
1969
онд Замир "Моссад”-ын захирлын албан тушаалд ирэхэд Палестины "Хар
есдүгээр сар” байгууллагаас үүсэлтэй террорист ажиллагаатай тэмцэх
тэмцэл ид өрнөж байсан үе. 1972 оны 09-р сарын 05-ны өдөр тэр
байгууллагын дайчид Мюнхен хотод болсон Олимпийн ХХ их наадмын үеэр
Израилийн баг тамирчдыг бараг бүгдийг нь хөнөөсөн юм.
Тэрхүү гунигт явдлын үед Замир даруй Мюнхен рүү нисч, ХБНГУ-ын аюулаас хамгаалах албаны мэргэжил нэгтнүүдтэйгээ хэлэлцээр хийв.
Тэрбээр
Баруун Германы албаны хүмүүсээс Израилийн тусгай үүрэг гүйцэтгэх
дайчдыг барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх ажиллагаанд оруулах зөвшөөрөл
өгөхийг хүссэн ч татгалзсан хариу авсан юм. Тиймээс тэрбээр яах ч
аргагүй болж, Мюнхений онгоцны буудлын ажиглах цамхаг дээрээс бэлтгэл
муутай Германы "командос”-ын дайчид барьцаалагдсан Израилийн тамирчдыг
чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхдээ эхний гал нээлтээр бүх террористуудыг
устгаж чадахгүй байгааг ажиглаж зогсов. Амьд үлдсэн гурван террорист
нисдэг тэргэнд гавлагдсан тамирчид руу буудаж, гранат шидэж дэлбэлсэн
юм.
"Моссад”-ын нэр хүндэд сэв сууж, Замирын зарим эрх мэдлийг
Ерөнхий сайд хатагтай Голда Меирын ивээлд байдаг генерал Аарон Яривт
шилжүүлж, терроризмтой тэмцэх асуудал хариуцсан зөвлөхөөрөө томилжээ.
Заир, Ярив нарын харилцаа хүндрэв. Яривыг албан тушаалд дэвшүүлэн
томилсон явдал "Моссад”-ын захиралд үл итгэж байгаагийн илэрхийлэл болж,
түүний нөлөө багасахад нөлөөлөв.
Замирын сэтгэлийг нэг л зүйл
тайтгаруулж байсан нь Мюнхенд болсон гунигт явдлаас хойш түүний удирдаж
байсан байгууллагын нийгэмд эзлэх байр суурийг үндсээр нь өөрчилсөн
явдал юм. Хамгийн гол нь энэ байгууллагын төсвийг хоёр дахин
нэмэгдүүлжээ. Засгийн газрын тэргүүн Замирт хандан "Танд чөлөөтэй
ажиллах бүрэн эрхийг олгоё. Манай тамирчдыг хороох ажиллагаанд холбоотой
бүх хүнийг галзуу нохой мэт устгахыг би хүсч байна” гэсэн юм.
"Моссад”-ын
дүн шинжээчид олон долоо хоногийн туршид нүсэр их ажил хийснээр тэрхүү
аллагад "холбоотой” гэх 13 хүний нэрсийн жагсаалтыг гаргажээ. Бэлтгэл
ажил хэдэн сар үргэлжилж, энэ хугацаанд тусгай ажиллагааны "Мицвах
элохим” ("Бурхны хилэгнэл”) бүлэг байгуулагдав. Тэгээд байрны гол орц,
зочид буудал, Европын хотуудын гудамж, Бейрут хот, нэр хүнд бүхий ажил
хэрэгч хүний орон сууц, ажлын байранд харгис ширүүн дайн дэгдээв. Хэвлэл
мэдээллийн хэрэгслээр олонд ямар ч ойлголт төрүүлэхгүй нэр бүхий араб
хүмүүс учир битүүлэг нас барсан тухай мэдээ ойр ойрхон гарах болов. Тэр
болгонд "Моссад”-ын гаргасан нэрсийн жагсаалтаас хүмүүсийн нэрс
харандааны үзүүрээр нэг нэгээрээ дарагдаж байв.
