"I phonе” утсанд дэлхийн алдартай дуучидтай хоршин дуулах боломжтой "karaoke” аппл-кейшн байдаг. Энэхүү аппл-кейшныг ашиглан Э.Анужин гэх Монгол охин дуучин Жессие Жэтэй хамтран дуулж "Youtube” сайтад байршуулсан бичлэгийг 7 сая гаруй хүн үзсэн байна. Авьяаслаг охин Э.Анужинтай хийсэн ярилцлага хүргэж байна. Тэрбээр "Universe best songs” тэмцээнд оролцохоор нийслэлд ирээд буй юм.
-Эхлээд өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу. Намайг Эрдэнэбатын Анужин гэдэг. Би Баянхонгор
аймгийн "Номундалай” цогцолбор сургуулийн аравдугаар ангийн сурагч.
-Хүсэл мөрөөдөл гэдэг хамгийн гоё. Тэгэхээр ярилцлагын эхэнд юу хүсэж, мөрөөддөг талаар асууя?
-Би дуунд их дуртай, хайртай. Анх манай
аймагт зохион байгуулагдсан ээжийн тухай дууны тэмцээнд оролцоод дуучин
болох хүсэл мөрөөдөлтэй болсон. Тэр тэмцээнд оролцоод би өөрийгөө дуулж
чадах юм байна гэсэн итгэлтэй болсон. Тухайн тэмцээнд 15 хүүхэд
оролцсоноос би дөрөвдүгээр байранд орж байсан юм. Тэр шагнал надад их
том урам өгсөн болохоор дуучин болохоор шийдсэн.
-Их гоё дуулдаг юм билээ. Танайхан урлагийн хүмүүс үү?
-Манай эмээ найрал дуучдын нэг. Манай гэр
бүлд өөр урлагийн хүн байхгүй. Аав, ээж хоёр маань энгийн л төрийн
байгууллагын ажилчид. Би айлын ганц хүүхэд.
-
Блиц: Төрсөн он, сар, өдөр: 2002 оны 11 сарын 12
-
Нас: 16
-
Хэлэх дуртай үг: Алдаа битгий гаргаарай
-Долоон сая хүн үзсэн бичлэгийн тухай ярих уу?
-Би хамгийн анх "Youtube” сайтаас Жессие
Жэтэй жүжигчин Хүрлээгийн охин Намуунаа эгчийн дуулсан бичлэгийг үзэж
байсан юм. Тэгээд манай эгч надад өөрийн бичлэгээ оруулах санал тавьсан.
Тэр үед би аймагтаа байсан болохоор интернетээс "Флайш найт” гээд дууг
сонссоор байгаад үгийг нь сураад зуны амралтаараа хотод ирээд дуулсан
юм. Манай эгч миний бичлэгийг байршуулсан.
-Чиний дуулалт олон хүнд таалагджээ.
-Би тэр бичлэгийг тэгж их хүнд хүрнэ гэж
бодоогүй. Их гайхсан. Монгол төдийгүй дэлхий дахины 7 сая гаруй хүн
үзсэн гэхээр их гоё санагдсан. Тэгээд урамшаад дахиад 2 дуу дуулж
байршуулаад амжсан шүү/инээв.сур/.
-Одоо харин "Universe best songs 2016” наадамд оролцож байгаа гэсэн?
- "Universe best songs” тэмцээнд оролцож
байгаа. Нэгдүгээр шатанд "I'm Gonna Lose You” дуугаар оролцож тэнцсэн.
Одоо хоёрдугаар шатандаа бэлдээд "Nature sound” студийн Мөнгөнсүх багш
дээр хичээллэж байгаа.
-Багш нь юу гэж байна?
-Сошиал ертөнцөөр тодорхой хэмжээгээр
танигдсан учраас хүмүүс чамайг анхаарч байгаа. Тиймээс чи дууны сонголт,
дуулалт дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй гэж захисан. Сайн хичээж,
урлагийн төлөө бүх зүрх, сэтгэлээ зориулж байж чи урлагийн хүн болно гэж
надад хэлдэг. Магадгүй уран бүтээлч хүн гэж уран бүтээлийнхээ төлөө бүх
сэтгэлээ зориулдаг тийм л хүнийг хэлэх байх. Би бүх хүч чадлаа зориулна
гэж боддог/инээв.сур/.
-Энэ тэмцээнд орохыг хэн зөвлөсөн бэ?
