Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-нд өнөөдөр /2016.09.15/ нэгэн чухал үйл явдал болов. Энэ бол Улсын нэр томъёоны комиссыг сэргээсэн явдал. Монгол хүн бүрт хамааралтай энэхүү комиссыг сэргээснээр даяаршиж буй монгол хэлээ монголоор авч үлдэх, хүн бүр дураараа орчуулан хэрэглэж буй гадаад нэр томъёог нэр мөр болгон орчуулах боломж бүрдэх юм.
Улсын нэр томъёоны комисс уг нь шинэ зүйл огтоос биш. Тэртээх 1924 оны гуравдугаар сарын 28-нд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд "Нэр томьёоны комисс”-ыг 10 салбартайгаар байгуулж байсан түүхтэй. Тэрхүү комисс нь Монгол улсын дотор дагаж мөрдөх бүх нэр томьёог эрдэм шинжилгээний үндэстэйгээр боловсруулан баталж, түүнийг нийтээр журамлах ажлыг эрхлэн явуулдаг улсын байгууллага байжээ. Тус комисс "Нэр томьёоны комиссын мэдээ” сэтгүүл гаргаж, гадаад үгийг хэрэглэхдээ тэрхүү сэтгүүлийг эх сурвалж болгон ашигладаг байсан байна. Шинжлэх ухаан бүрээр нь гадаад үгийг орчуулан нийтэлсэн 147 цуврал сэтгүүл өдгөө хадгалаастай бий гэнэ. Харамсалтай нь энэ комисс зах зээлийн шуурганд өртөж, 1991 онд татан буугджээ.
Харин шинээр сэргээсэн Улсын нэр томьёоны комисс Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд өнөөдөр байгууллагдлаа. Тус комисс нь эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах юм байна. Комиссын бүрэлдэхүүнд тухайлсан хүнийг нэр зааж оруулах бус хамаарал бүхий бүх байгууллагыг багтаасан байна.
ГАДААД ҮГИЙГ ОРЧУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?
Олон жилийн өмнөөс хэрэглээд заншчихсан, монгол хэлэнд хэдийнэ суусан гадаад үгийг орчуулах хэрэг байна уу гэх хүмүүс байдаг. Гадаадад мэргэжил боловсрол эзэмшсэн, олон жил аж төрж амьдарч байгаад ирсэн хүмүүсийн хувьд монгол үг нь харь үг мэт санагдах нь ч бий. Гэвч нэгэнт л монгол хэл гэж байгаагийн хэрэг юү билээ, орчуулахаас аргагүй гэдгийг өнгөрсөн 20 гаруй жилийн шуурган жилүүд батлаад өглөө. Захын хүний хэлж буй 10 үгэнд 3-5 гадаад үг багтаж байгаагийн дээр гадаад хаяг, нэр томъёоноос болж хот дотроо төөрөхөд хүрээд байна.
Гадаад үгийг хэн дуртай нь өөрийнхөөрөө орчуулна. Оффшор гэх дансны нэрийг овт шар гээд орчуулчихсан нэгэн ч бий. Олон улсын хэмжээний данс тооцоог арай ч үнэгэн зальтай гэж далд утга агуулсан ёжилж боломгүй. Ерөнхийлөгч хэд хэдэн гадаад үгийг монголчилж хэрэгжүүлэхийг нийтэд уриалсан. Кофег боргол хэмээн нэрлэх юм бол латте, капучино, эспрессо гэсэн кофений төрөл зүйлийг нь ч бас орчуулах шаардлагатай болно. Энэ бүгийг хариуцах эзэнтэй боллоо. Гадаад үгийг хэрхэн яаж орчуулах вэ, түүнийгээ нийтийн дунд хэрхэн хэрэглэх вэ гэдгийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэдэх Улсын нэр томъёоны комисс шийдэх нь.
Гадаад нэр, томъёог орчуулах үүрэгтэй энэ бүрэлдэхүүнд хийх ажил захаас аван зөндөө байна. Адаглаад л комисс гэх нэршлээ монгол болгох нь тэдний үүрэг.
