Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан.
Энэ ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ахалж байгаа юм. Түүнтэй шалгалтын дүнгийн талаар ярилцлаа.
- Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсэгт ямар төлөөлөл багтав гэдгээс яриагаа эхлэх үү?
-Хөгжлийн банк байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагаанд хамтарсан ажлын хэсэг шалгалт хийж дууслаа. Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл бүхий 25 хүн багтсан. Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгийн зарцуулалт, банкны үйл ажиллагаа, хууль, эрх зүйн баримт бичигт шалгалт хийж санал дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
-Хөгжлийн банктай холбоотой хариулт нэхсэн олон асуулт бий. Тэгэхээр Хөгжлийн банк гадаад, дотоодоос ямар хэмжээтэй хөрөнгө төвлөрүүлж, түүнийгээ юунд зарцуулсныг эхлээд тодруулмаар байна?
-Хөгжлийн банкны зээлийн гол эх үүсвэр нь "Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, дунд хугацааны Евро бондын 600 сая ам.доллар, Самурай бондын 24.3 тэрбум иен. Мөн банк өөрөө эх үүсвэр татах ажил ч чамгүй хийсэн байгаа. Хаанаас ямар бонд авсаныг нь олон нийт мэддэг мөртлөө харин хэрхэн зарцуулав гэдэг тоймтой мэдээлэл үнэндээ байгаагүй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээлийн хэмжээ 2016 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 5 их наяд 561.6 тэрбум төгрөг байна. Эндээс улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл нийт зээлийн багцын 53.8 хувь, төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлүүд нийт багцын 46.2 хувийг бүрдүүлж байна. Олгосон зээлүүдийг салбараар нь авч үзбэл Зам тээврийн салбарт 1.9 их наяд, уул уурхай, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 613 тэрбум, Эрчим хүчний салбарт 427 тэрбум, барилга хот байгуулалтын салбарт 1.1 их наяд, бусад салбарт 1.4 их наяд гээд нийтдээ 5.5 их наяд төгрөг зарцуулсан дүнтэй байна. Эх үүсвэрийн эргэн төлөлт 2017 онд 1 их наяд 644.0 тэрбум төгрөг, 2018 онд 1 их наяд 497.4 тэрбум төгрөг буюу хамгийн өндөр төлөлттэй байхаар харагдаж байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2 их наяд 991.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн эргэн төлөлт хамгийн тулгамдсан асуудлын нэг болжээ. Бондын мөнгийг эргүүлж төлөх зээл биш их хаанаас өгсөн хишиг хэмээн эндүүрэн хөөрцөглөөд байх хэрэггүй гэсэн үг л дээ.
-Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүн юу байв. Өнгөрсөн хугацаанд хариулт нэхсэн олон асуултын хариуг ажлын хэсэг олж чадав уу?
-Шалгалт хийх явцад ноцтой зөрчлүүд цөөнгүй илэрсэн. Наад зах нь төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй санасан зоргоороо салхинд хийсгэж, сарвууныхаа салаагаар урсгаж байсан юмуудаа гэж санагдсаныг нуух юун. Өгсөн зээлийг авсан этгээд чухам юунд хэрхэн зарцуулж байгаад гүйцэтгэлийн хяналт тавьдаг механизм алдагдсан нь илт байна. Арилжааны банкууд тав арван сая төгрөгийн зээл өгөх гэж ямар өндөр шалгуур нарийн хяналт тавьдаг билээ дээ. Гэтэл хэдэн тэрбумаар нь зээл олгодог Хөгжлийн банк дэндүү хайнга болчимгүй, халаглаж харамсмаар ажиллаж ирсэн нь хачирхалтай. Барьцаа хөрөнгө нь барьцгүй, ханшийн эрсдэл нь харалган, борлуулалтын төлөвлөгөө нь хий хуйтай, зээл эргэн төлөгдөх эх үүсвэр нь иш мухаргүй, зээлийн хорооны тэмдэглэл ч байхгүй ийм л байдалтай явж ирж. Үүнээс гадна тус банкны дотоод үйл ажиллагаа, удирдлагуудтай холбоотой ноцтой зөрчлүүд ч илэрсэн.
