Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн
2014-2016 онд эрүүл мэндийн салбарт эмчилгээ, оношилгооны олон арга
технологи (зүрх, мэдрэл, нүдний чиглэлээр нийт 12) нэвтрүүлээд буй.
Саяхан тэд "Шинэ технологи нэвтрүүлэгч эрүүл мэндийн байгууллага”-аар
шалгарчээ.
Ингээд зогсохгүй тус эмнэлгийнхний
ачаар Монголд эмчлэх боломжгүй 39 өвчнөөс тавыг нь хасахаар болсныг
дуулгахад таатай байна. Энэ талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн
захирал Ц.Төмөр-Очиртой цөөн хором ярилцлаа.
-Гадаадад эмчлүүлэгсдэд улсаас
3-5 сая төгрөг өгч буй. Гэтэл энэ мөнгө өвчтөнүүдийн ирж, очих замын
зардалд нь ч хүрдэггүй юм билээ. Харин та бүхний ачаар олон хүн эх
орондоо, хямд өртгөөр эмчилгээ хийлгэх боломж бүрдэх нь ээ. Ямар ямар
төрлийн өвчнийг жагсаалтаас хасах вэ?
-Манайх Монголд эмчлэх боломжгүй 39
төрлийн өвчнөөс зүрхний тав, мэдрэлийн найман өвчнийг хасуулах дүгнэлтээ
ЭМЯ-нд хүргүүлсэн. Эхний ээлжинд (2016-2017 онд) таван өвчнийг эх
орондоо эмчлэх боломж бүрдсэн. Тодруулбал, тархины судасны эмгэгүүдийг
судсан дотуур эмчилдэг арга технологи хэдийнэ нэвтэрсэн. Одоо ч гэсэн
ийм эмгэгтэй өвчтөнүүдийг эмчилж байна.
Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ
хуулиар өндөр өртөгтэй зарим мэс заслын хэрэгслийн зардлын 80 хүртэлх
хувийг Даатгалын сангаас санхүүжүүлж буй тул иргэдийн нуруун дээрх ачаа
хөнгөрсөн. Өмнө нь эмчилгээний арга нэвтэрсэн, аппарат, тоног төхөөрөмж
нь байгаад ч мэс засалд шаардлагатай хэрэгслүүд хангалттай байгаагүй.
Харин одоо гадаадад өчнөөн мянган долларын өртөгтэй, өндөр түвшний
эмчилгээг маш бага зардлаар эх орондоо хийлгэж байна.
Мэдрэлийн хоёр, зүрхний гурван өвчнийг
тун удахгүй жагсаалтаас хасуулна. Зүрхний хэм алдагдах өвчнийг манайхан
эмчлээд эхэлчихсэн. Эмгэг хэм үүсгэгч төвийг нь түлэх арга (аблаци)-аар
эмчилдэг юм. Энэ төрлийн эмчилгээг өмнө нь огт хийж байгаагүй. Одоогийн
байдлаар зүрхний хэм алдагдсан 28 хүнийг эмчилж, эдгээгээд байна.
Гадаадад зөвхөн эмчилгээний зардал нь хамгийн багадаа 20.000 ам.доллар
шүү дээ.
Өвчтөнийг ар гэрийнхэн нь авч явна.
Байр, хоол, онгоцны тийз гээд бодвол 28 хүний зардал хэд болох вэ. Энэ
мөнгийг бид дотооддоо авч үлдэж чадсан. Мөн титэм судасны нарийсал, гол
судасны хүнд хэлбэрийн цүлхэнгийн хуурал гэж эмгэг бий. Саяхныг хүртэл
гол судасны цүлхэнгийн хуурлыг эмчлэх ямар ч боломжгүй байсан. Гадаад
явах зайлшгүй шаардлагатай ч ихэнхдээ өвчтөний бие хол зам туулж
чаддаггүй.
Тодруулбал, ийм өвчин туссан хүний гол
судас хуураад, задарчихдаг гэсэн үг. Манайхан хэвлийн гол судасны хүнд
хэлбэрийн хуурал (2016 онд)-тай хүнийг анх удаа эмчиллээ. Бүр судсан
дотуурх мэсийн аргаар шүү. Одоо өвчтөний биеийн байдал сайн байгаа. Мөн
ангиографийн аппаратынхаа тусламжтайгаар дунд тархины судасны эмгэг
өөрчлөлт, гүрээний болон нурууны артерын өөрчлөлтийг эмчилнэ.
2017 оноос Паркинсоны өвчин (тархинд
импульс дамжуулах үүрэгтэй дофамин гэх бодисын ялгарал доголдсоноос гар
салга болж, алхаж гишгэхээ болих)-ий үеийн стереотакс эмчилгээг
нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хэрвээ амжилттай болбол гадаадад эмчлүүлэх
шаардлагатай өвчний тоо дахин нэгээр цөөрнө.
-Тэгвэл зүрхний хэм алдагдах өвчнийг Монголдоо хэчнээн төгрөгөөр эмчилж байгаа бол?
-Эмчилгээний зардлын 75-80 хувийг
Даатгалын сангаас хөнгөлж буй учир иргэд халааснаасаа 2-3 сая төгрөг
төлж буй. Манайх саяхан зүрхний хэм алдалтыг оношилж, эмчлэх
Электрофизиологийн лабораторитой болсон. Эндээ АНУ-ын "Workmate II”,
зүрхний бүтцийг 3D-гээр зурах "Navix” систем ашиглаж байна.
-Танай ангиографийн аппаратыг засахад шаардлагатай хөрөнгийг түргэн хугацаанд шийдэж өглөө. Хэзээ ашиглалтад оруулах юм бэ?
-Мянганы сорилтын сангийн "Тархины
харвалт, зүрхний шигдээс төсөл”-ийн санхүүжилтээр 2013 онд манайд судсан
дотуур оношилгоо, эмчилгээ хийх өндөр хүчин чадалтай ангиографийн
аппарат суурилуулсан юм. Дэлхийд 237, Монголд ганцхан байдаг энэ
аппаратын тусламжтайгаар эрүүл мэндийн салбарт эмчилгээ, оношилгооны
олон арга нэвтэрсэн.
Тасралтгүй гурван жил ажиллаад өнгөрсөн
есдүгээр сарын 26-нд рентген хоолой нь шатаж, үйл ажиллагааг нь
зогсоогоод байна. Яаралтай засах шаардлага тулгарсан учир Засгийн газар
богино хугацаанд асуудлыг шийдсэн. Нийт 453.8 сая төгрөгийг Засгийн
газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Үүнд бүтэн жилийн засвар
үйлчилгээний зардал багтсан.
"AlluraXPER FD20/20 Biplan” загварын эл
аппарат (4.9 тэрбум төгрөг) нь рентген хоёр хоолойтой, өргөн хүрээний
программ хангамжтай, зөвхөн зүрх, мэдрэлийн эмгэгийг судсан дотуур
эмчилж, оношлох тусгай зориулалттай. Өнгөрсөн хугацаанд 7500 цаг
ажиллуулжээ. Энэ нь ашиглах хугацаанаасаа нэг дахин давсан үзүүлэлт юм.
Цоо шинээр суурилуулсан ч рентген хоолойг нь 1.5-2 жил болоод солих
ёстой.
Гэвч манайд энэ аппаратыг засаж, янзлах
инженер техникч байхгүй. Аппарат үйлдвэрлэгч "Филипс” компанийн салбар
төв нь ОХУ-д байдаг учир тэндээс бид инженер дуудан, засуулж,
оношлуулдаг.
Эх сурвалж"Өнөөдөр" сонин