Халх голын сав газрыг Чөлөөт бүс нэрээр будлиантуулж байгаа талаар учир мэдэх хүмүүс онцолсоор байгаа. Бид уг асуудлын хүрээнд хуульчид хийгээд Халх гол сумын иргэдээс удаа дараа байр суурийг нь хүргэж байсан. Тэгвэл энэ удаад Дорнод аймгийн Нутгийн удирдлагын зөвлөлийн дарга Д.Цогтбаатартай уулзаж ярилцлаа.
Халх голын дархан цаазат нөмрөгийн хэсэг Монгол Улсдаа төдийгүй дэлхийд маш ховор онгон тагшнаараа үлдсэн газар. Түүх дурсгалын маш олон хөшөө дурсгал Халх голын хэсэгт байдаг. Байгалийн хувьд далайн уур амьсгал орж ирдэг учир бор хөрсжилтөөрөө Монголдоо хамгийн эхэнд нэрлэгдэх юм. Энэ газрыг бусдад зарж, борлуулж орхивол хамаг үнэт зүйл нь үрэгдэж үгүй болно гэдгийг олон нийт хэлээд байгаа. Зөвхөн эмийн ховор ургамлаараа л гэхэд маш ховор хэсэг төдийгүй дэлхийд маш ховор байдаг буган хандгай л гэхэд зөвхөн тэнд амьдардаг аж.
-Халх голын асуудал нийслэлд нэлээн хүчтэй яригдаж байна. Тэгвэл аймгийн удирдлагууд та бүхний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Халх голын асуудал зөвхөн Дорнодчууд гэлтгүй улс орны асуудал болчихсон байна. Өөрөөр хэлбэл, олон аймаг, сумд, нийслэлийн иргэдээс над дээр байнга орж ирж санал гаргаж байна. Нутгийн зөвлөлийн хувьд энэ асуудалд өмгөөлөгчтэй хамтарч, цэцэд хандаад байгаа. Мөн УИХ-ын даргад үндсэн хууль болоод салбар хуулиуд, чөлөөт бүсийн тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр шаардлага явуулсан. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж хуулиндаа ч байдаггүй. Тиймээс бид энэ асуудлаар хуулийн дагуу хэрэгжүүлэх талаасаа нэлээн агуулгын тэмцлийг явуулж байгаа. Сум орон нутгийн иргэд үүнийг маш анхааралтай ажиглаж байна.
-Баяр наадмаар буюу хүмүүсийн анхаарал сарнисан үеийг далимдуулж чөлөөт бүс болгох тогтоолыг гаргалаа гэх шүүмжлэл байна. Та нарын хувьд адилхан бодолтой байна уу?
-УИХ-ын 75-р тогтоол долдугаар сарын 9-нд гарсан. Аливаа эгзэгтэй зүйл дандаа баяр ёслолын өмнөхөн гардаг түүх давтагдаж байгаа юм биш гэж хардаж байгаа.
Тогтоол нь ч тодорхойгүй байгаа. Хэрэв Чөлөөт бүс болгож түрээслэвэл 40, 60, 100 жилийн хугацаатай байдаг гэж ярьдаг. Гадныхан түрээслэх гэж байгаа гэх асуудлыг ярьж байгаа ч нууц байдалтай байгаа.
Ер нь цаашдаа эзэмших, ашиглах түрээслэх гэхээсээ илүү газар нутгаа бүрэн бүтэн байлгах л асуудал байгаа. Тогтоол дээр 49 мянга га газрыг бид ашиглах эрхтэй. Гэтэл бусдыг нь хэрхэх нь тодорхойгүй байгаа.
-Нутгийн удирдлагуудын зүгээс ямар дорвитой арга хэмжээ авч байна?
-Халх гол сумын иргэд бидэнтэй уулзаж мэдээлэл авсан. Тэдгээр хүмүүс маш их эмзэглэж байгаа. 500 мянган га газар гэдэг 0.7-гоор бодвол 7.1 сая хүнд оногдох газар байгаа. Хөлбөмбөгийн талбайгаар авч үзвэл 7 мянган хөлбөмбөгийн талбай байхаар газар нутаг. Хөрсний хувьд маш их эмзэг хөрстэй. Хэрвээ үүнийг ашиглаад явбал цаашдаа онгон хэлбрээр нь авч үлдэж чадахгүй. Хамгийн гол нь иргэд, нутгийн зөвлөл газар нутгийнхаа бүтэн байдлыг л авч үлдье гэж байгаа.
