Монгол төрийн наадамд хамгийн олон удаа адуун сүргийн манлай
азарга түрүүлгэсэн хийморилог эрхэм бол XX зууны манлай уяач, Монгол
Улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Данзаннямын Даваахүү юм. АХ-ын
57 жилийн ой буюу 1978 оны үндэсний их баяр наадмаас нэг түрүү, гурван
айраг хүртэн амжилтынхаа гарааг эхэлсэн тэрээр хурдан хүлгийн уяа
тааруулсан 30 гаруй жилийн хугацаанд улс, бүс, "Их хурд” наадмуудаас 20
гаруй түрүү, 60 гаруй айраг хүртэн өнгөрсөн зууны шилдгийн шилдэг
уяачаар нэрлэгдсэн билээ. Адуун сүргийн манлай азаргаар урамтай наадагч
Тод манлайн уяан дээрээс төрийн наадмын түрүү хүлгүүд /азарга/ хамгийн
олон удаа тодорсон нь дахин давтагдахад бэрх амжилт юм. Залуу уяачдад
зориулсан "Уяач зөвлөж байна” булангийн энэ удаагийн зочноор
Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү уригдан оролцож, "Азарганы уяа, сойлгын
онцлог” сэдвээр уншигчдаас ирсэн асуултанд хариулт өглөө.
Хурдан
морь судлаач Донойн Даваажанцан 1812 оноос хойших баяр наадмын цувааг
судлан нийтэд хүргэсэн байдаг бөгөөд түүнээс харвал 1899 оныг хүртэл
монголчууд хязаалан, соёолон, их нас, жороо гэсэн дөрвөн насны морь
уралдуулан цэнгэдэг байжээ. Харин 1899 оноос азаргыг оролцуулан таван
насны морь уралдуулж нааддаг болсон байна. Энэ нь тухайн үед
одоогийнхтой адил шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн ойлголт байгаагүй ч
бидний өвөг дээдэс бага насны адуу буюу даага, шүдлэнг гэмтэж бэртэх,
харин азаргыг сүргийн тэргүүн эцэг мал гэдгээр нь болгоомжлон
уралдуулдаггүй байсных юм. Харин энэ цаг үеэс адууны үүлдэр угсааг
сайжруулах үүднээс азарганы сайн мууг тодорхойлох үүднээс азаргыг
уралдуулах болсон аж. Монголчуудын уламжлалт шинжлэх ухаан, хурдан морь
шинжих, уях, засах ёсонд өгүүлэхдээ морины уяа засал яг таарсан үеийг
"газрын чагтага тасрах” хэмээсэн байдаг. Энэ нь уяачийн ажил бол газрын
амьтныг тэнгэрт гаргаж, газрын чагтагыг таслах их ухааны оньс гэдгийг
илэрхийлж буй хэрэг юм. Уяач хүн морь шинжиж, уяж засах арга барилдаа
дүгнэлт хийж, бусад уяачийн арга барилаас суралцаж уяа заслаа наадмаас
наадмын хооронд тасралтгүй сайжруулж байх хэрэгтэй. Монголчуудын морь
шинжих, уяж засах арга билэг нь олон үеийн турш улам боловсронгуй болж,
хөгжиж ирсэн ардын ухаан юм. Уяач хүн уралдааны дараа заслыг сайн хийж,
зун намрын тарга авалт өвөл, хаврын онд оролтын байдлыг харгалзан морины
ажлыг тохируулан хийх нь зөв. Уяа морины тамир тэнхээг сайн суулгах нь
уяачийн гол анхаарах зүйлсийн нэг юм. Ямарваа хурдан морийг зун, намрын
цагт гүүн зэлэн дээр сахиулах хэрэггүй. Ингэсэн морь буруу хүч авч,
уяхад муугаар нөлөөлнө. Өвлийн цагт буюу 1-3 сард дээд гурван насны
морьдыг хүчийг нь харгалзаж, 7-15 удаа зөөлөн унаж хөлөргөхийн сацуу уяж
хонон гэдсийг нь солино. Энэ нь цангаар эмчилгээ хийж байгаа юм. Уядаг
азаргануудад соёолонгоос дээш насны бүдүүн 5-8 гүү хураалгаж, гүүнүүд нь
дөрвөн сарын эхээр жигд унагалж тавдугаар сарын 1 гэхэд азарганы ороо
гарсан байхаар зохицуулах нь чухал. Азаргыг 26-28 хоног уяж сойх нь
тохиромжтой бөгөөд дээд гурван насны морьдыг уяж байх хугацаандаа нэг
удаа уяж хонуулах нь сайн, тухайн адууны байдлаас дахин уяж хонож болно.
