Спортын дуулиан 3: П.Бүрэнтөгс-Р.Пүрэвдагва нарын болон бусад онцлох барилдаанууд
1. Тавын давааны тунаа буюу аймгийн арслан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар - Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат аймгийн арслан Д.Анар
Үндэсний Их баяр наадмын хүчит бөхийн тавын даваанд бөхчүүд ам авч дууслаа. 31 дээр ам авсан Улсын начин Т.Баасанхүү цол ижил Л.Лха-Очирыг амлан авч, шилдэг хоёр аймгийн арслан туналаа. Нутгаас нь том цолтой бөх байхгүй хоёр хүчит арсланг хэн амласангүй. Тунаад цол авна гэдэг нэг ёсондоо бахархал байдаг. Өмнөх жил нь түрүү бөх Э.Оюунболдод 4-ийн даваанд өвдөг шороодсон Шарын Мөнгөнбаатарыг цол авна гэж олон хүн таамаглаж байсан. Хэн давсан нь улсын начин болох хүндхэн барилдаанд Д.Анар өрсөлдөгч бөхөө өвдөг шороодуулан Улсын цолтоны эгнээнд багтсан билээ.
2. Долоогийн давааны тунаа буюу Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын харцага Ц.Содномдорж - Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын харцага Б.Пүрэвсайхан
Долоогийн даваанд Улсын арслан Э.Оюунболд Б.Батмөнх зааныг амлан авч, өнөө цагийн шилдэгүүд хоорондоо учраа таарахаар болов. Гарьд Б.Гончигдамба Р.Пүрэвдагва начинг амлан авсан бол Заан Ч.Санжаадамба уран хурц барилдаантай Т.Баасанхүү начинг амлан авсан. Ингээд мөнхийн хурц өрсөлдөөн үзүүлдэг хоёр харцага тунан үлдсэн юм. 2014 оны Наадмаар хоёр бөх тавын даваанд тунан барилдаж Б.Пүрэвсайхан Ц.Содномдорж харцагыг барьц сонгосон байдлаас өргөж цацаад давсан билээ.
Энэ жилийн Цагаан сарын барилдаанд түрүүлж одтой байсан Ц.Содномдорж харцага өрсөлдөгчөө түрж хөөсөн боловч Пүрэвсайханы зайлах мэхэнд нь тэссэнгүй өвдөг шороодсон юм. Ийнхүү хэн давсан нь цолоо ахиулах чухал барилдаанд Баатархүүгийн Пүрэвсайхан давж Улсын заан цолтоны эгнээнд багтсан юм.
3. Наймын давааны Гал гарсан барилдаан Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Улсын аварга С.Мөнхбат - Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаяр
Наймын даваанд хамгийн түрүүнд С.Мөнхбат аварга барилдах бөхөө амлахаар төв асрыг зорисон. Нэг галын хоёр Арслангаа тэрээр амлахгүй нь тодорхой байсан. Хоёр Пүрэв, Санжаа заан, Оюунболд арслангаас ам авах боловуу гэтэл цол ижил Гунаажавын Эрхэмбаяр аваргыг амлан авч төв цэнгэлдэхийг шуугиулсан. 2010 оны наадамд түрүү булаалдаж явсан хоёр бөх үндсэн цагт хаялцаж чадалгүй барьц сонгосон. Ээлж дараалан барьц сонгосоор Г.Эрхэмбаяр аварга С.Мөнхбатыг хутгахад нь дагуулж мушгиад давсанаар энэ барилдаан өндөрлөсөн юм.
4. Наймын давааны хатуу тунаа: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд - Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба
Наймын давааны тунаанд энэ хоёр бөх яалтчгүй үлдсэн. 2011, 2013 оны түрүү бөхчүүд хоорондоо барилдаж, 2012, 2014 оны наадмын түрүү бөхчүүд хоёр Пүрэвийг амалсан. 2015 оны түрүү Энхтөгсийн Оюунболд арслан түрүүлэх магадлалтай бөхчүүдийн дунд дээгүүр эрэмбэлэгдэж байсан. Санжаа заан ч гэсэн олон жилийн мөрөөдлөө биелүүлэх хүсэл маш их байсан. ийм л хоёр бөх тунан барилдаж Санжаа заан өрсөлдөгчөө шахаж татан хавирсанаар цолоо ахиулах боломжттой болсон юм.
5. Хамгийн их маргаан дагуулсан барилдаан: Увс аймгийн Давст сумын харьяат Улсын арслан П.Бүрэнтөгс - Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Улсын начин Р.Пүрэвдагва
Хүчит бөхийн барилдааны наймын даваанд барилдсан Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Р.Пүрэвдагва нарын барилдаан маргаантай болж Монгол түмнийг шуугиулсан. Улсын арслан П.Бүрэнтөгс барьц сонгон, өөрийн дархан мордох мэхээ хийсэн боловч хоёр бөх ойролцоо газардаж энэ маргаан үүсэх эхлэл болсон юм. Хөлийн цэцээс хоёр бөхийн барилдааныг дахиулах шийдвэр гаргасан ч Улсын арслан П.Бүрэнтөгс Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа.
Бичлэгээс харахад арслангийн зүүн хөл, начингийн баруун тохойн аль нь түрүүлж газардсан болох нь маргаантай байсан. Хөлийн цэц телевизийн бичлэгээр бус өөрсдийн нүдээр харснаараа дүгнэлт гаргаж, Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Р.Пүрэвдагва нарыг дахин барилдуулахаар болов. Харин Улсын арслан П.Бүрэнтөгс Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн нэлээд хугацаа өнгөрсний эцэст тэд дахин барилдлаа.
Энэ удаа Улсын арслан П.Бүрэнтөгсийг улсын начин Р.Пүрэвдагва давсан билээ. Харин Улсын арслан П.Бүрэнтөгс зүлэг ногоон дэвжээн дээрээ цурхиран уйлж, наадамчин олныг тавгүйтүүлэв. Шинэ зуун гарч технолгийн эрин ноёлж буй өнөө үед манай Үндэсний бөхийн шүүлт, барилдааны дүрэм, зодог шуудагны хэмжээ, ёс жудаг одоо болтол хуучинтайгаа зууралдсаар, хуучин уламжлалаасаа бүүр ухарсаар байгаа нь гашуун үнэн. Наймын давааны шийдвэрлэх гурван барилдаан бүгд барьц сонгох байдлаас хаялцсан нь Үндэсний бөхийн нэр хүндийг улам бүр унагаасаар л байна. Үндэсний бөхийн цол дуудахад "Уран мэхийг уралдуулан, үнэн хүчийг үзэн" гэдэгсэн.
Ч.Амартүвшин
http://www.zaluu.com/read/dahace4g