
\Эсээ\
Ихэнхдээ бодож, завандаа бичсээр Сөүлд би 1488 цаг суужээ. Хоёр сар гэдэг хүний амьдралд тийм урт биш ч орон гэрээсээ хол хүнд бол чамгүй хугацаа. Их хөлийн үймээнт хотуудыг би зах зухаас үзсэн, голдуу л униар дунд цайвалзан байдаг юм. Сөүл ч ялгаагүй усан манан хөлхсөн уулсын дотор униар дундаас цайран харагдана. Олон хэлийн хүмүүс зөрөн зорчих өргөн нарийн гудамжууд, үдшийн гэрэл гялбам өнгө төрх, үзвэрийн газрууд, сүм дуган, Хан мөрний эргээр сунан байрлах хаш цагаан орднуудыг харахад нүд баясам ч харин би өөр зүйл хайж явлаа.
Өндөр настай солонгос хүн үүдэндээ нарлаж суухыг харав. Ивээл ихт нарны илч гэрэлд шүтэн амьдрах хүмүүс бид гагцхүү амар амгаланг л эрмэлзэх болсныг тэр л өвгөний нүүрэн дэх түмэн үрчлээ гэрчилнэ. Эгээ л Samcheonsa сүмийн Бурхан багшийн чулуун хөрөг шиг тийм амирлангуй харцыг би олзуурхав. Ямар гүн их бодлогошрол тэндээс мэдрэгдсэн гэж санана. Үзэж туулсан амьдралаасаа өвгөн олон зүйлийг ойлгож ухаарсан ч амар амгаланг илүү таньжээ. Өтгөн буурал хөмсөг, нимгэн зовхи, Edvard Munch /1863-1944/-ийн зураг шиг улаавтар царай, сиймгэр чих, бөгтөр нуруу, нарлаж суугаа газар нь Seodaemun-gu дүүргийн жирийн нэг хөндлөн гудамж, зам дагуу барьсан хоёр давхар байшин. Бодвол үр хүүхдүүдтэйгээ өнөр олуулаа энэ энгийн байшиндаа эвтэй сайхан амьдардаг биз. Манайд ч ийм өвгөцүүл ингээд нарлаад сууж байдаг. Дүр байдал нь өөр ч нүдний харц нь энэ л Солонгос өвгөнийхтэй юутай адилхан билээ. Хүний жаргал зовлонгийн мөн чанар нь нэг шүү дээ. Уйлах инээхийн шалтгаан ижил.
Сөүлд дандаа инээд сонсохыг хүссэнгүй. Царайнаас нь гэрэл цацарсан сайхан залуу нас, хөнгөн дэврүүн байдал, халуухан гараасаа атгалцаад хамтдаа гүйх хосууд бороонд хоргодон сүүдрэвч дор зогсоод мөхөөлдөс хувааж иднэ. Чухамдаа энэ хот тэднээр чимж, тэд ч хотоо чимж байгаа юм. Харин тэр нарлан суугч өвгөн, хуучин муу тэрэг түрээд гудманд газрын самар, цагаан ногоон жимс зараад сууж байх настай эмэгтэйд л жинхэнэ энэ хотын, энэ газрын ухаарал эгээрэл нуугдаж байгаа юм. Хуучин Seoul Station-ний намхан ягаан байшин шиг үүх түүх, өнгөрсөн үеийн жаргал зовлонг тээн хадгалж, дотроо хүүрнэж яваа юм. Харамсалтай нь бидний харц тэдний дээгүүр өнгөрнө. Хөгжил гээчийг хөл хөдөлгөөн, шил толь шиг гялалзсан байшин барилгаар төсөөлдөг. Үзэгдэх харагдах гял цалыг хэзээ ч бүтээж болно. Магадгүй түүн шиг амархан зүйл байхгүй. Ганцхан тэр л өвгөд, эмгэд шиг өнгөрсөн үнэнээ нууж, ирээдүйг хиймлээр бүтээх аргагүй. Байгаагүй зүйлийг байлгаж, хийгээгүйгээ хийсэн болгох бол эндүүрэл. Сайн юманд хэзээ ч хүргэхгүй. Энэ л Сөүлд өнгөрүүлсэн 1488 цагт надад төрсөн хамгийн ээдрээтэй бодол. Ээдрээ нь амархан ч тайлагдахааргүй их л гогцоорон сүлжилдсэн бодол.
