Найз маань Тавантолгойн нүүрс тээврийн жолооч. Тавантолгойн нүүрсний ордоос Хятадын Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэдэг шланз машин жолооддог. Амьдралын төлөө яваа мянган залуусын л нэг. Гэвч амьдрахын төлөөх ажил нь амь өрссөн дайны талбараас ялгаагүй байгаа тухай түмэн зовлонг тэр тооцдог. "Уйлаад ч болтугай яримаар л байна, хэн ч сонсохгүйгээс хойш яалтай билээ” гэж цөхрөнгөө барах нь сонсч байгаа хүнд ч хэцүү.
Өнгөрсөн намар Тавантолгойн жолооч нар зам дээр 170 км урт очер үүсгэн хэдэн арван өдрөөр зогсдог байлаа. "Хэзээ хил гарахыг мэдэхгүй” хэмээн хар зам дээр зогсох жолооч нарт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан. Ийн өнгөрсөн цагт бичиж буйгийн учир нь тэд одоо зам дээр бус Хятадын Ганц модны боомтод гацдаг болсон. Бүр долоо хоног гацах нь энүүхэнд гэдгийг найз маань хэлж байна. Монгол талаас нүүрс тээвэрлэсэн машинууд саадгүй орж байгаа ч буцаад хоосон машинтайгаа Монгол руу гарах гарц яагаад ингэж гацсаныг мэдэх хүн тэнд алга.
Гашуунсухайт, Ганц модны боомтыг чиглэсэн зам дээр хэдэн арван өдрөөр очерлох нь зовлон биш байсан аж. Жинхэнэ зовлон Ганц модны боомтод байгааг тэд хэлэв. Хятадууд монгол жолооч нарыг Ганц модны боомтод нохойноос дор үзэж байгааг тэд баримт нотолгоотой хэлж байна. Жолооч нарыг доромжлох, зодох, машиныг нь шатаах бол энүүхний асуудал гэнэ. Очер дайруулсангүй гэж монгол жолоочийг хятадууд хэдэн арваараа нийлж зодсон хэрэг саяхан гарсан байна. Харин энэ хэргийг монгол жолоочийн буруу хэмээн Хятадын цагдаа нар тоодоггүй. Шланз машин шатах нь санамсаргүй хэрэг огт биш гэнэ. Нүүрс буулгалт, урд хойноо орж явах явцад үүссэн маргаан эцэст нь монгол жолоочийг хэдэн арван саяын өрөнд оруулах шалтгаан болдог байна. Ганц модны боомтод монгол жолооч амь насаа алдсан ч, эд хөрөнгөөрөө хохирсон ч, юу ч олж долоохгүйг нь хятадууд байнга сануулж, доромжилдог байна. Хятадын талд болж буй энэ бүхний араас Монголын цагдаа яаж ч чадахгүй. Монголын хууль Хятадын нутаг дэвсгэрт үйлчлэхгүй учраас жолооч нар хохироод үлддэг. Ямар сайндаа л "ядаж Монголдоо түгжрээд зогсч байх юмсан” гэж халаглаж байхав.
Жолооч нар нэг рейс хийхдээ 2000-2500 юань авдаг. Энэ нь монгол мөнгөөр 700-900 мянган төгрөг. Гэвч энэ мөнгөнийхөө ихэнхийг Ганц модны боомтод дуусгаад гарч ирж буй аж. Буудал хоногийн 100 юань. Дээр нь нэг өдрийн хоол хүнс, ус ундаа, тамхи нийлээд 1000 юань. Долоо хоногт багадаа л 1500 юань үрчихээд гарч ирдгээ тэд хэлэв. Монголынхоо зам дээр зогсч байвал арай л хэмнэлттэй гэж аргаа ядаж байна. Ганц модонд өнгөрсөн намраас эхлэн монгол суваг гаргахыг хориглосон. DDISH ашиглавал торгоно, үйл ажиллагааг нь зогсооно гэж айлгасаар монгол мэдээллийг бүрмөсөн зогсоосон бол одоо монгол хоол зарахыг хориглож буй гэнэ. Хоол зарах гэж ирсэн монголчуудыг хилээр оруулахгүй буцаах, мөнгө нэхэх зэргээр хавчиж эхэлсэн байна.
Энэ бүхнээс үүдэн жолооч нар Монгол төрөөс нэг зүйлийг хүсч байна. Тэр нь Хятадын Ганц модны боомтод монгол төрийн төлөөлөгчтэй болох. Мянган жолоочийн эрх ашгийг хамгаалах КОНСУЛТАЙ болгож өгөхийг тэд гуйж байна. Харьяалах улсгүй мэт доромжлуулж, зодуулж, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа мянган жолооч эх орноосоо хамгаалалт хүсч байна. Үүнийг зөвхөн жолооч нар хүсдэггүй. Гашуунсухайтад ажилладаг төрийн цагдаа "Ганц модны боомтод ямар ч хэрэг, асуудал гарсан бид зохицуулж чаддаггүй. Цагдаад нь бичиг өгөхөөс өөрийг хийж чаддаггүй. Болдог бол Ганц модонд монгол жолооч нарт туслах, зөвлөх КОНСУЛ хэрэгтэй байна. Энэ хүсэлтийг заавал бичээрэй” хэмээн биднээр үгээ дайсан. Иргэнээ гэсэн монгол цагдаагийн үг яаж ч чадахгүй аргаа ядсаны илрэл биз.
Биднийг Гашуунсухайтад ажиллаад буцах замд машинаа унагаасан жолооч толгод даваад зугтаж байв. Цагдаа нар араас нь явж, машин дээр нь авчраад "Бид ч яахав, торгууль бичээд өнгөрнө. Харин хятад эзэн нь алж ч магадгүй. Эзнээсээ айгаад зугтаж байхгүй юу” хэмээн жолоочийн түмэн зовлонг өмнөөс нь бидэнд тооцсон.
Үнэндээ тэдэнд эх орныхоо зам дээр түгжирч зогсох нь ЖАРГАЛ аж. Хүний нутагт нохойноос дорд үзэгдэж, адлуулж зогсоо монгол залуусын ааг омог нэг л өдөр хөдөлж, үймээн самуунаас илүү зүйл болоход ойрхон байна. Монголын Гашуунсухайт, Хятадын Ганц модны боомт хооронд 500 хүрэхгүй метр газар. Эх орноосоо иймхэн зайн цаана ад үзэгдэж буй 1000 залуу эх орноосоо хамгаалалт хүсч байна, Ерөнхий сайд аа. Энэ хүсэлт Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт ч хамаатай. Ерөнхий сайдыг танхимын гишүүдтэйгээ Гашуунсухайтад очиход зам дээр зогсч байсан том тэргүүдийг уулын цаана аваачиж нуусан гаалийн дарга нарт ч энэ наалдах асуудал.
"Ахуй амьдралынхаа төлөө зүтгэж, олон хоногоор машиндаа хонож өнжин яваа жолооч нарын төлөө гэсэн аливаа санал, санаачилга бүрийг Засгийн газар дэмжинэ” хэмээсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг хэлсэн үгэндээ эзэн болохыг хүсч байна. Нийгмийн даатгалыг нь төлж, машин тэргийг нь засч засварлах, унтаж амрах газар гаргаж өгөхөөсөө өмнө тэдэнд амьд явах баталгаа гаргаж өгөөрэй. Тавантолгойн жолооч нар эх орноосоо хэдхэн км-ын цаана хүний нутгийн зовлонг бие, сэтгэлээрээ амсч байна. Тэд төрийн халамж бус хамгаалалт хүсч буй юм шүү.
Б.Учрал