Таван хэмжээст ертөнц
/тууж/
/Калил Жибраны "The broken wings” номноос орчуулав./
"Таван хэмжээст ертөнц” булан уншигч та бүхэндээ дэлхийн алдарт зохиолч Калил Жибраны (1883-1931) "The broken wings” буюу "Хугарсан даль жигүүр” хэмээх 10 бүлэгт туужийг орчуулан, цуврал болгон хүргэхийг зорилоо. Анх 1912 онд араб хэл дээр хэвлэгдэж байсан энэ ном зохиолчийн анхны буюу насан туршийнх нь хайрын тухай бодит түүхээс сэдэвлэсэн аж.
Калил Жибран бие сэтгэлийн гоо үзэсгэлэн цогцлон бүрдсэн Селма хэмээх бүсгүйд сэтгэл алдарч, улмаар хоёр биендээ хайртай болжээ. Гэвч бүсгүйг тухайн үедээ нийгэмд нөлөө бүхий хүний ач хүүтэй суулгахаар сүй тавьжээ. Хэдий тийм ч дурлалт залуус нууцаар уулзаж, бодол сэтгэлээ хуваалцдаг байж гэнэ. Хожим тэр нь баригдаж бүсгүй гэрийн хорионд орсон аж.
Селмагийн гэрлэлтээс хойш дахин уулзаагүй байсан гунигт хайрын эзэд хожим Селма бүсгүйг яг амьсгал хураахын өмнө уулзсан байдаг. Уг ном зөвхөн гунигт хайрын бодит түүхийг харуулаад зогсохгүй дорнод, газар дундын тэнгис орчмын улс орнуудын шашны гажуудал, эмэгтэйчүүдийн эрх доройтсон буюу эд баялаг аз жаргалыг эн тэнцүүд авч үзэх гэх мэт тэр үеийн нийгмийн сөрөг үзэгдлийг тэр чигээр нь харуулжээ.
Хайрын бодит түүхээр бичсэн энэхүү ном өнөөг хэр нь дэлхийн үй түмэн залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулсаар байгаа аж. Дашрамд хэлэхэд уг туужаас орчуулжээ байхад 50 гаруй үгнээс бүтсэн ч өгүүлбэр байх. Энэ нь тэр үеийн үргэлжилсэн үгийн зохиол бичих онцлог төдийгүй, зохиолчийн ур чадвар бололтой. Мөхөс орчуулагч би бээр алдарт зохиолчийн бичвэрийн ур чадвар, өнгө төрхийг алдагдуулахгүй уншууртай хэвээр буулгахсан гэж эрмэлзсээр байгаа ч алив алдаа мадаг гарахыг үгүйсгэхгүй. Мэргэн уншигч та авах гээхийн ухаанаар хандаж уншаарай.
"Аяа, Бейрутын хотоор нэг тарж бутарсан залуу цагийн андууд минь ээ, нарсан ойн дэргэдэх тэр нэг оршуулгын газрын хажуугаар өнгөрвөл чимээгүйхэн додогш ороод, алхах гишгэх чинь мөнх нойрсогчдыг цочоохгүйн төлөөнөө аяар аярхан гэтээд, Селмагийн минь шарилын дэргэд даруухнаар толгой гудайлган зогсоод, түүний минь онгоныг цээжиндээ тээх хөрс газартай нь нэг мэндлээд, уртаас урт санаа алдан байж миний нэрийг нэг дурдаарай. Тэгээд өөртөө "Энд тэртээ далайн чанадад хайрын шоронд хоригдож байсан хоригдол Жибраны хамаг хүсэл найдвар булшлагдсан юм” гэж шивнээрэй.”
Номын өмнөтгөлөө энэ мэт утга уянгын урт өгүүлбэрээр өндөрлөсөн алдарт зохиолчийн авьяас дор бишрэн, бишрэн буулгасу.
Нэгдүгээр бүлэг
Чимээгүй гуниг
Миний хөршүүд ээ, та нар залуу насныхаа туяарах үүрийг баяр баясал гуниг харуусал ээлжлэн өнгөрснөөр санаж байгаа биз ээ. Харин би сараалжин торонд хадагдсан юмуу гянданд дөнгөлүүлсэн хоригдол шиг байснаар л санаж байна. Та нар бас балчир ахуй үеэсээ идэр залуу нас хоёрын хоорондох жилүүдийг ганцаардал, санаа зовнилоос ангид алтан үе байсан гэж ярьдаг даа. Харин би тэр жилүүдийг зүрхний гүнд уначихаад хайр ирж, зүрх сэтгэлийг нээн, зүрхний минь ховдол ховилыг гэрэлтүүлэх хүртэл мэдлэг мэргэн ухааны ертөнц рүү гарах газаргүй болж, зүрхэнд шигдэн ургасаар байгаа үр тариа мэт чимээгүй гунигийн минь эрин үе гэж нэрлэдэг юм.
Хайр надад гэрэвшил нулимсыг зэрэг зэрэг авчирсан. Хүмүүс та нар цэцэрлэг ногоо, цахирмаа цэцэгс, уулзаж байсан газар болон тоглож байсныг чинь гэрчлэх гудамжны булан тохой зэргийг дурсан санаж, томоогүй цайлган шулганаанаа сонсдог байх. Би ч бас нүдээ аних бүрдээ ид шид гайхамшиг дүүрэн тэр л хөндийг, тэнгэрт тулам агуу сүрлэг өндөр уулсыг харж, чихээ таглах бүрдээ их хотын шуугиан, бяцхан горхины хоржигноон, модны мөчир сэрчигнэх чимээг сонсон хойд зүгийн үзэсгэлэнт Ливан нутгаа дурсан санадаг аа.
