БОР ӨВӨЛ
Шинэ жилийн урт амралтыг хүмүүс янз
бүрээр л амарч өнгөрөөсөн байх. Нутаг уяатай хүмүүс бол амралтын хэдэн
өдрийг ашиглаад, хөдөө рүү ухасхийгээд ирцгээсэн нь лав. Тэдний нэгэн
адил Өвөрхангайн Бат-Өлзий рүүгээ яваад ирлээ. Тэнд дулаахан гэж
жигтэйхэн. Үдийн цайнаар хаалгаа сөхөхгүй бол халуудаад, дан цамцтай
гадаа зогсоход жиндэхгүй, тийм л ер бусын дулаан байна лээ. Цас ч алга.
Ууландаа хүртэл бор байна гээд бод. Уг нь он солигдох мөч цастай, жавар
тачигнасан агаартай л байдагсан, манай хангай нутаг. Харин энэ жил анх
удаагаа ийм бор өвлийг, ийм дулаахан шинэ жилийг үзлээ. Дөрвөн улиралтай
улсад байгалийн жам ёсноосоо гажсан энэ үзэгдэл хүн, малдаа таатай ч
хавар хатуу болж магадгүйд эмзэглэх хүн ч байна.
Гэхдээ үнэнийг
ханатай хэлчихдэг өвгөдийн үг бол нааштай л байна лээ. Оргилуун дарс,
исгэлэн мандаринтай шинэ жилийг мэдэх орчин үеийнхэнд бол энэ бов бор
өвөл он солигдох үеийн уур амьсгалтай нэг л авцалдаж өгсөнгүй. Өвөө
маань саалийн ганц үнээ, эрх тугал, цатгалан банхраараа хань хийсэн
шигээ өвөлжиж байна. Хоймроор зулаатай бурханы тоо улам нэмэгдэж, өдөрт
барьдаг зулын тоо зургаа болж үржжээ. Хэзээд л өвөр дулаахан угтдаг,
арцны үнэр сэнхийсэн гэр минь. Манайхаас хүн тасарна гэж үгүй. Сүүлийн
үед орж гарах хүмүүс бүр ч нэмэгдсэн байна лээ. Дандаа л хүүхдээ
тэвэрсэн, дагуулсан хүмүүс. Бүр Эрдэнэтээс өвөөг маань сурсаар ирж,
хүүхдээ эмчлүүлсэн хүн ч бйй гэсэн. Өвөө маань эмч домч, эсвэл үзмэрч,
бөө биш л дээ. Мөрийн хар хүн. Гэхдээ л өвчин ороодог хүүхдүүдийг
аргалчихаад байдаг юм. Үүнийг шашин номтой айхтар холбохоосоо илүү хувь
заяатай нь холбоотой юм шиг санагддаг. Чухамдаа энэ талаар л бичих гэж
зорьсон хэрэг.
ХҮҮХДЭД ХАЙРТАЙ ХҮН
Миний
өвөөг Сэрээнэндоржийн Дагвадорж гэдэг. Сэтгүүлч болсоор олон ч
нийтлэлийг өвөөдөө зориулж бичсэн дээ. Бичих эрх, тавих сонины зайтайдаа
түрий барьж бичээд байсангүй. Өвөө маань өөрөө намтар баян, буян
арвинтай хүн билээ. Сайн мужаан, сайн малчин, сайн "эмч", хүний сайхан
эцэг. Хүүхдийн өвчнийг анагаадаг нууц нь хүүхдэд хайртайд л оршдог гэж
боддог юм. Тийм ч байх шалтгаан, хувь зохиолтой хүн гэдгийг өнгөрсөн
амьдралынх нь түүх харуулдаг. Тэр түүхийг өвөөгийн ярьснаар хамтдаа
сөхье.
-Би ядуу ламын бага хүүхэд. Аав маань Уянгын хүрээнд шавилж
байгаад, лам нарыг баривчлах үед нутагтаа зугтаж ирсэн юм билээ. Тэр үед
эхнэр авч байж л аюулаас салдаг байж. Тэгээд гэр бүл болж, зургаан
хүүхэдтэй болсон. Уг нь би айлын дөрөв дэх хүүхэд. Миний доор хоёр
хүүхэд гарсны нэг нь бүр багадаа өнгөрөөд, надаас нэг дүү Дамдиндорж гэж
дүү маань 13 настайдаа өнгөрч байсан юм. Би бас хоёрдугаар ангид
байхдаа бие муудсан. Хоёр дүү нь өнгөрсөн болохоор аав ээж хоёр миний
төлөө л хамаг байдгаа зориулж байсан шиг байгаа юм. Миний хоолой
боогдоод, ярьж, гүйж чаддаггүй. Ярих гэхээр амьсгал хамраар гараад
явчихна. Тиймээс хамраа чимхэж байж хүнтэй ярина. Хоолой нь боосон хүн
чинь хоол бараг идэхгүй. Шингэлсэн цагаан хоол л иднэ. Зун хөвөнтэй
дээлнээс салахгүй. Учир нь зөөлөн бороо орохоор хөвөнтэй дээл өмсгөөд
гэрээсээ гаргачихаж байгаарай гэж сумын эмч Чойжилжав зөвлөж л дээ. Бас
цээж нүцгэлээд, ширгэн дээр хэвтүүлдэг. Тийм байдалтай хоёр жил болсон.
