад улс төрд орж юу хийх юм бэ?
-УИХ-ын гишүүн гэхээрээ эрх мэдэлтэй хүн байдаггүй юм. Эрх мэдэл зөвхөн ерөнхийлөгч, ерөнхий сайд, уих-ын дарга, ялсан намын лидерт байдаг байхгүй юу. Эрх сонгуульд манай нам дор хаяж 10 гишүүний суудал авбал гайгүй амжилт гаргалаа гэж үзнэ. Бүр цаашилбал хамтарсан засгийн газар байгуулбал санаж бодож байгаа ажлаа хамтарсан засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт оруулж хэрэгжүүлнэ дээ.
-Танай намаас 10 гишүүний суудал авах хүн бий гэж үү. Та өөртөө тийм итгэлтэй байна уу?
Мэдэхгүй ш дээ. Ард түмэн л энэ сонгуульд МАН,АН гэсэн хоёр намыг сонгохгүй өөр намыг сонгох юм гэсэн ш дээ. Тэгэхээр одоо өөр нээх сонгогдоод байх нам байхгүй биздээ. Энэ хоёр том нам чинь л улс орныг ийм байдалд оруулсан болохоор эдгээр намыг ард түмэн хашраахгүй бол сонин биз дээ.
Буруу зүйл хийсэн хүүхдээ эцэг, эх нь толгойг илээд байдаггүй нь адилаар буруу зүйл хийсэн намуудын толгойг нь ард түмэн илээд өнгөрөхгүй байх.
-Жижиг намууд болон улс төрчдөөс танай намтай нэгдэх хүсэлтэй хүмүүс хэр их хандаж байна?
-Ганц нэг газартай ийм яриа явж байгаа. Гэхдээ бодитоор ажил хэрэг болсон зүйл алга. За тэгий, дараа болий, жаахан хүлээе гэхийн юугаа ч хүлээдгийн бүү мэд. Уг нь энэ хэдэн жижиг намууд эвсээд нэг болбол зүгээр байгаа юм. Одоогийн байдлаар ч чадахгүй юм шиг байна даа.
-Бүгд Найрамдах Намын Б.Жаргалсайхан танай намтай хамтрах хүсэлт гаргавал яаж хүлээж авах вэ?
-Үгүй.
-Яагаад. Та хоёр адилхан улс төрч, адилхан намын дарга нар ш дээ?
-Үгүй. Бид хоёрт том ялгаа бий.
-Ямар ялгаатай юм?
-Зөндөө ялгаа бий. Тэрийг тоочоод суух сонирхол ч алга. Тэдний намтай нийлж доошоо орохгүй. Би ер нь Б.Жаргалсайханы талаар яримааргүй байна. Намын ч гэсэн хая. Тэрний нам ер нь юу юм сонгууль бүрт орж ялагддаг нам шүү дээ. Чи наад асуултаа боль. Б.Жаргалсайханыг ярьж доошоо ормооргүй байна.
-Та АН-аас яагаад гарах болсон бэ?
-Энэ намд чинь ажил хийдэг хүн байхгүй болсон байна ш дээ.
Таныг гарсанаас хойш уу, байхад чинь уу?
-Намайг байхад ч тийм байсан. Эрх мэдэл, олз омогоо булаацалдаад дотроо баахан фракц болцон. Орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж, хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэж байна ш дээ. Та нар энэ нам дотроо яаж байгааг нь харж байгаа биз дээ. Жинхэнэ мөн чанараа харуулж байна ш дээ.
-Та АН-д байхдаа аль фракцад нь байсан бэ?
-Би фракцад байгаагүй.
-Фракцгүй байсан болохоороо намаасаа гарсан юм уу?
-Тийм ш дээ. Фракц гэж гүйж байгаагүй болохоороо гарсан.
-Эрдэнэт хотыг сонгоод явах боллоо. Хөвсгөл аймагтай яагаад түнжин хагарах болов?
-Эрдэнэт хот ойрхон болохоор очоод байгаа гэж би дээр ярьсан. Хөвсгөл аймаг их хол шүү дээ. Гэхдээ Хөвсгөл аймгаас хүмүүс ярьж байна гэсэн Л.Гүндалай гуай энэ жил ирж нэр дэвшээсэй дэмжих юмсан гэж ярьж байна гэнэ. Нөгөө тунгалаг тамир кинон дээр "Дулмаа минь байсан бол” гэдэг шиг л юм болж байна гэнэ.
-Тэгвэл таныг тэгэж хүсэж хүлээгээд байгаа хүмүүс рүү очсон нь дээр юм биш үү ?
-Яахав, Хөвсгөлчүүд таныг л таны дэмжмээр байна гээд ам тангаргаа болно л доо. Гэхдээ тийм юм хийгдэхгүй байх. Учир нь ярьж байгаа хүмүүс байгаа хэдий ч ярихгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Ямар бүгдээрээ надруу гарын үсгээ зураад явуулсан биш. Хэрвээ сум бүрээс гарын үсгээ зураад явуулбал очиж болохгүй юм ч байхгүй л дээ. Түүнээс биш ганц, хоёр хүмүүсийн үгэнд итгээд яваад очилтой биш.
-Хүмүүс намайг дэмжээрэй гээд туг далбаа намируулаад явдаг ш дээ. Та харин арай өөр зарчмаар ажилладаг уу? Өөртөө их итгэлтэй юм?
-Би бол худлаа хэлдэггүй, хоосон юм амладаггүй. Өнөөдөр нэг юм ярьж гарж ирчээд сонгогдоод мартаад хаяад явдаг хүн биш. Тэгдэггүй болохоор нээх их юм амладаггүй. Чадахгүй зүйлээ яриад яах юм бэ?
-Таны улс төрийн карьер хэзээ дуусах вэ?
-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч энэ жил эхлэлээ тавихыг бодье. Ядахдаа карьераа эхлүүлье.
-Таны УИХ-д сууж байсан өмнөх үе тэгэхээр юу болох уу?
-Одоо чинь би улс төрийн амьдралдаа завсарлага авчхаад буцаж орж байгаа үе. Ард түмэн, Хөвсгөлийхэн маань завсарлуулсан ш дээ. Тухайн үед мөнгөтэй хүмүүс очиж үймүүлээд тэгээл мөнгөнд нь болоод сонголтоо хийцэн. Дөрвөн жилийн өмнө MCS-ын Л.Энх-Амгалан очоод 10-аад тэрбум төгрөг цацлаа ш дээ. Хөөрхий ард түмэн дандаа л ийм мөнгө тараах юм шиг сэтгээд сонголтоо хийцэн. Гэтэл нөгөөх нь сонгогдоод алга болцон. Тэгээд ахиад очиж цацах гэсэн чинь Таван толгой, Ухаа худаг нь будаа болцон, мөнгө байхгүй. Тухайн үед Л.Энх-Амгалантайгаа сайхан амьдарья гээл зурагтай цаас тараагаад байсан. Мэдэхгүй. Өнөөдөр Л.Энх-Амгалантай сайхан амьдарч байгаа хүн алга л байна. /инээв/
-Танай намаас нэр дэвших хүсэлтэй залуусыг шууд хүлээгээд авах уу эсвэл шалгуур байдаг уу?
-Сэтгэлтэй зорилготой залуусыг ойлгож сонсож байгаад шийдвэрээ гаргана даа. Тагнуул хийгээд явж байхыг хэн мэдхэв.
-Тагнуул гэж ярихаар. Та өөрийгөө их хүчтэй улс төрч хэмээн ойлгодог гэсэн үг үү?
-Надруу дайрч байгаа дайралтуудыг харахаар би өөрийгөө хүчтэй л гэж хардаг ш дээ. Хүчгүй бол хэн ч чамайг оролдохгүй, тоохгүй ш дээ.
-Залуучуудыг нэр дэвшүүлж УИХ-д олон суудал авна гэж ярьж байна. Нам тань санхүүжилтын талаар сонирхож болох уу?
-Нам ер нь санхүүгээр яах юм. Би нэг хэдэн туг тэр хүмүүст өгнө тэгээл тугаа бариад явцгаа.
