Манхилаг овгийн Алтангэрэлийн Гүрбямба
"Буурал түүхтэй Булган сум” номоос…
Хан Хэнтий уулын аймаг 1923 онд байгуулагдахын өмнө Халхын Сэцэн хан
аймгийн Санбэйс /Сансрайдорж бэйс/-ийн хошууны "Баруун их сум” гэж
байжээ. Түүхч эрдэмтэн О.Пүрэв "Санбэйсийн хошуу” нь одоогийн Дорнод
аймгийн Чойбалсан, Булган, Сэргэлэн, Баянтүмэн, Гурванзагал, Цагаан
овоо, Хөлөнбуйр сумдын зарим нутгийг хамарсан том хошуу байжээ гэж
бичжээ. Ийм том хошуунд "Их сум” гэж нэршсэн Булган сум нь 1921 оны
хувьсгалын өмнө сумынхаа зангийн /Захирагчийн/ нэрээр нэрлэж байжээ.
"Монголчууд өвөг дээдсийнхээ угсаа удмыг нарийн чанд сахин баримталдаг
байсан ба төрсөн хүүхэд болгоноо угсаа удамтай нь танилцуулж сургадаг
заншилтай байжээ. Иймээс тэдний дунд удам угсаа, овог аймгаа мэдэхгүй
хүн гэж нэг ч байсангүй” гэж XIII зууны Ираны түүхч Рашид –ад Дин
бичжээ. Үнэхээр манай сумын өвөг дээдсүүд ч овог удам угсаа, садан
төрлөө сайн мэддэг байжээ.
Булган сумын ахмад сэхээтэн Г.Давгадорж /1902-1974/ -ийн дурьдатгал болон, өөрийн сурвалжилж мэдсэнээ сийрүүлбэл:
- Манхилаг овог:
Бадрахын Алтангэрэлийнхэн, Дагданы Нямдэлэгийнхэн, Цэдэнгийн Доо,
Даржаасамбуутан, Өмбөжийн Жамъяангийнхан, Доржийн Дэндэв, Жигжидтэн,
Бөмбөгөөтөн, Дансрангийнхан, Дугар Залангийнхан, Чойн Загдынхан, Гомбын
Дагвадоржийнхон, Бавуугийн Шагдарынхан, Улаан ламтан Бат- Очирын Цэеэ,
Сампилийн Мятавынхан,
- Ухаанууд овог: Дэндэвийн Шагдарынхан, Раднаагийн Дамчаагийнхан, Мурий Шадавтан, Баажийн Намсрайнтан,
- Эцээдүүд овог:
Начин Цэгмэдтэн, Далантайн Юнсүрэнгийнхэн, Хандуу Шагдарынхан Чойндон,
Балдантан, Жаахан Санжаатан, Ч.Чой, Ж.Цэрэн, Мижирийн эх Маа, Мижидийн
эх Цээмээ, Е.Санжидшаравтан, Цэгмэдийн Ц.Мижиддоржтон, Хүрэнгийн
Жигжидтэн, Жингэ Данзантан,
- Оровгойд овог:Далай Зангийнхан, Памбадайн Долгорынхан,
- Урианхай овог: Балжирын Дугаржавынхан, Өмбөө Мижиртэн, Паж Данзантан, Гончигжавын Дугарсүрэн, /эм/ Дэмчигийн Дамбилтан,
- Гозуул овог: Т.Балдантан, Даваа, Цэрэнпилийн Гончиг, Цэвээн Мээрэнтэн,
- Түмэд овог: Жигүүрийн Банзрагчтан, Уртнаст, Мөөрөн Бадрахынхан, Жамъянгийн Ханд, Бадрахын Иш, Ж.Чойн авгай Боль
- Агсгал овог: Шар Совд, Пүрэвийн Ламжав, Баваасангийн Баатартан, Цэмийн Тэхээн, Лэгдэн Тавхай, Пунцагтан,
- Зэлэм овог: Бүдүүн Дандарынхан,
10. Иөншөөбүү овог: Ёндонжунай арслангийнхан
11. Бүргэд овог: Барга хэмээх С.Жамсрангийнхан
12. Тугч овог: Гомбын Содовтон, Ч.Сандагдорж, Цэдэнгийн Бэхбат, нарын олон айлууд байдаг байна.
13. Боржогин овог: Д.Дашзэвэг, /Цагаан Даш/ түүний хүү Жадамбаатан
14. Чонос овог: Дагдангийн Чадраа, Чадраагийн Энхболдтон
15. Түмэндархад: Мэндийн Жамъян-Осор, түүний хүүхэд Гомбо, Хатантөмөртөн, феодол хэмээх Дугар, Дугарын Самдангийн хүүхдүүд, Самандын Дугарынтан
16. Хөхнүүд овог:
Сармай хэмээх Жамсрантан зэрэг овгууд мэдэгдэж байгаа бөгөөд өндөр
настан Б.Пунцагжамц ярихдаа манай суманд мянгад, онход, өзөөн овог ч
байсан гэж байлаа.