Үеийн хүүхдүүдтэй тоглож чадахгүй болохоор хажуугаас нь л харж зогсоно.
Борооноор тэд гэртээ орчихдог бол би гараад зогсчих жишээтэй. Ийм
маягаар эмчилсээр эдгэсэн юм. Хоёр жил сургуулиас завсардсан болохоор
тэр чигээрээ гарч, хар ажлын хүн болсон. Ажил л намайг хүн болгосон доо.
-Та өөрөө гэр бүл болоод бас хүүхдээ алдсан байх аа?
-Гэр
бүлтэй болоод удаагуй байхдаа хоёр настай, хоёр сартай хоёр
хүүхэдтэйгээ үлдээд эхийг нь алдаж байлаа. Хоёр сартай хүү маань зургаан
сартай болсон хойноо ганцхан шөнө муудаад л өнгөрсөн. Одоо бодоход
хоолны хордлого л байсан шиг байгаа юм. Тэгээд үлдсэн ганц хүүхэд нь
өвчин их ээрнэ ээ. Эмнэлэг, лам гээд явахгүй газар байсангүй. Ханиа,
хүүхдээ алдаад би 20 гаруйхан насандаа дун цагаан үстэй болсон. Тэгж
зовлон үзсэн хүн хүүхдэд өөрийн эрхгүй хайртай болдог юм билээ. Олон
хүүхэдтэй болохсон гэдэг хүсэл байсан. Тэгж яваад эмээтэй чинь таарсан
юм. Бид их хөгтэй нийлсэн. Би нэг аавын цээжтэй / УАЗ 452/ Хужирт руу
будаг зөөдөг байсан. Нэг удаа Хужиртаас буцаад явж байтал эмээ чинь
замаас дайгдаж суулаа. Тэгэхэд би өмсч явсан хөвөнтэй дээлээ өөрөө оёсон
байсан юм. "Наад дээлийг чинь хэн хийсэн юм бэ? гэж байна. "Өерөө
хийсэн" гэтэл "Дээл хийлгэмээр бол надад хэлчихэж байгаарай. Наадахь
чинь арай л болхи юм" гэсэн. Түүнээс өөр ч юм ярьсангүй явсаар
буулгасан. Эмээ чинь угийн дуу муутай хүн байсан юм. Маргааш өглөө нь
машинаа асаах гээд ортол хүүхдийн бойтог кабинд хэвтэж байна. Улсууд
өлзийтэй юм, өгөлгүй байж бай л гэж байна. Тэгэхэд эмээ чинь дөрвөн
хүүхэдтэй, нөхөр нь ослоор нас барсан байсан юм. Тэгсээр байгаад бид
сууя баръя ч гэж яриагүй явсаар нийлсэн дээ.
-Та багадаа хүн болох гэж аав ээжээрээ их асруулсан шигээ эргээд нөгөө хоёрыгоо их асарсан юм билээ?
-Хэвтэрт
орсон ээжийгээ гурван жил ээлжгүй сахисан. Өвөл, зунгүй бүхлээрээ
унтана. Хажуугаар нь чамайг өвөртөлчихнө. Чи надаас сална гэж байхгүй.
"Дагаадай" гээд л орилоод дагана. Малд явсан ч өвөртөө хийгээд л явдаг
байлаа. Ямар сайндаа нутгийнхан "Салаа хүн" гэдэг байх вэ. Эцгийгээ бол
яг 93 шөнө сахиж байсан юм.
Өвөө маань ийнхүү өөрийн ганц, хүний
дөрвөн хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн хүн. Миний бие өвөөтэйгөө цусан
төрлийн ямар ч холбоогүй. Өөрөөр хэлбэл эмээгийн дөрвөн хүүхдийн том
охиноос төрсөн юм. Амьдрал өвөөгөөс минь харамлахаа харамласан ч тэрээр
зүрх сэтгэлийнхээ уужмын хэрээр хайрыг олон хүнд түгээсэн билээ. Тиймээс
хувь заяа түүнийг өтөл насандаа хүүхдийн өвчин анагаах увидасаар
шагнасан байх.
АНАГААХ УВИДАС
Энд өвөөгийн
биш амьтдын анагаах увидасын талаар бичих гэж байна. Тэгэхдээ өвөөгийн
амьдралд тохиолдсон зүйлсийг баримт болгон иш татаж байгаа юм. Тэрээр
ийн ярьсан юм.