Уулсыг бүрхээд угалзран ургасан модод, байгаль юутай гайхалтай бүтээгч болохыг харуулна. Угалзран ургах гэснээс Bukchon hanok тосгоны хашаан дээрх хээ надад их л дотно харагдаж билээ. Цаглашгүй үргэлжлэх цаг хугацааг ч бэлгэдсэн юм шиг санагдав. Хана туургаа ингэж сайхан чимэхийг бодоход энэ тосгоныг анх бүтээгчид их л холыг бодож дээ. Хожим үзэж сонирхох харь холын хүмүүс, биднийг юу мөрөөдөж, юуны төлөө тэмцэж байсныг олж хараг хэмээн сэтгэжээ. Бие биенээ эвхэн хашсан дөрвөлжин хээнүүд хатуу ширүүн тэмцлийн түүхийг гэрчилнэ. Хана хэрэм мэт бат зогсоод эрх чөлөөний төлөө буцаж няцалгүй тэмцэж явснаа сануулна. Ихэнх хээ тод улаан, аз жаргал, эрх чөлөөний төлөө асгаруулсан цусны өнгөтэй. Эрх чөлөө гэдэг хаана ч бага үнээр олддоггүй. Тиймээс л эрх чөлөөтэй байхын үнэ цэнэ хязгааргүй юм. Хязгааргүй өндөр юм. Namsan уулын дээрх Seoul tower- аас ч өндөр юм даа. Аль газрын зон олон түүний үнэ цэнийг илүү их мэдэрнэ. Тэр хэмжээгээрээ эрх чөлөөний ой санамжаа үеийн үедээ өвлүүлэхийг чин үнэн сэтгэлээр эрмэлзэнэ. Сөүлийн тухай бичсэн түүхийн номноос 18-р зууны үеийн Kim-Hong-Do/1745-1804?-1814?/ зураачийн "Дарханы газар" нэртэй бүтээлийг олж хараад тэр бодол минь улам бэхжсэн билээ. Төмрийн дарх хийх тэдгээр эрчүүдийн царайнаас эрх чөлөөг хүсэмжилсэн энгүй их хүсэл харагдаж байлаа. Өрөөлийн зүйлд хүний нүд хурц гэдэг. Надад тэр зураг илүү ч анзаарагдсан байж мэдэх юм. Шавар зуухны дэргэд хөөрөг дараад зогсож буй бололтой хүүгийн дүр сэтгэлд бүр ч тод буув. Учир нь тэр хүү аав, эсвэл ах нараасаа нэг бус зүйлийг өвлөж авахаар зогсож байна. Хамаг нууц юундаа байгааг нээж олохоор зогсож байна.
Энэ л бодлыг минь онгоц шиг сүртэй дуутай машин унаад хажуугаар салхи шиг өнгөрөх залуус нас сарниулж орхилоо. Тэд хурд нэмэн ирээдүйд тэмүүлж байна. Сөүл хотод хаяагаа тэлэн өргөжиж, сая сая хүмүүс маргаашийн сайн сайханд тэмүүлж байна. Гэвч өнөөх хайсан зүйлээ хаанаас олж болохыг дахин дахин бодсоор байв. Hongik их сургуулийн буудал, метроны 2-р гарцаар өгсөж уруудах хүмүүсийн дундаас, авга ахтай минь дэндүү ижилхэн царайтай таксины жолооч эрийн хэл залгаж, зам заасаар юм юм үзсэн хотын хүний юунд ч гайхахаа байсан инээмсэглэлээс, сул угласан гутлуудаа гээхгүй гээд гүйж харайж чадахгүй яваа юм шиг санагдах хүүхдүүдийн царайнаас олж харна гэдэгтээ онц ихээр итгэж байна. Хэл соёл, өв уламжлал, зан заншил өөрийн гэсэн бүхнээ өөд нь татахын, өөрийн болгохын ухааныг хаанаас тэд олсон бэ? Энэ л асуултандаа хариулт эрсээр байв.
