Шинэ оны анхны дугаарынхаа зочноор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын арслан Энхтөгсийн Оюунболдыг урьж ярилцлаа.
-Танд уншигчдынхаа өмнөөс шинэ оны мэнд хүргье. Шинэ оноо хэрхэн угтсан талааряриагаа эхлэх үү?
-За баярлалаа. Бөх сониныхоо нийт уншигчдад шинэ оны мэнд дэвшүүлье. Миний хувьд гэр бүлийнхэн, ах дүүс, найз нөхөдтэйгээ цуглаж шинэ оноо сайхан гаргалаа.
-Ер нь шинэ жилийн баяр арслангийн хувьд ямархуу сэтгэгдэл, дурсамж үлдээдэг баяр вэ?
-Сайхан л баяр. Гэхдээ цагаан сар шиг биш болохоор сэтгэл тийм ч их сэтгэл хөдөлгөөд байдаггүй юм аа. Монгол түмний уламжлалт баяр цагаан сартаа л илүү ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэхийг боддог юм.
-Хүүхэд байхдаа өвлийн өвгөнөөс бэлэг авч байв уу. Спортоор бол сургуульдаа манлайлтай л байсан байх гэж бодож байна?
-Бага ангид байхдаа сурлагаараа бэлэг авдаг байсан шүү. Ер нь спорт, сурлага аль алинаар нь бэлэг авдаг байсан юм байна.
-Шинэ оны анхны нарыг аварга, арслангууд харахаар явсан тухай мэдээлэл цахим ертөнцөд түгсэн байна лээ. Ер нь жил шинэ оны нар хардаг уу, энэ жил л явав уу?
-Энэ жил л Хосоо багштайгаа, олимпийн аварга Түвшээ ахтайгаа хамт явж нар харлаа. Ард түмэн маань олноор шинэ оны анхны нараа харахаар очсон байна лээ. Сайхан байсан.
-Хаашаа гарав?
-Багахангай руу явсан. Цагаан сарын шинийн нэгний нарыг бас манайхан их хардаг шүү дээ. Тэрэнтэй л адилтгаж, утга бэлгэдэл бодож очдог байх.
-Тийм байх шүү. Ингэхэд 2015 оноо дүгнээд яривал ямархуу жил болов?
-Өө, их сайхан жил боллоо. Улсынхаа их баяр наадамд түрүүллээ. Мөн МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн. Ер нь хаана, хаанаа л сайхан жил боллоо доо.
-Наадмын бэлтгэл сургууль хэр байв, хаагуур бэлтгэлээ базаав?
-Энэ жил 6 сарын 28 хүртэл Эрдэнэтэд талийгаач Ч.Бямбадорж багш дээр очиж бэлтгэлээ базаасан. 28-нд хот орж ирээд сорилго барилдаанд зүгээр барилдалгүй үзчихээд Сүүж рүү Б.Адъяахүү багш дээрээ очсон доо. Бэлтгэл бол сайн байсаан. Тодорхой хэмжээнд өөрт мэдрэгдэж байсан. Сэтгэл санаа ч их тайван байлаа.
-Ер нь түрүүлчихнэ гэсэн бодол хэр их төрж байв?
-Эр хүний дотор эмээл хазаартай морь багтана гэдэг байх аа. Бөхөөр барилдаж байгаа хүн бүрийн дотор л улсын наадамд түрүүлэх мөрөөдөл төрж байдаг болов уу. Түүний л адил, бусдын боддогийг бодож, хүсч мөрөөдөж явсан даа. Нэг түрүүлчихвэл, нэлээд хэд түрүүлнэ гэсэн бодол бий.
-Олон түмэн ч гэсэн "Энэ хүүгийн гараа эхэлчихлээ, цааш олон түрүүлэх байх” гэж их итгэж найдаж байгаа бололтой?
-Ард түмэн, нутаг усныхан маань тэгж хүлээж байгаа болов уу. Улсын наадамд түрүүлж, арслан цол авсан минь надад өндөр, том хариуцлага дагуулж ирсэн. Үүнийгээ би ингээд зогсоох уу, цааш нь улам дэлгэрүүлэх үү гээд олон зүйл байна. Тэр болгоныг л дотроо бодож, хичээж яваа даа. Зарим нэг шалтгааны улмаас нэг хэсэг бэлтгэлээ завсарласан тал бий. Ойрноос эргээд бэлтгэлдээ орсон. Одоо шинэ ондоо хичээгээд сайхан барилдана аа.
-Дараагийн наадам бас дөхчихлөө шүү?
-Харин тийм. Наадмын дараа намар гэдэг бол бөхчүүд бидэнд наадмын дараа наадам л гэхээр болчихоод байна шүү дээ. Цаг хугацаа сумнаас хурдан өнгөрч байна. Саяхан л 2015 оны улсын наадамд түрүүлж байсан бол одоо 2016 он гарчихлаа. Цаг хугацаа үнэхээр хурдан юм байна даа гэж л бодож сууна.
-Эрдэнэтэд бэлтгэлээ базаасан гэлээ. Хангарьдийн бөх билүү? Бэлтгэлийн онцлог юу байв?
-Тийм. Хангарьд спорт хорооны бөх гэж явдаг. Би 2008 оноос наадмын бэлтгэлд гарч эхэлсэн. Ихэвчлэн Сүүжид л гарчихдаг, Адъяахүү багштайгаа. Ер нь бөх хүн тайван, нойрондоо сайн байхад бүх юм болчихдог юм шиг санагдсан. Хийх бэлтгэлээ хийчихээд унтаад амраад, өөрийгөө хянах чадвартай байж байхад л болоод явчих байх шүү. Бас гурван багш маань миний бэлтгэлийн горимыг сайн тохируулж, тааруулж өгсөн.
-Наадмын даваануудаа эргээд нэг дурсвал... Ямархуу барилдаанууд болов?
-Гурвын даваанд Өвөрхангайн улсын начин П.Ганхүү ахыг авсан. Аймгийн цолтой бөх аваад яахав гэж бодоод л начинг авсан хэрэг.
-Нээрээ "Өмнө хоёр жил нь Ганхүү начинг Завханы хоёр гарьд амлаад дээшээ сайн барилдсан. Тийм болохоор энэ жил Оюунболд Ганхүү начинг авна гэж байгаад авсан гэнэ лээ...” гэсэн яриа дуулдсан?
-Үгүй ээ, үгүй. Тийм бодол огт байгаагүй. Зүгээр л Ганхүү начинг авъя гээд л авсан. Сүүлд нь ганц нэг хүн надаас "Ганхүү начинг авсан болон таарсан хүн дээшээ явж барилддаг гэж үнэн үү гэж...” бас асууж байсан. Тэрийг сонсоод л нээрээ ч тийм юм болов уу гэж бодогдсон шүү. Ёстой тэр өдрийн тэнгэр л тэгж шийдсэн байх /инээв/. Дөрөвт Сүхбаатарын Мөнгөнбаатар ахтайгаа таарсан. Бид нэг багшийн шавиас гадна их ойр дотно байдаг хүнтэйгээ тэгж таарах үнэхээр хэцүү юм билээ. Бэлтгэл дээр хүртэл нэг өрөөнд хамт байсан хоёр. Ах маань олон жил цолны тааварт орж яваа сайн бөх. Яалт ч үгүй, улсын наадам юм даа гээд л барилдсан.
-Би бас нэг яриа дуулсан. Магалжав харцага таньтай ирж уулзахад "Үгүй ээ ах аа, би өөрөө дээшээ барилдмаар байна” гээд буцаасан гэнээ гэж...?
-Үгүй ээ. Мөнгөө ах ч тэр, би ч тэр "Зүгээр сайхан барилдчихъя” гээд л гараад барилдсан. Иймээ, тиймээ яриа хөөрөө юу ч байгаагүй.
-Тав дээр хэнийг авдаг билээ?
-Архангайн арслан М.Бадарчийг авсан. Үеийн юм... /инээв/. Бид 2012 онд хамт аймгийн арслан болж байлаа. Тэгээд яахав, нэг нь давж, нөгөө нь унадаг жамтай хойно, би барьц сонгоод хаясан. Зургаад Дашийг авсан. Бас нэг багшийн шавь, найз нөхөд. Адилхан залуу улс, сайхан барилдчихъя гэж бодоод авсан, давсан.
-Долоо дээр тунасан?
-Тэгсэн. Содномдорж харцагатай тунаад. Сайхан барилдаад, заан болоод...
-Тэр даваанд заан цол хэр их догдлуулсан бол...?