-Санхүү байхгүй бол танай намын гишүүдийг хэн таних вэ? Цаагуур чинь хувин, мөнгөн аяга, нэгж хүртэл тарааж байна ш дээ?
-Би хүмүүсээсээ мөнгө нэхэхгүй. Тэднийг юм тараа гэж хэлэхгүй. Сумд нэр дэвшиж байгаа нь сумын төвд нь нэг зурагт хуудас нааж жаахан сонин хэвлээд тараана биз. Энэ нь их болохгүй. Өөрсдөө тэр мөнгөө гаргана биз. Хотод нэр дэвшиж байгаа нь бүр мөнгө үрэхгүй ш дээ сошиал ертөнцөөр өөрийгөө таниулаал болоо. Энэ бүгдийг нь тэгээд ард түмэн харна ш дээ.
-Та өөрөө сошиал ертөнцөөр хэрхэн маркетинг хийхийг мэдэрсэн биз?
-Сүүлийн үед Америк, Араб сошиалаар хэрхэн сонгууль, хувьсгал хийхийг харуулж байна. Америкийн сонгууль сошиалаар л явагдсан ш дээ.
-Монголд сошиалаар маркетинг хийх нь хүртээмжтэй гэж үү. Орон нутаг, сумдад тийм боломж байна уу?
-Фээсбүүк дээр идэвхтэй байдаг хүмүүс дор хаяж 500 мянга байдаг юм байна гэж харсан. Би нэг юм тавихаар дор нь хүн үзээл шейр хийгээл тархаад байдаг ш дээ.
-Та фээсбүүкээ өөрөө хөтөлдөг үү?
-Ер нь өөрөө хөтөлдөг. Бичиж, тавих юмаа өөрөө тавина. Коммент дээр гэвэл эерэг сайн коммент байвал надад гаргаад өгчих, муу муухай, доромжилсон зүйл байвал та нар хариу өгөөрэй гээд туслахдаа хэлчдэг. Хүмүүс надтай холбогдох хүсэлтэй байвал майл хаяг, утасны дугаараа явуулдаг. Надруу муу муухай үгээр давшилсан хүмүүс рүү явуул гээд "Муу санаат яван хатна, Сарьсан багваахай наранд хатна” гээд хохимой толгойтой зураг өгсөн байгаа.
-Твиттер ашигладаг уу? Өөрөөр хөтөлдөг үү?
-Твиттер ашиглана. Энд бичих зүйл богино байдаг учраас өөрөө хөтөлхөд амар байдаг юм. Сайхан гоё, онцгой зүйл бичсэн хүмүүс рүү хариу өгч дм бичдэг. Би зөвхөн сайн мэдээ л үздэг. Муу мэдээг бол хичнээн муу юм байна лээ гээд тоог нь гаргаад өгчдөг.
-Тань руу хандах хүмүүсийн хандлага эерэг болж эхэлж байна уу?
-Сүүлийн үед их л эерэг болсон гэсэн. Одоо нөгөө муу муухай үгээр дайрагчид өөрсдийгөө бүтэхгүй зүйл хийж байгаагаа мэдээд больсон байх. Надад их олон дэмжигчид байдаг. Хүн чинь оюун ухаантай амьтан болохоор намайг дуулах, фитнесс хийх зэргийг ард түмэн эерэгээр хүлээж авдаг болсон байна.
-Б.Дашдондогийн дууг яагаад зөвшөөрөлгүй авч дуулсан юм. Тэр хүн их уурласан янзтай ярилцлага өгсөн байсан?
-Б.Дашдондогт энэ дууны ямар ч эрх байхгүй. Энэ дууны ая, үг, зохиогчийн эрх нь Б.Дашдондогт хамааралгүй. Б.Дашдондог одоо ийм мангар юм ярихаа болих хэрэгтэй.
-Та эхлээд дууг чинь дуулья гээд очиж гуйсан юм бишүү?
-Би ерөөсөө тийм юм асуугаагүй. Юу гэж тийм тэнэг юм хийх юм. Б.Дашдондог тийм худлаа юм ярих хэрэггүй. Тэр дуу Б.Дашдондогийн өмч биш. Зөндөө олон хүмүүс дуулсан байдаг юм билээ.
О.Ачиймаа