Хэдэн жилийн өмнө Кимура Аяако гэдэг япон хүний нийтлэлийг анх уншиж их олон зүйлийг эргэцүүлэн бодож байлаа. Түүний нүдээр "Монгол” гэх улс ямар өрөвдөлтэй, арчаагүй харагддагийг мэдээд надад харамсах сэтгэл төрсөн юм. Ингээд би ч гэсэн 12 жил Япон оронд ажиллаж амьдарч ирсэн болохоор япон хүмүүсийн тухай бичмээр санагдлаа.
Би анх 2004 онд Японд хөл тавьсан юм. 8 сард ирсэн болохоор саунд орсон юм шиг бүгчим халуун угтсан юм. Машин, цонх, шил нь гялалзсан хотын гудамж нь цэв цэвэрхэн, машины засмал болоод хурдны зам нь ямар ч өө сэвгүй гэх мэтчилэн Япон улсын хөгжил дэвшлийг хараад ажилсаг, хөдөлмөрч байна гэдэг ямар том үр дүнд хүргэдгийг ойлгож билээ.
Ингээд би оюутан монгол эгч дээрээ очиход тааз намхан, умгар жижигхэн байр угтсан юм. Зай завсрыг маш сайн ашигласан байлаа. Манайхаар бол 1 өрөө байх талбайг 2 өрөө болгосон зохион байгуулалттай байв. Ванн, жорлон бүгд бөгс эргэх зайд багтсан байлаа. Эгч маань үүнээс ч жижиг байр байдгийг хэлэхэд би бүр ангайж билээ. Хүн ам ихтэй, газар нутаг багатай гэдэг ойлголтыг шууд л эхний өдрөөс мэдрэх шиг санагдсан юм. Энэ бол миний анхны төрсөн сэтгэгдэл.
12 жил болоход хотын даргаас өгсүүлээд дундаас доош орлоготой янз бүрийн ч хүмүүстэй уулзаж учирсан юм. Япон хүмүүсийг илүү их мэддэг боллоо. Тэднээс авах зүйл их бий ч, хаях зүйл ч цөөнгүй.
Японоос суралцах зүйл маш их. Япончууд ажлыг үнэн сэтгэлээсээ шаргуу хийдэг. Цагийг яс барина, худал хэлэхийг үзэхгүй, ах захаа мэддэг хүмүүс. Үнэхээр ажлын төлөө төрсөн хүмүүс байдаг.
Япончууд ахлах сургууль зарим нь бүр дунд ангиа төгсөөд л шууд ажил дээр гардаг. Миний харснаар их сургуулийн төлбөр өндөр тул боломжтой айлын хүүхдүүд эсвэл үнэхээр цааш сурах зорилготой хүүхдүүд л их сургуульд сурдаг юм билээ. Манайх шиг болсон болоогүй заавал их, дээд сургуульд сурсан байх ёстой гэсэн ойлголт байхгүй. Манайхыг бодвол Японд ажлын байр их байдагтай ч холбоотой байх.
Миний бодлоор өнөөгийн энэ Япон улсыг бий болгосон ахмадууд агуу хүмүүс гэж боддог. Тэдний нөр их хөдөлмөр шинэ үеийн ганхашгүй бат бэх ” Япон” орныг бий болгосон юм. Учир нь тэд маш их зовлон үзсэн, японы хэцүү цаг үед улсаа өөд нь татах гэж маш их хөдөлмөрлөсөн хүмүүс учраас. Японы хөгшчүүд өөрсдөө ч тэгж ярихыг бишгүй л сонсож байсан юм. Би хэдийгээр залуу хүн ч гэсэн ахмад хүний яриаг сонсох дуртай.
Залуусын хувьд мундаг залуу бий ч гэсэн нилэнхүйд нь авч үзэх юм бол одоогийн энэ хөгжилтэй орныхоо бэлэн юман дээр сэтгэхүй нь эвдрэлд орж байгаа залуус мэт санагдана. Наад зах нь тэд ерөнхий сайдынхаа бүтэн нэрийг ч мэддэггүй.
За, Монголыг маань "Хятад уу, морь, тал газар 2-оос өөр юм байхгүй юу” гэж асуух нь энүүхэнд. Бид хэзээ ч Японыг "самурай, гейша одоо байгаа юу” гэж асуухаар түвшний мэдлэгтэй хүмүүс биш. Дэлхий дээр 200 ч хүрэхгүй улс байхад барагцаагаар хаана ямар улс байдгийг ч тэд мэдэхгүй.