Түүнчлэн 1988 онд хэвлэгдсэн доктор Бадамхатаны редакторласан БНМАУ
–ын угсаатны зүй номонд дурьдсанаар бол Булган суманд дээр дурьдсан
овгуудаас гадна Бэсуд, Баядуу, Ухаа- Дархад, Хөнгүүд, Хүйцэрлэг, Чуцуут,
Эзэн, Хорчин, Заарууд, Сартуул, Тангууд, Мэргэд, Цахар, Өөлд, Хуучид
зэрэг 18 овог байгааг тодорхойлсон билээ.
Булган сумынхан ийм олон овог төрлийн гаралтай бөгөөд ихэнх нь халх
үндэстэн, цөөн тооны үзэмчин, буриад, барга ястангуудтай Лувсан, Жанцан,
Жамба нарын цөөн төвдүүд Баярт, Заяат нарын цөөн хятад хүмүүс байжээ.
Сум байгуулагдснаас хойш цөөн өрхүүд Хөлөнбуйр, Цагаан- Овоо сумдад
шилжиж Халхгол суманд хоёр баг, 1956 онд Түмэндэлгэр сум тарахад нилээд
айлууд, 1959 онд Аравжаргалант сум татан буугдахад тус сумын 4 багийн 23
өрх 54 хүн, Баянтүмэн сумаас 14 өрх 30 хүн, 1983-1986 оны үед Завхан
аймгаас 12 өрх 23 хүн шилжин ирж байжээ.
Булган сум байгуулагдсан 1931 оны үеийн тодорхой тоо олдоогүй боловч
1928 оны 8 дугаарсарын 2- нд Баянмөнхбулган, Булган сумын дарга
Алтангэрэлийн гарын үсэгтэй нэгэн товчоо дансанд "өрх 150, арван гэр 15,
лам 108, 1-7 насны хүүхэд 48, 8-15 насны хүүхэд 65, 16-45 насны эрэгтэй
59, 46-аас дээш настан 82, бүгд эрэгтэй 452, эмэгтэй 482, төвд бичигтэн
39, монгол бичигтэн 15, үүнээс эмэгтэй 1, төмрийн дархан 1, модны
мужаан 3 болно” гэжээ./ 1928 онд Алтангэрэл гэдэг дарга байгаагүй тул
даргыг орлож байсан хүн бололтой. А.Г/
(Улсын архив нэгж 78-ын 475) энэ тоо дотроо бланслахгүй байгаа ч
гэсэн түүхэн баримт бөгөөд 930 хүнээс 15 хүн монгол бичиг мэддэг байсныг
илтгэж байна. Тэгвэл яг 60 жилийн дараа 1988 онд Булган сум дунджаар
1570 гаруй хүн амтай, 50 хувь нь эмэгтэйчүүд бүх хүний 50 хувь буюу 790
гаруй нь 0-17 насны хүүхэд, хөдөлмөрийн насны 600 гаруй хүний 50 хувь нь
эмэгтэйчүүд, 60-аас дээш насны өндөр настан 155 байгаагийн дотор 80–аас
дээш насны 14 хүн байсан байна. Хүн амын боловсрол, мэргэжил жил ирэх
бүр дээшилж, 159 хүн бага боловсролтой, 229 хүн бүрэн бус дунд
боловсролтой, 40 хүн бүрэн дунд боловсролтой болжээ. Үүнчлэн тус суманд
төрөл бүрийн тусгай, дунд мэргэжилтэй 56, дээд боловсролтой 18
мэргэжилтэн, сэхээтнүүд ажиллаж байжээ.
Булган сумын ахмад үеийнхний дотор байсан домог түүхтэй хүмүүсийн
талаар тус түүхийн зохиох бүлгүүдэд дурьдах боловч зарим нэг онцгой
авъяастнууд, тухайн үеийн нам,засаг, олон нийтийн зүтгэлтнүүдийн талаар
товч дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Гончигийн Ванчинсүрэн /Өмбөө/ Өмбөөгийн Жадамба, Намхай өвгөн, зэрэг
дархчууд урт, богино буу, сумны хэвийн нь хамт хийдэг байжээ. Гончигийн
Ванчинсүрэн эмээлийн мөнгөн хэрэглэл, мөнгөлсөн хутга, Далайн Намсрай
дархан, эмээлийн мөнгөн хэрэглэл, хормойн боолт, мөнгөн аяга зэргээр
онцгой мэргэжсэн байсан учир Дорнод аймгаас маршал Х.Чойбалсанд
бэлэглэсэн эмээлийн хэрэглэлийг Г.Ванчинсүрэн дархан хийжээ. Мөн янгиа
хэмээх Дорж ч мөнгөний сайн дархан, Товуу, бор Дэнзэн, Р.Гэндэн нар
модны сайн дархчууд байсан бөгөөд гэрийн мод, авдар, мухлаг голлон
хийдэг байжээ. Дархан Нав Дамба нум сум хийдэг байжээ.