Та нарт одоо яриад байгаа тэр гоо үзэмж, эхийнхээ хөхийг санан мөрөөсөх бяцхан хүүхэд адил очихыг удаан хүсэн мөрөөдөх тэр үзэсгэлэн гоо гэгч сэтгэлийг минь шархлуулж, залуу насыг минь уудам огторгуйд дураараа нисэх шувуудын цувааг хараад өргөст торонд тарчлах шонхор лугаа харанхуйд хорьсон юм. Тэдгээр хөндий толгодыг дүрслэн санадаг ч, харин гашуун бодлууд маань горь тасарсан торон хэлхээ болон сэтгэлийг минь ороон сүлжинэ.
Хөндий талдаа ирэх бүрдээ яагаад ч юм сэтгэл гонсойж, саарал тэнгэрийг харах бүрдээ би зүрхээ агшихыг мэдэрнэ. Шувуудын жиргээ, булгийн ус хоржигнохыг сонсох бүрдээ яагаад ч юм шанална.
Хэтэрхий энгийн юм үзээгүй байх хүнийг эзгүйрүүлж, тэр эзгүйрэл нь түүнийг бодох санах юмгүй болгодог гэлцдэг. Энэ нь үхмэл, эсвэл хүйтэн хөндий хүмүүсийн хувьд л магадгүй үнэн байх. Харин ихийг мэдэрч, багыг мэддэг хурц мэдрэмжтэй хөвүүний хувьд бол тэрээр наран доорх бүтээлийн хамгийн азгүй нь. Учир нь тэр нэгэн хөвүүн хоёр зүйлийн дарамтанд өмөрч яваа нэгэн. Эхнийх нь түүнийг сэргээж, бөөн бөөн мөрөөдлүүдээрээ амьдралын сайхныг мэдрүүлдэг. Харин хоёр дахь нь түүнийг газартай шахаж, нүдийг нь элс шороогоор дүүргэж, айдас болон харанхуйгаар багладаг юм.
Ганцаардал гэгчид мяндсан зөөлөн гар байдаг ч, зүрх сэтгэлийг булаан авч, уйтгар гунигаар өвчлүүлдэг хүчит сарвуу бас байдаг юм билээ. Ганцаардал гэгч уйтгар гунигийн хамсаатан,сэтгэл хөдлөлийн найз нөхөр бололтой.
Уйтгар гунигт автсан тэр хүүгийн сэтгэлийг дэлбээгээ дөнгөж нээх цагаан сараана цэцэг гэлтэй. Тэр цэцэг зөөлөн салхи сэвэлзэхүйд найган ганхаж, үүр цайхад зүрхэн дэлбээгээ нээж, шөнийн сүүдэр нөмрөхөөр навчсаа хумьдаг юм. Хэрэв тэр хүүд зугаа цэнгэл, хамт тоглодог анд найзууд гэж байдаггүй байсан бол түүний амьдрал аалз шүлсээрээ тор нэхэж, хорхой шавьж гүйлдэхээс өөр юу ч байдаггүй шоронгийн умгар өрөө шиг л байх байсан биз ээ.
Залуу насны минь турш намайг шаналгах тэр их уйтгар гуниг зугаа цэнгэл хөгжөөн наадам дутсандаа намайг нөмөрсөн юм биш ээ. Тэр бүгд надад байсаан. Найз нөхдөөр дутсандаа ч бас биш. Анд нөхдийг ч би олохыг олж явлаа. Намайг хайрын ганцаардалд оруулсан сэтгэлийн доторх оёнго өвчин л тэр их гунигийг дагуулсан юм даа. Энэ эмгэг миний доторх тоглоом наадам, зугаа цэнгэлийн төлөөх дур хүслийг минь хөнөөж орхисон юм. Энэ өвчин л хоёр мөрөн дээрх залуу насны минь даль жигүүрийг тасалж, энэ өвчин л намайг дүнхийх уулс дээр тусах сүг сүүдэр мэт болгож, энэ өвчин л намайг тэнгисийн зүг шуугин урсах гарцаа олж чадахгүй өмхийрсөн тогтоол ус шиг болгосон.
Арван найм хүртлээ миний амьдрал нэг иймэрхүү л байлаа. Арван найм хүрдэг тэр жил миний амьдрал уулын оргил мэт болов. Миний доторх танин мэдэхүй сэрж, намайг хүмүүний сайн мууг ухаарахтайгаа болгож билээ. Тэр л жил би дахин төрсөнсөн. Хүн дахин төрөхгүй бол амьдралынх нь туурвил номонд хоосон хуудас үлдэх ажгуу. Тэр л жилд би үзэсгэлэнт нэгэн бүсгүйн нүдээр над руу ширтэх тэнгэр элч нарыг харж, тэр л жил би муу хүмүүсийн зүрх сэтгэл дотор буцлан буй тамын чөтгөрүүдийг олж харсан юм. Гоо үзэсгэлэн доторх тэнгэр элч чөтгөр шулам хоёрыг болоод амьдралын атаа хонзон, муу муухайг олж хардаггүй хүн мэдрэхүйн ганцаардлаас алслагдан, сэтгэл нь хоосон мөрөөдлийн уйд автах биз ээ.
Нэгдүгээр бүлэг төгсөв. Үргэлжлэл бий.