-Барилдааны үед бол тэр цолны тухай огт бодоогүй. Өмнөх учраагаа яаж хаяхаа л бодсон. Ер нь урдахаа хаясан байхад дараагийнх нь болно л гэж боддог. Улсын наадмын долоогийн даваа чинь өндөр даваа. Дээр нь сайн харцагатай тунасан. Давчихаад харин баярласан шүү.
-Гарьд цолны даваанд...?
-Гончигдамба гарьдтай барилдсан.
-Гарангуутаа л бужигнуулаад их хурдан барилдсан, тийм ээ?
-Би гарангуутаа хонгодоод, тахимдаад явсан чинь дөрвөн хөллүүлээд нэг алдчихсан. Тэгээд золгонгуутаа хонгодох гээд болиод намайг хөнтөрөөд суйлахад нь би дагуулаад татчихсан. Тиймэрхүү л, хурдан барилдаан болсон.
-Бүгдийнх нь барилдааныг мэдэх болохоор гарахдаа тэрэнтэй ингэж барилдвал зүгээр, үүнтэй ингэж барилдана гэсэн ерөнхий төлөвлөгөө байсан уу?
-Ер нь л нэг их барилдаан төлөвлөж үзээгүй дээ. Гараад л барилдчихдаг. Тухайн үеийн процесоос л болно. Ямар ч хүнтэй мэх хийгээд, сайхан яваад барилдчихъя л гэж боддог.
-Улсын наадмын түрүү булаалдахаар гарах тэр үед хариуцлага гэдэг үг ч багадахаар тийм чухал үе байдаг болов уу?
-Тэгэлгүй яахав. Бүрэнтөгс арслантай барилдахаар гарсан. Зүүн давхар золгоод тэндээсээ хутгаад л зүтгэсэн дээ. Улсын наадамд түрүүлэхийн төлөө их шуналтай явсан... Дараагийн даваа гэж байхгүй болохоор юунд биеэ нөөхөв. Байгаа бүх боломжоо ашиглаж, мэхээ л гүйцэд хийе гээд зүтгэсэн дээ.
-Багш нар гарахад юу гэж захив?
-Хянуур байгаарай, арслан цол бол маш том сайхан цол шүү... гэж л хэлсэн. Харин надад бол түрүүлчих юм шиг л санагдаад байсан ш дээ.
-Бүрэнтөгс арслан Санжаадамба заан хоёрыг барилдаж байх хооронд бараг л суудал дээрээ унтаад байгаа сураг дуулдсан. Их л тайван байсных байх даа?
-Ер нь ямар ч үед тайван ш дээ. Барилдаан нь л сүр сар хийгээд байдаг болохоос уг хүн нь тайван, намжуухан байгүй юу. Бас тийм ч нээлттэй хүн биш. Танихгүй хүнтэй барагтай бол дуугарахгүй /инээв/. Мэдэхгүй зарим нь яравгар энэ тэр гэж л байдаг юм.
-Улсын наадамд түрүүлчихлээ, арслан боллоо гэх тэр үед яг юу бодогдож байх юм бэ?
-Юу ч бодоогүй дээ, ер нь... Гүйсэн, тугаа тойрсон. Хэт их баярлахаар юу ч бодогдохгүй, сарничихдаг юм шиг санагдсан. Аав, багш хоёртоо үнсүүлж аваад индэр рүү гарсан даа.
-Аав, ээж хоёр нь жил бүр ирж үздэг үү, хүүгийнхээ барилдааныг?
-Ноднингоос эхэлж ирж байгаа. Энэ жил аав, ээж, дүү гурав маань гурвуулаа ирж үзсэн. 2013 онд намайг харцага болоход хөдөөнөө байсан. Ноднин ирэхэд нь би дөрвийн даваанд унасан. Тэгээд энэ жил түрүүлэхэд хамт байсан даа.
-Цэнгэлдэх дүүрэн 512 бөх барилдсанаас хүү нь ганцаараа босоо үлдэж, түрүүлэхийг харах үнэхээр гайхамшигтай байсан байх. Нэг ёсондоо аав, ээжийгээ их л баярлуулсан хэрэг биз дээ?
-Тодорхой хэмжээнд баярлуулсан байх аа. Гэхдээ эцэг эхийн ачийг хариулахад бол тэр багадах байх гэж боддог. Цаашдаа улам их хичээж, хүний дайтай хүн байж, хөдөө малаа хариулаад явж байхад нь сэтгэлийг нь зовоохгүй юмсан, зурагтаар харахад нь сайхан барилдчихаад байж байя гэж боддог юм.
-Өмнө улсын харцага болоход бөхөд дуртай хүн бүр мэддэг, таньдаг болсон байж таарна. Харин улсын наадамд түрүүлснээр бүх ард түмний нүдэн дээр "палхийтэл” гараад ирж байна гэсэн үг шүү дээ. Тэр байдал танд ямар сэтгэгдэл төрүүлж, ямар өөрчлөлтийг авч ирсэн бэ?
-Нас залуу, бүрэн гүйцэд төлөвшөөгүй байгаа хүнд чинь ер нь л хэцүү юм байна шүү. Яачих бол, ийчих бол гээд цаг үргэлж хяналт, анхаарал тавиастай. Ямар нэг зүйл боллоо гэхэд тэр дороо л хүмүүст дуулдаад сэтгэлийг нь зовоох шинжтэй. Тийм болохоор аль болох л хичээгээд, хүн амьтан уурлуулчихгүй, ам зөрчихгүй юмсан, олонтойгоо эвтэй найртай, сайхан явахсан гэж бодно. Наадмаас хойш хэт олны хүрээлэлд гэнэт ороод, өөрийгөө хянаж чадахгүй зарим нэг хүмүүст буруу зөрүү бодол төрүүлсэн бол, гомдоосон бол дүүгээ уучлаарай, бас ойгохыг хичээгээрэй гэж хэлье дээ. Үнэндээ нэг хэсэг яах ухаанаа олохгүй л явсан. Утастайгаа зууралдаад, залгасан болгонтой яриад байх ч жаахан төвөгтэй. Одоогоор бүх зүйлээ бөхдөө л зориулаад явж байна. Цаашдаа насан туршдаа бөх барилдахгүй ч гэсэн залуу насандаа хийх бүтээхийн төлөө хичээж зүтгэнэ гэж бодоол явж байгаа.
-Аварга цол хэр их бодогдож байна. Нэг ёсондоо хаяанд нь ирчихлээ?
-Аа, тэгээд бэлтгэлээ сайн хийгээд өөрөө зөв явбал бүх л боломж байгаа гэж боддог. Дуудах нэрийг аав ээж өгнө, дуурсах алдрыг өөрөө олно гэдэг биз дээ. Аав ээж минь энэ биеийг төрүүлээд өгчихлөө. Яаж авч явах нь уг хүний ухаан л мэдэх хэрэг. Тэр бүгдийг бодож, төвлөрч, төлөвших хэрэг байна. Ерөнхийдөө бүх л юм хүмүүсийн хараа хяналтанд орчихсон. Тиймээс өөрөө хичээхгүй бол ард түмнээ, нутаг усныхнаа гомдоочих вий л гэж бодох юм. Нас залуу, наадам олон байна... Хамгийн гол нь зөв явна гэж боддог. Өөртөө байнга дүгнэлт хийнэ, бүх л юмаа тэгшилнэ дээ.
-Наадмын дараа Б.Бат-Эрдэнэ аварга шавьдаа нэлээд хэдэн чухал зүйлийг аминчлан захисан тухай мэдээлэл түгсэн?
-Тиймээ. Маш чухал захиас хэлсэн. Тэр захиасыг байнга санаж яваа. Халхын тэр том алдартай аваргын нутаг орноос залгамж болж улсын наадамд түрүүллээ. Ер нь аварга багш шигээ л явъя гэж бодож, мөрөөдөж явдаг юм.
-Багш нарынхаа тухайд...?