Цаг хугацаа гэдэг асар том хүрдэт дугуй. Эргэлдсээр наран саран ээлжилсээр байна. Хоног сар гэдэг хурдан ч хотлыг бодсон хүнд тийм биш ажээ. Нэг өглөө Сөүлийн зүүн хойд талын өндөр уулан дээрээс нар мандахыг харах гэж эртлэн гарч билээ. Алтан шаргал наран аажуухан хөөрөөд, өнгөрсөн шөнө орсон борооны үнэр, чийглэг агаартай сүлэлдэн цацраг бүхэндээ эрдэний зүйл өлгөсөн мэт гялбалзан байв. Харин хүмүүс тэртээ дор амь амьдралынхаа төлөө ажил албандаа яарна. Энэ олны дотор 41000 ахан дүүсийн минь хэд нь алхаж яваадаа гэж бодогдов. Монгол хүний ялимгүй хүнд алхаагаар тэдэнтэй хөл нийлүүлж, нэг тийм холыг харах гэж хүзүүгээ тэмээ шиг сунгаж яваа. Андашгүй дээ, уулан дээр зогсоо намайг анзааран харж байгаа гэдэгт итгээд гараараа баахан даллав. Монгол хүн алсыг харах дуртай. Тэд намайг олж харсан нь лавтай. Ийм л гэнэн бодлоо тээсээр 1488 цагийг униартай их Сөүлийн ууланд голдуу өнгөрүүлэв.
Амьдран суусан хотхоны минь зэргэлдээ байшинд долоо хоногийн дөрвөн өдөр залуу шүлэгчдийн яруу найргийн урлан хичээллэнэ. Оройхон тараад гэр гэрийн зүг яаран одох тэр залуусыг хараад сэтгэл яруу сайхан бодлоор дүүрнэ. Ийм л залуус эрх чөлөөний ой дурдатгалыг, эх орныхоо байгалийн гоо сайхныг, угалзран ургасан моддыг, уянгалан жиргэх шувуудыг, ус гол, нуга хөндий, ногооны талбай, өвөө эмээ нарынхаа харцыг, аав ээжийнхээ хайрыг, өөрсдийнхөө инээд хөөрийг, жаргал зовлонгийн мөн чанарыг, жаахан униартай Сөүл хотоо дараа үедээ дамжуулна. Зүгээр ч нэг дамжуулах биш яруу найргаар дамжуулна. Хүрэл зэвсгийн үеийн эртний хүмүүсийн чулуун тавцантай dolmen дурсгалаасаа эхлээд, өнөөгийн Teheran өргөн чөлөөгөө ч дамжуулна. Өнгө цацарсан шөнийн Сөүлийн гэрэл гэгээг яруу найргаар нэвтрүүлнэ. Эртний дууч Kim-Sang-Heon/1570-1652/ шигээ уулсаасаа хагацаж ядсан уянгын шүлгүүдээ үлдээнэ. Ирээдүйг сайхнаар бодох бодол Сөүлд өнгөрүүлсэн 1488 цагийн минь нэгээхэн хэсгийг эзлэв дээ.
