ДОРНОД монголыг чиглэсэн ТУСГАЙ СОНИРХЛЫН АЯЛАЛ
Дорнод нутаг аялал жуулчлалын нэг гол чиглэл болох цаг хаяанд иржээ. Даваа гаригт болсон Засгийн газрын хуралдаанаас Өндөрхаан, Чойбалсан чиглэлийн 143 километр хатуу хучилттай замыг энэ жил барьж дуустахаар шийдвэрлэсэн байна. Ийнхүү нийслэлээс Чойбалсан хүртэлх 660 гаруй километрыг хагасхан өдөрт туулах боломжтой болж байна гэсэн үг. Зам дагаж хөгжил гэдэг үгийг зам дагаж жуулчид гэж өөрчилж болно. Яагаад гэвэл Дорнод Монголын сайхан тал нутгийг үзэхсэн гэж хүсдэг хүмүүс Хөвсгөл далайг зоригсдоос дутахгүй олон байгаа. Тэд амралтынхаа хоёр өдөрт багтаад л Мэнэнгийн их талыг үзчихээд ирэхэд саадгүй болох нь. Эртнээс төлөвлөж байгаад ээлжийн амралтаараа аялах хүмүүст бол Дорнод нутагт үзэж харах зүйл их, очиж сонирхох газар олон. Алдарт Мэнэнгийн тал, Буйр нуур, домог түүхт Халхын гол, Азид ганцхан байдаг "Ялалт” хөшөө, Халх, Нөмрөгийн байгалийн үзэсгэлэнт газар, Чингисийн хэрмэн зам, Хэрлэн барс хотын цамхаг, туурь, То вангийн бариулсан Их Бурхант цогцолбор, Шонх таван толгойн хүн чулуу, Хайлангийн хадны буган чулуун хөшөө, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг дурсгалууд, Онон, Улзын үзэсгэлэнт хөндий, Монгол орны хамгийн нам дор газар болох Хөх нуур, Дагуурын гайхамшигт ойт хээр, Өэлүн эхийн нутаг Ульхан майхан уул, Угтамын хийд гээд л Дорнод нутгийн байгалийн үзэсгэлэн, түүх, соёлын гайхамшгийг тоочоод барахгүй. Түүнчлэн халх, буриад, хамниган, сонгоол, барга, үзэмчин зоны түүх, соёл, зан заншлын онцлогтой танилцах боломжтой.
Дорнод аймагт усан аялал хөгжих ирээдүйтэй. Талын сувд болсон үзэсгэлэнт Буйр нуур болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын дагуу усан аялал хийх маршрут гаргачих юм бол гадаадын энэ төрлийн тусгай сонирхлын аялал сонирхогчид үүргэвчээ үүрээд л тийшээ "бэлчинэ”. Мөн шувуу ажиглах, судлах, цагаан зээрийн нүүдлийг ажиглах, түүх, соёлын дурсгалт газрууд болон олон ястны зан заншил, нүүдэлчин малчдын ахуйтай танилцах аяллуудыг Дорнодод хийж болно. Халхын голын дайн болсон газар нутагт тодорхой маршрут гарган ОХУ, Японоос ахмад дайчид болон тэдний үр, хүүхдүүдийг аялуулж, эргэн дурсах аяллыг хөгжүүлэх боломж бий. Халхын голын дайнд оролцсон япон цэргүүдийн үр сад манай хилийн дөнгөж цаахна Хятадын Халуун рашаан хотод олноор ирж аялж жуулчилдаг. Тэд эцэг өвгөдийнхөө тулалдаж явсан газрыг хилийн цаанаас харчихаад л буцдаг гэдэг. Халхын голд эргэн дурсах аяллын маршрут нээчих юм бол тэдгээр жуулчдыг өдрийн аяллаар оруулж ирээд гаргаад байхад л асар их "ногоон”-ыг утаагүй үйлдвэрлэлээс олчихно. Буйр нуурт дайвинг буюу усанд өндрөөс үсрэх, Мэнэнгийн талд агаарын бөмбөлгөөр байгалийг ажих зэрэг аялал жуулчлалын төрлүүдийг хөгжүүлэх юм бол тусгай сонирхлын аялал сонирхогчид Дорнод руу тэмүүлнэ. Дэд бүтэц, зам харилцаа сайжирсан нь дээрх аяллын төрөл, чиглэл, маршрутууд цаасан дээрээс амьдралд буух нөхцөлийг бүрдүүлж байна.
