"ПЛАТОН миний сайн найз, багш л даа. Гэхдээ үнэн түүнээс эрхэм”
Аристотелийн сэтгэлгээний хүчирхэг тал нь энэ. Түүний гүн ухаан өнөөг
хүртэл итгэл бишрэл төрүүлсээр буйн уг шалтгаан бол сэтгэлгээний энэхүү
суурь зарчим, хандлагад байгаа юм.
Харин энэ зарчим, хандлагыг орчин цагийн Монголын нийгэм, ахуйн хүрээнд хөрвүүлбэл ямар байна вэ?
Улс төрийн намуудын хүрээнд:
"Асуудлыг
ингэж шийдэх нь зөв л дөө. Нийтлэг эрх ашиг гэдгийг би ойлгож байна.
Гэхдээ бодит амьдрал дээр Намын маань эрх ашиг илүү чухал байдаг” - Зүй
нь ийм байх ёстой. "НАМ маань /АН, МАН, МАХН болон бусад намууд/ миний
төрөлх нам л даа. Гэхдээ эх орны эрх ашиг түүнээс эрхэм”.
"Сонгуулийн
тухай хуулийг ийм хувилбараар хэрэгжүүлэх нь манай орны ардчилалд нэн
чухал зүйл. Гэхдээ өнөөдрийн хувьд ийм хувилбар нь манай намд ямар ч
ашиггүй. Тиймээс манай нам энэ хувилбарыг дэмжиж болохгүй”. Зүй нь ийм
байх ёстой. "Сонгуулийн хууль ийм хувилбараар хэрэгжих нь манай намд их
хохиролтой. Гэсэн ч бид энэ хувилбарыг дэмжиж байгаа. Учир нь улс орны
хөгжил чухал”.
Бялдууч нарын хүрээнд:
"Таны ярьж буй зүйл
үнэн л дээ. Манай дарга, лидерт тийм алдаа дутагдлууд бий. Гэхдээ тэр
бол миний дарга, манай лидер шүү дээ. Тэр унавал манай нам унана, би ч
амьдралгүй болно” - Зүй нь ийм байх ёстой. "ТЭР бол миний дарга л даа.
Гэхдээ эх орны эрх ашиг түүнээс эрхэм”.
Толгой компаниуд, түүний эзэд, санхүүгийн бүлэглэлүүдийн хүрээнд:
"Мэдээж
хэрэг, асуудлыг ингэж шийдэх нь ерөнхий дүнгээрээ улсад асар их
хохиролтойг би мэднэ. Гэхдээ надад манай компанийн эрх ашиг эрхэм” -
Зүй нь ийм байх ёстой. "Ийм алхам хийснээр манай компани томоохон
хохирол амсана гэдгийг би мэдэж байна. Гэхдээ эх орны эрх ашиг түүнээс
эрхэм”.
Бүх шатны сонгуульд нэр дэвшигчид, намуудын дарга нарын хүрээнд:
"Энэ
амлалтуудын маань зарим хэзээ ч биелэхгүй. Заримыг нь хэрвээ
хэрэгжүүлбэл улс орны эдийн засагт хохиролтой гэдгийг би мэдэж байгаа л
даа. Гэхдээ юуны өмнө би /бид/ сонгуульд ялах нь хамгаас эрхэм” - Зүй нь
ийм байх ёстой. "Би ийм утгагүй популист зүйл амалж байгаад сонгуульд
ялж болно л доо. Гэхдээ эх орны маань эрх ашиг миний /манай намын/
сонгуульд ялахаас илүү эрхэм”.
Бүх шатны авлигачдын хүрээнд:
"Би
үүнийг авах ёсгүй л дээ. Ингэснээр хууль зөрчигдөж, хэн нэгэн, цаашлаад
улс орон хохирч, үнэн зүйл худал болж хувирна гэдгийг би мэдэж байгаа.
Гэхдээ л би өнөөдөр энэ авлигыг авах нь илүү прагматик алхам болно” -
Зүй нь ийм байх ёстой. "Надад хичнээн хэрэгтэй байгаа ч би энэ авилгыг
авах ёсгүй. Үнэн ямагт эрхэм”.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хүрээнд:
"Би
сая урсгал сөрж дайрсаар гараад ирлээ. Чадаж байгаа хойно яадгийм. Тэр
замын хөдөлгөөний дүрэм юу юм бэ? Монголд хууль дүрмийг зөрчих гэж
гаргадаг юм” - Зүй нь ийм байх ёстой: "Би маш их яарч явна. Гэхдээ замын
хөдөлгөөний дүрэм бол дүрэм. Зөрчиж болохгүй”.
Энэ мэтээр
нийгмийн бүхий л төвшинд Аристотелийн үнэнийг эрхэмлэх, үнэт зүйлийг
эрэмблэх зарчмыг бид яг урвуугаар ашигладаг. Энэ бол өнөөгийн бидний
болж бүтэхгүй байгаа бүхний үндсэн шалтгаан болно. Бид оюун
сэтгэлгээнийхээ энэхүү суурь хандлагыг өөрчлөхгүйгээр хүчирхэгжин хөгжих
боломжгүй.
Чингис хааны үед цөөхөн монголчууд яагаад дэлхийд
манлайлсны шалтгаан нь ердөө л суурь зарчим, үнэт зүйлсийнхээ дэс
дарааллийг зөв гаргаж тавьсанд байсан. Тухайлбал,
- "Алтан, Хучир нар бол миний эрхэм хүндтэй авгууд мөн. Гэвч Хамаг Монгол овогтны эрх ашиг хийгээд үнэн тэднээс эрхэм”.
-
"Зэв бол миний өштөн дайсан тайчуудын мэргэн харваач... Тэр миний
гүрээний судсыг тас харваж, намайг алах дөхсөн. Гэвч тэр бол үнэнч хүн.
Үнэнд үнэнч хүн илүү эрхэм”
- "Бөртэ Үжиний инжинд ирсэн хар булган дах бол маш үнэ цэнэтэй зүйл... Гэвч бидэнд хүчирхэг холбоотон илүү хэрэгтэй” гэх мэт.
Чингис хаан энэхүү сэтгэлгээнийхээ суурь зарчмыг
"Гайтай болвоос шадрыгаа ч шанталсугай
Гавьяатай
болвоос дайснаа ч шагнасугай...” хэмээн яруу тодоор тодорхойлжээ.
Тэгээд түүнээ төр улсынхаа суурь, түмэн олныхоо итгэл, үнэмшил болгож
чадсан тулдаа тийм хүчирхэг болж чадсан.
Өөрөөр хэлбэл Чингис хааны сэтгэлгээний зарчим, хандлага нь Аристотелийн зарчим, хандлагатай усны дусал мэт ижил байна.
Б.НОМИНЧИМЭД
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин