Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуйн яам хамтран өчигдөр Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүсийн талаарх уулзалт, ярилцлагыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Дорнод аймгийн 286.2 мянган км.кв нутаг дэвсгэрийн газар тариалангийн чиглэлээр ашиглах боломжтой 117.1 мянган га талбайн 60.2 хувийг эргэлтэд оруулаад байгаа юм байна. 2015 онд 49.868 га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо, эмийн ургамал, малын тэжээл, тосны ургамал тариалжээ. Халхгол сумын тариалангийн газарт сүүлийн гурван жилийн хугацаанд хийсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд улсын байцаагчийн зургаан удаагийн албан шаардлага, хоёр дүгнэлт хүргүүлсэн. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн дийлэнх нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр холбогдох хууль, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмыг зөрчин газар эзэмших эрх олгосон, мөн атар газарт эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр газар эзэмшүүлсэн зөрчлүүд байгаа” гэв.
Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван "Манай сум Монгол Улсад хамгийн их газар нутагтай сумдын тоонд ордог бөгөөд нийт 2809299 га газартай байна. Үүн дотроо 353.700 га хадлангийн талбай, 49135 га тариалангийн талбайтай. ХХААЯ-ны бодлого, аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу газар тариалангийн аж ахуйн нэгжүүдтэй хариуцлагын гэрээг 2015 онд байгуулснаар тариалалтын хэмжээ өссөн. Экспортод чиглэсэн Халх гол төсөл батлагдсаны дагуу бүс нутгийн газар тариалангийн салбарт дотоодын хөрөнгө оруулалт өсч, техник технологи шинэчлэгдэж, таримлын сэлгээний төрөл нэмэгдсэн” гэлээ.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дэд дарга Ж.Даваабаатар "Дорнод аймгийн болон Халхгол сумын тариалангийн газар ашиглалтын өнөөгийн байдал”, Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд "Халхгол чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл танилцуулсан юм.
Илтгэлүүд танилцуулсны дараа оролцогчид илтгэгчид, мэргэжлийн болон албаны хүмүүсээс зарим зүйлийг тодруулж, Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс сэдвийн хүрээнд харилцан ярилцаж, санал солилцсон юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Эдийн засгийн үр засгийн үр өгөөж нь юу вэ. Чөлөөт бүсийн тухай хуулийн заалтаар 500 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татвараас чөлөөлөгддөг?
ХХАА-н сайд Р.Бурмаа: Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас авах хуулийн дагуу явна. Гэхдээ Чөлөөт бүсийн тухай хуулийн 15.1 "Чөлөөт бүсэд ажиллах хүч гадаадаас авах, мэргэжилтэн ажиллуулахад Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад гаргах тухай хуулийн 4.1.4-дэх заалт хамаарах юм. Энэ нь "Эдийн засгийн үйл ажиллагааны салбар байгууллагын нийт ажиллагсдын тоог гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран гадаадаас авах ажилтан авах хэмжээг тодорхойлно” гэж заасан. Хөдөө аж ахуйн салбарт зохицуулалт бусад хуулийн дагуу явна. Халх голын чөлөөлт бүсэд нийт ажилчдын 3/1 нь гадаадын ажиллах хүч байх заалт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ нь бусад хуулиар зохицуулагдсан. Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй учир хадлан бэлтгэхэд онцгой анхаарч байна. Газрын эзэмших өмчлөх ашиглах гурван харьцаа байдаг. Энэ эрх нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид хамаарна. Газрыг түрээсээр ашиглуулахыг УИХ-ын хүрээнд шийдвэрлэнэ. Чөлөөт бүсийн захирагч, Засаг дарга, сайд нарт энэ эрх байхгүй. Халх голын чөлөөт бүсийн төсөлд шинэлэг зүйл их байгаа.
Дорнод аймгийн Халх гол сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч н.Цэрэндулам: Би Дорнод аймгийн Халх гол сумаас өнөө өглөө Улаанбаатарт ирлээ. Сумын иргэд намайг төлөөлөл болгож явууллаа. Халх гол сумын иргэд олон зууны турш зүүн хилээ хамгаалж ирсэн уугуул иргэд байдаг. Засгийн газрынхан нутгийн иргэдтэй уулзахгүй байна. Яагаад тэнд байгаа 1000 хүний эрх ашгийг анхаарахгүй байна вэ?
-Халх голд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хөндөөгүй. Харин ч ажилтай, орлоготой болох боломж гарна. Түүхий эд, мал ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүнүүдээ боловсруулах үйлдвэр баригдана. Буйр нуур бол аялал жуучлал хөгжүүлэх боломжтой газар. Гэхдээ тэнд жуучлал хөгжүүлэх нөхцөлийг эхлээд бүрдүүлэх хэрэгтэй. Байшин барилга барихаасаа илүүтэй хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа. Буйр нуурын орчимд шинэ барилга баригдахгүй. Хөдөө аж ахуйн аялал жуучлалыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, нутгийн иргэдэд танилцуулна. Засгийн газраас гурван яаманд даалгавар өгсөн. Нийт ажиллагсдын 3/1-ээс илүүгүй нь түр оршин суугч гадаадын иргэд байна гэсэн. Байгальд ээлтэй, генийн өөрчлөлтгүй тариалалт хийсэн байх зэрэг нарийвчилсан заалт тусгаж өгсөн. Бид орон нутгийнхантай уулзаж санал авна. Ерөнхий төлөвлөгөө гараагүй байхад ямар нэг байдлаар газар олголт олгохгүй. Чөлөөт бүс байгуулснаас хойш ямар нэг газрыг ашиглах, өмчлөх ямар ч шийдвэр гараагүй байгаа. Одоогийн Халх голыг эко хот болгоно. Үүний зураг төсөл гарч байгаа. Хөрөнгө оруулалтаар загвар эко хот болох зураг төсөл хийгдэж байна. Халх голын ард түмэнд очиж танилцуулна" гэсэн юм.