Мюнхений тооцоо
дуусах өдөр ирэв... Замир, Ярив хоёрын боловсруулж, Израилийн тусгай
зориулалтын ажиллагааны ангийн 1973 оны 04-р сард хэрэгжүүлсэн "Залуу
насны хавар” гэдэг нэртэй хурц ажиллагааг дурьдахгүй өнгөрч боломгүй.
Ажиллагааны дүнд Бейрут хотын төвд өөрсдийнх нь орон сууцанд Палестины
чөлөөлөх байгууллагын (ПЧБ) нэрт гурван зүтгэлтний амийг хөнөөснийг
сануулъя.
"Залуу насны хавар” ажиллагаа
1973
оны 02-р сарын эхээр хуралдсан тэр нэгэн нууц хуралдааныг "Сайерет
маткаль”-ийн захирагч Эхуд Барак хуралдуулсан юм. Тэрбээр хуралд
ирэгсдийг анхааралтай ажиглаж, гэнэт нэг санаанд таатай сайхан зүйл
толгойд нь орсон мэт инээмсэглэв. Тэгээд нэг ч үг хэлэлгүй цүнхнээсээ
хүрэн өнгийн дугтуй сугалан дотроос нь хар, цагаан өнгийн гурван ширхэг
гэрэл зураг гаргаж цээжин дээрээ тогтоов. Тэрбээр удирдлагад нь
ажилладаг тэдгээр хүмүүс гайхширсан царайтай байгааг хараад ихэд сэтгэл
хангалуун бололтой мэт байлаа. Тэгээд нэг зураг руу хуруугаараа заагаад
намуун дуугаар:
- Энэ ноёнтныг танихгүй хүн байгаа бол танилцахыг
хүсье. Энэ бол "Хар 09-р сар” байгууллагын тэргүүн, тэр байгууллагын
үзэл суртлын номлогч Мухаммад Абу-Юсеф Нажар юм. Барак нөгөө нэг зургийг
зааж, ФАТХ (Палестины чөлөөлөх үндэсний хөдөлгөөн)-ын явуулсан бүх
тусгай ажиллагааг хариуцан удирдсан, мөн Израилийн нутаг дэвсгэр дээр
явуулсан бүх террорист ажиллагааг удирдан хэрэгжүүлсэн Камаль Аднан гэв.
"Гэрэл зургийн үзэсгэлэнгийн” гурав дахь нь Ясир Арафатын хэвлэлийн
асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Камаль Насер юм гэж танилцуулав.
Тусгайгийн
дарга нар бүгд даргынхаа үг болгоныг амьсгаа даран сонсоцгоож байлаа.
Барак ширээн дээр Бейрут хотын нарийвчилсан газрын зургийг дэлгэж тавиад
эгэл жирийн тосон балын үзгээр зураг дээр зарим зүйлийг зааж:
-
Камаль овогт хоёр буюу Аднан, Насер нар нэг байшинд 2, 4-р давхарт
амьдарч байгаа. Тэдгээрийнхээс холгүй байранд Абу-Юсеф амьдардаг юм...
гэв.
Тусгай ангийн дарга нар нь маш туршлагатай мэргэжилтнүүд
байсан тул Бейрут хотод өшөө авах ажиллагаа явуулах бэлтгэлд орох гэсэн
энэхүү шуурхай хуралдааны үнэн зорилгыг тэр даруй л ойлгожээ. Барак
газрын зургаас хөндийрч, офицерууд руугаа харан:
- Тиймээс
"Моссад”-ын олж авсан бидэнд шаардлагатай бүхий л мэдээлэл, мөн хотын
дүүргийн нарийн бүдүүвч зураг байна... Тэгэхээр бид үүнд хүрч чадах уу
гэдгийг та нар одоо надад хэл гэв.
Офицер нэг бүр явуулах гэж байгаа
ажиллагааны талаар өөрийн бодол санал, зөвлөгөөгөө хэлцгээв. Барак
тэдний хэлж байгааг анхааралтай сонсоод тэмдэглэлийн дэвтрийн хуудас
цаасан дээр зөвхөн өөрөө л ойлгох төдий тэмдэглэлийг хийж байлаа.
