Өнөөгийн бидний Монгол улсын салшгүй нэгэн түүхэн замнал бол Хорлоогийн Чойбалсан билээ. Түүний намтар
түүх ХХ зууны эхний хагасын Монгол нутгийн амьдрал ахуй, улс төрийн
нөхцөл байдал, гадаад дотоодын бодлогын тусгал гэхэд болно.
Түүний
амьдрал, тэмцэл шашны мухар сүсэгт баригдаж, сэрэх сэдэх нь хаагдаж
боогдсон харанхуй нийгэмд гэрэл татуулж, Монгол түмэнд эх нутгаа итгэл
найдварын гал асаасан үеэсээ хүчтэний дэргэд хавчигдаж, улс төрийн
ээдрээт цаг хугацаанд орчилдож ирсэн хүнд хэцүү түүхийн нэгээхэн хэсэг
баримт билээ.
1636
онд монголчуудын өмнөд хэсэг тухайн үедээ хүчирхэгжиж байсан манж нарын
мэдэлд орсон. Тэднийг Манж Чин улсад хамаарах өөрийн газар нутаг гэсэн
утгатайгаар "Дотоод Монгол” гэх болжээ. Энэ үед оросууд Сибирийг
колончилж, Байгал нуур орчмын уудам газрыг өөрийн болгов.
Санкт-Петрбургт ч, Бээжинд ч үл хамаарах Монголын энэхүү төв хэсгийг
манж болон хятадууд өөрт нь хамаагүй буюу гадны нутаг гэсэн утгаар
"Гадаад Монгол” гэж нэрлэх болсон нь "Outer Мongolia”, "Вэй Монгу”,
"Внешняя Монголия”, "Сото Монгору” гэх мэтчилэн хэл хэлнээ орчуулагдаж
300 шахам жилийн турш олон улсын албан нэршил болж байв. Нэршил
тогтсоноос хойш 60 жилийн дараа Халх, 120 жилийн дараа Ойрд нь Манж Чин
улсын вассал болсон авч энэ нэр халагдаагүй.
Чойбалсан
чухамхүү Хятадын ч биш, Оросын ч биш энэ Гадаад Монголыг тусгаар
тогтнуулахын төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулсан юм. Гадаад
Монголын умарт хэсэг Урианхайн хязгаар буюу Тагна-Тува алдагдсан боловч
юутай ч 1946 онд нэг сая таванзуун жаран дөрвөн мянган ам километр
нутгаа de juri тусгаар тогтнуулж юун түрүүн хоёр хөршөөрөө, цаашлаад
дэлхийн улсуудаар хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр
хүндтэй гишүүн болгож чадсан билээ. Өнөөгийн бие даасан тусгаар Монгол
улсыг буй болгоход Богд хаан, Дамбийжаа, Намнансүрэн, Ханддорж,
Цэрэнчимэд, Хайсан, Бадамдорж, Унгерн фон Штэрнбэрг, Найдан ван, Цэвээн
тэргүүн, Магсаржав, Данзан, Бодоо, Ринчино, Жамсрано, Дамбадорж, Сталин,
Гэндэн, Дэмид, Ворошилов, Молотов, Амар зэрэг олон түүхэн хүний
оролцоо, чармайлт, зүтгэл хавсарсан ч чухамдаа Чойбалсан энэ цаг үетэй
золгуулсан юм.Тусгаар
тогтнолоо шинэ тутам сэргээсэн Богд хаант Монгол улсын засгийн газраас
ирээдүйн залуу үеэ гадаадад боловсрол эзэмшүүлэхээр шийдэж Эрхүүгийн
гимназид Чойбалсан нарыг илгээснээс эхлээд Хятадын гамин цэргийн
хүчирхийллээс Хаант засгаа хамгаалах үндэсний хөдөлгөөн дугуйлан, ардын
хувьсгал, хүчээр тулгагдсан коммунист хүчирхийлэл, албан ёсоор хүлээн
зөвшөөрөгдсөн тусгаар тогтнол, Кремлийн гарт хөнөөгдсөн Монгол
удирдагчдийн дарааллын сүүлч хүртэлхи их түүхийн нугачаанд тэр халин
одсон билээ. 1952 оны нэгдүгээр сарын 26-нд түүнийг таалал төгсөхөд
Монгол түмэн харуусан гашуудаж, удахгүй гарсан цагаан сараа орон даяараа
тэмдэглэлгүй өнгөрөөж байсан гэдэг.
Хорлоогийн Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-ны энэ өдөр мэндэлжээ.
Чойбалсан Сэцэн
хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага,
малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төрсөн юм. Түүний эцэг нь
Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байв. Гэвч
тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж
байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ
эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин хүүгээ төрсний дараа буцаж
ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд
хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ.
Нутгийнхны дунд:
"Дагуур гаралтай Жамц чинь
Дагуулах ханьтай болсон шүү
Даамай амраг Хорлоо минь
Орос, монгол хэл бичгийн сургуульд
Сэтгэлээ тайлах болсон шүү” хэмээн дуу гарч байсан аж.
Дугар
хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний
дараа 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн
хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон
байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн
хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор
ажил хийн амьдрах болов. Чойбалсан 17 насандаа Монгол улсын Гадаад яамны
байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургуульд” тус сургуулийн багш
буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага,
сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод найман монгол
хүүхдийн хамт суралцсан байдаг.
X.Чойбалсан
хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны
хооронд амьдарч байв. 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцах үедээ
Бортолгой: "Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг
хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу
хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн
зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн
Б.Гүндэгмаатай ойртуулаад салсан гэдэг. Б.Гүндэгмаа бол маршал
Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа.
Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой байсан бол
хүү Нэргүй нь төрсөн ганц үр байсан түүхтэй.
ЭХ СУРВАЛЖ: Mongolcom.mn
Маршал Х.Чойбалсан эхнэр Гүндэгмаа нар хүүхдүүдийн хамт. 1950-иад он.