Компьютерийг цахимбар, скочийг наалтууц, усан санг шумбуур, редакцийг цэгц, квасыг исгэс, органикийг шимт, констракшинг бүтээц, лото-г шавга, марль-ийг самбай, сальфетка-г салбайдаг, э-мэйлийг цахим шуудан, билъярдыг ёворцог, кофег боргол гэхчилэн орчуулж, түүнийгээ зөв хэмээн батлах эрдэмтэн ч бий. Тэгвэл эдгээр үг нь үнэн зөв орчуулга мөн эсэхийг гагцхүү Нэр томъёоны комисс л батлагаажуулах нь. Мөн орос хэлнээс монгол хэлэнд нутагшсан үг хэллэгийг яах вэ. Тракторыг тараактар, радиог араажав, эйркондишин, подвоолк хэмээн нутагшсан үгсийг хэвээр үлдээх үү. Албан байгууллагын нэршлүүдийг яах вэ. Банк, ломбард, такси, машин, кафег харь хэлний үгээр нь хэрэглэх үү гэхчилэн шийдэл хүлээсэн олон асуулт Улсын нэр томъёоны комиссынхныг хүлээж байна.
АЙМАГ, СУМ БҮРТ МОНГОЛ ХЭЛНИЙ САЛБАР ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
Өнөөдөр шийдсэн бас нэгэн чухал асуудал бол Хэлний бодлогын зөвлөлийн орон тооны бус зөвлөлийг байгуулах тухай байлаа. Монгол хэлний хуулийн 17.1.1-д аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга нар энэ хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй холбоотой үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг хүлээсэн. Гэтэл засгийн түмэн ажлын хажуугаар юун монгол хэл хэмээн төвөгшөөх хүмүүс цөөнгүй байжээ. Тиймээс аймаг, сумдын Засаг дарга нарын дэргэд хэлний зөвлөл байгуулж, тэрхүү зөвлөл нь асуудлыг шийдэж байхаар болов. Тэрхүү зөвлөл нь тухайн бүс нутгийнхаа албан байгууллага аж ахуйн нэгжийг монгол хаягтай болгохоос эхлээд олон ажилд оролцох үүрэг хүлээжээ. Мөн өнөөдөр сонссон бас нэгэн гэгээтэй мэдээлэл гэвэл Хэлний зөвлөлөөс улсын хэмжээний газар усны нэр, томъёог гаргахаар зэхэж байгаа ажээ. Нутгийн иргэд, баг сумын албан тушаалтнуудыг оролцуулхан тухайн нутагт байгаа гол мөрөн, горхи, булаг, уул хангай болгоны нэрийг гаргуулж, түүнийгээ нэгтгэн гаргах юм байна.
ХЭЛ СОЁЛД ХЭВЛЭЛИЙНХЭН ОНЦГОЙ ҮҮРЭГТЭЙ
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг БСШУСЯ-ны сайд тэргүүлдэг. Тэр үүргийнхээ дагуу Ж.Батсуурь сайд үг хэлэхдээ " Манай улсад сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд монгол хэл бичгийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлого, зохицуулалт алдагдсаны улмаас иргэдийн, түүний дотор төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын монгол хэлний мэдлэгийн төвшин ихээхэн доройтсон. Монгол хэлний зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал алдагдсан, бүх шатны боловсролын байгууллага дахь монгол хэлний сургалтын чанар муудсан, гадаад нэр томьёог монголчлох, үгийн санд шинэ үгийг бүртгэх ажил зогсонги байдалд орсон, гудамж, зам, талбай, албан байгууллагын нэр, хаягийг гадаад хэлээр бичих болсон зэрэг монгол хэлний хэрэглээ, хөгжил, хамгаалалттай холбоотой олон сөрөг асуудал хуримтлагджээ” хэмээн онцолсон юм.
Сайд сэтгүүлчдийн монгол хэлний төвшин доройтсон гэдэг үг эмзэглэмээр хэдий ч үнэний ортой. Уншихад монгол үг, үсэг хэлхсэн хэрнээ монгол хүн бичээгүй мэт, монгол хүний хэл сэтгэхүйд буухааргүй, харь хэлний бүтцээр биччихсэн мэдээ захаас аван зөндөө бий. Хуулийг хэд дахин уншиж байж олйгодог гэдэг шиг хэд дахин уншаад ч ойлгохооргүй мэдээлэл бичиж суугаадаа бид ичих цаг иржээ.
