Монголын эдийн засагт тэрбум ам.доллар орж ирнэ
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум долларын санхүүжилтийн гэрээг Монголын Засгийн газар болон Рио-Тинто компани байгууллаа. Дэлхийн 15 банк, таван хөгжлийн банкнаас авч буй энэхүү зээлийн гэрээг байгуулах ёслолын ажиллагаа Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудалд болж тус арга хэмжээнд Оюутолгой компанийн төлөөлөгчид болоод "Рио Тинто"компанийн Зэс, нүүрсний группийн захирал Жан Себастъяан Жак болон, "Turquoise Hill Resources" компанийн захирал нар хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж гэрээг албан ёсоор баталгаажуулсан юм. Гэрээнд олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон АНУ, Канад, Австралийн экспортын зээлийн агентлагууд болоод "BNP Paribas”, "ING”, "Societe Generale”, "Sumitomo mitsu”, "HSBS "зэрэг арилжааны 15 банк зээл гаргаж байгаа юм. Мөн гэрээний талууд зээлийн хязгаарыг зургаан тэрбум ам.доллар байхаар тохиролцсон байна. Санхүүжилтийн гэрээ байгуулагдсанаар бүтээн байгуулалт ирэх оны дундуур эхэлж, 5-7 жилийн хугацаанд үргэлжлэх юм.
БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан энэ сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан нар албан ёсны хэлэлцээ хийж, Хоёр улсын Ерөнхий сайд нар ойр дотно, нөхөрсөг уур амьсгалд хоёр орны болон бүс нутаг, олон улсын тавцан дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцсон юм.
Мөн энэ оны 3 дугаар сард анх удаа зохион байгуулсан Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хороогоор дамжуулан ашигт малтмал, эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхээр болж ирэх 5 дугаар цахилгаан станцын төслийг саадгүй хэрэгжүүлэх, тус салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов. Түүнчлэн, Ерөнхий сайдууд хоёр орны хоорондын агаарын нислэгийн тоог нэмэх шаардлагын талаар санал нэгдэж, нэн түрүүнд ирэх оны 3 дугаар сараас Улаанбаатар-Пусаны хооронд нислэг үйлдэхээр тогтсон юм.
Хотын дарга шүүхэд хандах болсноо мэдэгдлээ
Хэдхэн хоногийн өмнө С.Зориг агсны хэргийн талаар "Ноцтой мэдээ” гэх сонинд "17 жил дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тус мэдээлэлд "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэргийн газарт байсан төдийгүй гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг” хэмээн бичигджээ. Мөн тухайн үед өмсөж явсан саарал малгайгаа талийгаачийн гэрт орхисон нь хардлага төрүүлж байгааг ч онцолсон юм.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өмгөөлөгчийн хамтаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрээр "Ноцтой мэдээ” гэх сонин өөрийг нь гүтгэж, нэр төрд нь халдсан хэмээж хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн юм. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нарын мэдээлснээр С.Зориг агсны хэрэгт ахин сөхөгдсөнтэй холбогдуулан хэргийн талаарх мэдүүлгийг Э.Бат-Үүл даргаас нэг ч аваагүй байгаа аж. Тэд "Ноцтой мэдээ” сонин болон эл сонинд нийтэлсэн материалын эх сурвалжийг нь нэрлэж, цааш түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг баримтгүй мэдээлэл олон нийтэд тараасан тул хуулийн хариуцлага хүлээх учиртай” гэв.
Улс төрийн намууд Сонгуулийн хуулийг батлахыг шаардан жагслаа
Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг шаардсан улс төрийн 21 намын жагсаал өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний урдаас эхэллээ. Жагсагчид уриа лоозонгоо барин Төрийн ордныг гурвантаа тойрч, булхай, луйваргүй сонгуулийн төлөө Сонгуулийн хуулийг батлахыг шаардан хашгирч байлаа. Улс төрийн 21 намын удирдлагууд УИХ-ын дарга З.Энхболдод хоёр дахь шаардлагаа хүргүүлээд байгаа. Сүүлийн шаардлагыг нь энэ сарын 15-ны өдөр хүргүүлсэн. Хариуг нь ирэх даваа гаригт авах ёстой юм байна. Намууд УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагадаа таван асуудлыг хөндсөн юм. Тодруулбал,
Нэгдүгээрт, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах шийдвэрийг гаргахад Улс төрийн намуудын зөвшилцөлийг хангах гэснийг хэрэгжүүлэх, Улс төрийн намуудын зөвшилцсөн автоматжуулсан системийг хэрэглэхгүй байх. Зайлшгүй хэрэглэх тохиолдолд давхар гар тооллого хийж камерийн бичлэгээр баталгаажуулахаар тогтсон тул уг шийдвэрийг хүлээн авч хэрэгжүүлэх
Хоёрдугаарт, АНУ-ын "Доминион Войтинг системс" компани "Microsoft" компаниуд эрхийг нь өмчилж эзэмшдэг, хар машины програмыг өөрчлөх ямар ч боломжгүй гэсэн сонгуулийн ерөнхий хорооны байр суурь нь "Монголын сонгуулийн үр дүн АНУ-ын нэг компанийн мэдэлд байж, ард түмний сонголтыг яаж ч засч, өөрчилж болох юм" гэсэн эргэлзээг төрүүлж байгаа учир тус компаниудаас програмыг хянах сорс кодыг авч улс төрийн намуудад өгч, ардчилсан сонголтыг Америкийн компанид биш, ард түмний мэдэлд өгөх,
Гуравдугаарт, Сонгуулийн автоматжуулсан систем /хар машин/-ны зардалд 16 тэрбум төгрөгийн үрэлгэн зардал гаргаж байгааг таслан зогсоож, харин энэ их мөнгөөр 16 цэцэрлэг барих буюу хотын төвийн 6 дүүрэгт тус бүр 2 цэцэрлэг, хотоос алслагдсан дүүрэг тус бүрт нэг цэцэрлэг, Дархан Эрдэнэт зэрэг хотуудад тус бүр нэг цэцэрлэг барих зэргээр нийгэмд үр ашигтай зарцуулах,
Дөрөвдүгээрт, АН-ын зүгээс УИХ-ын ээлжит сонгуулийг 2016 оны 9 дүгээр сард зохион байгуулж болох тухай хэвлэл мэдээллээр иргэдэд хүргэж эхэлсэн байна. УИХ-ын ээлжит сонгуулийн ээлжит хугацааг хойшлуулах нь Үндсэн хуулийг зөрчих тул хэрхэвч ийм үйлдэл гаргаж болохгүй бөгөөд энэхүү бусармаг санаачилгаа таслан зогсоож, олон нийтэд ээлжит сонгуулийг хугацаанд нь явуулах байр сууриа нэг мөр илэрхийлэх,
Тавдугаарт, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай улс төрийн намуудын ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл нь нийгмийн бухимдал болсон сонгуулийн луйвар, эргэлзээг арилгаж байгааг олон нийт дэмжиж "Нааштай найман өөрчлөлт" хэмээн дүгнэж байгаа учир энэхүү хуулийн төслийг нэн яаралтай УИХ-аар хэлэлцүүлж батлахыг шаардаж байгаа ажээ.
Малчдын тэтгэврийн насыг 1.2 жилээр тооцохоор боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхи дэмжсэн учраас баталлаа. УИХ-аас уг хуулийг баталснаар малчдын тэтгэврийг тогтоохдоо 1.2 жилээр тооцох болсон юм.
Банк дээрэмдсэн этгээдүүдийг цагдаагийнхан 24 цагийн дотор барив
Цагдаагийнхан шуурхай ажиллаж Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 380 сая төгрөг дээрэмдсэн гэмт этгээдүүдийг 24 цагийн дотор баривчилсан.
Тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй төрсөн ах дүү хоёр болох 1992 оны Э, 1985 оны Б нар үгсэн тохиролцож үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд тэдний нэгийг нь Баянгол дүүргийн нутагт байрлах Түндэнмүн саунаас харин нөгөөг нь 13 дугаар хороололд байрлах нэгэн саунаас баривчилсан аж.
Тэд дээрэмдсэн 380 сая төгрөгөө СХД-ийн нутагт байсан саарал өнгийн приус маркын автомашиндаа нуусан байсныг нь цагдаагийнхан олж нийт 380 сая төгрөгийг эд мөрийн баримт болгон хурааж авчээ.
Б.Ханбаатарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар болон Тамгын газрын дарга Г.Ариунболд нарт холбогдох хэргийг шалгаж дууссан тул яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард хамт ажилладаг малын ерөнхий эмч 26 настай Б гэх бүсгүй зэрлэгээр зодож хүчирхийлсэн хэргээр цагдан хоригдоод удаж байна. Хохирогч бүсгүйн хувьд биеийн байдал нь дээрдсэн хэдий ч дахин хагалгаанд орох шаардлагатай тул ар гэрийнхэнд санхүүгийн асуудал хүнд байгаа учраас Монголынхоо ард иргэдээс хандив гуйж, данс нээсэн байгаа юм.
Т.Болормаа