УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ
Нийт малчин түмэн, тариаланчид, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадаа! Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын тэргүүний "Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний”-ний талаар хийсэн анхны дүн мэдээллийг Та бид хамтдаа сонслоо.
Бичин жил сүүлээ шарвадаг гэж бидний өвөг дээдэс ярьдаг. Энэ жил сүүлийн 100 жил тохиолдоогүй онцгой өвөл болно гэж дэлхийн цаг уурын байгууллагуудаас сэрэмжлүүлж байна. Мөн ойрын өдрүүдэд Монгол Улсын нийт нутгийг хамарсан өнгөрсөн найман жилд бүртгэгдээгүй хүйтрэл, цаг агаарын аюултай нөхцөл бий болно гэж цаг уурын байгууллагаас анхааруулж, урьдчилан сануулсаар байгаа.
Ийм нөхцөлд Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийж байгаад талархаж байна.
Гэсэн хэдий ч өнөөдөр энэ өвлийг хэрхэн даван туулах, ХАА-н үйлдвэрлэлд малчид, тарианланчдын ирээдүйн эдийн засгийн чиг хандлагын талаар бид сонссонгүй нь харамсалтай. Дүн өвөл хаяанд ирлээ. Цаг уурын мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байхад өвлийг давж гарах арга хэмжээгээ та, таны тэргүүлсэн Засгийн газар "боловсруулан ажиллаж байгаа” гэж байгаа нь туйлын хангалтгүй байна.
Таныг боловсруулсаар байтал өвөл өнгөрч хавартай золгох вий дээ. Бусдын хийсэн ажлуудыг бид хийсэн л гэнэ, асуудлыг бусдад шилжүүлсэн л гэнэ. Боловсруулах биш, хуралдах биш, ажиглах биш асуудлыг шийдмээр байна.
Энэхүү үүсч болох хүндрэлтэй байдалд бэлэн байж, зохион байгуулалтын арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэхийг юун түрүүнд чухалчлах шаардлагатай.
Хүний амь нас, эрүүл мэндийн хохиролгүйгээр, эд хөрөнгийн гарз багатайгаар даван туулахад та бидний хүчин чармтайлт, ялангуяа Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комиссын үүрэг оролцоо асар их билээ.
2015 оны зун сүүлийн 20 жил тохиогоогүй гантай зуссаныг, 2014-2015 оны өвөл нийт нутгийн 78 орчим хувь нь зудтай буюу зудын байдалтай өвөлжсөнийг та бид мартаагүй.
Үүний улмаас малчид маань хадлан тэжээлээ бэлтгэхэд бэрхшээл учирч байсан хэдий ч Ардчилсан намын Засгийн газар үүргээ гүйцэтгэж байхдаа байгалийн бэрхшээлийн өмнө бууж өгөлгүй,өдөөн турхиралтад өртөлгүйгээр шуурхай арга хэмжээг дор бүр нь авч чадсан, хэрэгжүүлсэний дүнд 2015 оны өвлийг нийт малчид, мал аж ахуйн салбарынхан хохирол багатай даван туулж чадсан билээ.
Цаашлаад өмнөх Засгийн газар тариалангийн салбарт дэмжлэг болох ажлыг шуурхай зохион байгуулж, хаврын тариалалтыг товлосон хугацаанд эхлүүлж, төлөвлөсөн цагт дуусгасан. Үүний үр дүнд ургасан ургацын мэдээг та уншиж байна.
Таны тариалангийн салбарт хийсэн гэсэн ажлын мэдээ нь Ардчилсан намын үеийн Засгийн газрын хийж гүйцэтгэсэн ажил байх бөгөөд таны тэргүүлж байгаа Засгийн газар зөвхөн ургацыг нь л хураалаа.
Уул уурхайн хараат бус олон тулгуурт эдийн засгийг буй болгох үндсэн суурь нь манай ХАА-н салбар юм.
2012 онд 40 сая толгой мал тоологдсон бол мал сүрэг маань жил дараалан өссөөр энэ жилийн эцсээр 60 сая толгой мал тоологдож, ирэх хавар 23 сая орчим төл хүлээн авах төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жил мал сүрэг маань тавин хувиар өсчээ.
Энэ бол малыг малчдад хувьчилсан шууд үр дүн, халуунд халж, хүйтэнд хөрч яваа нийт малчин түмний минь хөдөлмөрийн үр шим билээ. Социализмын жилүүдэд төрийн өмчийн мал сүргийн тоог 25 саяд хүргэх гэж улсаараа мэрийгээд ч чадахгүй байсныг та бид мартаагүй л байгаа.