Ажиллагаа явуулах газарт хорлон сүйтгэх бүлгийг хүргэх ажиллагааны
хувилбаруудыг ярилцах үед нэг офицер нисдэг тэрэг ашиглах тухай санал
гаргахад Барак шууд татгалзаж,
- Нисдэг тэрэг ашиглах нь тохиромжгүй! гэв.
- Яагаад тэр вэ?
- Дэндүү их дуу чимээ гарна. Тэр их дуу чимээ бидний ажилд сөргөөр нөлөөлнө гэв.
Бид дуу чимээ гаргалгүй ажиллах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байна...
- Далайгаар уу? гэж нэг нь намуухан дуугаар асуув.
Барак толгой дохин:
-
Тийм ээ, далайгаар. Жирийн жуулчны дүрээр. Энэ ажиллагааг бид гадаад
тагнуулынхантай хамтран гүйцэтгэнэ. "Моссад”-ын залуучууд биднийг
машинаар хангах зорилгоор биднээс арай түрүүлж очно...
Хуралдаан дээр
тэрбээр өөрийнх нь хүсэлтээр Бейрут хотод явуулах энэхүү ажиллагаанд
тусгайлан зориулж дуу намсгагчтай "Узи” загварын автомат буу хийж байгаа
тухай мэдэгдэв.
* * *

Мюнхен
хотод Израилийн тамирчдын амийг хороосон алуурчид, Палестины
террористуудын удирдагчид Бейрут хотын баруун хойно байрладаг ихээхэн
тансаг Рамлат аль-Бейда дүүрэгт амьдарч буй мэдээ Израильд ирмэгц
ажиллагаа бэлтгэлийн шатандаа шуудран оров. Дүн шинжилгээ, тагнуулын
аргаар ажиллагааны бэлтгэлийг хангах үүрэг хүлээсэн "Моссад”-ын
ажилтнууд өшөө авах энэхүү ажиллагаа туйлын их эрсдэлтэй, үүнийгээ
дагаад үр дүн нь маш бага болно гэсэн эвгүйхэн дүгнэлт гаргав. Чухам тэр
цагаас л ажиллагааны бэлтгэлийг хангах хугацааны туршид "Моссад”-ын
мэдэлд шилжүүлээд байсан генерал Кути Адам тухайн үед Израилийн гадаад
тагнуулын байгууллагыг удирдаж байсан Цви Замирт тусгай үүрэг гүйцэтгэх
ангийн хүчийг ашиглахыг зөвлөсөн юм.
Замиртай уулзах уулзалтан дээр Адам:
- Танай мэдээлэгч, туслагч нарыг бодвол Эхудын залуучуудад амжилтад хүрэх магадлал илүү их юм... гэв.
Баракийг
"Моссад”-ын захирал өөр дээрээ дуудав. Уулзалт дээр түүнтэй хамт нууц
ажиллагаа төлөвлөх тусгай зориулалтын хүчний шинжээч Амнон Биран бас
байв. Замир "командос”-т авагдсан мэдээллийг танилцуулаад бууралтсан
хөмсөгөө зангидав. Үнэхээр гунигтай дүр төрх харагдаж байгаа.
Террористуудын удирдагч нарын амьдарч байсан байрыг "Хар 09-р сар”
байгууллагын зэвсэглэсэн хүмүүс хамгаалж байсан бөгөөд гэгээ тасармагц
байрны хавь орчмыг тусгай прожектороор гэрэлтүүлнэ. Хотын дүүргийн
тухайн газарт нууцаар нэвтэрнэ гэдэг онолын хувьд ч боломжгүй зүйл байв.
Замирын үгийг сонсоод Барак хэдэн минут хэртэй дуугүй сууж байгаад:
-
Бодох зүйл байна... Ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд надад ямар ч
байсан хамгаалалтын хүч, байшингуудын байршлын тухай нэмэлт мэдээлэл
хэрэгтэй. Мөн энэ дүүргийг цагдаагийн болон цэргийнхний хичнээн хүний
бүрэлдэхүүнтэй ээлж хянадаг тухай тодорхой тоо хэрэгтэй байна. Хамгийн
чухал нь чухам хэдэн цагийн үед террористууд гэртээ баталгаатай байдгийг
мэдэх хэрэгтэй байна гэв.
Замир толгой дохиод тусгайн шинжээчийг
орхин гарав. Баракийн хүссэн мэдээллийг "Моссад”-ынхан гурван долоо
хоногийн дараа олсон байлаа. Тэгсэний дараа л тэрбээр Кути Адамд ""Хар
09-р сар” байгууллагын талаархи бодол төлөвлөгөө чинь хэвээрээ байгаа
бол Бейрут хотод ажиллагаа явуулж болно гэж бодож байна...” гэв.

Уг
мэдээлэл тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Моше Даяаны ширээн дээр
ирэхэд тэрбээр Жанжин штабын даргатай уулзсан даруйдаа тусгай хүчнийхний
явуулдаг хорлон сүйтгэх ажиллагааны цар хүрээг өргөтгөх шийдвэр гаргав.
Уг ажиллагааныхаа хоёрдугаар шатанд Бейрут хот дахь Палестины
террористуудын бааз руу өргөн цар хүрээтэй давшилтыг зохион байгуулах
байв. Мюнхен хотод Израилийн тамирчдыг хөнөөсөн цуст аллагын буруутан
террористуудыг устгахад чиглэсэн ямар ч ажиллагааг Засгийн газрын
тэргүүн хатагтай Голда Мейр зөвшөөрнө гэдэгт Даяан эргэлзэхгүй байлаа.
Энэхүү явдлаас хэдхэн сарын өмнө "Хар 09-р сар” байгууллагын алуурчдыг
ямар ч аргаар хамаагүй олж тогтоон толгой дараалан устгах үүргийг
Ерөнхий сайд өөрийн биеэр "Моссад”-ын захиралд өгсөнийг тэрбээр мэдээж
байсан нь дамжиггүй.
Даяаны тооцоолж байсан нь ямагт зөв байдаг
шигээ энэ удаад ч тэрбээр алдсангүй. Бейрут хотод явуулах ажиллагааны
нэг зорилго нь Мюнхений Олимпийн их наадмын үеэр Израилийн тамирчдын
эсрэг халдлагыг биечлэн төлөвлөсөн Ясир Арафатын нэгдүгээр орлогч Абу
Юсефыг устгах явдал гэдгийг сонсмогц хатагтай Голда эл ажиллагааг
явуулахыг шууд зөвшөөрчээ.
Уг ажиллагааг "Сайерет маткаль”-ын
дарга Эхуд Баракаар удирдуулахыг "Моссад”-ын нэг адил Батлан хамгаалахын
сайд ч бүрэн дэмжив.
Даяан Жанжин штабын дарга Давид Элазарт:
- Түүний залуучууд үүнийг хийх бүрэн чадвартай гэж бодож байна” гэв.
Тусгайнгийн
дайчид Бейрут руу нууцаар нэвтрэх ажиллагаа батлагдсан гэдгийг мэдэж
байсан Барак ажиллагаа эхлэхгүй бүтэн сар болоход түүнд ямар ч удирдамж
ирсэнгүй. Энэ явдал түүний гайхшралыг барж, бас болгомжлол төрүүлж
байлаа. Өнгөрсөн сарын хугацаанд Даяан, Элизар хоёр тусгайнхны
ажиллагааг улам өргөжүүлж, бусад "бай”-нд өргөн хэмжээний цохилт өгөх
боломж бий эсэхийг тооцоолж байсныг тэрбээр мэдээгүй байсан хэрэг. Энэ
нь юуны өмнө Бейрут хотын өмнөд хэсэгт Вади Шуба дүүрэгт байрлах
Палестины дүрвэгсдийн Сабра лагериэс холгүй гол штаб нь байрладаг
"Палестиныг чөлөөлөх фронт” байгууллагын удирдагчдыг устгах явдал байсан
юм.
Ажиллагааны энэ хэсгийг нь Даяан ЦАХАЛ (Израилийн Батлан
хамгаалах арми)-ын батальоны захирагч дэд хурандаа Амнон Липкин-Шахакад
хариуцуулав.
Үргэлжлэл бий...