-Та ерөнхийд нь "Ийм зөрчил байна” гэж ярилаа. Дотор нь задалж асуумаар байна. Тухайлбал, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, төсөл хөтөлбөртэй холбоотой ямар зөрчил илэрсэн бэ?
-Бүхэлдээ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хууль ёсны зарчим алдагдсан байна гэж Ажлын хэсэг дүгнэж байгаа. Учир нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй байсан. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-аас батлагдаагүй, хэлэлцэгдээгүй асуудлыг санхүүжүүлдэг хууль бус практик тогтсон байсан. 202-2016 онд Засгийн газар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, санхүүжилт, төсөл, гүйцэтгэгчийн жагсаалт нэр зааж нийт 160 орчим шийдвэр гаргасан. Энд жишээ болгож, заримаас нь дурдая. Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй хууль бусаар гаргасан. Хөрөнгийн биржид 1.49 сая ам.долларын зээл олгосон. Энэ нь мөн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т "Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална.” гэж заасны дагуу УИХ-аас баталсан жагсаалтад огт байхгүй байгаа юм. Түүнчлэн "Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын санхүүжилт анхаарал ихээр татсан. Жишээ нь, Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 1 км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан байгаа юм. Тэгснээ зураг төслийг нь хийсний дараа 1 тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөсөн байх жишээний. Мөн 3, 4 дүгээр хорооллын эцсийн уулзварын өргөтгөл шинэчлэлийг "Пабликроуд” ХХК гүйцэтгэсэн. Энэ уулзварыг тухайн компани 300 сая төгрөгөөр зураг төсөл гараагүй байхад гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр гэрээ байгуулаад явсан. Нийт дүнгээрээ 1.3 тэрбум буюу эхний дүнгээсээ 4.3 дахин өндөр зарлага гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн. Нэг ёсондоо хямд өртгөөр их ажил хийх дүр үзүүлж төсөл урьтаж авчихаад дараа нь түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал нийтлэг болсон нь тодорхой байна.
-Ер нь Хөгжлийн банк гэж энэ байгууллага ямар бүтэц зохион байгуулалттай ажилладаг байсан юм бэ?
-Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор Актив-пассивийн удирдлагын, Зээлийн, Эрсдэлийн удирдлагын болон Хяналт, захиргааны гэсэн үндсэн 4 нэгж, туслах 10 дэд нэгжтэй байхаар баталсан. Гэтэл бараг жил бүр бүтэц, орон тоогоо өргөжүүлсэн байгаа юм. Жишээ нь ТУЗ-ийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн "Монгол Улсын Хөгжлийн банкны бүтцийн нэгжүүдийг батлах тухай” 54 дүгээр тогтоолоор дэд нэгжүүдийн тоог нэмэгдүүлэн нийт 15 дэд нэгжтэй болсон. Дараагийн жил нь ТУЗ дахин хуралдаж, "Барилга захиалагчийн алба”-ыг шинээр үүсгэн байгуулсан бол ТУЗ-ийн 2014 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор нийт орон тоог 168 болгон нэмэгдүүлсэн. Эндээс харахад ТУЗ бүтэц орон тоогоо тогтмол дураараа нэмэгдүүлж байжээ. Уг нь Хөгжлийн банкны ТУЗ-д Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй. Энэ бол цэвэр хууль зөрчсөн шийдвэр. Хуулиар олгогдоогүй эрх эдэлдэг, хуулиас гадуур хөрөнгө зарцуулдаг, тендерийн хууль бидэнд хамаагүй гэдгээр хуулийг буруу тайлбарлаж дураар авирлаж тансагладаг өвчинд Хөгжлийн банк автсан байжээ.
-ТУЗ-д олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж байсан гэхээр ТУЗ-ийн гишүүд нэлээд "том толгой” гаргаж дээ.