Кимура Аяако монголчуудыг юм сурья гэж боддоггүй, ганц сурч байгаа юм нь гадаад хэл гэж хэлсэн байсан. Тэгвэл япон залуус биднээс дор, юм мэдэхийг ч хүсдэггүй, хэл ч сурдаггүй, хэл сурах авьяас ч байдаггүй юм байна лээ.
Ихэнх япон залуус юуны төлөө ажиллаж байгаа нь ч ойлгомжгүй.Тэдний ихэнх нь пачинко, слот гэх мэт автомат тоглоомонд донтсон байдаг. Ажил тараад тэд тэр тоглоом руугаа зүглэнэ. Ганц амралтын өдрөө ч гэсэн чих дүлийрэм чимээ шуугиантай, манан татсан мэт тамхины утаанд бүтэн өдрийг өнгөрөөнө. Энд бүх насны япончууд тоглодог.
За, тэгээд шөнийн зугаа цэнгэлийн хувьд маш өвөрмөц цэнгэдэг хүмүүс. Монголчууд бид найз нөхдөөрөө нэг газар орж суух юм уу, бааранд бүжиглэх эсвэл караокеддог бол Японд Монголд байдаггүй шөнийн цэнгээний газар жинхэнэ хөгжсөн орон. Манайхны нэрлэдгээр ширээний хүүхэнтэй газраас өгсүүлээд биеийн жаргалыг эдлүүлдэг газрууд төрөл төрлөөрөө төрөлжсөн байдаг. Хамгийн гаж секс дүр төрхийг зөвхөн Японд л харж болно. Монголчууд бол хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй тийм л садар газрыг энд харж болно. "Комбини” гэж нэрлэдэг 24 цагийн үйлчилгээний газарт хүүхдийн номтой бараг зэрэгцүүлээд хамаг нандин эрхтнээ дэлгэсэн япон хүүхнүүдийн зурагтай шалиг сэтгүүлүүдийг өрж тавьсан байх нь энүүхэнд. Японы бүх номын дэлгүүрүүдээс ийм сэтгүүлүүдийг харж болно.
Япон хүүхдүүд ийм л маягаар сексийн талаар анхны мэдэгдэхүүнийг олж авдаг. Ер нь Японд гаж зүйлс маш их. Анимэ, комикт хэт автан хүүхэлдэйн баатартай төстэй болох гэж хачин стиль хөөсөн залуус маш олон бий.
Миний бодлоор япончууд өөрсдийн унаган царай төрхөндөө сэтгэл хангалуун бус юм шиг санагддаг. Яагаад гэхлээр, тэд анимэ, комик, хүүхэлдэйн киног бүтээхдээ урт хөлтэй, том нүдтэй, өндөр хамартай европ төрхийг гаргадаг. Гэтэл япончууд энэ дүр төрхөөс хол зөрсөн ази хүмүүс. Япон дүр төрхийг илэрхийлсэн баатрыг би цөөн харсан. Телевизийн "талент” гэж нэрлэдэг дэлгэцийн нүүр царай болсон хүмүүс нь ихэвчлэн эрлийзүүд байдаг.
Мөн миний хамгийн их гайхсан зүйл гэвэл, эхнэр нөхөр хоёр тус тусдаа унтдаг төдийгүй ор дэрний ажлыг бараг хийдэггүй гэж бүх танилуудаасаа сонсч байсан. Тиймээс тэд хүүхэн шуухантай шөнийн цэнгээний газраар явах нь элбэг. Тиймдээ ч иймэрхүү газрууд эрт дээр үеэс оршин тогнож ирсэн байх.
За, тэгээд монгол хүний санаанд багтамгүй зүйл маш их. Монгол хүн ээж, аавыгаа бурхан мэт дээдэлдэг хүмүүс. Япончууд нас бие гүйцээд тусдаа гаран бие даадаг хүмүүс. Тэд ээж, аав дээрээ очих нь байтугай утсаар ярих нь ч ховор. Би хэд хэдэн хүнээс ээжтэйгээ уулздаггүй, уулзаж яах юм бэ гэж хээвнэг хэлэхийг сонсоод гайхаж байсан. Нэг хүн бүр аавыгаа асрах хэцүү байсан болохоор асрамжийн газар өгсөн өөрөө хааяа эргэж очдог гэж байсан. Японд хөгшчүүдийн асрамжийн газар маш их. Тэнд байдаг хөгшчүүд бүгд үр хүүхэдтэй. Тэд хүүхдүүддээ гай болохыг хүсдэггүй, хүүхдүүд нь ч өөртөө лай үүрэхийг хүсдэггүй гэсний үндсэн дээр ийм шийдэлд хүрдэг.