ТАЛЫН СУВД БУЙР, ДОМОГТ ХАЛХЫН ГОЛООР ЖОЛОО СУНГАХУЙ
Дорнодыг зорьсон аялагч жуулчид энэ намар гэхэд хагас өдөр давхиад л Чойбалсан хотод хөл тавих болно. Чойбалсан хотоос цааш ямар маршрутаар аялах вэ. Үүнд хэд хэдэн хувилбар бий. Үндсэн маршрут бол Чойбалсан хот-Мэнэнгийн тал-Буйр нуур-Буйр нуурын жуулчдын бааз-Халхгол-Их Бурхант цогцолбор-Халх голын хөшөө дурсгалууд-Сүмбэр-Нөмрөг-Тамсагбулаг-Чойбалсан хот. Энэ чиглэлд хэд хэдэн аяллыг зохион байгуулж болно.
Юуны өмнө Чойбалсан хотоос Мэнэнгийн талаар аялан Буйр нуур хүрч тэндээсээ Халх голын Их тохой, Амгалант, Хэрээ уул, Дэгээ гол, Тултын хясаа зэрэг байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалуудыг үзэж сонирхсоор Халхгол сум орох нийт 950 километр аялал. Аяллын эцсийн цэг Халхгол суманд үзэж харах юм их. Халхын голын дайны ул мөрийг энэ нутгийн газар шороо, уул ус бүхнээс харж болно. Энэ чиглэлийн аяллыг наймдугаар сарын 20-ноос аравдугаар сарын 1-ны хооронд зохион байгуулахад тохиромжтой. Тиймээс аяллын хөтөлбөртөө зэвэг, цурхай, булуу цагаан зэрэг 11 зүйлийн загас сонирхох, загасчлах, мөн тал газар нар мандах, жаргах гайхамшигтай агшинг үзэх зэрэг сонирхолтой зүйлсийг багтаагаарай. Манай улсын хамгийн олон зүйлийн загастай нуур бол Буйр. Энэхүү нуурт 43 зүйлийн загас бий. Үүнээс булуу цагаан, өлгөр цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цулбуурт, хэлтэг, цурхай зэрэг 20 гаруй төрлийн экологийн хувьд цэвэр агнуурын загасны нөөцтэй ажээ.
Дараагийн маршрут нь Чойбалсан хотоос Мэнэнгийн талаар аялан Буйр нуур ороод тэндээсээ Халхгол сумаар дайран Нөмрөгийн суман орно. Нөмрөгийн голын хөндий, Хавирга уул бол үнэхээр нүд баясгаж сэтгэл сэргээсэн үзэсгэлэнт сайхан нутаг, байгалийн нөөц газар. Энэ чиглэлээр аялахад өмнөхөөс арай урт 1140 орчим километр зам туулна. Нөмрөгийн дархан цаазат газраар аялж, буган хандгай, бор гөрөөс, цагаан цээнэ зэ-рэг ховор ургамал, амьтан ажиглан харж, байгалийн сайханд саатан амарч, морин ба явган аялал зохион байгуулж, нутгийн иргэдийн аж амьдрал, монгол зан заншилтай танилцах боломжийг энэ чиглэлийн аялал танд олгоно. Харин дараагийн маршрут нь илүү богино товчхон. Энэ нь Чойбалсан хот, Буйр нуур, Халхгол, Их бурхант, Халх голын дайны хөшөө дурсгалууд, Халхгол сум, Чойбалсан хот гэсэн 800 километр замаар аялна. Энэ чиглэлд түүхийн дурсгалт газруудаар аялан Халхголын дайны үеийн дурсгалт газар, хөшөө, хүн чулуу, Их Бурхант цогцолбортой танилцах юм.
Дээрх гурван чиглэл нь явах за-мын урт богиноос шалтгаалан үзэж харах зүйлс яльгүй ялгаатай боловч үндсэндээ талын сувд Буйр нуур, Халхын голын дайны түүхт нутаг, То вангийн бүтээлгэсэн Их Бурхант, Халхгол сум гэсэн гол чиглэлтэй. Халхын голын дайны ул мөрийг тээсэн энэ нутгаар аялахад Баянцагааны нуруун дахь Халхын голын ялалтын Ханан хөшөө, Улаан армийн танкийн XI бригадынхны дурсгалд зориулсан Яковлевчуудын хөшөө, Монголын хилчин дайчдын йөшөө, Ерэн баатрын хөшөө, Хамар даваан дээрх "Ялалт” хөшөөний цогцолбор, Халхгол дахь армийн 1 дүгээр бүлгийн командлагч, Улаан армийн бригад командлан захирагч Г.К.Жуковын командын байр, Халхгол суман дахь дайчин алдрын "Ялалт” музей зэргийг үзнэ.
Халхгол сумын нутагт орших Монголын соёлын түүхийн томоохон дурсгалын нэг болох Их Бурхант. Жанрайсиг бурхныг чулуун шигтгэмэлээр урласан хөшөөт цогцолбор Халхын голын баруун эргийн тохойн 35 градусын налуу энгэрт оршино. Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтохтөр буюу То вангийн санаачилга, удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн энэ цогцолбор Их шүтээн, Их Бурхант хэмээн олноо алдаршжээ. Мөн Халхгол сумын төвийн өмнө 7 километр зайтай Шонх таван толгой нэртэй газарт бүтнээрээ үлдсэн хоёр хүн чулуу бий. Эдгээр хөшөөнд дүрслэгдсэн хувцас, гэзэг, эд юмс, сандал суудал зэрэг нь ХШ-Х1Ү зууны дурсгал гэдгийг нь гэрчилдэг.
УЛЗЫН ЦЭНХЭР ХӨНДИЙ, УГТАМ УУЛ, ЧУХ НУУРААР ДӨРӨӨ ЖИЙХҮЙ
Тал нутгийн ард түмний ахуй амьдрал, ёс заншилтай танилцах, байгаль, ургамал, ан амьтан сонирхох, агнуур хийх, жимс жимсгэнэ түүж, рашаан сувилалд амрах, явган, морь, морин тэрэг, машинаар аялах зэрэг баялаг бөгөөд сонирхолтой хөтөл-бөрөөр аялах боломжийг энэ маршрут танд олгоно. Үндсэн маршрут нь Чойбалсан хотоос Хотонтын нуур, Хэрлэн барс хот, Дайхарын рашаан, Салбарын тал, Гүн Цэнгэлэг нуур зэрэг газраар аялан Чойбалсан хот ороход нийт 300 километр зам туулна. Энэ аялалд Монгол Улс дахь Киданы үеийн цорын ганц дурсгал Хэрлэн барс хотын туурийг үзэх хөтөлбөр багтахаараа онцлог. Мөн Хотонт нуурт усны шувуудын цугларалт үзэх, Дайхарын рашаан, Салбарын талд цагаан зээрийн идээшил нутагт цагаан зээрийг ажиглах, Гун Цэнгэлэг нуурын амралтад тухлан саатаж, ходоодны рашаан сонирхон, усанд сэлж, завиар зугаалан барга, буриад зоны ёс заншилтай танилцах боломжтой.
Монгол нутаг дахь Киданы үеийн хот суурины томоохон дурсгалын нэг Хэрлэн барс хот Цагаан-Овоо сумын нутаг Баруун Дөрөө нуурын зүүн урд оршдог. 1953-1955 онд археологич Х.Пэрлээ "Барс-1” хотын хэрмийн доторхи дөрвөн барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж, уг барилга нь бурхан шүтээний газар байсан болохыг тогтоосон байна. Хэрлэг барс хотын туурийг н
эг суврага өнөөг хүртэл нуралгүй үлдсэн байдаг. Энэ маршрутаар аялахдаа бага зэрэг ялгаатай хэд хэдэн чиглэлийг сонгож болно. Тухайлбал Чойбалсан хотоос шууд Угтамын хийд орж, улмаар Толь нуур хүрч, Улз голын хөндийгөөр аялж, Чухын амралтад саатан, Чингисийн хэрмэн замыг сонирхон Яхь нуурт дөрөө мулталснаар буцаж Чойбалсан хот орсноор 450 километр урт зам туулна. Энэ чиглэлд Угтамын хийд, шашны зан үйлтэй танилцах, Тогоонтөмөр хааны үеийн түүх, эртний булш, хиргэсүүр, түүх, соёлын дурсгалт газрууд, Чингисийн Хэрмэн замыг сонирхох боломжтой. Угтамын хийдийн дэргэд эмчилгээний чанартай рашаан, Угтам уул орчмын ойт хээрийн бүсийн ургамал, амьтантай танилцан, Толь нуурын эрэгт буудаллан тэр орчмын байгалийн сайханд амарч, ус намгийн шувуудыг ажиглах боломжтой. Мөн Улз голын сав газрын гол горхи, нуур цөөрмүүдэд загас, ондатр буюу заарт харх болон хун, ангир галуу, нугас зэрэг шувууд амьдардаг. Угтамын бай-галийн нөөц газар байгалийн өвөрмөц тогтоцтойгоос гадна эртний түүх, соёлын дурсгалыг хадгалсан XIII зууны үеийн хөшөө, булш, хиргисүүрүүд элбэгтэй. Халиу, буга, бор гөрөөс, гахай, шилүүс, чоно гэх мэт ойт хээрийн тайгын амьтад, олон улсын улаан номд бүртгэгдсэн хан бүргэд, цэн тогоруу, байгалийн нугас, зээрд шонхор, хонин тоодог, цагаан сүүлт бүргэд, халзан ангир, тас, саарал хавтаалж бий.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хуучин төвийн баруун талаас эхлэн Хуурайн давааг чиглэн, Нарийн хөндийд хүрч, Сайханы араас Сайн цагаан нуурын хойгуур гарч, Норовлин сумын Улзын өндөр дов, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хэрмийн худаг зэрэг газраар дамжин улмаар, Цагаан-Овоо, Сэргэлэн, Гурванзагал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг газар тасран үргэлжилсэн шороон хэрэм юм. Энэ хэрмийн урт нь 500-600 километр. Дорнод аймгийн төвөөс хойт чиглэлд аялах маршрутын өөр нэг хувилбар нь Чойбалсан хотоос Цагаан-Овоо сумын нутаг дахь Гүнцэнгэлэг нуур хүрч, улмаар Баян-Уул сумын нутаг дахь Хархираагйн бөөгийн цогцолборыг үзэж сонирхон цааш Баян-Уул сумын төвөөр дайрч Ононгийн амралтад хоноглоод буцах 580 километр зам туулах маршрут багтана. Энэ чиглэлд аялахад Баян-Уул, Өвөр хошуу, Бүрэнхаан уулын Их газар болон Хархираагийн байгалийн үзэсгэлэнт газраар тухлан аялж, бөөгийн ёс заншилтай танилцах болно. Мөн хаврын улиралд тэрэлжинд сууж, хусны шүүс ууж биеэ эмчипж алжаалаа тайлах, намрын улиралд Онон голын усанд суух, рашаанаар эмчилгээ хийх, жимс жимсгэнэ түүх, загасчлах, ан амьтан агнах зэрэг аяллыг зохион байгуулах боломжтой.
Түүнээс гадна Дорнод аймгийн хойт хэсгийн ойт хээр, аглаг хөвчийн уулсаар аялах сонирхолтой маршрут бий. Үүний эхний хувилбар нь ОХУ-ын Верхний Ульхун боомтоос нааш манай улсын хилээр нааш нэвтрэн Өэлүн эхийн төрхөм олхонуудын нутаг Ульхан майхан уул, Онон голын Гурван хясууг үзэх аялал. Энэ бол хүний хөл төдийлөн хүрдэггүй аглаг ой хөвч, уулын голыг туулах адал явдалт аялал. Энэ маршрутаар ОХУ-аас аялагч, жуулчдыг татаж болно. Харин хоёр дахь маршрут нь Чойбалсан хотоос хойш Баян-Уул сумаар дайран Эрээний даваагаар давж, Онон гол, Ульхан майхан уул хүрэх аялал. Ер нь Онон голын дагуу усан болон адал явдалт аялал хийх сонирхол сүүлийн үед эрс нэмэгдсэн. Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батширээт, Дадал сумдын нутгаар Онон гол дагуу аялсаар Дорнод аймгийн Баян-Уул сум хүрнэ. Ингээд дээрх хоёр маршрутад багтсан Ульхан майхан уул, Ононгийн Гурван хясуу зэрэг онгон зэрлэг байгалийн сайханд амарч аялах боломжтой. Баян-Уул сумаас урагш Чойбалсан хот хүрч хатуу хучилттай замаар Улаанбаатар хот руу буцах энэ чиглэлийн аялал нийт 1560 километр замыг туулна. Энэ чиглэлд спорт загас агнуурын чиглэлээр жуулчид оруулах боломжтой. Онон голын савд тул, зэвэг, цурхай зэрэг загас элбэг. Мөн түүнчлэн эзэн Чингис хааны холбогдолтой дурсгалуудыг үзэх болно.
Ийнхүү Дорнод Монголын уудам тал нутгийн гайхамшгийг бишрэн, түүх соёлын дурсгалуудыг үзэж сонирхож, талын хоймор аглаг хөвч, ой тайга, гол мөрний сав газарт амарч алжаалаа тайлах аяллын урт зам эрхэм таныг хүлээж байна.
Г.СОНИНБАЯР