-Уг нь ТУЗ юу хийх ёстойг Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д маш тодорхой заагаад өгчихсөн. Үүнд, ТУЗ нь "Хөгжлийн банкны стратегийг тодорхойлох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эрсдэлийн удирдлагын бодлого, жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг батлах” гэж заасан. Гэвч тус банкны бизнес төлөвлөгөө оны дунд үед батлагдан гардаг, 2014 оны бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтийг огт батлаагүй байх жишээтэй. Дээр нь Хөгжлийн банкны тухай хуулийн 18.1.2-д "Хөгжлийн банкны зээлийн бодлогыг зээлийн найдвартай эргэн төлөгдөх зарчимд тулгуурлан жил бүр тодорхойлж батлах” гэсэн хэдий ч Зээлийн бодлогыг 2011 оны наймдугаар сарын 25-ны өдрийн ТУЗ-ийн 13 дугаар тогтоолоор анх батласнаас хойш огт батлаагүй өнөөг хүрсэн. ТУЗ-ын удирдлага дор гүйцэтгэх удирдлагаас хараат бус ажиллах дотоод хяналтын нэгж байх ёстой ч огт ажиллуулаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хяналтгүйгээр дураар авирлах үүд хаалгыг бүх түвшинд цэлийтэл нээж байгаад ажилласан дүр зурагтай байсан. Жишээ нь Чингис бондын 1.5 тэрбум ам долларыг Хөгжлийн банкинд ам доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал гэхэд л 694 тэрбум төгрөг болсон байна. Цэвэр эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй, мэргэжлийн бус хандсаны төлөөс. Мөн Самурай бондын иенийн ханшийн алдагдал гэхэд 130 тэрбумаар хэмжигдэхээр болсон. Блүүмберг телевизтэй мэдээлэл суртачилгаа хийлгэнэ гээд 1.8 сая ам долларын гэрээ хийгээд 800 мянган долларыг шилжүүлсэн байх жишээтэй. Үнэнийг хэлэхэд нүдэндээ итгэхгүй дахин дахин нягталж л байлаа.
-Хөгжлийн банкны удирдлагуудын мэдлэг боловсрол, цалин урамшуулалттай холбоотой шүүмжлэл цөөнгүй гарч байсан. Энэ банкийг дөнгөж байгуулагдах үед нь "Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын зөвлөхийг захирлаар нь тавилаа” гээд сонин хэвлэлээр бичиж байсан. Удирдлагын багтай холбоотой ямар нэгэн асуудал гарсан уу?
-Удирдлагын багийн хувьд Хөгжлийн банк "хөгжлийн бэрхшээлтэй банк” болчихсон байсан нь тогтоогдсон. Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын баг хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан наад захын шаардлагыг хангаагүй байсан. Тухайлбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралд тавигдах ёстой хуулийн шаардлага нь банк санхүүгийн байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс 5-аас доошгүй жилийг удирдах албан тушаал хашсан байх ёстой. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын зөвлөхөөр ажиллаж байсныг олон нийт мэднэ. Хөгжлийн банкны Хяналт захиргааны газрын захирал гэхэд 5-аас доошгүй жил банк санхүүгийн байгууллагад, үүнээс 3-аас доошгүй жилд нь удирдах албан тушаал хашсан хүн байх ёстой. Гэтэл энэ албан тушаалыг хашиж байсан Ш.Батбилэг нь Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаатарын зөвлөхөөр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, бие биендээ хяналт тавьж ажиллах, хараат бус байх зарчим шаардлага хэрэгжих боломжгүй, сонирхлын зөрчилтэй баг Хөгжлийн банкийг удирджээ гэсэн үг. Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өссөн. Шалгалтын явцад Хөгжлийн банкны удирдлагууд гадаад албан томилолтын төсвийг тухайн үед мөрдөгдөж байснаас хэт өндрөөр тодорхой тайлбаргүйгээр их хэмжээний мөнгө төсөвлөн үрэлгэн зарцуулдаг байсан нь ч тодорхой болсон.
-Тодруулбал, ямар гадаад томилолтод хэдий хэмжээний мөнгө зарцуулсан талаар баримт бий юү?
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын 3 хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925,000, нислэгийн тийзэнд 8 сая 985,000 төгрөг төсөвлөн баталсан. Мөн уг айлчлалаар Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр болон Bloomberg телевизийн хөтлөгч, зураглаач нарын буудлын төлбөр болох 1 хүний хоногийн 1 сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонгконгд чуулга уулзалтад оролцох 3 хоногийн нийт зардал 8 сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр гэхэд л 786 ам доллараар төсөвлөгддөг. Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2013 онд БНХАУ-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон дагалдан явах орчуулагчийн 1 хүний хоногийн зочид буудлын төлбөрт 2 сая 908,350 төгрөг, бусад зардалд 5000 ам доллар төсөвлөсөн гээд тансаг хэрэглээний үрэлгэн зардлын жагсаалт хөвөрнө. 2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсан байх ба "Блүүмберг ТВ”-тэй гэхэд 2013 онд 816 мянган ам доллараар зар сурталчилгааны гэрээ байгуулсан байх жишээтэй. 2016 оны эхний хагас жилд гэхэд 1.2 тэрбум төгрөг суртачилгаандаа зарцуулсан. Энэ бага мөнгө биш биз дээ. Эдийн засаг, хөгжлийн сайдтай цагаан сараар золгох үед гоё дээл хувцастай байсан гээд Хөгжлийн банкны барилга захиалагчийн албаны дарга Т.Самбасанчирыг 3.5 сая төгрөгөөр урамшуулсан байх жишээтэй. Арай л гамгүй санагдахгүй байна уу Танд?
-Дээрх зардлууд Шилэн дансны тухай хуулиар ил тод зарлагддаггүй байсан гэсэн үг үү?
-Хөгжлийн банк Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үйл ажиллагаандаа огт мөрддөггүй явж ирсэн байсан. Үүнд 2013 онд 233.2 сая, 2014 онд 198.5 сая, 2015 онд 27.6 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт тендергүйгээр хийсэн байсан. Төрийн байгууллагуудтай харьцуулбал бичиг хэргийн зардал нь л гэхэд дөрөв дахин их. Хөгжлийн банк улс дотор хуульгүй улс байгуулчихсан мэт л байсан.
-Хөгжлийн банкинд шалгалтаар нийтдээ хэдий хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн бэ?
-Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа. Чингис бондын талтай дүйх хэмжээний дүнтэй асуудал хуулийн байгууллагаар үргэлжлүүлэн шалгагдана. Шалгалтын богино хугацаанд тус банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрт чанарын, гүйцэтгэлийн нарийвчилсан шалгалт хийх боломж байгаагүй. Тийм учраас мэргэжлийн төсөвчин, салбар салбарын хяналт шалгалтаар мэргэшсэн баг үргэлжлүүлэн шалгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэр шалгалтын дүнгээр тодорхой төсөл, ажлын гүйцэтгэлийн талаар илүү нарийвчилсан мэдээлэл ил болох байх.
-1.3 их наяд төгрөгөөр хэмжигдэх санхүүгийн зөрчилд юу багтаж байгаа юм бол?
-Чингис бондын эх үүсвэрийг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүгийн зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал гэхэд л 694 тэрбум төгрөг болсон байна. Энэ бол цэвэр удирдлагын багийн алдаатай шийдвэрээс үүдсэн алдагдал. Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрсэн байна. Мөн л ажилдаа хайнга хандсаны гор, төлбөр. "Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан байсан. "Монголын төмөр зам” ТӨХК-ний энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан байсан. Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан зөрчил нийтлэг байв. Мэдээж Ажлын хэсгийн дүгнэлт бол хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр биш. Нарийвчилсан шалгалтаар дээрх асуудлуудын учиг тодорхой болж буруутай этгээдүүд хариуцлага үүрэх эсэх асуудал нэг тийш болно. Хөгжлийн банкны хууль тогтоомжийг ч бүрэн шинэчлэх шаардлагатай гэж Ажлын хэсэг үзсэн.
Ярилцсанд баярлалаа