Монгол хэлний хуулийн 21.7.9-д заасанчлан төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах үүргийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэдэх Орон тооны бус салбар зөвлөл хариуцан ажиллах юм байна.
Ямартай ч монгол хэл манаачтай боллоо.
Ийм комисс байгуулагдсан талаар иргэд ямар бодолтой байгааг бид сонирхлоо.
Н.Энхтайван: Гадаад үг хэллэгийг монголчлох нь зөв
"Хэлний үндэсний зөвлөл байгуулагдаж нэр томъёон монголчлохыг дэмжиж байна. Миний үеийн хүмүүс зарим гадаад үгсийг хэлж чаддаггүй. Эдгээр үгийг монгол хэлэндээ орчуулаад хэрэглэх юм бол хэлж чадахгүйн зовлонгүй болно. Нөгөөтэйгүүр хүүхдүүдийн сурах бичгийг шинээр найруулж солино гэх мэт хөрөнгө шаардсан ажлууд гарч ирж болзошгүй”.
Л.Маруся: Бидний үеийнхэн цэвэр монгол хэлээр ярилцдаг
"Гадаад үгсийг монгол хэл рүү орчуулах нь их зөв зүйтэй арга байгаа юм. Уул нь бидний үеийн хүмүүс зөв бичих дүрмээ их сайн мэддэг, цэвэр монгол хэлээрээ ярьдаг байлаа. Сүүлийн үед техник технологи хөгжөөд, гадны хэл, соёл нэвтрээд байгаагаас болоод залуус яриандаа бараг монгол үг хэрэглэж байна уу гэж асуухаар л болчихоод байна. Ийм учраас яаралтай үүнийг таслан зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ арга хэмжээ нь гадаад нийтлэг хэрэглэгддэг үгсийг Монгол хэлрүүгээ орчуулж ярих юм байна л гэж харж байгаа даа”.
Ч.Ганчимэг: Зарим үгийг монголоор орчуулах нь буруу
"Дэмжихгүй байна. Нэгэнт ярьж хэвшээд сурчихсан болохоор энэ чигээрээ байсан нь дээр л гэж бодож байна. Тухайн гадаад үгийн яг утгыг нь алдагдуулахгүйгээр монгол хэл рүүгээ орчуулвал их сонин чихэнд наалдаж өгөхгүй байгаа. Жишээ нь, шоколадыг боргол гэж ярихаар идэх хүсэл тийм ч их төрөхгүй байгаа юм даа”.
Г.Бат-Эрдэнэ: Монгол хэлийг харь хэлтэй хольж бүү хэрэглэ
"Гадаад үгийг цэгцлэх хэрэгтэй. Албан байгууллагын хаягийг нэн даруй монгол, кириллээр бичүүлэх хэрэгтэй. Энэ талын бүх санаачилгыг дэмжиж байна. Үнэхээр гадаад үгс хэрэглэмээр байгаа юм бол тухайн орныхоо хэлийг маш сайн сур. Гэхдээ монгол хэлийг харь орны хэлтэй хольж бүү хэрэглэ. Учир нь, гадаад үгсийг их хэрэглээд ирэхээр монгол хэл устах аюулд хүрч болзошгүй шүү дээ. Тийм учраас хойч залуу үеийнхэнээ гадаад хэл сур гэж шахахын оронд монгол хэлийг чинээнд нь тултал сургах хэрэгтэй.
Б.Олзбаатар: Шинээр орж ирж буйг нь орчуулах ёстой
"Хэрэглээд хэвшсэн гадаад үгсийг цаашдаа ч мөн Монгол хэлэндээ ашиглахаас өөр аргагүй болсон. Хольж солино гэж бөөн асуудал үүсгэж байхаар шинээр орж ирэх болзошгүй гадаад үгсийг л хориглох, орчуулах тийм бодлого хэрэгтэй байгаа юм.
Д.ЦЭЭПИЛ, Э.СОСОР, О.ТЭГШБУЯН
news.mn
http://www.news.mn/r/312343