Нэр бол хүнтэй насан туршид нь хамт байдаг цөөн зүйлийн нэг. Эзнийхээ хувь заяаг тодорхойлдог гэж үздэг болохоор нэр өгөх тухай зан заншил хүртэл бий. Тиймээс хуучин мөрдөж байсан Монгол Улсын Үндсэн хуулийн Гэр бүлийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд "Хүүхдийн нэр эх хэлнээ дуудах, бичихэд хялбар, утга төгөлдөр байна” гэж заасан байжээ. Дээхнэ үед ихэвчлэн монгол, төвд нэр өгдөг байснаа 1929 оноос орос нэр өгдөг болсон аж. Одоогоос 60 жилийн өмнөх буюу 1956 оны хүн амын тооллогоор 16-17 насныхан илүүтэй орос нэр бүртгэгдсэн гэдэг. Тухайн үед Александр, Коля, Нина, Сталин, Сэсээр буюу СССР гэдэг нэр моодонд орж байсан удаатай.
Харин 1990 оны ардчилсан хувьсгалын дараахнаас Монгол Улс үзэл суртлын хүлээсийг халж, үндэсний үзэл сэргэсэнтэй холбоотой Есүхэй, Тэмүжин, Чингис, Бат, Мөнх, Хубилай, Чингүнжав, Амарсанаа, Хасар, Бэлгүүдэй, Өгөөдэй, Зэв, Сүбээдэй, Монголжингоо, Гоомарал, Өүлэн, Бэргэ, Есүй, Хулан, Ану, Мандухай, Жамуха гээд түүхэн хүмүүсийн нэр өгөх нь их болов.
Нэг сонирхолтой жишээ дурдъя. Чингүнжав гэдэг залуу Бөртэ-Үжин бүсгүйтэй гэр бүл болсон ба жил гаруйн дараа мэндэлсэн хүүдээ Зэв хэмээх нэр хайрлажээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд хүүхдэдээ хорьдугаар зууны түгээмэл нэр өгөх нь багасч, нэг үгээс бүтсэн богино, аль болохуйц содон ховор нэр сонгох болсон аж. Тухайлбал, Аялгуу, Билгүүн, Дөлгөөн, Золбоо, Нинжин, Сондор, Сонор, Тайшир, Цэлмүүн, Цэлмэг, Эгшиглэн, Энэрэл гэх мэт. Мөн гоёмсог, сонсголонтой өвөрмөц нэр сонгон зохиож, хүүхдүүддээ өгнө. Тэр тусмаа олны танил урлагийнхан. Урлагийн тайзаа УИХ-ын гишүүний суудлаар солиод хэдэн сарын нүүр үзэж буй гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн охидыг Юм-Агь, Үжингүнж, "Номин талст” хамтлагийн А.Хаянхярваагийн охиныг Танхилуун, хүүг Эрхэмгүн, Т.Дэлгэрмөрөнгийн охиныг Зөөлөнсий, "Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт Д.Болдын охиныг Эгшиглэн, охидын анхны хамтлаг "Спайк”-ийн Р.Номин-Эрдэний охиныг Жасмин гэдэг. Үүний эсрэгээр "Номин талст”-ын Д.Батсүхийн хүүг Жамъяандагва, "Камертон”-ы Л.Ган-Эрдэнийн охиныг Амина гэдэг нь бас сонирхолтой.
Монголд хамгийн түгээмэл 73 нэрийг Бат-Эрдэнэ хэмээх нэр тэргүүлж буй. Ийм нэртэй хүн 14 мянга гаруй байдгаас 1990-1990 онд төрсөн 3552 хүүхдэд өгчээ. Энэ нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын их баяр наадамд 1988-1999, цагаан сарын барилдаанд 1988-2000 онд завсаргүй түрүүлж, монгол түмний бахархал болж байсан үетэй давхцаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Бат-Эрдэнэ гэдэг нэр хэдийгээр монгол хүн болгонд утга нь ойлгомжгой, өргөн тархсан ч арваадхан жилд давтамж нь огцом өссөн явдал тухайн үеийн нийгмийн сэтгэл зүйтэй нягт холбогдож байна. Бат-Эрдэний араас Оттонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг, Батбаяр, Болормаа, Энхтуяа, Лхагвасүрэн, Гашулга, Эрдэнэчимэг, Ганболд, Нэргүй, Энхжаргал, Ганзориг, Наранцэцэг, Пүрэвсүрэн, Ганбаатар, Мөнхцэцэг, Мөнхбат, Мөнх-Эрдэнэ гэдэг нэр эхний 20-д ордог. Аз, Их, Иш, Од, Оч, Юм гэх мэт богино нэр байхын зэрэгцээ урт нь ч цөөнгүй. Буддын шашин дэлгэрч, төвд нэр өгдөг байсан үед урт нэртэй хүн бишгүй таардаг байлаа. Харин өнеө үед Бадамлянхуацэцэг, Гурванхан байшатарманлай, Гурвындавааотгонбаатар, Гүрсоронзонгомбосүрэнболд, Дүүрэнбилэгтүвшин, Идэрзолзаяажаргал, Ичинхоролцэвэлмаа, Лувсандэнзэнпилжинжигмэд, Мятрашгүймонголжингоо, Найманзууннандинцэцэг, Жүгдэрнамжилжавзмаа, Сүхбатмонголхүү, Хоёрмөнхцасталтай, Хүчитхархурцбаатар, Тэрбишдагва, Чибишбибаатар, Энэбиштөмөртогоо, Эхорнынэгөглөө гэх зэрэг 3-4 үгээс бүтсэн нэртэй 30 гаруй хүн бий аж.
Соёлын гавьяаг зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбатын тайлбарласанчлан сүсэг бишрэл, эх эцгийн сонирхол гээд ямар ч тааллаар өгсөн нэр дуудагдаж буй нэрийн мөн чанарт шингэж, амьдралын бүх хэмнэл нь цаашид тогтоодог гэнэ. Дорны ард түмэнд тухайн хүүхдийн ирээдүйг өсөн бадрах, хөгжин дэвших болтугай гэж сайн сайхан явуулах нэр өгдөг нийтлэг уламжлалтай. Мөн нэр өгөх онол хүртэл бий бөгөөд түүнд эр, эм хатуу зеөлөн эгшиг зохицолдуулж, үсгийн арга билэг, махбодийг тэнцүүлж өгөх зэрэг арга баггана. Халх уламжлалд бол эцэг, эхийн нэртэй ижил эсвэл тэдний нэр оролцуулан өгөхийг цээрлэдэг байв. Бас хүүхдийн амь насыг батжих буюу таван нас хүртэл нь өөр нэрээр өхөөрдөх, дуудах ёс бий. Ёс заншлаас гадна сэтгэл зүйчид ч, хэл шинжээчид ч тухайн нэр эзнийхээ хувь заяанд нөлөөлдөг гэж үздэг юм. Хэтэрхий содон нэртэй эсвэл нэрээ өөртөө тохироогүйн улмаас азгүйтдэг гэж үздэг өөртөө итгэлгүй хүмүүс горээ сольсноор таагүй явдлаас гарч чад даг хэмээн Английн сэтгэл судлаачид тогтоожээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын иргэн нэг удаа нэрээ солихыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Ер нь нэр бол дом тарнийн ид шидтэй, хүний амьдралын зам мөрд нөлөөтэй, хувь заяатай холбоотой муу зүйлээс төөрүүлж хамгаалж өгдөг гэх мэт маш их утга учир агуулж байхыг үгүйсгэх аргагүй билээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН