Миний бие
1939 оны 3 дугаар сарын 8-нд Бүх цэргийн жанжны 14 тоот тушаалаар
Тамсагбулаг дахь 6 дугаар морьт дивизийн байлдааны ангийн даргаар
томилогдон очсон юм.
Тэр үед
дивизийн штабын дарга томилогдон очоогүй байсан учир 1939 оны 6 дугаар
сарын 15-ны өдрийг хүртэл дивизийн штабын даргын үүргийг гүйцэтгэн
ажилласан болно. 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дивизийн штабын
даргаар нөхөр Мятавын Цэдэндаш хүрэлцэн очсоноос хойш дайн дуустал
дивизийн байлдааны ангийн даргын үүрэгт ажлыг алдаа эндэгдэлгүй хийж
ирсэн билээ.
1939 оны 1
дүгээр сараас эхлэн японы милитаристуудын халдлага байнгын шинжтэй
болж 1939 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг хүртэл 30 удаа манай
хилийг зөрчиж байлаа. Ингэж хил хязгаарын байдал түгшүүртэй болохын
хамт 1939 оны 4 дүгээр сард 6 дугаар дивизийн 17 дугаар хорооны 1
дүгээр сумангийн дарга Дашийн Шараваар командлуулсан дивизийн шигшмэл
суманг яаралтай зохион байгуулахад дэслэгч Батаагаар командлуулсан
пулемёт салаа мөн Очироор командлуулсан сэлэмт салаа зэрэг 3 салаа
цэргийг Сүмбэрийн заставт хүч нэмэгдүүлэн явуулсан юм. Эдгээр хүч нь
Сүмбэрийн заставын хамт хил нэвтэрсэн дээрэмчидтэй эрэлхэг зоригтой
байлдаж, дайсныг нутгийн гүнд оруулалгүй тогтоон барьж, дивизийн
штабаас өгсөн тушаалыг сумангийн дарга Д.Шарав, салааны дарга Орги нар
онц идэвх зүтгэл гарган японы олон удаагийн бөмбөгдөлтийн бэрхшээлт
өдрүүдийг тэсвэртэй даван туулж, байлдааны үүргээ нэр төртэй сайн
биелүүлж, дивизийн гол хүчийг очтол үүргээ биелүүлсэн юм. Япон энэ
нутгийг сонгон авсан шалтгаан нь:
Халхын голын район бол манай армийн гол хүчнээс их алслагдсан, зам
харилцаа муутай, газар орны хувьд дайсны талд ашигтай байснаас тэд энэ
районыг зориуд сонгон авсан юм. Ингэж япон манай улсын эсрэг зарлаагүй
дээрмийн дайныг эхэлсэн юм.
1939 оны 5
дугаар сарын 11-нд японы 300 гаруй хүнтэй, мөн 14-нд 300 гаруй хүнтэй
япон, манжийн цэргийн нэг отряд бүгд 600 гаруй морин цэрэг, 20 шахам
нисэх онгоцны дэмжлэгтэйгээр манай хязгаарын 24 дүгээр отрядын 6, 7
дугаар заставуудыг дайран довтолсон юм. Үүгээр Халхын голын дайн хэрэг
дээрээ эхэлсэн юм.
1939 оны 5
дугаар сарын эхээр Халхын голын цаад эрэгт японы хуралдуулсан хүч нь
Халхын голын районд байсан Монгол, Зөвлөлтийн цэргийн хүчтэй харьцуулбал
явган цэргийн тоогоор 2,5 дахин, морин цэргээр 3,5 дахин, танк
эсэргүүцэх буугаар 2 дахин, пулемётоор 1,3 дахин давуу байсан юм.
Манай эх
оронд дайны аюул учраад байсан энэ хүнд үед МАХН-ын Төв хороо, Засгийн
газрын даалгавраар маршал Чойбалсан эх орны хил хязгаарыг хамгаалах
тушаалыг армийнхаа анги, нэгтгэлүүдэд өгсөн юм.
Энэ
тушаал ёсоор зүүн хязгаарыг Тамсаг, Буйр нуур, Халхын голын районыг шууд
хамгаалах үүрэг Тамсаг булаг дахь 6 дугаар морьт дивизэд хамгийн
тэргүүн оногдсон юм. Тэр үед Засгийн газрын хүсэлтээр тус улсад ирсэн
Зөвлөлтийн 57 дугаар онцгой корпус Тамсагийн районд байрлаж байлаа.
Матадад 8 дугаар морьт дивиз, Баянтүмэнд 5 дугаар морьт дивиз тус тус
байрлаж байлаа.
5 дугаар
сарын 14-15-ны өдрүүдэд Тамсагийн 6 дугаар морьт дивизийн байрлалын
дээгүүр японы хэд хэдэн онгоцоор тагнуулын нислэг хийж байсан учир 6
дугаар дивиз байлдааны байдалд тавдугаар сарын эхний өдрүүдээс орж, агт
морьд, буу зэвсэг, сум хэрэглэл, байлдагчдын хувийн бэлтгэл зэргийг
ханган сайжруулж, байснаас гадна 5 дугаар сарын 10-ны үеэс эхлэн манай
дивиз харийн довтлогчдоос эх орноо хамгаалахаар Халхын голын зүг
хөдлөхөд бэлтгэн, дивизийн хороод, дивизионууд окопт шилжин, агаарын
дайсны дайралтаас сэргийлэн хамгаалах байдалд ороод байсан юм. Энэ үед 6
дугаар дивизийн штаб тухайн байдлыг Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин,
маршал Чойбалсанд цахилгаанаар дор бүр нь дивизийн дарга, нөхөр
Шаарийбуугийн даалгавраар штабын даргын үүрэг гүйцэтгэж байсан миний бие
Тамсагийн дэргэдэх тусгай холбоонд очиж, мэдээлж байсан билээ.
Энэ тухай нэгэн баримтыг хэлбэл:
5 дугаар
сарын 15-ны өдрийн 9 цагийн үед миний бие Тамсагийн дивизийн дэргэдэх
холбоонд очиж, маршал Чойбалсанд байлдааны мэдээ өгсөн. Үүнд:
Холбооны
байранд очихын хамт тэнд байсан гадны хүмүүсийг гаргаж, цахилгааны
бичээч Ойдовыг ганцаарангийн үлдээж, байлдааны маш нууц мэдээг маршал
Чойбалсанд яаралтай нэвтрүүлнэ бэлэн биз гэж асуухад нэвтрүүлэгч
Баянтүмэн, Өндөрхаантай ярьж байна гэхэд нь энэ нэвтрүүлгээ түр зогсоо
гээд Баянтүмэн, Өндөрхаан, Улаанбаатар хотын холбоог бусад ажиллагаагаа
зогсоож, байлдааны мэдээг авахад саадгүй бол гэж нэвтрүүлэхэд тэр дороо
Баянтүмэн, Өндөрхаан, Улаанбаатар хотын холбооны хүмүүс цөм бэлэн
байна гэж хариу өгөв.
Баянтүмэн,
Өндөрхаан, Улаанбаатар хотын холбооны нэвтрүүлэгчдийг хажуудаа байсан
хүмүүсийг гаргаад өөрсдийн нэрсийг хэл гэхэд тус тусын нэрийг дор нь
морзоор дамжуулж байлаа. Энэ мэдээ та 3-аас өөр хэн ч мэдэх ёсгүй, хэрэв
энэ мэдээг бусдад хэлбэл нууц задруулсан гэж үзэж байлдааны цагийн
ёсоор хариуцлага хүлээлгэнэ мэдэв үү гэхэд цөм мэдлээ, мэдлээ гэж хариу
өгч байсан юм.
Тэгээд
"ЦЯ-ны сайд, БЦЖ, маршал Х.Чойбалсан танаа японы онгоцууд Сүмбэрийн
заставыг бөмбөгдснөөс гадна, Тамсагийн дээгүүр тагнуулын нислэг хийж
байна. 6 дугаар дивиз байлдааны байдалд ороод байна. Эх орноо
хамгаалахаар явахад бэлэн байна. Энэ тухай таны шийдвэрийг хүлээж байна.
Дивизийн
дарга Шаарийбуу.” гэсэн утгатай цахилгаан утас өөрөө зохион явуулж
байсан юм. Тэр цахилгааныг нэвтрүүлэгч Ойдов Өндөрхаан дамжуулаад хотын
холбоо авлаа. Маршал Чойбалсанд хүргэхээр явлаа гэж дор нь хариу ирүүлж
байсан юм. Тэндээ хариуг хүлээж 30 гаруй минут болж байхын хамт
нэвтрүүлэгч Ойдов танай цахилгааны хариу ирж байна гэж хэлээд цахилгаан
утас өгснийг үзвэл "6 дугаар дивиз энэ өдөр хөдөлж 20-ны өдөр Халх гол
хүрсэн бай. Маршал Х.Чойбалсан.” гэсэн утсыг авсан юм. Энэ цахилгааныг
авч байх үед хүний сэтгэлд ер бусын догдлол хөдөлгөөнт байдалд орж
билээ. Маршал Чойбалсангийн цахилгаан утсыг бариад дивизийн штаб тийш
гүйн очиж, ойртох үеэр дивизийн дарга Шаарийбуу, комиссар Пэлжээ,
дивизийн сургагч Василев, штабын сургагч Малов нар тосон ирж, хариу ирэв
үү гэж асуухад нь дивизийг энэ өдөр хөдөл гэж ирлээ гээд цахилгааныг
өгөхийн хамт дарга нар цугларах бүрээ татуулах уу гэж асуухад дивизийн
дарга Шаарийбуу тэг гэж хариу хэлээд цахилгаан утасны тухай дивизийн
сургагч нарт танилцуулж байх хооронд миний бие дивизийн бүрээч Гончигийн
Бярваа, Мэнд нарыг дуудаж, дарга нар цугларах бүрээ татуулсан юм.
Хэдэн
минутын дотор хороод, дивизионууд ба тусгай сумангийн дарга, сургагч нар
цугларахын хамт бүх цэргийн жанжны тушаалаар тус дивиз японы самурай
нараас эх орноо хамгаалахаар хөдлөх үүрэг авлаа гэж дарга нарт мэдэгдэж,
15.00-д Халх голын зүг хөдлөх тушаалыг дивизийн даргаас өгсөн юм.
(Халхын
голын байлдаанд 6 дугаар морьт дивизийн байлдааны ангийн даргаар үүрэг
гүйцэтгэсэн Жамсрангийн ОСОРЫН 1980 оны 5 дугаар сард бичсэн
дурдатгалаас)