2013
оны Нобелийн Энхтайвны шагналын эзэн тодорсон. Нидерландын Гаага хотод
байрладаг Химийн зэвсгийг хориглохын төлөө байгууллага нэртэй засгийн
газар хоорондын статус бүхий байгууллага аж. Норвегийн Нобелийн хороо
энэ жил химийн зэвсгийн эсрэг тэмцлийг үнэлэхээр өөр арга байгаагүй.
Учир нь химийн зэвсэгтэй холбоотой улстөрийн цуврал үзэгдлүүд Ойрхи
Дорнодын дүр төрхийг өөрчлөх хэмжээнд хүртэл хурцатгасан. Сирийн
Ерөнхийлөгч Башар аль-Ассад химийн зэвсгээр энгийн иргэдийг хордуулж
алсан гэх шуугиан дэгдэв. Нэгдсэн Үндэстний Байгууллага үнэхээр Сирид
химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоох гэж химийн зэвсгийн шинжээчдээ
илгээлээ. Башар аль-Ассад химийн зэвсэг хэрэглэсэн нь нотлогдвол улаан
шугам давсантай адил гэж Барак Обама мэдэгдэв. Улмаар Сирийн эрх
баригчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах тухай яригдаж эхлэв.
Нэг
талаас АНУ тэргүүтэй Барууны улс орнуудын дэмжлэгийг авсан арабууд,
нөгөө талаас Орос, Иран, Хятадын дэмжлэгтэй шийт шашинтнуудын хооронд
Дэлхийн III дайн дэгдэж магадгүй тухай ч зохиомжилж байлаа.
Америкчууд
Сирийг өнөө маргаашгүй бөмбөгдөж болзошгүй тухай яригдаж байх үед Кремль
тун ухаалаг нүүдэл хийв. Үнэндээ Нобелийн Энхтайвны шагналыг олон улсад
төдийлөн танигдаагүй жижиг байгууллагад олгохын оронд ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путинд олговол илүү шударга байж болох тухай ч
бичиж байсан. Өмнө нь Барак Обамад олгож байсан. Сирийн хямралыг
шийдвэрлэсэн В.Путинд яагаад олгож болохгүй гэж?
В.Путин Сирийн химийн
зэвсгийг хураах санаачилга гаргаж, Цагаан ордоныг ятгаж чадсанаараа
геополитикийн ач холбогдолтой улстөрийн ухаалаг нүүдэл хийсэн аж. Сири
дэх шатрын өрөгт В.Путин ялж, Б.Обама ялагдсан гэж НҮБ-ын сурвалжлагч
Жон Мецлер бичжээ. Нобелийн шагналтай Барак Обама хүч хэрэглэхээс
буцахгүй их гүрний дээрэнгүй удирдагч, харин Владимир Путин хүчтэй ч
гэсэн энхийг эрхэмлэдэг ухаалаг улстөрч гэж харагдсан гэнэ. Үнэндээ зуун
мянга гаруй хүний амийг авч одсон Сирийн иргэний дайныг зүгээр хараад
суух нь олон улсын нийгэмлэгийн хувьд байж болшгүй зүйл. Жижиг улсын
дотоодын дайныг том гүрнүүдийн оролцоотойгоор шийдвэрлэдэг нь бодит
байдал. Цагаан ордоны хувьд Сирийн хямралыг зэвсгийн хүчээр шийдвэрлэх
хувилбар нь эцсийн гарц биш гэхэд хамгийн боломжтой хувилбар байсан байж
магадгүй. Харин Кремль нөхцөл байдалд тун хүлээцтэй хандаж, тооцоотой
үйлдэл хийв. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын үеэс Сири нь Оросын гол
холбоотон байлаа. Сири бол Оросын зэвсгийн хамгийн том худалдан авагч
нарын нэг.
Кремль Ойрхи Дорнодын бүс нутаг дахь Саудын Араб тэргүүтэй
суннит шашинтнуудын түрэлтийг хязгаарлахын тулд шийт шашинтай Иран,
Сирийг далдуур дэмждэг нь нууц биш. Барууны хэвлэлүүд В.Путины засаг
захиргаа геополитикийн ашиг сонирхлоо Сирийн энгийн иргэдийн амь наснаас
дээгүүр тавьдаг гэж буруутгаж байлаа. Харин энэ хооронд В.Путин Сирийн
эрх баригчид болон сөрөг хүчний удирдагч нарын аль алинтай нь холбоо
тогтоов. В.Путин Сирийн химийн зэвсгийг хураах хувилбар бодож олсноор
Башар аль-Ассадын эсрэг болзошгүй цэргийн ажиллагааг зогсоолоо. Химийн
зэвсгийн тухай маргаан ч тэгсхийгээд намжсан.
Энэ хувилбар нь эргээд
Сирийн сөрөг хүчний босогчдод ч давуу тал болж мэднэ. Кремлийн тэргүүн
аль аль талынх нь ашиг сонирхлыг хангах хувилбар бодож олсноороо
ирээдүйн Сири улсад байр сууриа баталгаажууллаа. Үнэндээ Сири дэх Оросын
геополитик Тартус хот дахь тэнгисийн цэргийн хүчний жижиг баазаар
хязгаарлагдана гэвэл эндүүрэл. Шатахуун цэнэглэдэг, засвар техникийн
үйлчилгээ үзүүлдэг энэ баазын геополитикийн ач холбогдол тийм ч өндөр
биш. Гол нь В.Путин Сирийн эрх баригчид ба сөрөг хүчний удирдагч нарын
хооронд ухаалаг нүүдэл хийж, Ойрхи Дорнодын бүс нутагт нөлөөтэй тоглогч
гэдгээ харуулчихлаа.
Геополитик бол газар зүйн хүчин зүйл олон
улсын улстөр, олон улсын харилцаанд хэрхэн нөлөөлдөгийг судалдаг
нийгмийн шинжлэх ухааны салбар. Газар зүйн байрлал талаасаа Оросын
геополитик нь Еврази гэгч ойлголттой салшгүй холбоотой. ОХУ бол
Европ-Ази тивийн нутаг дэвсгэрийг хамарсан асар том гүрэн. Энэ утгаараа
Орос бол Евразийн эзэнт гүрэн.
Анх 1920-иод онд Еврази гэдэг ойлголтыг
Оросын эрдэмтэд гаргаж иржээ. Зөвлөлт засгийн үед Москва нь Зүүн Европ,
Дундад Азийг нэгтгэсэн хүчирхэг эзэнт гүрний нийслэл байлаа. 1991 онд
Зөвлөлт Холбоот Улс задран унаснаар эх гүрний байр сууриа алджээ. Аварга
гүрний буурийг сахиж үлдсэн оросууд хорин жилийн хугацаанд дотоод
асуудлаа шийдвэрлэх, тамирдсан эдийн засгаа сэргээх гэж нэлээд зүдэрчээ.
1999 онд В.Путин засгийн эрхэнд гарснаар Орос дахин сэргэсэн. В.Путин
үндэсний эдийн засгийг сэргээж, эрчим хүчний супер гүрэн гэдэг статустай
болгов. Оросын армийн шинэтгэлийн хөтөлбөр эрчимтэй үргэлжилж байна.
Орчин үеийн өндөр хүчин чадалтай зэвсэг техник боловсруулах төсөлд
ам.долларыг тэрбум тэрбумаар нь цацаж байна. Оросуудын ирээдүйдээ итгэх
итгэл нэмэгдэж, үндсэрхэг үзэл ч газар авлаа. Евразийг нэгтгэсэн аварга
эзэнт гүрнийг дахин сэргээх тухай ч яригдаж эхэлсэн. Эрдэмтэн
судлаачдаас нь гадна Кремль ч өөрөө их гүрнийг дахин сэргээх тухай үзэл
сурталд онцгой ач холбогдол өгдөг бололтой юм билээ.
2008 оны
намар Гүрж-Оросын зэвсэгт мөргөлдөөнд Оросын ялгуусан арми ялсны
дараахан Александр Дугин гэгч эр Өмнөд Осетод очжээ. Манай арми удахгүй
Гүржийн нийслэл Тбилис, цаашлаад Гүржийг ч эзэлнэ. Бид Украин, Крымийн
хойгийг ч авах ёстой. Түүхэндээ Оросын ард түмний газар нутаг байсан гэж
мань эр хэлжээ. Тавин нэгэн настай Александр Дугин бол Оросын эзэнт
гүрнийг сэргээх босгох мөрөөдөлтэй, Еврази үзэлтнүүдийн гарамгай
төлөөлөгч. Евразийн хүчирхэг гүрэн байгуулах тухай үзэл санааг нь Оросын
томчууд талархан уншдаг төдийгүй бодит байдал болгохын төлөө ажиллаж
байна. Алдарт Лев Гумилевын үзэл санаанд тулгуурлан хэд хэдэн ном бичсэн
нь ихэд шуугиан тарьжээ. Александр Дугины 1997 онд бичсэн Геополитикийн
тулгуур: Оросын геополитикийн ирээдүй нэртэй номыг нь Оросын цэргийн
академи албан ёсны сурах бичгээ болгосныг нь үзвэл Евразийг нэгтгэх үзэл
санаагаар зэвсэглэсэн хэдэн арван мянган орос оффицерууд бэлтгэгдэж
байна гэж таамаглахаас өөр аргагүй.
Александр Дугины номд
бичигдсэн геополитикийн стратеги, үзэл санаануудаас сонирхуулъя.
Атлантын далайн цаана оршиж буй Америкт итгэдэггүй Герман, Францтай
эвсэл байгуулж, Их Британийн арлыг эх газрын Европоос тусгаарласнаар
Европын хүчийг сулруулах юм байна. Калининград, Эстоныг Германд өгвөл
асуудал шийдэгдчихнэ гэнэ. Финландыг Орос өөрөө авч, Латви, Литва,
Польшийг Евразийн нөлөөнд тусгай статустай болгох аж. Молдав, Украин,
Казахстаныг Орост нэгтгэнэ. Ираныг дэмжиж, Дундад Азийг улс орнуудыг
үймүүлэх аж. Хятад нь ирээдүйд Оросын үндэсний ашиг сонирхолд харшлах
учраас Хятадыг хойш нь тэлэхээс сэргийлж, урагшаа Филиппин, Индонез,
Австрали руу чиглэсэн түрэмгий бодлогыг нь өөгшүүлэн дэмжихийг зөвлөжээ.
Курилын арлуудыг Японд бэлэг болгон өгч, улмаар Америкийн эсрэг
хандлагыг дэвэргэх стратеги ч ухаалаг орос хүнд байх ёстой аж. Монгол ч
гэсэн Евразийн эзэнт гүрэнд харъяалагдана. Александр Дугины номд
бичигдсэн санаануудын зарим нь тун удахгүй бодит байдал болно.
Владимир
Путин бол ардчилагч ч биш, сталинист ч биш. Харин тэр чадварлаг
геополитикч. В.Путин 2005 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Зөвлөлт Холбоот
Улс задран унасан нь хорьдугаар зуун дахь хамгийн аймшигтай
геополитикийн гамшиг гэжээ. Александр Дугины үзэл санааг хэрэгжүүлэх
эрчим хүч, цэрэг зэвсэг, мөнгө Орост хангалттай байна. Үзэл санааг нь
тууштай хэрэгжүүлэх удирдагч ч Орост байна. 1994 онд ОХУ, Казахстан,
Беларусын төрийн тэргүүнүүд Евразийн үзэл санааг хөгжүүлэх тухай саналыг
дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Тэгвэл энэ санаа тун удахгүй биелэлээ
олох нь. 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Евразийн Холбоо
нэртэй эвсэл байгуулагдах нь тодорхой боллоо. Европын Холбоотой адил бүс
нутгийн улс орнуудыг нэгтгэсэн хүчирхэг холбоо болно.
Улстөрийн нийслэл
нь Москва бөгөөд бүрэлдэхүүнд нь Орос, Беларус, Казахстан багтана.
Тажикистан, Кыргызстан, Армен улсууд ч элсэнэ гэдгээ илэрхийлсэн байна.
Хорин сая гаруй километр квадрат талбайтай, 170 сая гаруй хүн амтай
хүчирхэг холбоо удахгүй үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Еврази гэж
нэрээ сольсон Оросын их геополитик тун удахгүй манай хаалгыг тогшино
гэдэгт эргэлзэх шаардлагагүй болжээ. Александр Дугины Еврази гэдэг
ойлголт нь зөвхөн Зүүн Европ, Дундад Ази, Алс Дорнодоор
хязгаарлагдахгүй. Тэр Номхон далайг гатлан Америк тивд ч Евразийг
дэлгэрүүлэх тухай ярьдаг юм билээ.
http://ganbayar.essay.time.mn