-Хоёр багштайгаа аль болох илэн далангүй, аав хүү шиг л байдаг даа. Манай Адъяахүү багш, Хосоо багш хоёр чинь зөөлөн үедээ зөөлөн, хатуу үедээ хатуу. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй, сайхан хүмүүс дээ. Бөхийн хөгжил маш өндөр түвшинд ирлээ. Бэлтгэл хийдэггүй, штанг хийдэггүй, боловсрохгүй хүн гэж байхгүй. Бүх л юмыг мэдэж сурч байна. Бяртай бол хэн нь ч бяртай, мэхтэй гэвэл хэн нь ч мэхтэй. Ийм л олон буцалж байгаа зүйл дотроос цойлж гарах хэрэгтэй гэсэн үг. Бөх хүн бүр улсын наадамд түрүүлэх гэж мөрөөддөг бол их спортоор хичээллэж байгаа хүмүүс ч олимп дэлхийн аварга болохыг л мөрөөддөг байж таарна. Олимпийн аварга Түвшинбаяр ахыгаа их харж, хүндэлж явдаг. Их сайхан хүн дээ. Хааяа юм хум асууж, зөвөлгөө авахыг бодно. Ер нь хүнээс үг дуулах их дуртай шүү.
-Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумандаа төрж өссөн үү?
-Өмнөдэлгэрт төрөөд ой, 4 сартай байхад минь манайх Дэлгэрхаан сум руу шилжсэн. Аав маань цэргийн ангийн адуу хариулдаг байлаа. Намайг 7 нас хүртэл Дэлгэрхаанд амьдарч байгаад 2000-2001 онд шилжих өвөл юм уу даа, зуд болоод, буцаад Өмнөдэлгэр рүүгээ нүүсэн. Тэгээд сумандаа дунд сургуульд сурч байгаад 5-р ангидаа хот руу орж ирсэн дээ.
-Эцэг эхээс хэдүүлээ билээ?
-Хоёулаа. Нэг эмэгтэй дүүтэй. Дүү минь одоо нэгдүгээр анги. Ээж минь малын их эмч мэргэжилтэй.
-Өсвөрт нэлээд биерхүү хүү гарч ирж байсныг санаж байна?
-Тийм. Багын л тарган хүүхэд байсан. Эхэндээ чөлөөтөөр бас барилдана. Чөлөөт бөх надад их юм өгсөн шүү. Тэмцээн уралдаанд ч зөндөө их орсон. 2010 онд Залуучуудын ДАШТ-нд явсан гээд яривал нэлээд зүйл байгаа, байгаа. Медаль бол аваагүй л дээ.
-Үндэс, чөлөөт хоёрын алинаар нь эхэлж барилдсан бэ?
-Үндсээр эхэлж барилдсан. 2007 оноос. Хотод ирээд 9 төгстлөө бөхийн секцэнд яваад 10 дугаар ангидаа Аварга лицей сургуульд орсон. Тэгээд үргэлжлүүлж дээдэд нь сурч багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Бэлтгэл хийж эхэлсэн үеэ оруулаад нийтдээ 8 жил Аварга сургуульд сурсан байна. Одоо ч сургууль дээрээ очиж бэлтгэлээ хийдэг.
-Үндэсний бөхөөр анх ямар амжилт гаргаж байв?
-Аваргын гараа гэж барилдаан болдог байсан шүү дээ. Тэр барилдаанаас медаль авдаг байсан. Дараа нь 2009 онд улсын наадмын хүүхдийн барилдаанд дөрөвт үлдээд жаахан тодронгуй болсон юм уу даа.
-Мөн сумын наадамд түрүүлж, сумын заан цол авсан уу?
-Би сумын наадамд түрүүлсэн ч сумын цол авч үзээгүй ш дээ. 2010 онд тойргийн аймгийн начин болоод, дараа нь суманд барилдахаар аймгийн начин түрүүллээ л гээд зарлаж байгаа юм чинь. Сумын заан болох чинь бас хэцүү ш дээ. Сумын цолтнуудын барилдаанд залуу бөх л гээд гардаг байлаа. 2012 оны намраа Дарханд залуучуудын улсын аваргад түрүүлсэн юм байна.
-Тэр жилээ аймгийн арслан болдог билүү?
-Тэгсэн. 2012 оны 7 сарын 9-нд Хэнтий аймагтаа түрүүлж, аймгийн арслан болоод 10-нд хотод ирээд 11-нд улсад барилдан хоёрын даваанд Лхагвадорж начинд унасан. 2013 онд харцага болоод, 2014 онд дөрөвт унаад, 2015 онд түрүүллээ. Улсад таван жил барилдсан юм байна.
-Багадаа барилдаж байв уу?
-Аавыгаа дагаад наадам хэснэ. Бас аманд гарна.
-Аав тань аймгийн цолтой гэсэн биз дээ?
