Марко Поло гэж хэн бэ? Итали Улсын Венец хотын худалдаачны хүү тэрбээр энэ өдрүүдэд төрсний 800 жилийн ойг нь тэмдэглэж буй Хубилай хааны дэргэд 17 жил алба хаасан бөгөөд түүний бие төлөөлөгчөөр Юань гүрний олон муж улсад зарагдан явахдаа үзсэн харсан, дуулсан сонссоноо "Ертөнцийн элдэв сонин” нэртэйгээр ном болгосон эрхэм юм.
Марко Поло (1257-1324) нь Ромын шашны ширээт лам (апостол), Хубилай хааны хооронд зуучлагч элчийн үүрэг гүйцэтгэж байсан өөрийн эцэг Николай, авга ах Матвей нарын хамт 1270-аад оны эхээр Хойд Палестины Акка хотоос гарч Ханбалгас (одоогийн Бээжин) хотноо анх хөл тавьсан байна.
Арван хэдтэй итали хүү Марко очсон даруй хятад, монгол хэлийг хичээнгүйлэн сурч, дөрвөн төрлийн бичиг үсэгт тайлагдсанд Хубилай хаан машид үнэлэн шадар туслагчаа болгон Их ордондоо суулгажээ. Тэрбээр бага залуу 15 настайгаасаа идэр залуу 32 нас хүртлээ 1272-1289 онд Хубилай хаанд хүчин зүтгэжээ.
Тухайн үед түүний төрөлх Венец хот нь Бүгд Найрамдах засагтай тусгаар хот улс байв. Венец нь нэгэн хавар зэргэлдээх Генуя хот улстай байлдсан бөгөөд Марк Поло нутагтаа ирж суурьшаад найм дахь жилээ үдэж байлаа. Тэрбээр мөргөлдөөний үеэр баригдаж, улмаар Генуя хотын шоронд жил гаруй хугацаанд хоригдсон түүхтэй. Марк Поло нь шоронд өөртэй нь хамт хоригдож байсан итали эрхэм Рустичанод 1298 онд "Ертөнцийн элдэв сонин" номоо францаар дуудаж бичүүлсэн байна.
Марко Пологийн номонд эх газраас хэн ч хөл тавиагүй алт, эрдэнэсийн Чипингу (Cipangu) арлын тухай эдийн засгийн сонирхолтой хүмүүсийн "арааны шүлс гоожуулсан” өгүүлбэр байлаа. Уг номын 159 дүгээр бүлэгт "Чипингу арал нь эх газраас Дорно зүгт 1500 бээрийн зайд гадаад их далайн дунд орших маш том арал болой. Оршин суугчдын нь царай зүс үзэсгэлэнтэй, цагаан, ааш эелдэг, онго шүтлэгтэн бөгөөд бусад хэнд ч үл захирагдан өөрийн эрхээр аж төрнө. Тэнд алт маш элбэг, түүнийг гадагш үл гаргана, Эх газраас энд худалдаачид, ер өөр бусад хэн ч үл ирэх тул тэнд алт миний өгүүлсэнчлэн маш элбэг билээ.
Одоо эндхийн хан эзний ер бусын гайхамшигт ордны тухай өгүүлье. Чин үнэнийг хэлэхэд энэ ордон маш том. Түүний дээврийг манай нутагт зарим байшин сүмийн дээврийг тугалгаар бүрдгийн адил цэвэр алтаар бүрнэ. Түүний үнэ өртгийг тоймлон бодоход ч сэтгэшгүй. Олон өрөө тасалгааных нь шалыг мөн хоёр хуруу зузаан алтдаж, ордны бүх дотор тал, танхим, цонхыг нь алтаар бүрэн чимжээ.
Энэ ордон бол хязгаарлашгүй их эрдэнэсийн сан мөн. Хэрэв хэн нэгэн хүн түүний үнэ цэнийг тодорхойлбол хосгүй гайхалтай явдал болно.
Тэнд бас сувд эрдэнэ нэн элбэг. Тэр нь улбар өнгөтэй, том, сайхан бөөрөнхий хэлбэртэй, цагаан сувдын нэгэн адил маш өндөр үнэ хүрнэ. Бусад олон зүйлийн эрдэнийн чулуу бас бий. Энэ арал бол нэн баян тансаг арал бөгөөд түүнийг хэн ч тоочиж үл барах билээ” гэж гардаг.
"Ертөнцийн элдэв сонин” номоо зохиохдоо Марко Поло шоронд нь сууж байсан Генуя хотын унаган хүү Христофор Колумбын (1451-1506) сэтгэлийг алтан Чипингу арал татаж, бусад далайн аялагчдаас урьдаж тэр газарт хөл тавих мөрөөдөл нь цаг үргэлж хатгаж байлаа.
Усан онгоцны шилдэг ахмад, алдар цуутай аялагч тэрбээр Кастилийн (Испани) хатан хаан нэгдүгээр Изабеллаг (1451-1504) ятган үгэндээ оруулж Атлантын далайн баруунтайгаар Дорно зүг рүү аялал хийхэд шаардагдах мөнгийг гаргуулж чадав. Дөч гарсан, хашир туршлагатай Колумбын удирдсан хөлөг онгоцууд 1492 оны наймдугаар сарын 3-ны өдөр далайд гарч Африкийн Канарын арлуудад буудаллаж түр амсхийгээд есдүгээр сарын 6-нд баруун зүгийг барин хөдөлжээ. Колумбын багийнханд алтан Чипингу арлыг олоход Герман эрдэмтэн Хенрик Мартеллусийн Флоренц хотноо 1491 онд зохиосон газрын зураг, өөр нэг Герман эрдэмтэн Мартин Бехаймын Португалиас эх орондоо очоод Нюрнберг хотын захиргааны захиалгаар 1492 онд хийсэн дэлхийн бөмбөрцөг (глобус) "The Erdapfel” нь аяллын зүг чигийг заах луужин болох учиртай байлаа.
Христофор Колумб зах хязгааргүй үргэлжлэх Атлантын далайг туулж аравдугаар сард Багамын арлууд хүрэхдээ ганцхан алхмын цаана алт эрдэнэсийн арал байгаа гэдэгт итгэлтэй байв. Тэрбээр Кубын эрэг хараад Чипингу арал гэж баярласан бөгөөд жаахан баруун тийш явахад Марк Пологийн номондоо дурдсан Хятадын эх газрын эрэгт хүрнэ гэж тооцож байлаа. Гэвч энэ бүхэн эндүүрэл байлаа.
Алдарт далайчин Христофор Колумб нь алтан Чипингу арлыг олохын оронд Америк тивийг нээсэн байв. Марк Пологийн номондоо өгүүлсэн тэрхүү Чипингу нь одоогийн Япон Улс байж. (Япон нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлууд дээрх Дорнод Азийн улс билээ)
Дашрамд дурдахад, Марк Поло номондоо Хубилай хааны тэнгисийн флотын Япон руу хийсэн аян дайны талаар бас бичсэн. Тэр тухай "Эдүгээ төрийн жолоо барьж буй их хаан Хубилайд эдгээр баялгийн (Чипингу арлын алт, эрдэнэс) тухай өгүүлэхэд тэрбээр, энэхүү арлыг эзлэн авахыг бодолхийлэх болжээ. Их хаан энэ арлын зүг хоёр жанжны захиргаан дор маш олон хөлөг онгоцонд морьт болон явган цэргээ суулган илгээжээ. Тэдгээр жанжин бол ухаалаг сэргэлэн, эрэлхэг зоригтой хүмүүс бөгөөд нэгийг нь Абатан, нөгөөг нь Вансаничин хэмээнэ. Тэд Зайтон, Кинсай (Цюаньжоу, Ханьжоу) хоёроос далайд гарч уг аралд ирж эрэгт буун ихэнх хөдөө нутаг, тосгодыг нь эзэлж харин хот, цайз сэлтийг нь хараахан дагуулж амжаагүй байтал ийм нэгэн золгүй учрал тохиолджээ.
Үүнд: Хоёр жанжин хоорондоо жөтөөрхөлцөж бие биедээ туслахыг хүссэнгүй. Чухам энэ үед умар зүгээс далайн хар салхи дэгдэхэд далайчид болон цэргүүд нь шуурганаас өрсөж эндээс хурдан зайлахгүй бол бүгд сүйрэх нь гэж онгоцондоо сууж их далайд гараад салхинд туугдан дөрвөн бээр ч хөвж чадалгүй нэгэн багахан аралд хүрч түүний эрэгт бууж амжсан нь амь мэнд гарч, эс амжсан нь бүгд тэндээ сүйрчээ” хэмээн өгүүлсэн.
Хубилай хааны тэнгисийн флот Япон руу довтолсон 1274, 1281 онд хоёр удаагийн тулалдааны алийг нь Марк Поло онцгойлон өгүүлснийг тогтоох нь эрдэмтэн судлаачийн ажил буй за.
Б.ЕРЭНТЭЙ