Нохойн мах уушгины өвчинд тустай
Хэдийгээр
миний хоолой боох өвчин намжсан ч өвөл болохоор хоолой сөөдөг байсан
юм. Нэг удаа аавд маань явуулын хүн баавгайн доньд авчирч өглөө. Түүнийг
сар хэртэй өдөр бүр буцалгаж уугаад, хоолойн сөөлт дарагдсан. Бас
болоогүй, хоёр жил хоолой өвдсөн нь уушгинд нөлөөлж л дээ. Ингээд
уушгины өвчтэй болж таарав. Тэгэхдээ үүнийгээ өөрөө ч мэдэлгүй
эдгээчихсэн юм. 16-тайдаа хот руу мужааны курст сурахаар болов оо.
Тэгэхэд манай сургууль Эх нялхсын эмнэлгийн хойно байсан юм. Тэндэхийн
эмч нар, хүүхдээ сахисан эцэг эхчүүдийн хоолыг 24 дүгээр гуанз хийж
өгдөг байсан байхгүй юу. Дандаа хуушуур хийж өгнө. Хавар нэг очоод
хуушуураа идэх гэтэл цоожтой байх юм. 20 гаруй хоногийн дараа гуанзны
тогооч нарын хэргийг нь таслах гэж байгаа, шүүх хуралд нь үйлчлүүлж
байсан хүмүүсийг суулгана гэнэ. Тэгтэл бидэнд нохойны махаар хуушуур
хийж өгдөг байсан байгаа юм. Харин надад аз болж, нохойн махаар хийсэн
хуушуур идсэнээрээ миний уушги эдгэснийг хожим мэдсэн. Учир нь байнга
халуурч, зовиурладаг байсан маань зүгээр болоод зогсохгүй хойтон жил нь
цэрэгт явахаар шинжилгээ өгөхөд уушги зүв зүгээр гарсан юм.
Доргоны цус нарийнтах өвчинд тустай
Аав
маань нарийнтаад, хоол ордоггүй болсон байсан. Нарийнтах өвчинд доргоны
цус сайн гэдэг болохоор Билүүтийн эхээс дорго барьж ирлээ. Дорго барина
гэдэг хүний амьтай тулсан ажил байдаг юм билээ. Эхлээд модны хөндий руу
хөөж оруулчихаад, хойноос нь хөрөөгөөр тайраад байлаа. Гар хүрэх
хэмжээнд тайраад, хойд хоёр хөл дээрээс нь татаж гаргаад, дагзан дээрээс
нь нөгөө гараараа зууртал хойд хоёр хөл нь гарын ард шигдээд, цус
шүүрээд л байгаа юм. Урд хөл нь дугариглаад нуруунаас нь барьсан гар
дээр шигдчихсэн. Арай гэж гараа салгаж аваад уутанд хийгээд амыг нь
боолоо. Тухайн үед ширэн даалин гэж байсан юм. Тэр даалинд хийж тохоод
явахад л ууттайгаа морины хондлой дээр гараад ирнэ. Тэгж явсаар гэртээ
авч ирээд, гинжээр хүзүүгээр нь оосорлоод, 200-гийн поошигны тэг дунд
хүртэл өтгөөр дүүргэж байгаад хийчихлээ. Өдөрт гурван удаа адууны мах
бага багаар өгч хооллодог байсан. Ийм байдлаар гурван сар болсон
болохоор сүүлдээ надад дассан. Гүрээний судаснаас нь өдөрт аяга цус
аваад аавдаа өгнө. Сүүлдээ сурчихдаг юм билээ. Шанааг нь дараад цусаа
авахад нэг их эсэргүүцэхээ больсон. Тэр цусыг уугаад байхад өдөрт аяга
хоолоо идчихээд, цайгаа уучихаад л байдаг юм. Тэгээд л аав маань нарийн
өвчнөөрөө биш насны эрхээр өөд болсон доо. Өнгөрснийх нь дараа нөгөө
доргоныхоо чихийг цоолж ээмэг хийгээд, нүхэнд нь аваачиж тавьсан юм даа.
Өнөөх маань бэлэн мах идээд ирэхээрээ даалиндаа багтахгүй болтлоо
таргалсан байсан. Угаасаа өөрөө өөхөн бөглөө нэртэйг ч хэлэх үү. Тэр
амьтан миний аавд их тус болсон юм даа гэв.
Энэ бол өвөө бид
хоёрын цай уух зуураа ярьсан яриа. Энэ мэт амьдралын сонин учрал
тохиолын талаар үлгэр домог шиг олон зүйлийг тэр хүүрнэж чадна. Энд
тэмдэглэхийг хүссэн хамгийн гол зүйл бол миний өвөө хүүхдэд үнэн
голоосоо хайртай хүн.
Д.Пүрэвсүрэн /ҮНДЭСНИЙ ШУУДАН/