Өдөр бүхэн шахуу дэргэдүүр нь өнгөрдөг чамин эдлэлийн дэлгүүрийн цонхон дээр эвэргүйдээ ялимгүй сүргүй харагдах эр ганц модон буга зогсоно. Харах тоолондоо л түүнийг урласан хүнд арван хоёр салаа эвэртэй хийхгүй гэж хэлмээр санагдана. "Сүхийн цагаан морь" нэртэй Японд алдартай морин хуурын тухай домог зохиолыг энд бас хэвлэжээ. Хэл мэдэхгүй би номын зургийн харж суутал нэг бөхтэй араб тэмээ үзэгдэв. "Манай тэмээ хоёр бөхтэй" хэмээн бараг л хашгирах шахав. Хашгирсан ч хэн ч намайг анзаарахгүй л дээ. Гэхдээ л Сөүлийн уулс сонсоно. Учир нь тэд монгол тэмээ хоёр бөхтэйг харжээ. Баримт нь "ATLAS OF KOREAN HISTORY /DEPARTMENT OF HISTORY EDUCATIОN/, Korea National University education 2008" номын 85-р хуудсанд бий. Тэнд хоёр бөхтэй тэмээ унаад их бага хэнгэрэгээ дэлдэн давхиж буй 13-р зууны монгол цэргийн хүрэл баримлын тод тодоос зураг байналээ. Түүх биднийг нэгэн цагт ойртуулж, мөн нэгэн цагт холдуулжээ. Ийм л бодол Сөүлд бүрий унаж, уулсын сүүдэр хүүшлээд, манайд бол цагаан гэгээтэй байх цагаар надад төрсөн билээ. Одоо бодоход хашгирчихдаг л байсан юм. Уулс сонсох байжээ.
Их хотууд яагаад ч юм бэ, аварга амьтан хүчирхэг уушгиараа агаар сорох шиг нүргээнтэй. Тийм нүргээнээс залхвал шууд л Сөүлийн Olimpic park-т очоод суучихмаар анир гүм газар. Төөрөн будилан байж нэг удаа очоод дахин ирэхдээ илүү удаан сууна гэж бодож билээ. Бясалгаж болмоор, хорвоо ертөнцийн тухай илүү ч гүн санааширч болмоор ховор орон зай. Үнэндээ хүмүүс бидэнд зугаацах газар арай дэндүү олдоод өөрөө өөртэйгээ ярилцан суух, дотоод хүнээ анхааралтай чагнах газар дэндүү цөөрчээ. Зугаа цэнгээний газар Cөүлд олон л байх. Харин төв номын сан нь /Seoul Metropolitan Library/ хүн ороод сууж ном үзэхгүй юмаа гэхэд онгорхой хаалгаар нь шагайгаад нэг үзчихмээр газар юм билээ.
Эргэн тойрон чимээ алдах харанхуйд модон дунд шувууд жиргэнэ. Уулын сүм шиг жижигхэн байшингийн үүдэнд явган сандал дээр суугаад шүлэг бичсэн минь Сөүлийн тэнгэр дор өнгөрүүлсэн 1488 цагийн дийлэнх нь билээ. Яруу найраг л бичиж суумаар яруу сайхан хот юмсан.
Шөнийн Сөүл хот дэнлүү гэрлээ ярайлган асаахад дэргэдэх уулсын оройг даван цацрах нь өнгө гэрлийн гайхамшиг мэт. Унаа тэрэг багахан уухилаад өнгийх даваан дээрээс их хотын шөнийн гэрлийг хараад "зах нь тэнгэрт тулжээ" хэмээн талын хүний ухаанаар тааж нэг бодов. Үнэндээ тэнгэр тулан бадамлах гэрэлтэй энэ их хотоос хайж явсан зүйлээ бараг олжээ. Тэр бол хэнтэй ч ижилсэхгүйгээр шийдэж, өөрийн өнгө төрхөө хайж, олж, бүтээж буй Солонгосчуудын хайртай хот СӨҮЛ. Тэдэнд амьдран суугаа хүмүүсийн хүсэл мөрөөдөл, аз жаргал, эрх чөлөө, зовлон гунигийг шингээсэн орчин цагийн "ДОМОГ" юм байна. Одоо л энд домог зохиогдож байна. Би ийм л "ДОМОГ" хайжээ.
П.Батхуяг
2016-06-09. СӨҮЛ