Сүргийн тэргүүн эцэг мал гэдгээрээ азарганы уяа сойлго илүү нарийн,
хамгаалалт, арчилгаа ихтэй. Чухам тиймээс уяачид уяаны алдаа мадаг
гаргах нь элбэг. Дээхнэ үед аль ч насны морийг эдэлгээ уналгааг нь зөв
тохируулж уядаг байсан бол орчин цагт хагас суурин маллагаа буюу тэжээл
арчилгаанаас олон зүйл шалтгаалах болжээ. Тиймээс өнөө цагт азарганы уяа
сойлгын тухайд тэжээл арчилгаа маллагаа, уяа сойлго болон ороог хэрхэн
гаргах зэрэгт илүүтэй анхаарах нь зүйтэй юм. Адуу болгон өөр өөр уяатай
учир уншигчдаас ирсэн асуултаар дамжуулан уяа сойлготой холбоотой
анхаарвал зохих мэдээллийг өгөх нь зүйтэй байх.
-Хур таргатай азаргыг хэрхэн уях вэ?
-Зөвхөн
азарга гэлтгүй аль ч насны тарган адууг алсаас зөв эдэлж хүчийг нь
нимгэлээд, дараа нь хурдны ажлыг хийх хэрэгтэй. Орчин үед морь унадаг
хүн цөөхөн болж. Уг нь дээхнэ үед бол уналгаа эдэлгээгээр нь хур таргыг
нимгэлдэг байсан. Ер нь хур таргатай адууг зөөлөн уналга эдэлгээгээр
хүчийг нь нимгэлэх нь адуундаа сайн. Уяач хүн юуны өмнө адууны арчилгаа,
маллагаа, эдэлгээг сайн мэддэг, зөв маллаж, эдэлж чаддаг байх хэрэгтэй.
Уях морио хол газар унах нь тэр морины сайн, муу чанар, өвөрмөц
онцлогийг мэдэрч ажиглан дүгнэлт хийж, яаж хэрхэн уяхаа шийдэх боломжийг
олгодог.
-Азарганы уяа нь орохоор засаа нь далд ордог гэдэг үнэн үү?
-Үнэн
байлгүй яахав. Уяа нь таарсан азарга засаа нь далд ороод яг л морь шиг
болчихдог.Үүнээс гадна тухайн адууны уяа сойлго тохирсон эсэхийг хэд
хэдэн байдлаар мэдэж болно. Хамгийн эхнийх нь баас хомоолоор нь. Баас нь
нэг эгнээгээр гөлгөр нягт, чийг багатай гарч голоороо нэг удаа хагарах
юмуу, хагарахгүй бүхлээр унах нь уяа таарсны шинж. Дээр өгүүлсэн баасны
шинж нь умсны хур баас гүйцэд гарч нялх ногоонд сайн цадаж, умс нь сайн
агшсаны шинж юм. Нэгэнт умс гүйцэд агшсан учраас тэнд ямар нэг хий
хуралдах, баас хөдлөхгүй болдгоос үүдээд гэдэс зайлагдах, өлдөхгүй
болдог. Адууны уяа таарсныг шинжих дараагийн энгийн арга бол нүдний
өнгө. Нүдний дотор хүний босоо дүрс бүтнээрээ багтаж харагдан, тунгалаг
болсон байвал уяа тохирч байна хэмээн үзэж болно. Мөн нар гарахаас
урьдхан барихад үс нь гялалзахын зэрэгцээ сайн харвал өөр өнгөтэй болж,
биед нь гэрэл туяарах мэт болно. Ийм үед үсийг хааш нь ч дарсан налах
бөгөөд бүх биеийн үс хагас налуу болдог.Бас арьсыг нь чимхэж үзвэл
үүссэн нугалаа нь удаан арилна. Мөн уяа нь орсон адуу түргэн цадах тул
унтаж амрах нь их болдог.
-Хавчиг долоон насанд нь өнжих нь зөв үү?
-Зөв.
Хүнд жил ордог шиг адуу ч гэсэн долоотой, 13-тайдаа бие физиологийн
өөрчлөлтөнд орж байдаг. Шинжлэх ухааны үүднээсээ цус нь шинэчлэгддэг
гэдэг юм билээ. Энэ үедээ гэмтэж бэртэх нь элбэг байдаг тул монголчууд
эрт дээр үеэс анзааран энэ үед нь уралдуулахаас цааргалдаг байсан.
Хэрвээ уралдуулмаар байгаа бол холбогдох цээрийг гаргах хэрэгтэй. Өөрт
тохиолдсон жишээнээс харахад долоотой уралдуулсан адуу хожмоо сайнгүй л
байдаг юм билээ. Баянбатын Наран хонгор ирэх жил долоотой өнжөөнө дөө.
-Хавар орооны үед нь уралдуулах нь зөв үү?
-Сүүлийн
100 гаруй жил л монголчууд азарга уралдуулж байгаа. Түүнээс өмнө
азаргыг уралдуулдаггүй байсан. Азарганы уяа сойлгын ажил орооны ид үед
нь явагддаг учраас тэр талаасаа бодож үзвэл мэдээж сайн биш. Гэхдээ бид
уралдуулаад, үр төлийг нь аваад ирсэн шүү дээ. Харин хаврын уралдааны
тухайд азарга уралдуулах нь төдийлөн таатай бус юм шиг санагддаг.
Ялангуяа төлд нь илүүтэй анхаарч байгаа азаргыг бол хавар уралдуулах
хэрэггүй юм шиг санагддаг шүү.
-Хурдан азаргыг засаагаар нь хэрхэн шинжих вэ?
-Хурдан
азарганы засаа шовх үзүүртэй байдаг. Жишээлбэл, Хэнмэдэхийн цавьдар
азарга яг тийм засаатай адуу. Тэднийд хурд тарилаа шүү дээ. Ер нь
ажиглаад байхад шовхдуу засаатай азарга голдуу эр, түнтгэр засаатай
азарга голдуу эм төл өгдөг.
-Азаргыг тарган талд нь уясан нь дээр үү?
-Ер
нь бяртай уралдуулах нь зөв. Хурдан морины хүч таргыг гурав ангилдаг.
Нэг хүчин дээр уяаг нь тааруулсныг ир гэнэ. Ирийг тарган, дунд, туранхай
хэмээн гурав ангилж болох бөгөөд тухайн адууны язгуурын шинжид нь
тааруулж чадвал аль ч ирэн дээрээ сайн хурдалдаг. Энэ нь уяачийн эрдэм,
адуугаа хэр мэдэрдгээс л хамаарна. Тарган ирлэсэн морь бороотой юмуу,
сэрүүнд илүү хурдалдаг бол туранхай ирлэсэн адуу нартай дулаан үед илүү
амжилт үзүүлдэг. Харин дунд ир гэдэг нь өлөн, бөөрөнхий хүчтэй морийг
хэлдэг. Ийм адуу ямар ч нөхцөлд хурдалдаг. Ер нь аль ч ирэнд уралдах
адууг наадам дөхсөн үед бороонд норгох, хужир идүүлэх зэргээс
болгоомжлох хэрэгтэй. Энэ тохиолдолд гэдэс солигдож байдаг.
-Өмнө нь уяж байгаагүй нас нийлсэн азаргыг хэрхэн уях вэ?
-Удаан хугацааны зөөлөн эдэлгээгээр хүчийг нимгэлж, бүр бараад дахин шинэ хүч суулгаж байж уяаны ажил хийх хэрэгтэй.
-Азарганы уяанд анхаарах гол хүчин зүйл?
-Гол нь ороог нь гаргаж, уяаны ажлыг нь зөв хийх хэрэгтэй. Уяа нь таараагүй азарганы ороо дахин эргэж ороод байдаг.
-Сайн азарга ямархуу хэлбэр хийцтэй байдаг вэ?
-Хурдан морины шинжүүд дээр бий дээ. Эргүүлэг олонтой, арьс нимгэнтэй байх хэрэгтэй.
-Давхар уяаны азарганд юуг анхаарах ёстой вэ?
-Ер
нь сайн азаргыг тамирыг нь тасартал олон уралдуулах дэмий. Чанартай
цөөн уралдуулаад бусад үед нь амраах хэрэгтэй. Би бол азаргыг тэгж олон
уралдуулдаггүй.
-Аав тань таныг "ороо нь гараагүй азарга
тамир муутай байдаг” гээд зэмлэж байсан гэдэг. Ер нь азарганы ороо
гүйцэд гарсныг хэрхэн мэдэх вэ?
-Ороо нь гараагүй
азарга бие нь чангараад байдаг. Харин ороо нь гарахаараа бие нь суларч
тавирдаг. Ороо нь гарсан азарга андашгүй л дээ. Тайван амгалан болж, бие
нь тавирдаг. Ороог нь гаргахгүй бол хамгийн наад зах нь амарч чадахгүй
тогтворгүй болдог. Үүнээсээ болоод бяр тогтоохгүй. Ер нь ямар ч адуунд
бяр суулгаж байж л уядаг шүү дээ.
-Уядаг азарганд хэдэн гүү хураалгавал зохистой вэ?
-Аль
болох цөөн гүү хураалгавал сайн. Гэхдээ их зовлонтой, цөөн гүү өгөхөөр
ороо нь гүйцэд гарахгүй муу тал бий. Ороог нь гаргах гээд олон гүү
өгчихөөр бас муу. Тэгэхээр түүнийг уяач хүн өөрийнхөө мэдрэмжээр л
зохицуулна даа. Би бол соёолонд нь ч гүү хураалгах дургүй. Хавчигаас нь
эхлээд цөөн тооны гүү өгдөг. Тэгэхдээ хавар эрт жигдхэн унагалах гүүнүүд
байвал зүгээр байдаг юм.
-Уяаны дундуур гүү гишгүүлвэл нөлөөлөх үү?
-Нөлөөлгүй яахав. Тиймээс л ороог нь урьтаж гүйцэд гарга гээд байгаа юм шүү дээ.
-Жаргалсайханы Даатгал хээр азарга 2006 онд түрүүлэхдээ өглөө нь гүү гишгэсэн гэдэг юм билээ?
-Уяаны
үеэр гүү гишгээд амжилттай наадсан миний мэдэх нэг азарга бол Дундговь
аймгийн Говь-Угтаал сумын Шаравжамцын хүрэн азарга л байна. Уралдахынхаа
урьд өдөр гүү гишгэж байгаад 1970 оны баяр наадамд түрүүлсэн байдаг.
Ороо нь дутуу гараад бие нь тавирахгүй болохоор гүү гишгүүлсэн байх л
даа. Ер нь бол уяаны дундуур гүү гишгүүлэх яаж ч бодсон сайн биш.
-Байдсан гүү гишгүүлэх дэмий гэдэг?
-Их
хортой л доо. Байдсан гүү олон дахин гишгүүлдэг. Бүдүүн гүүг дөрөв тав,
дээд тал нь арав гишгэлээ гэхэд байдсан гүүг 20 гишгэнэ шүү дээ.
Ингээд бодохоор азаргандаа сайнгүй байгаа биз. Тиймээс уяж байгаа
азарганд аль болох бүдүүн гүү хураалга гэдэг юм шүү дээ.
-Азарга, гүүний зохилдолгоо гэж юуг хэлдэг юм бэ?
-Наадах
чинь хэцүү дээ. Нэн тэргүүнд удам угшлыг нь харах хэрэгтэй. Дараа нь
хэлбэр галбирыг нь харна. Жишээлбэл, оцгордуухан нуруутай, уртхан биетэй
азарганд бөгтөрдүү маягтай гүү тавих зэргээр хэлбэрийг нь зөрүүлдэг.
Мөн арьс султай азарганд чангахан арьстай гүү хураалгах гэх мэтчилэн
эсрэгцүүлдэг. Эртний сударт энэ мэтчилэн хэв галбирынх нь тохироог зөв
тааруулснаар сайн унага гарна хэмээсэн байдаг.Монголчууд хол удмын адууг
хооронд нь эвцэлдүүлж цус холдуулахаас гадна адууны хэв галбир, уян
хатан чанар, биеийн их багийг харгалзан хээлтэгч, хээлтүүлэгч хоёрын
тохироог тааруулдаг байсан нь өнөөдөр ч гэсэн мөрдөгдөж байна. Зөв
шинжиж үржилд оруулсан азарга, гүү хоёрын дундаас гарах үр нь эцэг
эхийн аль нэгний сайн чанарыг илүү давамгай авсан буюу эсвэл аль алины
сайн чанарыг дуурайсан байх магадлал ихтэй. Гэхдээ үүнд удам угшил их
чухал. Удамгүй гүүг сайн азарганд хураалгавал сайн төл гарах нь бараг
үгүй. Харин сайн гүүг жирийн азарганд хураалгахад сайн унага төрөх нь
бий. Үүнээс үзвэл үр төлдөө эхийн чанар давамгай удамшдаг нь харагдаж
байгаа биз. Мөн сайн төл авахад азарга, гүүний нас их чухал. Жишээлбэл,
соёолон азарга, хязаалан байдсан гүү хоёрын дундаас гарсан төл хэв
галбир сайтай ч өөд газарт сайн, уруу газарт тааруу байдаг. Харин хөгшин
азарга, хөгшин гүүний төл өөд газар муу, уруу газар сайн байдаг.
Тиймээс хөгшин азарганд залуу гүү, залуу азарганд хөгшин гүү гэх мэтээр
зөрүүлвэл гарсан төл нь дээр ярьсан шиг газрын өөг голохооргүй адуу
байдаг. Ер нь гүү 7-15, азарга 9-15 насандаа бяр тэнхээ нь тэнцэж ид
жагсдаг учраас сайн төл өгдөг.Олон жилийн туршид ажиглаж байхад удамтай
азарга гүүний төл аль ч талаараа илүү байдаг юм билээ. Тэгэхээр
залуучууд сайн адуутай болъё хэмээж байгаа бол аль болох удам угшилтай
сайтай үрээ, байдас цуглуулах хэрэгтэй. Харин сайжруулж байгаа нь энэ
гээд эрлийзжүүлээд байх нь тийм тохиромжтой бус. Би морин тойруулгын 200
толгой адууг хүлээж аваад 700 гаруй адуу хүлээлгэж өгсөн. Хоёр жилийн
дараах зуднаар шуурганд уруудаад 200 адуу л үлдсэн байна лээ. Ингэж
амьдралаараа эрлийз адуу Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицож
байгалийн шалгарлыг давах мал биш юм гэдгийг мэдэрсэн болохоороо би
эрлийз мал дэмий гээд байгаа юм. Өмнө нь өөрийнхөө сайхан монгол сувай
үхрийг идшинд өгчихөөд эрлийз үхрүүдээ авч үлдээд байсан ганцхан зуднаар
ганц ч үлдээгүй цөмөөрөө үхсэн юм. Тэгэхээр монгол газар монгол мал шиг
хэрэгтэй юм байхгүй.
-Нэг азарга, түүний үр төлөөр дамжуулан азарга тавих нь элбэг. Энэ нь сөрөг талтай юу?
-Гаднаас
сайн гүү авчирч хураалгаад байвал заавал азаргаа солих гээд яахав дээ.
Холдуулж байгаа нь энэ гээд муу юм авчраад нийлүүлчихвэл эсрэгээрээ
адууныхаа чанарыг муутгачих талтай.
-Адууны удмыг хадгалахын тулд цусанд нь эргүүлж нийлүүлэх нь бий. Ер нь хэд дэх үед нь цусанд эргэж оруулбал зөв бэ?
-Нэг
нь дөрөв дэх, нөгөө нь гурав дахь үед нь нийлүүлбэл илүү зүгээр байх
шиг санагддаг юм. Түүнээс хоёулаа гурав бол ойртчихно. Ер нь заавал
сөргөлдүү байх хэрэгтэй. Жишээлбэл, нэг нь тав, нөгөө нь гурав ч гэдэг
юмуу.
-Зарим хурдан адуу их ааширхаг, зарим нь номхон дөлгөөн байдаг. Ааль аашаар нь хурдыг шинжиж болох уу?
-Янз
бүр дээ, адууныхаа шинжээс болно. Зарим адуу ажил хийхээр улам
догшроод тэр хэмжээгээрээ хурд нь ороод байдаг. Зарим нь эсрэгээрээ уяа
нь орох тусам ааш нь зөөлрөөд улам бүр номхон болоод байдаг.Минийхээр
ийм адуу аргагүй мундаг хүлэг байдаг. Надад тийм хоёр адуу тааралдаж
байсан юм. Манай хурдан хүрэн азарга, Цэнгэлийн саарал хоёр ямар ч үед
зан ааш нь тогтуун байдаг. Зүүн тийшээ хараад зогсож байхад нь тэр
зүгээс бороо орлоо гэхэд тэр чигтээ л байна. Харин манай Цолмон,
Баянбатын хонгор, Батхүүгийн хул зэрэг азарганууд их ааштай. Хурд нь
орохоороо улам л ааш ороод байдаг адуунууд. Батхүүгийн хул бол барихад
хазах гэнэ шүү дээ.
-Наран хонгор азарганы бүтэн жилийн уяа сойлго, улсын наадмын өмнөх шөнө ямар ногоотой газар хэдэн цаг хоол идүүлсэн бэ?
-10-ны
шөнө би гэртээ сайхан унтаж хоносон. Гэхдээ сайхан ногоотой газар
гурван цагийн хоол өгөө биз дээ. Тухайн адууны онцлогоос хамааран хоолыг
тааруулах ч дунджаар гурван цагийн хоол таарчихаад байдаг юм. Хоёр
цагийн хоол дээд насанд арай багадах гээд байдаг. Хүмүүс намайг одоо хэр
нь адууны хоол тааруулдаг гэж ойлгодог юм шиг байгаа юм. Чадахаа
байсан. Одоо бол амаараа л уяна. /инээв/ Уяж байх үедээ би уясан шиг
уяна аа. Хүний гар хүргэхгүй шүү дээ. Засгийн морь уяж байхад Гүррагчаа,
Сайнцог, Даваадорж нарын манай дарга нар намайг байхгүйд ирвэл уяан
дээр очдоггүй. Очлоо ч гэсэн уясан моринд хүрдэггүй байсан. Хүрэхээр бол
заавал асууна. Уг нь тэд чинь миний дарга нар шүү дээ.
-Ер нь уягдаж байгаа адуунд гадны хүн гар хүрэх сайнгүй юу?
-Хүрэх
ёсгүй, хурдан морь гэдэг чинь эмзэг амьтан шүү дээ. Одоо ч хамаагүй
болж дээ. Түрүүлж, айрагдаад ирсэн мориноос адис авах нэрээр дайрчих юм.
Дээр нь сунгааны үеэр машинтай дагаад хэдэн талаас нь орилчихно. Уг нь
ингэж цөсийг нь хөөргөх хэрэггүй л байгаа юм. Яагаав нөгөө "Тод магнай”
кинон дээр гардаг биз дээ. Энэ адуу хурдан нь хурдан юм багадаа шаварт
унаад олон хүн зэрэг зэрэг орилж байж зүрхийг нь хөөргөчихөж гээд.
Тэгээд түүн дээр нь дөрөөлж арга хэрэглээд түрүүлдэг шүү дээ. Тэр их дуу
чимээ хурдан моринд аль ч талаараа сайнгүй. Ер нь наадам дөхсөн үед уяа
мориндоо гадны хүн хүргэх дэмий дээ.
-Уягдаж байсан азаргыг тавьснаас хойш хоёр жилийн дараагаас сайн төл өгдөг гэх юм. Үнэн болов уу?
-Дээр
хэлсэн шүү дээ. Азарга есөн наснаасаа 15 хүртлээ сайн төл өгдөг юм.
Түүнээс хавчиг долоотой сайн төл өгөхгүй. Төл гарлаа ч өөр шиг нь сайн
адуу гарахгүй. Яагаад гэхээр өөрөө бие нь гүйцэд сунаагүй, хөгжөөгүй
байгаа гэсэн үг. Жишээ нь, манай Цолмон хүрэн азарганы 10 насан дээр
гарсан төл. Хөх цавьдар ч ялгаагүй 10-тай азарганы төл.
-Баянбатын Наран хонгор, Энхбатын цавьдар, Дагвадоржийн Унагалдай зээрд нэг эцгийн нэг жилийн төлүүд. Уяа сойлгын хувьд өөр үү?
-Уг
нь таван эр унага гарсан юм. Нэг нь эндээд дөрөв үлдсэн байсны нэгийг
нь би бүр мартчихсан байсан. Яагаад тэгсэн бэ гэхээр эх нь унагалчихаад
хаячихдаг хог юм. Тэгэхээр нь нэг байдсанд хураалгачихгүй юу. Тэгээд таг
мартчихаж. Нөгөө гурав нь давхихаар нь дөрөв байх ёстой доо гээд бодож
байгаад гэнэт санаад уях гэсэн нүгэлтэй догшин юм билээ. Тэгээд азарга
тавьчихсан. Төлүүдээс нь харж байхаас.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган уншигчдаас ирсэн асуултанд хариулсан танд баярлалаа.
А.Тэлмэн
Тод магнай