-Аймгийн начин Энхтөгс гэж хүн бий. Аавыгаа дагаад зах мушгигчаар яваад далимд нь аманд гарчихна. Миний наадам яахав, нэгийн даваанд л дуусна /инээв/. Аав маань бас морь уяна. Тийм болохоор морь дагана, морь үзнэ.
-Хурдны морь унаж байв уу?
-Намайг даахгүй ш дээ /инээв/. Дөрвөн настайдаа хурдны морь унаад л наймтай хүндэдчихсэн хүн шүү дээ. Олон ч наадамд унаагүй л дээ. Манай аав ээж хоёр намайг бүр хоёрхон настай байхад морь унуулаад зургийг нь авахуулчихсан байдаг юм. Одоо тэр зураг бий. Алаг морьтой, аавынхаа ташуурыг барьчихсан.
-Адуунд их л ойр өсч дээ?
-Тийм шүү. Аав адуучин болохоор хонь мал гэхээсээ илүү адуу, адуу л гэнэ. 6-7-р ангидаа бас морь уяад үзчихсээн. Манай өвөө Александр "Гоё халиун” гэдэг алдарт хурдан хүлгийн эзэн юм шүү дээ. Өвөөгийндөө очоод 2-3 үрээ мүрээхэн сургаж байгаад уяна. Бас Алтанбаатар гэж манай нагац ах бий. Тэднийд очоод адуунд ч явна, морь ч уяна, ер нь их идэвхтэй байсаан. Хүн чинь дуртай зүйлээ хийхдээ аз жаргалтай гэдэг ш дээ. Адуу гэвэл ухас гээд л гарна. Харин хонинд яв гэвэл хэцүү ш дээ. Хэд хэлүүлж, бараг загнуулж байж л хөдлөнө /инээв/. Морин дэл дээр л өдөр өнгөрдөг байлаа.
-Одоо очихоороо адуутай хэр ойр байна?
-Аавтайгаа хамт адууныхаа захад очоод харна даа. Аав "Тэр морь, энэ унага” гээд л ярьж өгнө. Ерөнхийдөө багын юмгүй адуу малнаас жаахан хөндийрөөд байгаа. Өвөл очоод харлаа гэхэд сайн л ажиглахгүй бол өөрийн адуугаа танихгүй болчих гээд ч байх шиг... Зун бол арай гайгүй. Бас тэгээд тэр болгон нутаг руугаа, гэртээ очоод байх зав зай ч бага юм даа. Хэдий ойрхон ч гэсэн. Эндээ бэлтгэлээ хийж байхгүй бол болохгүй.
-Долоо хоногийн хэдэн өдөр нь бэлтгэл хийж байна?
-Ихэвчлэн зургаан өдөр нь. Хааяа 7 өдөр ч хийнэ. Бэлтгэл жигдрээд ирэхээр өдрийн хоёр болоод сайхан болчихдог юм аа. Спортын төв ордонд Хосоо багш дээрээ очиж штангаа хийнэ. Аварга сургууль дээр үндэсний бөхийн бэлтгэлээ хийдэг. Дундуур нь хааяа чөлөөтийн заал руу орж хөлс гаргана.
-Штангийг хэр хэмжээнд хийдэг вэ?
-Өөрийнхөө хэмжээнд хийнэ ээ, хийнэ. Хүнээс илүүгүй, дутуугүй, хүний хийдгийг хийгээд л... Харин сүүлийн үед штангаа арай түлхүү хийж байгаа. Багшийнхаа хэлснийг ягштал хийнэ дээ.
-Би бөх болох юм байна гэсэн урмыг анх хэзээ авч байв?
-Сайн мэдэхгүй байна аа. Багаасаа нэг бол морь уяна, нэг бол бөх болно л гэж боддог хүүхэд байсан. Тэгээд бэлтгэл хийгээд сайжраад ирэхээр түүндээ урамшаад хөдөө явахаа болиод хөндийрөөд ирдэг юм билээ. Адъяа багш маань бэлтгэл ч сайн хийлгэдэг байсан. Жил ирэх тусам өөрийнхөө хэмжээнд сайжираад л байсан. Хаядаггүй хүнээ хаяад ирэхээр их урамшдаг юм билээ. Адилхан л бэлтгэл хийж байгаа болохоор нөгөө хүн маань муудаад байна гэж байхгүй ш дээ. Тэгэхээр би сайжирч байна аа л гэсэн үг биз дээ.