Энэ нь цөөхөн хүн амтай, манай оронд малын тоо 70 сая хүрэхэд мах махан бүтээгдэхүүний илүүдэл, бэлчээрийн хомсдол өнөөдрийн байдлаар тулгамдсан асуудал болоод байна.
Гантай жилийн гачлан, өнтэй жилийн илүүдлийг бид амссан.
Газар доороо асар их баялагтай, газар дээрхи үржил шим бүхий хөдөө аж ахуйгаа бид зөв ашиглах шинэ хандлагыг шаардаж байна. "Сайн малчин”хөтөлбөр хэрэгжиж байсан бол малчдын хариуцлага хөрөнгө оруулалтын боломж улам бэхжих байсан юм. Энэ өвөл ирэх жилүүдийн ХАА-ын хөгжлийг зөв тавих бэлтгэл ажлын хугацаа гэж харж байна.
Зөвхөн өвлийг өнтэй давах асуудлыг бид ярихаас гадна цаашлаад хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг оюуны хөгжил, иноваци, тэргүүний техник, технологийн ололт амжилтад тулгуурлан хөгжүүлэх талаар бид ярих ёстой гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа нар малчны эргэлтийн хөрөнгийн гол эх үүсвэр болсон хонь, ямаа, үхэр буюу салаа туурайтай малын махны экспортыг эхлэх үндсийг тавьж, дэлхийн мах импортлогч гол орон БНХАУ-аар баруун таван аймгаа эрүүл хэмээн зөвшөөрүүлж, махны экспортыг эхлүүлсэн. Энэ ажлыг цааш нь яаралтай үргэлжлүүлэх үү. Эсхүл Ардчилсан намын хийсэн ажил гээд бас хүчингүй болгох гэж байна уу.
Түүнчлэн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн үлдэгдэл эргэн төлөлтийн 35 тэрбум төгрөгийг зөвхөн хөдөө аж ахуйн экспортын үйлдвэрлэлийг дэмжихэд зорилтот хөрөнгө оруулалт хийх нь зөв гэж үзэж байна.
"Хүн нэмвэл хүнс нэмнэ” гэж Монголчууд бид ярьдаг. Монголын хүн ам 3 саяыг давлаа. Хүн ам нэмэгдэхийн хирээр хүнсний хэрэгцээ жил тутам өсч байна. Энэ үүднээс хүн амын хүнсний хэрэгцээг найдвартай хангах, цаашлаад импортыг орлох бүтээгдэхүүн тариалах, үйлдвэрлэх, хэрэгцээнээс илүү гарсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох, түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр найдвартай хангахыг салбарын тэргүүний зорилт болгон ажиллах шаардлагатайг энд зориуд цохон тэмдэглэмээр байна.
Хил залгаа бүс нутгийн хэмжээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боломжийг алдсаар байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгоход Засгийн газар гадаад улс орнуудтай идэвхитэй хамтын ажиллагааг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Гадаад худалдааны идэвхижилт буурч байгаа нь эдийн засгийн маш муу дохио юм.
Тариалангийн нэгж талбайн өгөөжийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн нэгж толгойн ашиг шимийг нэмэгдүүлэх талаар холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Энэ мэт бодит үр дүнгээ гаргадаг ажил хийхэд тань УИХ дахь Ардчилсан намын бүлэг таныг болоод танай Засгийн газрыг дэмжиж, хамтран ажиллах болно.
Сая болсон Орон нутгийн Сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдох сум дүүргийн засаг дарга нарын томилгоо хэт удааширч байна.
Тухайлбал,Ардчилсан нам ялалт байгуулсан 104 сумаас зөвхөн 28 сумын Засаг даргыг одоогийн байдлаар томилсон байгаа нь өвөлжилт хүндэрч байгаа энэ үед сум орон нутаг удирдлагагүй эзгүйрч, ард иргэд, малчид тариаланчдын өмнө тулгамдаж буй асуудлууд шийдлээ хүлээсээр байна.
Та бүхний явган улстөржилт, утга үндэслэлгүй томилгоо, эдийн засгийн бодлогогүй байдал чинь энэ улс орныг улам хүнд байдалд оруулж байна гэдгээ анхаарах хэрэгтэй.
Энэ бүх үйлдэл чинь хуульд итгэх иргэдийн итгэлийг бууруулж, улмаар хууль дээдлэх ёс алдагдаж байгааг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бид эрс шүүмжилж байна.
Тиймээс хөдөө аж ахуйн салбарын бодлогыг үйлдвэрлэлийн салбарын бодлоготой уялдуулах замаар хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тухай 2015 онд батлагдсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, тодорхой саналаа оруулж, хөдөө аж ахуйн хөгжлийн ирээдүйн чиг хандлагын талаар тодорхой мэдээлэл өгөхийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ТАНД даалгаж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