Мэдээж үүнд бүх япончуудыг хамруулаагүй юм шүү. Гэхдээ энэ бол Японы нэгэн хэвийн үзэгдэл.
Япончууд өглөөнөөс орой хүртэл яс ажилладаг хүмүүс. Тэд яг л робот шиг ажилладаг. Ажлын ачаалал ч ихтэй. Үүнээсээ болж маш их стрессдэг. 40,50 нас хүртлээ ганц бие явж байгаа хүн цөөнгүй. Япончууд ер нь ажлыг нэгдүгээрт, гэр бүлийг хоёрдугаарт тавьдаг хүмүүс. Японы хөгжилд энэ нь ашигтай хэдий ч, хүн амын насны тэнцвэржүүлэлтэнд асуудал гарч байгааг сүүлийн үед зурагтаар ярих болсон. Энэ нь хүүхдийн төрөлт бага мөн ганц бие явахыг илүүд үзсэн хүмүүс ихэссэнтэй холбоотой.
Япончууд, голцуу залуучууд нь, (мэдээж бүгд биш) асар явцуу ухаантай, чулуужсан сэтгэлгээтэй санагдсан. Ярьж байгаа зүйлийг нь, сонирхож байгаа зүйлийг нь саруул ухаанаар тунгааж үзвэл ойлгоход тун төвөгтэй, яаж бодохоороо ингэж боддог байнаа гэж бодогдохоор. Өөрсдийгөө их голно, гадны европ юм уу, заримдаа африк гаралтай залуусыг харахаараа баярлана, яаж тэдэн шиг болох уу гэж хичээнэ. Тэгсэн мөртлөө бусад азийн улсаас ирсэн хүмүүс рүү асар их дээрээс харна, доош нь хийнэ. Гэмгүй царайлж хүн доромжлохдоо маш сайн улс санагдсан. Түрүүн хэлсэн шиг асар их чулуужсан сэтгэлгээтэй хэзээ ч өөрчлөгдөхийг хүсдэггүй, арлаараа хязгаарлагдсан хүмүүс санагдсан.
Нийгэм нь эдийн засаг талаасаа хөгжсөн үү гэхээс хүний талаасаа огт хөгжөөгүй, хаалттай, нүүрэн дээрээ инээсэн цаанаа өөр, гэр бүлийн харилцаа хүйтэн хөндий, хүний хөгжил нь дутуу явагдсан гэмээр. Бас өөрөөсөө илүү гарсан хүнийг үздэггүй, тэр нь япон биш ази хүн байвал бүр үзэн яддаг юм билээ.
Миний бас нэг гайхдаг зүйл гэвэл, Япон орон маш цэвэрхэн хирнээ япончууд гэртээ тийм ч цэвэрхэн амьдардаг хүмүүс биш. Би олон япон айлаар орж байсан. Ганц, хоёр айл л цэвэрхэн байсан. Бусад нь бол гэртээ хөглөрсөн, хананд нь аалзны тор үүсчихсэн, чийг даасан үнэр үнэртсэн, гэр доторх зохион байгуулалт гэж огт байхгүй, цонхны тавцан болон ширээн дээр нь хамаг юм нь овоолоостой гэх мэтчилэн үнэхээр заваан амьдардаг хүмүүс санагдаж билээ.
Японы сумогийн дэвжээг эзэлж буй Монголын олон аваргууд бий. Япончууд тэднийг гадаад бөх гэж гадуурхаж үздэггүй ч гэсэн яагаад монгол сумо хүчтэй байдгийг тайлбарладаг тайлбар нь их тэнэг санагдсан. Тэднийхээр бол, монгол сумо нарт "хангри сэйшин” буюу "өлсгөлөн дотоод сэтгэл” байдагтай холбож үздэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, ядуу орны юм үзээгүй нэг бөх Японд ирээд мөнгө олох гэж үхтлээ чармайж зүтгэдэг гэсэн үг юм.
Мэдээж боловсролтой, зорилготой япон залуус зөндөө бий ч гэсэн миний нүдээр харсан нийтлэг япон залуусын тухай өөрийнхөө бодлыг бичсэнийг минь ойлгож уншина уу.