-Анх ямар мэх сурч байв?
-Давхар ачих мэх. Манай удмын мэх гэх юм уу даа.
-Тийм үү, аав хийх үү?
-Аав хийнэ. Авга ах хийдэг. Манай өвөөгийн ах нь "ачаа” Лхажав гэж нэршсэн хүн байсан гэнэ лээ. Би бол хараагүй л дээ. Намайг ухаан орохоос өмнө нас барсан юм билээ. Цэрэгт байхдаа улсын наадамд дөрөв давж байсан гэсэн. Манай аав, тэр ах хоёр ачих мэхийг сайн хийдэг байсан гэсэн. Би бас тийм ч сайн ачиж чадахгүй л юм байна ш дээ.
-Гэхдээ сурц бол байгаа л юм байна?
-Аа, бас тулсан үед бол нэг тавьчих л байх /инээв/. Ерөнхийдөө жилээс жилд барилдаан өөрчлөгдөж байна. Явцаараа боловсорч байгаа юм болов уу гэж боддог.
-Одоо ер нь ямар мэхийг зонхилж байна?
-Шахаж татах мэх л юм даа. Хавар 1024-өөр Пүрэвдагва начинг шахаж татаад давсан. Боломжийн санагдаад байгаа. Ер нь миний барилдаан их сонин ш дээ. Тухайн үеийн байдлаас болж өөрчлөгдөж байдаг. Хутгамаар бол хутгачихна, шуудганд хүрчихвэл мөргөнө. Янз янзын мэх хийх гээд оролдож л явна. Сайн болохгүй л байна. Бөхийг бүрэн сурах болоогүй байна даа, гэж өөрийгөө боддог. Хүн хүний барилдаан өөр. Тэрэнд тохируулж ямар мэх хийхэв гээд юм юмны үзүүртэй л байх юмсан гэж хүсдэг. Тэрнээс биш яг тэр мэхийг би сайн хийдэг гэж хэлж чадахгүй нээ.
-Сая 29-нд таныг хүмүүс гайгүй барилдчих болов уу, түрүүлчих болов уу гэж нэлээд харсан байх шүү?
-Би бас нэг жаахан бэртэл байгаа юм аа. Оны төгсгөлд гарахгүй бол болохгүй гэж бодоод гарсан.
-Намар хэд барилдаад завсарласан. Эмчилгээнд явж гэнэ дуулдаад байв уу?
-Тэгсэн. Хэсэг хугацаанд Монголдоо эмчилгээ хийлгэсэн. Бэлтгэл ч сайн хийж болохгүй байсан. Одоо сайхан болж байгаа. Ойрноос бэлтгэл жигдэрч байна, формондоо орж аваад нэгдүгээр сарын барилдаанууддаа барилдана даа. Бие хаа зүгээр үед барилдаан алгасах дургүй. Боломжоороо л барилдаж байдаг. Ноднин гэхэд гурван барилдаан л өнжсөн байна лээ.
-Гэр бүлээ танилцуулна уу?
-Манай эхнэр Завхан аймгийн Сонгино сумын харьяат, Бат-Ундралын Өнөржаргал гэж бүсгүй бий. Бид нэг хүүтэй. Гурвуулаа амьдраад л, эхнэр маань Анагаахын дээдэд сураад л байж байна даа. Энэ бүх бэлтгэл сургуулийг хийж, амжилтанд хүрэхэд ар гэрийг минь энэ хүн л авч явж байгаа. Хичээлдээ явна, хүүхдээ харна, гэр орон, хоол унд гээд эхнэр маань их ажил амжуулна. Надаас илүү завгүй хүн байдаг юм. Би чинь хоёр бэлтгэлтэй өдөр бас завгүй өнжинө. Орой л гурвуулаа уулзана.
-Хааяа зав зайтай үедээ хоол ундаа хийчихнэ биз, арслан?
-Хааяа бас байна аа, байна. Банштай цай бол чаначихна /инээв/. Тэгсгээд л байж байна даа. Миний нэг их олон янзын хоол хийнэ ч гэж юу байхав. Үнэндээ ар гэртээ тэр болгон анхаарал халамж тавьж чадахгүй л явна. Гэхдээ тэгж байгаад анхаарал тавих цаг ирэх байлгүй дээ гэж боддог.
-Бөхөөс өөр зүйл сонирхох юм уу?
-За ёстой байхгүй дээ. Ан сонирхохгүй, морь сонирхох нь багассан. Бөхөөс өөр зүйл сонирхохгүй л шинжтэй.
-Дандаа л бөх бодоод, бөхөөр амьсгалаад байхаар шөнө барилдаан, мэх зүүдлэнэ биз?
-Өө, барилдаан зүүдлэх бол энүүхэний асуудал ш дээ. Манай эхнэр анх цочоод, сэрээд унтаж чаддаггүй байсан. Би хажууд нь зүүдлээд, барилдаад түмэн юм болж байгаа юм чинь. Одоо бол дасчихсан, сайхан унтана аа, яаж ч байсан тоохгүй.
-Өндөр, жин хэд байна?
-Жин 145 кг байна, өндөр 182 см. Сая намар нэг хэсэг бэлтгэл хийхгүй байхаар жин жаахан нэмэгдсэн. Одоо бэлтгэл жигдрэхээр буцаагаад хасчихна даа. Морь уядагтай адилхан. Өөрийгөө цэгнээд, тордоод ирэхээр жин гайгүй таарчихдаг юм. Энэ жил наадмын өмнө өдөр ирэх тусам л гэдэс багасаад байсан шүү.
-Монгол бөхөөс юуг өөртөө шингээж авч байна гэж боддог вэ?
-Манай бөхчүүдийг жудаг сайтай, гүндүүгүй, төлөв түвшин гэдэг шүү дээ. Тиймээс сайхан жудагтай, ахас ихсээ хүндэлдэг, түүх уламжлал, ёс жаягаа мэддэг байхыг хүсдэг. Аварга багшаасаа их үлгэр авна даа. Монгол бөхөөр хичээллэсэн ямар ч хүн туйлбаргүй, хөнгөн хуумгай биш, дотроо бодолтой, дороо суудалтай намбайгаад сууж байдаг болчихдог юм шиг байна. Хүнийг ингэж төлөвшүүлж, хүмүүжүүлж байна, монгол бөх өөрөө. Хэдэн зуун дамжсан энэ их өвийг бид уламжилж, хадгалж, дараа үедээ сайн сайхнаар нь өвлүүлж үлдээх үүрэгтэй гэж боддог.
-Одоо цагаан сарын барилдаан бас дөхчихлөө. Бөхчүүдийн хувьд бас их чухал, ач холбогдол өгдөг барилдааны нэг шүү дээ?
-Тэглээ. Сарын л хугацаа үлдэж. Ноднин цагаан сараар тав дээр уначихсан. Ямар ч байсан сар шинийнхээ барилдаанд сайхан барилдана даа.
-Дуу хууранд хэр вэ?
-Авьяас ёстой байхгүй дээ. Дуулах, бүжиглэх авьяасгүй.
-Бөхчүүдийг энд тэнд очихоор хүмүүс их дуулуулах гэх юм билээ ш дээ?
-Би солгой хоолойтой юм чинь хүн амьтан үргээчих байлгүй /инээв/.
-Шинэ оны анхны дугаарт минь зочилсонд баярлалаа. Удахгүй болох цагаан сарын барилдаандаа, улсын наадамдаа одтой хийморьтой барилдаж, зорьсон зорилгодоо хүрээрэй. Бөхөд хайртай олон түмэн таниас одоо аварга цолыг нэхэж байгаа байх гэж бодож байна. Тун удахгүй тэр сайхан цолд хүрээд уншигчидтай минь дахин сайхан яриа өрнүүлээрэй гээд ярилцлагаа өндөрлөе?
-За баярлалаа. Бөх сониноороо дамжуулаад нийт ард түмэндээ "хичээж явна аа” гэж амалж байна. Мөн үргэлж намайг тусалж дэмждэг Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтэс, Хангарьд СХ, Аварга дээд сургуулийн хамт олондоо, багш нартаа, бусад хүмүүстээ бүгдэд нь баярлаж талархаж явдгаа уламжлаад шинэ оны мэнд дэвшүүлье. Шинэ ондоо та бүхний минь ажил үйлс бүхэн үргэлж өөдөө дэвжин дэлгэрч байг ээ.
Ярилцсан С.Бадамгарав
Эх сурвалж БӨХ сонин