Ер нь түүхээрээ авч үзвэл 1600-1800 оны үед Халх аймгууд Оросын хаант улсад Байгал нуур орчмын газруудаа алдсан шүү дээ. Улмаар Буриад олон маань нутаг оронруугаа явсан. Тиймээс бид энэ түүхэн үйл явдлаа эргэж санамаар байна.
-Халх гол сумын айлуудыг нүүлгэнэ гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-Дам яриагаар л сонсогдсон. Удахгүй бид газар дээр нь очно. Ер нь бид хорио цээрийн бүс бий болгож хэнийг ч тийш нь оруулахгүй гэж бодож байгаа.
-Дорнод аймгийн нутаг дэвсгэрт Солонгос, Хятадаас газар түрээсэлж аваад тариа тарьж байна гэх мэдээлэл бий. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Үүнийг нүдээр хараагүй болохоор мэдэхгүй байна. Ер нь цаашдаа байж болох магадлалтай. Би нутгийн зөвлөлийн даргын хувьд гадаадынхан ингэх гэж байна гэхээсээ илүүтэй дотоодын хүмүүсээ анхаарах ёстой.
-Орон нутгийн удирдлагууд багагүй шүүмжлэлд өртдөг. Нутгийн зөвлөлийн шүүмжлэлд өртөөд байдаг асуудлуудаар ярилцаж болох уу?
-Монголын нийгэмд нутгийн зөвлөл гэж төрийн бус байгууллагын ажил нэг хэв загварын царцанги байдалтай байна. Тиймээс нутгийн зөвлөлийн ажлыг зайлшгүй өөрчлөх шаардлага бидэнд захиалгаар тохиолдсон байна. Тиймээс Дорнод аймгийн нутгийн зөвлөл бид гол зорилгоо хүний хөгжилрүү хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хүний хөгжлөөр дамжуулж улс орноо хөгжүүлэх зорилго өвөртлөн ажиллаж байна. Дэлхий дээр хүнээ хөгжүүлсэн ард түмэн хөгждөг гэдгийг Сингапур улс харуулсан. Тиймээс нутгийн зөвлөлийнхөн нутаг орныхоо хөгжлийг өсвөрийн хүмүүжигч нараа хөгжүүлж байж хөгжинө гэх үзэж байгаа. Нутгийн зөвлөл төр захиргааны байгууллагуудтай хамтран нутаг орныхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллаж болно гэдгийг мөн онцолмоор байна. Нутаг орны хөгжил улс орны хөгжил хүнээс шалтгаалдаг.
-Хэдхэн хоногийн өмнө Хэлмэгсдийн дурсгалын өдөр болсон. Энэ өдрийг ганц Улаанбаатар гэлтгүй аймаг, сумдууд их өргөн хүрээнд авч үздэг юм байна. Таны аймгийн хувьд?
-Сум орон нутгуудаараа явж хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхдүүдтэй уулзаж ярилцсан. Ер нь хэлмэгдүүлэлт гэдгийг хэсэгхэн хүмүүстэй холбож ойлгосоор маш удаан хугацаа өнгөрчээ. Тэгвэл бид үүнийг өөрчилж, хэлмэгдсэн хүмүүсийг Монгол Улсынхаа төлөө, Үндэсний эрх чөлөө, Түүх соёлоо хамгаалж явсных нь төлөө хүндэтгэж явах ёстой. Тиймээс бид батламж гаргасан. Өөрөөр хэлбэл, танай удам угсаа чин үндэсний эрх ашиг, түүх соёл, газар нутгаа хамгаалж явсан гэдэг утгаар нь мөнхжүүлэх батламжийг гардуулж байгаа.
Ер нь хэлмэгдүүлэлтээр хэсэг хүмүүс гэхээсээ илүү улс орон, газар нутаг, түүх соёл, хэл соёл маань хэлмэгдсэн гэж бодох ёстой. Хэлмэгдүүлэлтийг ойлгуулах, сургамж болгох асуудлыг орон нутагтаа таниулж байгаа.
"I Love Mongolia" Дорнодоос ярилцав.
Д.Ундрах /24tsag.mn/