-Дэнзэнгээр нэг хүн хаалга хийлгээд хөлсийг нь бага өгсөн тул тэр
хаалга онгойх бүрд л "хөлс нь багадсан хаалга”гэж дуугардгаар хийж өгч
байжээ.
- Магсарын Чойндон бол уран зураач, барималч хүн байсан бөгөөд
1940-1950- аад онд аймгийн захиргааны контор, дарга нарын байрны ханыг
эрээлж, албан газруудын гадуур морь, буга согоо, зээрийн баримал хийж,
айлуудаар хаалга, тооно, унь, авдар савыг маш гоёоор хээ угалз тавин
эрээлдэг байжээ. Мөн Санбэйсийн хүрээ, Тугийн сүм зэргийн зургийг ч зурж
байжээ. Түүний охин Вера одоо Улаанбаатар хотод үр ач нарынхаа хамт
амьдарч байна.
-Уран Шаравжамц гэдэг лам, шөлний тосоор хорхой, шавьжны дүрс хийж, дотор нь хорхой хийгээд амьтны хөдөлдөг дүрс урлаж байжээ.
- Гуталч Лувсан бол монгол гутал, түүний оймсны түрий, гөлөм зэрэгт
булигаар, сарьс, илэг, өнгийн утсаар угалз тавьж алтан харгана хавчуулан
овгор товгор сайхан хээ угалзтай уран гоё гутал гөлөм хийдэг байжээ.
Түүний ач зээ нар одоо Цагаан- Овоо суманд байна. Уран эмэгтэйчүүдээс
Гонжавын Сумъяа болон Баттөр- шадарын гурван хүүхэн гэж нэрд гарсан
урчууд байжээ. Эгч Цэнд нь хувцас сайхан оёдог, зүү ороодог, дүү Мажиг
нь дээл хувцас бүх юмыг үзэмжтэй сайхан оёдог, дүү Бадам нь сайхан
оёдгоос гадна сийлбэр сийлдэг байжээ. Тэдний урлалаас улсын чанартай
үзэсгэлэн музейд ч тавигдаж байжээ.
-Мөн тус сумын харъяат алдарт морин хуурч Сандагийн Түвдэн
"1901-1937”, түүний шавь төрийн шагналт ардын жүжигчин Гомбодоржийн
Жамъян, гавъяат жүжигчин Г.Жамбал нараас гадна хөх Цамба, Гомбодоржийн
Бадрах, Батын Санжаажамц, Гаваагийн Бямбаа нар лимбэ, морин хуураар,
Шагдарын Жүгдэр, Хутагийн Намжилдорж, нар үлээвэр хөгжмөөр сайхан
тоглодог байсан ба өндөр Хас, хурдан заан Шагдар, Гомбын Хаш нар нь
"Алиа саарал” "Уяхан замбуу тивийн нар” "Эр бор харцага” "Өвгөн шувуу”
зэрэг ардын уртын дуу сайхан дуулдаг мэргэн цэцэн үгтэй, ерөөл магтаал
хэлдэг хүмүүс байсан байна. Мөн онцгой цуурайтай хоолойтой Б.
Гэндэндаржаа унзад гэж байжээ. Тэрээр тогтуухан орой Булганы эрүүнээс
хоолойгоо шахахад Жалан дээр /6-7 км/ сонсогддог. Мөн гэртээ хоолойгоо
шахахад гадаа буйлж байгаа ингэний дуу сонсогдохгүй болж байсан тухай
нутгийн ахмадуудын яриа байдаг. Гэндэндаржаа 1930-аад онд хилс хэргээр
хэлмэгджээ.
Мөн Гарьдын Наваан, Лувсаны Дамбил, Дашжамц, Мажигцоо нарын нэртэй
үлгэрчид олон байжээ. Тэд "Шил дээгүүр гүйдэлтэй шилдэг долоон настай
шилэн галзуу баатар”,”Баднаа юмбуу хаан”,”Алтай сүмбэн хүү” зэрэг зуны
шөнийн богинод байтугай өвлийн шөнийн уртад ч үүр цайлгах урт үлгэрүүд
хэлдэг байжээ.
Энэ мэт алдарт ахмадуудыг залгамжилсан Булган сумын орчин үеийн уран
сайханчдаас 1959 оны МЗО-ны анхдугаар их наадамд дуучин Шинж, Ж.Дорж,
Н.Лхам нар шалгаран оролцож, бүжигчин Сэржмядагийн Банзрагч Бүх ард
түмний урлагийн их наадамд шалгарч их наадмын хүрэл медаль авч байсан
бол ХХ зууны төгсгөлөөр Б.Урантогос, Д.Зоригт нар улсын тэргүүний уран
сайханч, дуучин Ж.Цагаачин "Аймгийн дуучин” болж 2000 онд Арслангийн
Энхтүвшин "Монгол улсын соёлын тэргүүний ажилтан” цолыг сумандаа анх
удаа хүртжээ.