-Би англи дуунд их дуртай. Тийм учраас энэ
тэмцээнд орсон. Анх ээжтэйгээ зөвлөж байгаад орохоор шийдсэн. Ер нь юм
бүхэнд манай ээж зөвлөж дэмждэг, тэмцээн бүхэнд хамт явдаг, хамгийн
дотны багш юм даа.
-Олон тэмцээнд оролцдог туршлагатай дуучин бололтой?
-2012 онд "Гэгээн алсын одод” тэмцээнд
оролцож байсан. Тухайн үед манай аймгийн Насанбуян гэдэг дуучин байдаг.
Тэр багшаар мэргэжлийн арга барил заалгаж байсан. Гэхдээ хоёрдугаар
шатнаасаа хасагдсан. Ер нь бол сургуулийнхаа урлагийн үзлэгт байнга
ордог. Ихэвчлэн нэгдүгээр байр эзэлнэ.
-Энэ удаад түрүүлнэ биз дээ?
-Энэ жил 600 гаруй оролцогч шалгуулсан.
Тэрнээс урьдчилсан шалгаруулалтаар 120 оролцогч үлдсэнээс нэгдүгээр
шатанд 50 оролцогчийг л шалгаруулсан байгаа. Би Гран-При авна гэдэгтээ
нэг их итгэлтэй биш байна. Энэ жилийн тэмцээнд мэргэжлийн дуучид,
дуурийн уран бүтээлчид ихэвчлэн оролцож байгаа. Тэд авах болов уу гэж
бодож байна. Харин шилдэг 12 оролцогчид багтаж үлдэх гэж их хичээж
байна.
-Дуучин болох гэж байгаа охин ямар хамтлаг, дуучдыг сонсдог бол?
-Би дуучин Наран эгчийг хүндэлдэг. Бас
дуучин Амархүү, "Гурван охин”, "Свийт Эмоушин” хамтлаг надад их
таалагддаг. Дууг нь их сонсоно. Ер нь бол би Наран эгч шиг сайн дуучин
болохыг хүсэж, мөрөөддөг.
-Хүндэлдэг дуучдынхаа өмнө гараад дуулахад ямар санагдав?
-Их сандарсан шүү. Гэхдээ гоё байсан.
Хамгийн гол нь алдахгүй дуулахыг л хичээсэн. Би шүүгчдийн хэлсэн
зөвлөгөө, шүүмжийг дараагийн шатанд оролцохдоо сайн анхаарна гэж бодож
байгаа.
-
Блиц: Сонсох дуртай дуу: John Legend- All of me, Meghan Trainor-Marvin gaye, Adelo-Hello
-
Дуулах дуртай дуу: Meghan Trainor-Marvin gaye,
-
Хамгийн том тайз: "Гэгээн алсын одод” тэмцээн
-Англи хэлний хичээлдээ дуртай байх. Тийм үү?
-Би Англи хэлний хичээлдээ бага зэрэг
сайн/инээв.сур/. Намайг манай багш нар дуудлага их сайтай гэдэг. Хими,
математик, ер нь нийгмийн ухааны хичээлд илүү сонирхолтой.
-Өсвөр насныхан юунд эмзэглэдэг бол?
-Өчигдөр нэг нэвтрүүлэгт орсон. Хүмүүс үзээд
юу гэх бол, муулах болов уу, шоолох болов уу гэж их эмзэглэж
байна/инээв.сур/. Ер нь хүмүүс бие биенээ их муулдаг. Энэ л муухай
санагддаг юм.
-Урлагийн төлөө зүрх сэтгэлээ зориулах гэж байгаа хүн, хүн бүрийн хэлсэн сайн муу бүхэнд эмзэглээд байх хэрэг үү?
-Үгүй л дээ. Гэхдээ магтах тусам нь бас
бардаж болохгүй юм шүү гэдгийг ухаарч явдаг юм. Манай багш надад хэлсэн.
Оддын өвчин гэж байдаг юм, битгий биеэ тоогоорой гэж. Би тэр өвчнийг нь
тусахгүй ээ/инээв.сур/. Ер нь биеэ тоох гэдэг чинь муухай.
-
Блиц:
Үерхлийн тухайд: Манай ангийн хүүхдүүд үерхэж байгаа гээд л явж байдаг.
Төд удалгүй салчихлаа гэдэг юм. Тийм болохоор үнэнч л байх хэрэгтэй
болов уу. /инээв.сур/
-
Хот гоё уу: Би хотод ирэх их дуртай. Хотод гоё. Зуны амралтаараа ирж "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ээр зугаалах дуртай.
-
Ид шидтэн байсан бол: Хүн бүхнийг сэтгэл хангалуун, аз жаргалтай байлгана.
Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
shuud.mn